Ховард Хоукс

Howard Hawks

1896 - 1977

Найруулагч

Сайн кинонд гурван лут хэсэг байх ёстой, дээр нь ямар ч муу хэсэг байх ёсгүй.

Намтар

Ховард Хоукс нь дэлхийн киноны хөгжилд үнэмлэхүй байр суурийг эзэлж чадсан найруулагч, продюсер, зохиолч юм. Түрүүч Йорк (Sergeant York. 1941) киногоороо Академийн шагналын шилдэг найруулагчийн шагналд ганцхан удаа нэр дэвшиж байсан ч түүнд хожим уг шагналыг нэхэн олгосон юм.

Дэлхийн нэгдүгээр дайны үеэр цөөн тооны дуугүй кинонд ажилласан тэрээр цэргийн алба хааж, улмаар нисэгч, дизайнер гэх мэт олон ажил хийж үзсэний эцэст 1924 онд кино урлагтаа эргэн ирж Цөл газрын үлдэгдэл (Heritage of the Desert. 1924)кинонд эвлүүлэгчээр ажилласан байна. Дараа жил нь Алдрын зам (The Road to Glory. 1925) хэмээх анхны киногоо найруулжээ. Гучаад онд чөлөөт уран бүтээлч хэлбэрээр ажиллаж олон тооны кино найруулсан ба Түрүүч Йорк (Sergeant York. 1941) кино нь түүнд анхны томоохон амжилтыг авчирсан бөгөөд “шилдэг эрэгтэй жүжигчин”, “шилдэг эвлүүлэгч” төрөлд Америкийн кино академийн шагнал хүртсэн байна. Түүнчлэн тэр жилийнхээ бокс оффист тэргүүлжээ. Харин үүнээс өмнө дээрэмчин Аль Капонегийн амьдралаас сэдэвлэсэн гангстер Сорвит (Scarface: The Shame of the Nation. 1932), инээдмийн Хорьдугаар зуун (Twentieth Century. 1934) кинонууд нь олны анхаарлыг ихээхэн татаад байлаа.

Мөн 1938 онд бүтээсэн Хүүхдээ арчлахуй (Bringing up Baby. 1938) киног нь Америкийн кино институт 100 шилдэг бүтээлийн тоонд оруулсан байдаг бол Үнэнч туслах (His Girl Friday. 1940) кино нь Америкийн кино институтээс тодруулсан бүх цаг үеийн шилдэг 100 инээдмийн киноны 19 дүгээр байранд бичигддэг. Мөн Их нойрсолт (The Big Sleep. 1946)кино бол уран бүтээлийн охь дээжисийнх нь нэг бөгөөд уг киноноос Хамфри Богарт, Лорен Бакал нар гайхалтай хослон жүжиглэснийг үзэж болно. Их нойрсолт (The Big Sleep. 1946) киног Рэймонд Чандлерын романаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд гэмт хэргийн мөрдлөгийн үр дүн бус, харин түүний үйл явцыг чухалчлан үзүүлэхийг зорьсон film noir жанрын кино юм.

Мөн Улаан мөрөн (Red River. 1948), Жентельмен эрс шаргал үстнүүдийг эрхэмлэдэг (Gentlemen Prefer Blondes. 1953) зэрэг кинонуудаас гадна хожмоо гурвантаа дахин хийгдсэн Рио Браво (Rio Bravo. 1959) киног тэр найруулжээ.

Ховард Хоукс хамгийн сүүлд жүжигчин Ди Хартфордтой хамт амьдарч байв. Түүний ах дүү нар болох Кеннет Нэйл Хоукс, Уильям Бэттингер Хоукс нар нь мөн кино найруулагч, продюсерууд билээ. Инээдэм, драм, вестерн, гангстер, шинжлэх ухааны уран зөгнөлт зэрэг кино урлагийн бүхий л төрөл жанраар уран бүтээлээ туурвиж байсан Ховард Хоуксыг өнөөдөр Америкийн соёл урлагийн салбарт нөлөө бүхий хүн хэмээн хүлээн зөвшөөрөх болжээ. - Agar-Erdene

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.