Ричард Аттенборо

Richard Attenborough

1923 - 2014

Найруулагч

Кино хийх үйл явцад кино зохиол бичихээс илүү чухал зүйл гэж үгүй.

Намтар

Английн вангийн нэрэмжит урлагийн академид суралцаж байхдаа анхны жүжигтээ тоглосон Ричард Аттенборо Лондоны Уэст Энд театрт дэлхийн театрын урлагийн түүхэнд хамгийн олон жил тайзнаа тоглогдож алдаршсан Агата Кристийн Хулганын хавх жүжигт тоглож танил болсон билээ. Дэлхийн дайны үеэр Эзэн хааны нисэх хүчинд алба хаасан тэрээр дайны дараахь жилүүдэд дэлхийн кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван кинонуудад дүр бүтээсэн юм.

Гэхдээ тэрээр бүтээсэн дүрүүдээрээ бус, харин найруулсан кинонуудаараа кино урлагийн түүхэнд нэрээ мөнхөлж чадсан юм. Тэрээр 1950-иад онд найруулагч Б. Форбстой хамтран Бивер Фильмс кино студийг үүсгэн байгуулсан билээ. Р. Аттенборогийн найруулсан шилдэг бүтээлийн нэг Алсад орших гүүр (A Bridge too far, 1977) кинонд дэлхийн 2-р дайны үед холбоотны арми “Худалдааны цэцэрлэг” ажиллагааг Голландад хэрхэн явуулж буй тухай уран нарийнаар өгүүлдэг бөгөөд киноны эхэнд операцийн үйл ажиллагаа эхлэхийн өмнө фельдмаршалл Бернард Монтгомери “Магадгүй бид алсын алсад орших гүүрээр явах болов уу” гэж хэлдэг нь найруулагчийн кинонд баримталсан гол шугам юм. Киноны гол дүр хошууч Кукийн дүрд анх Стив МакКуйн болон Роберт Редфорд нарыг товлож байсан ба МакКуйн 3 сая ам. долларын цалин хүсч, мөн нэмэлт урамшуулалд 470.000 ам. доллар шаардсан тул 2 сая ам. долларын цалинтай тоглохыг зөвшөөрсөн Редфордыг сонгож байв. Хожим уг кинонд ашигласан тайз декорацийг Стивен Спилберг Цэрэг Райныг аврахаар (Saving Private Ryan, 1998) кинондоо ашигласан билээ.

Британийн колончлолын эсрэг тууштай тэмцэгч, 20-р зууны улс төрийн нэрт зүтгэлтэн Мохандас Карамчанд Гандийн намтараар бүтээсэн Ганди (Gandhi, 1982) кино түүний найруулсан сор бүтээлээр нэрлэгддэг. Гандийн дүрд Бэн Кингсли тоглож, Америкийн кино академийн “шилдэг эрэгтэй жүжигчин” шагнал хүртсэн бол Аттенборо “шилдэг найруулагч” шагналыг хүртсэн юм. Энэхүү киноны төслийг анх 1952 онд Г. Паскаль санаачилж, Энэтхэгийн ерөнхий сайд П. Нерутай Гандийн амьдралаар намтарчилсан кино хийхээр тохиролцож, гэрээ байгуулаад байсан боловч удалгүй Г. Паскаль нас барж уг төсөл зогсоод байв. Үүний дараа найруулагч Дэвид Лин Квай голын гүүр (Bridge on the river Kwai, 1957) киног бүтээснийхээ дараа энэхүү төслийг үргэлжлүүлэхээр зэхэж байсан ч удалгүй татгалзаж, оронд нь Арабын Лоуренс (Lawrence of Arabia, 1962) киногоо бүтээж ихээхэн амжилт олсон билээ. Харин Р. Аттенборо энэ үйл хэргийг гүйцэлдүүлжээ. Иргэн Кэйн (Citizen Kane, 1941) киноны нэгэн адил энэхүү кино гол дүрийн баатрын үхлээр эхэлж, эргээд түүний өмнөх амьдралыг сөхөн харуулах байдлаар хийгдсэнээрээ онцлог билээ. - Agar-Erdene

Уран бүтээл

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.