Аки Каурисмяки

Aki Kaurismäki

1957

Найруулагч

Амьдралд гутах бүрийд миний кинонууд төдий чинээ өөдрөг байх ёстой гэж би боддог

Намтар

Хелсинкийн телевизийн их сургуульд сурсныхаа дараа Аки Каурисмяки ах Мика Каурисмякийнхаа кинонд туслах найруулагчаар ажиллаж, уран бүтээлийнхээ гарааг эхэлжээ. Түүний бие даан ерөнхий найруулагчаар ажилласан эхний кино нь Ф.Достоевскийгийн "Гэм зэм" юм. Энэ киноны үйл явдал тухайн үеийн Хелсинкт өрнөдөг. Аки Каурисмяки "Ленинградын ковбойчууд Америк явсан нь" хэмээх киногоороо олон улсад нэр хүнд олж эхэлжээ.

Каурисмякийн хэв маяг Жан Пьер-Мелвиье, Робер Брессон нарын франц найруулагчдын нөлөөллөөс үүдэлтэй гэгддэг. Эдгээр найруулагч Каурисмякийн адил тийм ч нарийн, хүчтэй биш жүжиглэлтийг ашиглан үзэл бодлоо илэрхийлдэг билээ. Шүүмжлэгчид Каурисмякийн хэв маягт мөн Райнер Вернер Фассбиндерийн нөлөөлөл бий гэж үздэг ч тэрээр сүүлийн үед л Фассбиндерийн киног үзсэн гэжээ.

Аки Каурисмякийн кинонууд цаанаа л инээдэм, хошин шогч байдалтай ба үүнийгээ ил байдлаар илэрхийлдэггүй. Яг л Жим Жармушын кинон дээрх шиг. Каурисмякийн "Ленинградын ковбойчууд Америк явсан нь" киноны нэг хэсэг дээр Жим Жармуш туслах дүр бүтээдэг билээ. Мөн Жим Жармушын "Энэ ертөнцийн шөнө" хэмээх киноны нэг бүлэг нь Финляндын Хелсинк хотод болдог бөгөөд Каурисмякийн жүжигчид тоглосон байдаг.

Каурисмякийн кинонуудын үйл явдал ихэвчлэн Хелсинкт өрнөдөг. Түүний трилоги болох "Диваажин дахь сүүдэр", "Ариел", "Шүдэнзний үйлдвэрийн охин" нь Хелсинкийн ажилчин ангийнхны тухай өгүүлдэг. Гэвч Каурисмякийн Хелсинкийн тухай үзүүлж буй байдал нь ямар ч романтик биш шинж чанартай, шүүмжилсэн өнгө аястай байдаг. Киноны гол баатрууд ихэвчлэн Хелсинкээс өөр газар очсоноор кино нь дуусдаг. Жишээ нь, Мексик ("Ариел"), эсвэл Эстонид ("Каламарийн нэгдэл", "Ороолтой хямгадаарай, Татъяна").

Каурисмякийн киноны үйл явдал ихэвчлэн 1970, 1980-аад онд өрнөдөг бөгөөд 2000 оноос хойш хийсэн кинонууд нь хүртэл 1970, 1980-аад оны үйл явдлыг харуулсан байна. Түүний "Өнгөрсөн үегүй хүн" (Mies vailla menneisyyttä, 2002) кино нь олон улсын кино наадмуудаас олон шагнал хүртсэн юм. - Ike Cinecult

Уран бүтээл

Чүдэнзний үйлдвэрийн охин (1990)
зохиолч, найруулагч, продюсер
Богем амьдрал (1992)
зохиолч, найруулагч
Хөврөх үүлс (1996)
зохиолч, найруулагч, продюсер
Өнгөрсөн үегүй эр (2002)
зохиолч, найруулагч, продюсер
Ле Авр (2011)
зохиолч, найруулагч, продюсер
Итгэлийн өөр нэг тал (2017)
зохиолч, найруулагч, продюсер

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.