ЭМ ОРЬ ДУУ

Tegshzaya

Кино урлагийг ултай сонирхох болсон цагаас эхлээд кино миний хувьд цагаа зугаатай өнгөрөөх хэрэгсэл төдий байхаа больсон билээ. Кино бол өдөр тутмын явцуухан амьдралын тойргоос цаадах хорвоо ертөнц, хүмүүний амьдралыг танин мэдэх баялаг эх ундарга гэж болно.

Сайн кинонд агуулагддаг хэдхэн цагийн дотор үзэгчдэд хорвоог туулж, ертөнцийн ааш аяг, зүй тогтол, хүний мөн чанарын эрээн бараан, сайн сайхныг ухаарах, таних боломж олгодог далайц, хүч чадлыг бахаддаг. Олонх үзэгч, кино хорхойтнуудын хувьд ч энэ мэт байх хэмээн итгэн, мөн хүн болоод нийгмийн үзэгдлийн муу муухай, бараан бүхнийг эерүүлж, цайруулж, зайлсхийх бус уг чигээр нь дэлгэж, зоригтой нүүр тулснаар шийдвэрлэж, давж гардаг хэмээн итгэдгээс энэхүү амаргүй бичвэрийг тэрлэлээ. Олон зууны турш эмэгтэйчүүд нийгмийн бурангуй тогтолцоо, ёс заншил, эрчүүдийн давамгайллын золиос болдог“дайвар хүйстэн”, элдэв төрлийн хүчирхийллийн хохирогч, объект болдог “зовлонтон” гэх нь өдгөө магад улиглалд тооцогдох биз. Олонх оронд хүний эрх, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал сайжирсан, эрх зүйн хувьд тэгш эрхийг тунхагласан зэрэг ололтууд хэрэгжиж буй ч эмэгтэйчүүдийн өнөөх “улигт” орь дуу үл тасалдана. Хүчирхийлэл, ялгаварлал, эм хүйсэд оногдсон хараал шившлэг мэт бэрх зовлон тэднээс үл сална. Африкийн зарим орнуудад эмэгтэйчүүдийн хэлүүг тайрах бурангуй уламжлал амь бөхтэй оршсоор, дэлхийн гурван эмэгтэй тутмын нэг амьдралынхаа туршид ямарваа нэгэн хүчирхийлэлд өртдөг гэх тоо баримт гайхаш төрүүлнэ. Гэвч эмэгтэйчүүдэд “асуудал” буйг мэдрэхэд хаа холын Африкийн жишээг татах хэрэггүй, ердөө хөршийн чинь эмэгтэй яг одоо хүчирхийлүүлж байж ч магад. Дөрвөн настай бяцхан охин зодуулж амиа алдсан, олныг хиртхийн цочроосон саяхны хэрэгт ч охины уйлагнан чарлах дууг олон хөршүүд нь огтоос тоогоогүй байдаг. Эмэгтэйчүүд гэх энэ ерөнхий нэршилд бяцхан охид ч багтаж буй гэхээс зүрх шимширнэ. Цоожтой хаалга, гэр бүл гэх хана хэрмийг давж чадалгүй тэрүүхэндээ сарнин замхрах эмэгтэйчүүдийн энэхүү бүгтхэн “орь дуу”-г ойшоох хүн ховор. Гэр бүлийн шалихгүй маргаан төдий, эмэгтэйчүүдийн аяг бааш төдийд санан хайхрахгүй орхино. Ядаж энэхүү “Орь дуу”-г сонсвоос эмэгтэйчүүдийн гэх асуудал байхгүй хэмээн харалгантан хаахалзахаас, ийм харалган байдлын харгайгаар хүчирхийлэл улам гаарахаас сэргийлэхэд өчүүхэн хувь нэмэр болж мэдэх юм.

Дор сонгосон есөн кино эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг (эрх гэж албан ёсжуулан томьёолдог ч угтаа хүн байхуйн утга учир) олон шугамаар хөндсөн бүтээлүүд бөгөөд миний хэдэн арван хуудас дамнуулан бичээд ч уншигчдад ойлгуулж үл хүчрэх, хэдэн арвуулаа тойрч суугаад хэчнээн ярьж мэтгэлцээд ч үл шийдэх асуудлуудыг үзэгч, уншигчдын оюун ухаан, зүрх сэтгэлд тун ултайгаар, өөрсдийн тааваар эргэцүүлэн тунгаах, мэдрэх хангалттай орон зайтайгаар хүргэнэ гэдэгт итгэж байна. Кино урлагаар дамжуулан эмэгтэйчүүдийн “орь дуу”-г олонд хүргэх гэсэн өчүүхэн оролдлогын илрэл уг бичвэрээ эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, ялгаварлан гадуурхахын эсрэг сэтгэлийн тэмцэл болгон эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт зориулж байна.

Алтан хальс холбооны гишүүн, Tegshee's Movie Corner хуудасны админ Ж.Тэгшзаяа

Самбар — 0 сэтгэгдэл байна

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтрэн орох хэрэгтэй.