Англид кино 1896 онд гараагаа эхэлжээ. Брайтон хэмээх газар ажиллаж, амьдарч асан Жорж Альберт Смит, Жэймс Уильямсон зэргийн хоёр фоточдийн үйл ажиллагаанаас улбаалан ийнхүү нэрлэхэд хүрсэн гэдэг. Брайтоны чиглэлд дээр дурдсан Жорж Альберт Смит (1864-1959), Жэймс Уильямсон (1855-1933)-оос гадна Есме Коллингс (1859-1936), Альфред Дарлинг (1862-1931) Чарльс Урбан (1867-1942) нарыг хамруулж үздэг. Энэ хүмүүс нь Брайтон, Хаув зэрэг газруудад ажиллаж байжээ.

“Чиглэл” хэмээх үгийг энд ашиглах нь тохиромжгүй боловч 1940-өөд онд Францын кино түүхч Жорж Садулийн анх хэрэглэсэн энэхүү “Брайтоны Чиглэл” хэмээх үг нь кино түүхнээ тэр чигээрээ үлдсэн юм. Олонхи судлаачдын үздэгээр Брайтоны дээр дурдсан зохион бүтээгчид ихэвчлэн өдөр тутмын амьдралыг харуулсан тун богино кино дүрс бичихээс хэтэрдэггүй байдлаас хүүрнэлт киног бүтээх шат руу анх дэвшсэн хүмүүс гэхэд хилсдэхгүй.

Энэ чиглэлийнхэн 1910-аад оноос Кинемаколор хэмээх процессийг ашиглан Британид өнгөт киног хийх болсноос өмнө өнгөт киног бүтээх тал дээр туршилт хийн, тодорхой дэвшлийг олж байв. Гэвч тэдний бүтээсэн өнгөт дүрсүүд бодит амьдралтай тийм ч төстэй биш, арилжааны зорилгоор ашиглахад хялбар бус байсан аж.

Анх удаа ойртолт буюу ойрын зураг авалтыг (крупный) энэ чиглэлийнхэн бодож олсон байдаг. Хүний нүүр, гар, ямар нэг зүйлийг маш ойроос авснаар кадр дүүрэн том болж эхэлнэ. 1902 онд тэд Дүрслэх Урлагийн Сургуульд гарсан үймээний эзэн саарал хулгана кинондоо хулганы маш ойрын зураг авалтыг хийсэн байдаг. Зөвхөн дан ганц ойрын зураг авалтаас кино бүтэхгүй тул тэд бусад өөр төрлийн зураг авалтаар авсан дүрстэйгээ холбон наадаг байв. Энэ нь монтажийн эх үүсвэр болсон билээ.

“Брайтоны чиглэлийн” хийсэн нээлтүүдийг хэт дэврүүлсэн тал бий. Тэр үед Итали, Данид ч эвлүүлэгтэй төстэй зүйлийг уран бүтээлчид бодож олж байжээ. Гэхдээ Брайтоны чиглэлийнхэн ямар нэг үйл явдлыг өгүүлэх тал дээр Америкийн Эдвин Портертой зэрэгцээ шахуу шинэлэг дэвшлүүдийг бодож олсон юм.