Энэхүү киноны нэр нь буюу Enter гэдэг үг ижил хэмжээгээр нэвтрэх ба морилон саатах урилга орчуулагдаж болдгоороо онцлог. Энэ бол найруулагчийн: "Үзэгч та дээшээ заларч, аниргүй, түгшүүртэй ба гоо сайхнаар дүүрэн хоосон чанарт шингэгтүн" хэмээх урилга гэж ойлгож болно. Өмнөх Буцаашгүй киногоороо томоохон шуугиан тарисан найруулагч энэ удаад үзэгчээ жингүйдлийн байдалд оруулж, бидний хамаг чадлаараа зууран зүүгдээд байгаа амьдрал хэмээх зүүдний бодит хоосон чанарыг харуулна.

Гаспар Ноэ хэмээгч галзуу найруулагч зүсэлт, зохиол ба найруулгын радикал хэв маягаараа бусдаасаа тод ялгардаг.  бүтээлдээ найруулагчийн "нүдээ аниж амжаагүй үзэгчийн хохь нь" хэмээсэн заналхийллийг анхааралдаа авч болох ч гэлээ, "Хоосонд нэвтрэхүй" киног бэлтгэлтэйгээр үзлээ ч гайхалгүй үлдэх тун хэцүү. Киноны эхнээс үзэгч гол дүрийн баатрын үхлийг ажиглаад зогсохгүй улам цаашлан эго хэмжигдэхүүнээс нь хамт дагана.

Мэдээж хэрэг, найруулагч уг киногоороо зохиолын эх болсон Бардын Тодролыг ягчлан харуулахыг хүсээгүй. Бардын Тодрол хэмээх зохиолд талийгаачийн сүнс өөрийн ухамсарт шийдвэр гаргах, аль эсвэл хайр ба бодит байдлыг шинжлэн дүгнэх оюуны чадваргүй болдог хэмээдэг. Гэвч Ноэ уг бүтээлээрээ формалист хэв шинжтэй туршилт явуулж, кино зураглалын хувьд олон тооны сонирхолтой шийдлийг толилуулна. Зураглаач Бенуа Дэбигийн хийсэн нисэлтийн туршилт ба жингүйдэл, нүхэнд шумбах, гэрлийн эх үүсвэрт шингэх мэт олон гайхамшигтай дүр зураг бий болгосон. Энэ бүгд цөөн давтамжтай электро хөгжмийн хэмнэлд өрнөх бөгөөд, байн байн гол дүрийн баатрын дурсамжуудтай хослон, DMT ба acid мансууруулагчийн бодисын нөлөөнд орох шиг сэтгэл зүйн аниргүй байдал үүсгэнэ.

Ноэ юманд их дэс дараатай ханддаг найруулагч. Хайр ба секс, амьдрал ба үхэл, хувь заяаны тохироо ба тохиолдол бүгд нэг нэгэнтэйгээ бүрэн хосолсон хорвоо сансрыг өөрийн хэмжээгээр ухаарч, өөрийн өнцгөөс ажиглан, өөрийнхөөрөө харуулдаг. Уг сэдэв дээрх сэтгэл хөдлөлүүдийн талаар үй түмэн кино хийгдсэн байдаг боловч, Гаспар Ноэ найруулагч сэтгэл хөдлөлийг чухалчлах боловч, хэт их чухалчлалгүйгээр бясалгал маягийн кино аялал бүтээсэн аж.

Уг киноны зураглалын стилийн хувьд Гаспар Ноэд санаа хайрласан кинонууд бол, Ридли Скотт найруулагчийн Ирэн дээр дүүлэгч ба Стэнли Кубрик найруулагчийн 2001: Сансрын Одиссей хамгийн том нөлөө үзүүлсэн юм. Үүний дунд, "Жигтэй өдрүүд" ("Strange days"; 1995) киноны анхны 5 минут ба "Нууран дахь хатагтай" ("Lady in the Lake"; 1947) кинонуудын зураглалын шийдэл ихэд нөлөөлсөн гэж найруулагч өөрөө ярилцлагалаа дурдсан байдаг.