Монголын кино урлаг наян жилийн түүхтэй. Бид бүгдээрээ киногоор хүмүүжсэний тод илрэл нь кинонд хэлэгддэг үг хэллэг өнөөдөр ч хэлц үг болж хувираад амь бөхтэй оршсоор байна. Үер киноны “гол гаргах” гэдэг үг хуурах, молигодох гэсэн утгыг илтгэнэ. Энэ үгийг Үер киног үзээгүй хүн ойлгоход бэрх. Архинд зарагдаж гүйхийг “ Дарьбазардах” гэдэг бол “ Ахаа намайг бодоорой” “ Амь, амиа бодоорой” гэх зэргээр ярилцах нь хэвийн үзэгдэл. Түүгээр ч үл барам Дүлзэн гэдэг дүр бүр амьд хүн мэтээр төсөөлөгдөж Дүлзэн шиг амьтан хэмээн ярилцах нь бий. Бид багадаа Дүлзэн Дүлзэн гэж бие биенээ шоолж өсчээ. Хэрвээ үнэхээр Дүлзэн нэртэй нэгэн байдаг бол тэр хүнийг шууд л урвагч хэмээн ойлгож амьдрал нь хэцүүдэж ч мэднэ. Ийм жишээг тоочоод ч барашгүй.

Хуучин цагт киног төрөөс шууд дэмжиж санхүүжүүлж хийлгэдэг байсан болоод сайн кино төрдөг байсан болохоос алтан үеийнхэн агуу сайн байсан болоод л тэдний бүтээл урт настай байна гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Миний сайн таних Дожоодорж гуай тэр үеийн олон киноны зохиолыг бичсэн байдаг. Тэрээр нэг удаа надад ярихдаа. Аман хуур киноны зохиолыг бичих даалгаварыг хотын захиргаанаас надад өгсөн би бичсэн шагналд нь хотын төвд гурван өрөө байр авсан гэж ярьж байж билээ. Тэрбээр тэр л байрандаа амьдарч байгаад тэнгэрт хальж одсон байх. Ингэж тэр үед киног дэмждэг байсан болоод чанартай бүтээлүүд гарч байжээ. Хэрвээ өнөөдөр гурван өрөө байр өгнө гээд кино зохиолын уралдаан зарлавал сайн кино гарах нь дамжиггүй юм. Үүнийг Соёлын яам хийдэг байлаа. Өнөөдрийн байгаа Боловсрол ,соёл, шинжлэх ухааны яам 20 жилд ганц ч иймэрхүү ажил хийгээгүй билээ. Хуучин Соёлын яамны байранд одоо Ардчилалын ордон байрлаж байгаа. Гэтэл өнөөдөр кино бол бизнэс зах зээл өөрөө зохицуулдаг юм гээд хөсөр орхижээ. Үүний хар гайгаар одоо зөвхөн инээдмийн кино л хийдэг болж. Инээдмийн киног муу гэж хэлэх гээгүй байна. Чарли Чаплин ч яг ийм жишгээр гарч ирсэн байдаг. Ядуу хэцүү амьдралаа мартах гэсэн ажилчин ангийнхан түүнийг нь үздэг байсан бөгөөд Чарли Чаплин өөрөө ч ядуу байсан болоод хямд төсөрийг нь бодож богинохон кино хийдэг байсан юм билээ. Бид ийм замаар явж байгаа нь үнэн. Хэрвээ төрөөс ямар ч дэмжлэг үзүүлэхгүй бол хэн ч хүүхдийн кино, хар тамхи ,архины эсрэг кино хийхгүй. Өнөөдөр кинонд хөрөнгө оруулж байгаа газруудын тэргүүнд архи пивоны үйлдвэрүүд жагсаж байдаг. Та бүхэн нэг кино үзээд гарахдаа пивоны, архины реклам заавал үзээд гардаг. Тэгвэл Холивууд хүртэл төрийн зохицуулалтаар явдаг ажээ. Америк кинонд америкын төрийн далбааг таван удаа оруулах ёстой гэх мэтээр зааж өгдөг байна. Санаатай санаандгүй байдлаар төрийн далбааг тэд оруулдаг байна. Үүнийхээ шанд тэд төрөөс зохих шан авдаг ажээ. Ингээд харахаар бүх юмыг зах зээл өөрөө шийддэг гэж өөрөөсөө зайлуулдаг залхуу хүний үг худлаа болж таарч байна. Орос улсыг аваад үзэе. Мосфильм кино үйлдвэр саяхан яг манайх шиг дампуурсан байсан. Гэтэл өнөөдөр сэв хийтэл босоод иржээ. . Адмирал, Брестын цайз гэх мэт маш олон киног төрөөс санхүүжүүлж хийлгэжээ. Путины ивээл дор “ Кино урлагыг дэмжих сан “ байдаг бөгөөд кино урлагыг өөрийнхөө ивээлд авч бодлогоор киног дэмжиж байна. Оросууд яг манайхан шиг олон мянган үзэл сурталжсан кино хийсэн орон. Уран бүтээлчид нь ч арга залиар үзэл суртлын кинон дундаа сэмхэн өөрийнхөө үзэлийг шургуулдаг байсны нэг тод жишээ нь “Коммунист “ гэдэг кино байдаг. Тэр кино тухай үедээ гайхагдан магтагдаж ийм л хүнийг коммунист гэнэ хэмээн шуугиж байсан. Одоо харахад тэр улайрсан коммунист нь хүний эхнэр оролддог олиггүй нэгэн байсныг сэм харуулж чадсан бөгөөд ерөөсөө мугуйд өөрийнхөө бодлын төлөө үй олон буудуулж байхдаа ч үхэхгүй зүтгээд байдаг аймшигтай тэнэг хүний дүрээр бараг хорор кино хийчихсэн байдаг. Ленин киногоор хувьсгал хийсэн гэхэд хилсдэхгүй, Адолф Гитлер ч киноог анхаарлынхаа төвд авсан байсан. Энэ олон түүхийг гуйвуулсан кинонуудаа Орос орон засаад эхэлчихлээ. Түүхэн кинонд Путин хөрөнгө мөнгө хайрлахгүй үй олон кино хийлгэжээ. Тэгвэл өнөөдөр манай улс төрчид бид телевизээр л гараад байвал болоо. Тэр кино яахав гэж бодоод өдөр бүр шахуу шинэ телевиз гаргаж ирээд л сууж байна. Энэ олон телевизын ард нэг нэг улс төрч эсвэл улс төрийн хүчин байдаг. Сүүлийн хорин жилд нэгч хүүхдийн кино хийгдээгүй гэхэд болно. Уг нь хоёр ч бил үү дээ хүүхдийн кино хийж үзсэн боловч ашиг олохгүй болохоор тэгэсгээд зогссон. Улс төрчид цөмөөрөө хүүхэдтэй . Тэгээд тэд дэлгүүрээс Харри Поттерийн хулхи дв ди л авч өгч хүүхдийнхээ амыг нь хаадаг байх. Гэтэл англи хэл байтугай Монголоороо ч ярьж сураагүй байгаа хүүхэдэд бид л кино хийж өгөхгүй бол тэд яаж ойлгох билээ. Дашрамд хэлэхэд Унгар улсад хүүхэд эхлээд заавал Мажар хэлээ сурах ёстой гэсэн хууль байдаг ажээ. Хаана байна өнөө хүүхдийн төлөө “ За “ гэж хэлцгээе гээд байсан.

Асар их өртөгтэй түүхэн кинонд төрөөс тусламж үзүүлэхгүй л байна. “Үхэж үл болно” кинонд л М.Энхсайхан Н. Энхбаяр хоёр хоёр зуун сая төгрөг өгсөнийг эс тооцвол шүү дээ. Чингис хааныхаа тухай кино хийх гээд зүдэрч яваа уран бүтээлчид олон байна. Гэтэл япон, орос гээд гадныхан Холивуудын жүжигчдыг хүртэл тоглуулаад их хааны тухай кино хийсээр байна. Манай нууц товчоог гол болгосон Хятадын олон ангит “ Чингис хаан “ киногоор бид түүхээ ойлгож мэдэж өвөр монголын нэг жүжигчинг бараг л жинхэнэ Чингис мэтээр харж хүмүүжиж байна. Нууц товчоогоо хүн бүр унш айл бүр гэртээ зал гэж зарлиг хүртэл гаргаад хэрэгжээгүй байхад Хятадын хийсэн киноны ачаад жоохон хүүхэд ч нууц товчоогоо мэддэг болсон. Би Би Си ,Эн эйч кэй телевизын хамтран бүтээсэн баримтат киноноос өөрсдийнхөө түүхийг сурч сууна. Хэрвээ энэ ходоодонд тараагаад байгаа хорин нэгэн мянган төгрөгийг толгойд зарцуулсан бол хэдэн зуун сайхан кино гарах байсныг та нар бодож үзсэн үү? Гишүүн бүр тэрбум төгрөг авсан мөртлөө хэн нь кино урлагт цөөн хэдэн цаас өгсөн юм бэ? Зах зээл бүхнийг шийднэ гээд өөрөөсөө түлхэж залхуурч суугаа юм биш үү? Өнөөдөр сая хүнтэй хотод дөрөвхөн кино театр байна. Тэгвэл социализмын үед дүүрэг болгон кино театртай байсан. Энэ театрууд Христын сүм, Хөрөнгийн бирж, баар сав болж хувирсаныг бүгдээрээ харж байгаа шүү дээ.Театр бол бизнэс америкт хэдэн зуун мянган кино теарт бий. Ядаж кинонд мөнгө оруулах дургүй юм бол театр бариач ээ. Тал мөнгийг нь зүгээр л хураагаад авчихдаг бизнэс шүү дээ. Харин ч Солонгосууд энэ бизнэст анхлан хөрөнгө оруулсаны ачаар өнөөдөр бид дэлхийн жишиг кино театртай болжээ. Хэрвээ би Элбэгдорж Ерөнхийлөгчийн оронд байсан бол давын түрүүн кино урлагыг дэмжих байсан. Гаднаас кино наадмаас шагнал хүртсэн хэдхэн хүн бий. Үүний дотор энэ илтгэлийг тавьж байгаа би ч багтана. Бямбасүрэн Герман улсын ивээлд орж шагналаа ч авч киногоо ч хийж сайн нэртэй явна. Би бол дэлхийн наадмуудаас 23 шагнал эх орондоо авч ирээд муу нэртэй л болсон нэгэн.Олимпоос шагнал авчирсан тамирчдаа хөрөнгө мөнгөөр тэтгэдэг сайхан уламжлалтай болсон бид авъяас чадал ухаанаараа дэлхийд Монголын нэрийг гаргасан хүнээ огт тоодоггүй. Спортоор бол би 23 удаа алт мөнгө хүрэл медаль авсан хүн. Сая л нэг сайн продюсертэй таарч “ Бодлын хулгайч” нэртэй кино хийлцлээ. "Нохой орон" кинонд ажиллаж байсан С. Бямбаа өнөөдөр “Хүсэл шунал” киногоороо мөн л гаднаас шагнал хүртсэн ч энэ төр засаг огт тоогоогүй. Уг нь одоогын ерөнхийлөгч Элбэгдорж ерөнхий сайд байхдаа 1998 онд гаргасан засгын газрын 197 тоот тогтоол гэж бий. Энэ тогтоолоор шагнал хүртсэн нэг ч киноныхон байхгүй. Надад өгөхгүй байж болноо. Оскарт хүртэл нэр дэвшсэн Бямбасүрэнд яагаад өгч болдоггүй юм бэ? Энэ бол дээдэс кино урлагт яаж хүйтэн цэвдэг ханддагын хамгын тод жишээ юм. Надтай хамт “Нохой оронг” хийсэн Белгын найруулагч Петер Бросэнс дэлхийн кино наадмуудаас 23 шагнал хүртсэнийхээ төлөө төр засгаасаа хүндэт легионы одонгын дайтай “ Фонске” хэмээх шагналыг хүртсэн билээ. Би Элбэгдорж ерөнхийлөгчийг танихын хувьд олон ч удаа энэ талаар хандсан боловч өгөлгүй яахав чамтай хэн барьцах билээ гэж олон хэлээд олон хуурсан. Талийгаач Дамчаа гуай хүртэл үүнийг яриад орж уулзаж байсан юм. “Бүх урлагын дотроос хамгын чухал нь кино ” гэсэн үг байдаг. Үнэхээр ч тийм болоод өнөөдөр дэлхий дахин киногоор амьдарч байна. Огт дэмжлэггүй байхад бид гадны наадмаас шагнал хүртэж чадаж байна. Хэрвээ дэмжээд өгвөл монголчууд Дэлхийг шуугиулсан кино хийж чадна гэдгийг нотолчихсон юм биш үү. Таван толгой ,Оюу толгойгоос илүү толгой монголчуудад бий. Гэтэл булчин шөрмөсөөрөө амжилт гаргасан тамирчидаа дэмждэг хирнээ толгой тархиараа дэлхийд амжилт гаргасан хэдхэн хүнээ огт тоодоггүй ийм орон дэлхийд ганцхан байдаг. Энэ бол манай орон юм. Албан тушаал эрх мэдэл хэдхэн жилийн настай авъяас билэг алдар хүртсэн кино урт настай байдаг билээ. Манай кино урлаг төдийгүй дэлхийн тавцанд гарсан хүмүүсийн ард манай төр засаг биш гадаадынхан байдаг нь их хачин. Сумочидын ард япончууд боксчдын ард англи , солонгосууд байдагчлан “Ингэн нулимсын” ард Германчууд, “Нохой орны “ ард Бельгичүүд зууны манлай “ Цогт тайж”, “ Дайсны цэргүүдээ сонсцгоо”, “ Төгсгөл” гээд олон киноны ард оросууд “ Мандухай цэцэн”ий ард япончууд байсныг бид бүгд мэднэ. Монгол киног яагаад монголын төр дэмждэггүйг би ерөөсөө ойлгодоггүй. Хүний хөгжил сан гэж байгуулаад мөнгө тарааж болоод байгаа хирнээ жинхэнээсээ хүнийг хөгжүүлдэг кино урлагийг яагаад дэмждэггүйг би бас ойлгохгүй байна. Урлагийг гуравхан төрөлд хуваадаг уран зохиол, уран зураг, хөгжим гэж энэ гурван төрөлийг бүгдийг нь багтаасан урлагийг кино урлаг гэдэг юм. “Сайн ану миний багш муу ану бас миний багш ” гэсэн хуучны үг бий хуучин цагт кино урлагийг дэмжиж байсан нь сайн багшын үлгэр одоо цагт огт дэмжихээ больсон нь муу багшын үлгэр билээ. Чи өөрөө кино үзэх дуртай л юм бол чи түүнд ямар нэгэн тус хүргэх хэрэгтэй. Бүх урлагийн дотроос хамгын чухал нь кино боловч хамгын үнэтэй бүтдэг нь кино юм. Тийм болоод өнөөдөр киночид бид яаж хямдхан кино хийх вэ гэж бодож явсаар зохиогчын кино л хийж байна. Өөрөө хийж чадахгүй бол өрөөлийг хийхэд тусал. Тэгвэл чи үзэж баясах кинотой болно. Монгол улсынхаа тугыг ч дэлхийн тавцанд өргөх болно. Уг нь хөөрхий бас хэдэн цаас төсөвлөдөг гэж сонссон. Гэтэл тэр мөнгөөр нь кино хийсэн хүн энэ дунд сууж байгаа гэж би бодохгүй байна. Хэнд өгөөд хэн нь дундаас нь цавчаад юу гардаг юм бэ бүү мэд. Бид энэ жил тусгаар тогтнолынхоо зуун жилийн ойг тэмдэглэх гэж байгаа хирнээ түүнийг нь гардан удирдсан Богд хаанаа эсэргүү яр тэмбүүтэй нэгэн гэж үзүүлсэн киноогоо саяхан болсон улс тунхагласныхаа баяраар ч үзээд л сууж байлаа. Манай улс коммунист үзэл суртлаас хорин жилийн өмнө салсан гэж ярьдаг хирнээ коммунист киноогоор бүхэл бүтэн үеээ хүмүүжүүлсээр л байна. Би өөрөө сэтгэл гаргаад саяхан төрийн шагнал хүртсэн О.Батчулууны удирдлаган дор “ Богд хааны үр сад “ баримтат кино хийснээ энд авч ирсэн юм. Телевизын нөхөд минь үүнийг гаргаарай. Иймэрхүү л байдлаар бид тусгаар тогтнолынхоо зуун жилийг тэмдэглэх гэж байна. Монголын кино урлагийг монгол төр дэмжих цаг хэдийнээ болжээ. Үүнийг хэрэгжүүлэх ерөөсөө хэцүү биш юм. Архи пиво спиртын үйлдвэрүүд заавал жилдээ хоёр киног санхүүжүүлэх ёстой гээд хуульчилчихад л өөрөө яваад өгнө. Кино урлагыг дэмжих сан гэж байгуулаад түүндээ төрийн оролцоотой хөрөнгө татаад жил бүр заавал хийх киноны сэдэв заагаад киночдын дунд ил тод тендэр зарлахад л энэ өөрөө яваад өгнө. Хүний хөгжил сан гэж бий хүнийг ходоодоор нь хөгжүүлдэг юм уу зүрх сэтгэл , тархи толгойгоор нь хөгжүүлдэг юм уу? Энэ тараагаад байгаа хорин нэг мянгаасаа таван мянгыг нь л кинонд оруулъя гэхэд Монгол хүн бүр за л гэнэ. Ингэхэд л арван гурван тэрбум таван зуун сая төгрөг гараад ирж байгаа биздээ. Бидэнд мөнгө босгох үй олон аргууд бий тийм ч болоод өнөөдөр бид яаж ийгээд кино хийгээд л байгаа биз дээ. Гагцхүү төрийн зүгээс сэтгэл л дутаад байна. Энэ улсын зөвөлгөөнөөр бид ийм шийдэлд хүрэх хэрэгтэй. Маш жижиг үндэстнийг маш том харагдуулах юм бол кино. Хуучин Югославын Эмир Кустурица гэдэг найруулагч тэр улсын төлөөлөл болоод удаж байна. Солонгос соёлын довтолгоон хийгээд одоо бүр азиас даваад дэлхийг бүрхэх хандлагатай боллоо. Гэтэл манай Чингис хаан Атиллагын тухай гадныхан дур зоргоороо кино хийж бидний түүхээр дэлхийгээс мөнгө олж байна. Өчүүхэн сэтгэл гаргаад нэг гарт зангидаж чадвал бид киногоор дэлхийд гарах нь олимпын аврага болохоос амархан. Энийг төрөөс л дэмжихгүй бол одооных шигээ хошин шогын кино хийсээр л байх болно. Түүхэн кино бол манай дэлхийд гайхуулах том баялаг.Түүхэн кино их үнэтэй бүтдэг болохоор гадаад зах зээлд зориулсан киног гадныхантай хамтарч хийх хэрэгтэй. Би саяхан Спилберг Хятадуудтай Чингис хаан кино хийхээр ярилцаж байгааг сонслоо. Магадгүй одоо бид энд ингээд сууж байх хооронд Чингис хаан хятад хүн байсан гэсэн кино гараад дэлхийг байлдан дагуулахыг үзүйсгэх аргагүй. Хятадууд кинонд анхаарлаа тавиад удаж байна. Та нар харж л байгаа сүүлийн үеийн кино наадмуудыг дандаа хятадууд авдаг болсон. Гадна байсан бүх алдартай киночид , жүжигчид эргээд Хятаддаа ирцгээсэн. Хамгын сүүлд нь хэлэхэд Эдийн засгын алуурчдын золиос ном эхлэхдээ : Саяыг хулгайлахын тулд хуйвалдаан хэрэгтэй тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргах хэрэгтэй хуу хамахын тулд үзэл суртал хэрэгтэй гэсэн үгээр эхэлдэгийг санацгаая. Би хувийн хэвшилыг энэ ажлыг эхлүүлээч тэгээд төр засагтайгаа хамтраач гэж уриалж байна. Хэд хэдэн том компани хамтраад эсвэл хэн нэг нь эхлүүлээд төр засгын дэмжлэг хүсвэл урт удаан хугацааны кино бодлого боловсруулж болно. Энд кино хийх гэж шаналж явдаг бараг бүр уран бүтээлчид цуглажээ. Кино бол бизнэс гэхээсээ үзэл суртал юм шүү. Анхаарал тависанд баяраллаа.