Кино бүтээгч нэг ч хүн надад нөлөөлөөгүй. Бусдаас илүү юм уу багаар, бүр ямар ч талаар надад нөлөөлсөн нь үгүй. Надад бүхлээрээ нөлөөлсөн кино урлагаас дутахааргүй миний гэр бүл, итгэл бишрэл, боловсрол, гэрлэлт, найз нөхөд гээд ер миний цаг үед хамаарах бүхэн, өнөөдрийн намайг бий болгосон бүхэн надад нөлөөлсөн.
    Гэхдээ Росселинитэй учирсан минь эдгээрийн адил онцгой тохиол байсныг тэмдэглэх хэрэгтэй. Учир нь тэр миний бүхнийг хүлээж авдаг үзлийг өөрчилсөнд биш, харин кино бүтээхийг яг л найзуудтайгаа зугаалгад явж байгаа шиг сэтгэгдэл төрүүлэн зааж өгсөнд оршино. Кино гэдэг амьдралын ганц агшин гэдгийг, ажил, амьдралын дунд шулуун татсан шугам байдаггүйг, ажиллана гэдэг урьдчилан дэндүү олон зүйл төлөвлөчихөж болдоггүй, камер бүхнээс чухал гэсэн дүрэмд бууж өгөхгүйгээр зөвхөн мэдэрснээ л хальснаа буулгах ёстой амьдралын нэгээхэн хэсэг гэдгийг тэр л надад ойлгуулсан.
    Росселлини бид бүгдийн үүссэн тэр л дээд өвөг маань билээ.  

*    *    *
Надад бодож санасан дүрдээ тоглуулна гэж илүүд үздэг жүжигчид бий. Бүр шинэ дүр санал болгодог жүжигчин ч бий. Гэхдээ жүжигчний дүр төрх л хамгаас чухал. Алдар нэртэй, сайн жүжигчин байна уу, хэний ч мэдэхгүй шинэ хүн байна уу надад хамаагүй. Төрх нь л чухал. Олны дундаас онцолсон тэр дүр төрх кино зохиолыг минь баяжуулж мэднэ эсвэл бүтээлийг минь бүр хувиргаж ч мэднэ.  
Жүжигчдээ сонгуутаа би тэднийгээ чин сэтгэлээсээ хайрлаж, тэдэнтэй ойр дотно нөхөд болж, тэдэнд дурладаг. Яг л хүүхэлдэйнүүддээ ухаангүй дурладаг хүүхэлдэйн мастер шиг.

*    *    *
    Жульетта бол онцгой. Тэр миний хэд хэдэн киноны гол дүрийг бүтээгээд зогсохгүй тэдгээрийг хөглөж өгсөн торгон хүч нь юм. Тэр насан туршийн минь хамтрагч тул энэ нь мэдээжийн хэрэг. Давтан хэлэхэд, Жульетта миний сонгосон ердийн нэгэн дүр төрх биш. Харин киноны минь амин сүнс билээ. Тиймээс ч дүрийг нь бүтээсэн кинондоо тэр өөрөө гол санаа, сэдэв нь байдаг.
    Харин Мастроянни бид хоёрыг гүн мэдрэмж холбодог. Тэр миний анд нөхөр, итгэлт түнш, миний сайн мэдэх нэгэн. Марчелло мэргэжлийн үүднээс чадварлаг байгаад зогсохгүй надад бүрэн найдаж өөрийгөө даатгадаг. Ийн тус хүргэхдээ надад эрсдэлтэй зүйл хийх эрх хүртэл олгодог юм. Гол нь тэр бүхэн аяндаа л болдог бөгөөд хүйтэн хөндий үгс, хэт мэргэжлийн амлалт, тохиролцоогүйгээр Марчелло бид хоёрын хамтын ажиллагаа бүтэмжтэй болдог.
    Жүжигчин сонгохдоо төрхийг нь чухалчлах нь бий ч дараа нь тэрхүү төрх цаад хүнтэйгээ тохирохооргүй мэт санагдвал жүжигчнээ дүрд нь хувиргахын оронд дүрээ жүжигчиндээ тохируулахыг би боддог.  
    Ажилдаа ягштал баримталдаг дүрэм, дэс дараа гэж надад байхгүй. Харин ганц дүрэм мөрддөг нь юуг ч хүчлэхгүй байх. Кино хийхдээ би амралт, зугаалгынх шиг уур амьсгал бүрдүүлэхийг хичээдэг. Жүжигчид маань ч юу хийх гэж байгаагаа нарийн мэддэггүй. Тиймээс зураг авалтын эхэнд зарим нь мэргэжлийн орчныг чухалчилсандаа арга барилыг минь буруугаар ойлгож эсвэл намайг өөрсдөд нь эгээ л гудамжнаас олсон нэгэнтэй харьцаж байгаа мэтээр ханддаг гэж эндүүрдэг. Хандлагын тухайд би нэртэй од, гудамжны тэнүүлч хоёртой өчүүхэн ч ялгаагүй харьцдаг. Хэнбугай нь ч киноны минь чухал хэсэг тул бүгд ялгаагүй хүндлэл, сайшаал хүртэх эрхтэй. Иймэрхүү цыган маягийн нөхөрлөл, өдөр тутмын нээлт, үргэлжийн хөдөлгөөнгүйгээр цааш явах аргагүй юм гэдгийг засаршгүй зөрүүд ч ойлгоно. Мэдээж хэрэг, би өөрийгөө хаа хүрэх гэж хичээж буйг мэднэ. Гэхдээ санаж зорьсондоо итгэлтэй байвал киног баяжуулах ямар ч тохиол, саад бэрхшээл ч ялгаагүй хэдийд ч таарч болно. Тэгээд ч урдах замаа туулж байж л үзсэн харснаа ярьдаг даа. Ердөө хийхийг зорьсоноо л хэлэхэд хангалттай. Харин хором бүрт юу болохыг мэдэж байвал хэзээ ч, юунд ч хүрэхгүй.
       
*    *    *
Кино бизнес гэдэг эмээмээр аймшигтай зүйл, гаж сонин ертөнц. Хөлбөмбөгийн тоглолт, эмсийн хүрээлэнгийн л нийлбэр юм.

*    *    *
    Миний хувьд киноны яриа чухал биш. Харилцан ярианы зорилго үзэгчдэд мэдээлэл өгөхөөс хэтрэхгүй. Гэрэл, эд зүйлс, тухайн үйл явдал өрнөж буй газрын засал гээд хэдэн хуудас харилцан яриа, цааснаас ч үнэтэй киноны бусад нарийн эд эс л киног хавьгүй амьтай болгодог. Дуу чимээ дүрслэлээр л бий болох ёстой. Кино хийснийхээ дараа би дуунд нь ихэд анхаардаг. Заль, хуурмаг авиагүйгээр дуу бичлэгийн студид дуу оруулах нь зураг авалтын үеийн дуунаас илүү дээр болдог. Миний бүх кино бэлэн болсныхоо дараа юм уу зарим нь бүр өмнө нь дуутай болсон. Дууг зураг авалтын үеэр бичих дүрэм америкчуудынх. Бруно Кремер үүнээс болоод л “Чинечитта”-д нэг дүрсийг жар дахин бичүүлсэн хэрэг. Студийн дээвэр дээр шувуу үүрлэчихснийг мэдэлгүй төлөвлөгдөөгүй чимээ хаанаас гараад байгааг олох гэж бүтэн гурван өдөр болсон гэдэг. Ийм аргад давуу тал гэж байхгүй санагдана. Лав дууны хувьд студийн бичлэг цэвэр тунгалаг тул санаанд минь нийцдэг.
    Хийж дууссаныхаа дараа л би киногоо яриатай болгодог. Тэгвэл жүжигчид үг цээжлэх гэж түвэг удахгүй, дүрээ илүү сайн гаргана. Би ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүсийг кинондоо тоглуулдаг тул тэднийг өөрсдийнхөөр нь байлгахад, амьдрал дээр яаж ярьдаг яг л түүгээр нь яриулахын тулд надад энэ арга бүр ч хамаатай. Цайны газрын зөөгч зөөгч шиг л ярих ёстой. Жүжигчдээрээ би залбирал, тоо хүртэл хэлүүлдэг. Тэр бүхний учрыг дараа нь бичлэгийн студид олчихдог юм.
    
*    *    *
Би кино наадамд үнэхээр дургүй. Тэмцэл, өрсөлдөөн гээд миний ертөнцөд дэндүү харь, миний дургүй бүх орчин, уур амьсгал тэнд л бүрэлддэг. Кино наадам, Нью-Йоркийн коктейлийн үдэшлэгийн уур амьсгал яг ижил. Хүмүүс ирчихээд яриад л байна, яриад л байна. Бас нэвт шувт харцаар ширтэхийг нь яана. Бэлэн болгосон киногоо хүмүүст үзүүлэх эсэх нь надад тийм ч чухал биш. Миний кинонууд амжилтад хүрвэл надад сайхан л байдаг. Гэхдээ амжилттай байх үгүй нь надад хамаагүй. Кино хийсний дараа надаас шаарддаг, асуудаг бүхэн л миний ажлын хамгийн түвэгтэй, хамгийн ихээр намайг ядраадаг нь.
Продюсер Риццоли маань 75 настай. Надаас ялгаатай нь тэр кино наадамд очих дуртай. Бас дарвуулт завиараа зугаалах дуртай. “Завин дээрээ хөгжилдөж, олон хөөрхөн бүсгүйтэй наргиж, сайхан хоол иднэ” гэдэг сэн. Хариуд нь би түүнд “Кино наадам аюултай. Кинонд сурталчилгаа хэрэггүй. Наадамд оролцлоо гээд нэр хүнд өсөхгүй. Энэ өрсөлдөөн чинь хуучирсан зүйл” гэнэ. Шалгаж сонжих мэт тэр уур амьсгалыг, хэвлэлийн хурлыг нь ч би үзэн яддаг. Харин Риццоли нэрээ хамгаалах ёстой гэх ухааны юм ярьдаг нь заримдаа намайг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болтол залхааж, ядраадаг. Кинотой холбоотой бүхэнд би тун итгэлтэй, тууштай байж чадах ч иймэрхүү зүйлстэй таарамжгүй байхгүйн тулд заримдаа зөвшөөрчих нь бий. Риццолитой би маргалдахыг хүсэхгүй. Тэгээд ч ажлаасаа бусад бүх зүйлийн талаар би хэзээ ч тодорхой санаа, бодолтой явдаггүй. Гэхдээ л кино наадмуудын өрсөлдүүлж, уралдуулдаг уур амьсгалд үнэн голоосоо дургүйгээ л баттай мэднэ. Жаалхүү байхдаа ч би өрсөлдөх дургүй байсан. Оюутан болоод ч, дараа нь ч сайхан бүсгүйг өөрийн болгох гэж өрсөлдөөгүй. Бусдаас илүү гарах гэж хичээх нь ялагдахаас ялгаагүй. Өрсөлдмөөр санагдсан үедээ би тэмцэж чадах ч тэгэхийн тулд өөрөө өөрийгөө чөлөөлж, өөрөөсөө мултрах хэрэгтэй болдог юм.

*    *    *
Би кинонуудаа үзэх дургүй. Үзсэн ч сонин содон юу ч мэдрэгддэггүй. Сонирхлыг минь хэдийнэ татахаа больсон амьгүй зүйл л болчихсон байдаг.

*    *    *
Миний кинонууд төгсгөл, сүүлийн зураглал гэх юмгүй. Киноны өгүүлэмж төгсгөлгүй. Дүрүүдээ хэрхэн амилуулахаас бүх зүйл шалтгаална. Үүнийг тайлбарлах амаргүй юм. Гэхдээ эхлэлээс төгсгөл хүртэл найруулагчид нэг л зүйл мэдрүүлдэг цахилгааны утсанд бэхэлсэн өөрчлөгддөггүй гэрлэрхүү юм уу даа. Тэр гэрэл тодорхой шалтгаанаар хувирдаггүй. Би бүтээлээ мөнхлөх гэж мэрийддэггүй ч үзэгчдэд өгүүлэмжийн зангилааг тайлж өгөхгүй бол кино урт насалдаг гэж боддог. Өөрөөр хэлбэл, бүх саад бэрхшээлээ даван туулчихсан, анхандаа муу байснаа эцэст нь учиргүй сайн хүн болчихсон дүр харсан хэн ч эхнэрээ хуурч, найз нөхдөө мэхэлж байлаа ч хамаагүй би энэ хэвээрээ байж болох юм байна, энэ кинонд гардаг шиг нэг л өдөр миний бүх асуудлыг шийдчих явдал тохиолдох юм байна гэж чимээгүйхэн өөртөө хэлж, сэтгэл амар үлдэх биш үү? Харин миний кинонууд үүнээс эсрэг, чухамдаа тэр л үүрэг хариуцлагыг үзэгчдэд мэдрүүлэх зорилготой. Жишээ нь, “Le notti di Cabiria” (Кабирийн үдшүүд) яаж төгсөхийг үзэгчид л шийднэ. Кабириа бүсгүйн хувь заяа бүгдийн маань гарт байгаа. Энэ кино хэн нэгэнд маань нөлөөлж, эвгүйцүүлбэл бид хөршүүддээ тэр дороо өөр хандаж эхэлнэ. Ийм өөрчлөлт киноны дараа найз нөхөдтэйгөө юм уу эхнэртэйгээ уулзах эхний уулзалтаар шуудхан мэдрэгдэх ёстой. Учир нь хэн ч хохирогч буюу Кабирия байж болох шүү дээ. “I Vitelloni” (Залуухан, дүрэлзсэн), “La Strada” (Зам), “Il bidone” (Луйварчид) кинонууд үзэгчдэд чухам ийм л мэдрэмж төрүүлж, жаахан ч атугай тавгүйтүүлсэн бол кино бүтээхийн зорилго биелэх нь тэр. Түүх өгүүлэх бүртээ хүмүүс хоорондын харилцаан дахь цөхрөл, саад бэрхшээл, үл ойлголцлыг харуулахыг зорьдог гэж одоо ч би эргэлзэж, түдэлгүйгээр баттай хэлж чадна. Энэ бүхнийг зүгээр л тайлбарлачихдаг улстөрийн бэртэгчин байсан бол би уулзалт цуглаан зохион байгуулах юм уу аль нэгэн намд элсэж, эсвэл гудамжинд хөл нүцгэн гүйх байсан биз. Бүхний зангилааг мэддэг, юуг ч уран, нарийнаар, тун итгэлтэйгээр хэлээд өгчихдөг сөн бол би өгүүлэгч, кино бүтээгч байхгүй сэн.

Үргэлжлэл бий...