Тухайн улс орны кино урлаг хөгжиж, дэлхийд нэрээ гарган өрсөлдөхийн хирээр олон нийт сонирхон судлах нь даган ихэсдэг билээ. Хятад улсад томоохон шинэ төслүүд төлөвлөлтийн шатандаа ч олны анхааралд орж үзэгчдийн хүртээл болох хүртлээ шуугиулдаг болжээ. 1990-ээд оноос хойш ялангуяа Хятадын киночдын бүтээл олон улсын хэмжээний олон том шагналуудыг хүртэж дэлхийн түвшинд хүрснээ чанга дуугаар зарлаад байгаа юм. Хятадын эдийн засаг хөгжихийн хирээр Хятадын кино ч дотоод гадаадынхны анхаарлыг их татаж байна. Хятад улс өнгөрөгч зууны далаад оны эцсээс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлснээр киноны ажил үйлс ч үүний дагуу их хөгжсөн байна. Хятадын кино урлагийн түүхэн хөгжлийн үе шатыг кино судлаачид нийтдээ зургаан үед хуваан үздэг:

1.    Эхэн үе буюу – Шанхайн төвлөрсөн үе 1896-1945

2.    Хоёр дахь үе – 1940 оны үе

3.    Коммунист үзэл суртлын үе 1950-1960

4.    Соёлын хувьсгалын үе буюу 1960- 1980

5.    Өсөж буй тав дахь үе буюу 1980- 1990

6.    Зургаа дахь үе  1990 оноос өнөөдрийг хүртэл

Мөн Хятадтай олон талаараа салшгүй холбоотой Тайвань болоод Хятадын харъяа Хонконгийн кино урлаг нь бие даан хөгжсөн бөгөөд энэ хоёр соёлын том төвөөс маш олон чадварлаг найруулагчид төрөн гарсан юм.

Хятадын тавдугаар үеийн төлөөлөгчид

Хятадын кино урлагийг дэлхийн жишигт хүргэсэн нэгэн үеийн тодорхой бүлэг уран бүтээлчдийг бид Хятадын кино урлагийн тав дахь үеийн найруулагчид гэдэг. Хятадын кино урлагийн түүхэн замналын энэхүү онцгой үеийг Жан Имоу, Чэнь Кайгэ, Тянь Жуанжуан, Ү Зиниү, Хуан Жяньшинь, Ху Мэй, Жоу Шиавэн зэрэг найруулагчдаар төлөөлүүлдэг.

Хятадын алдарт дэлгэцийн найруулагчид болох  Жан Имоу, Чэнь Кайгэ нар нь кино урлагийн тав дахь үеийн манлай болж гарч ирсэн чадварлаг уран бүтээлчид билээ. Хятадын кино урлагийг дэлхий дахинаа таниулахад уг 2 найруулагчийн бүтээл голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

Тавдугаар үеийнхэн 1980-аад оноос буюу тодорхойлбол Чэнь Кайгэгийн “Шар хөрст өндөрлөг” хэмээх кино хийгдсэнээс эхлэн хүчээ авч эхэлжээ. Энэхүү бүтээл нь зураглал, зохиол, найруулга зэргээрээ хятадын кино урлагт шинэ төрх авчирсан чанарлаг кино бүтээл болон үлдсэн юм. Уг эхэн үеийн тухай дурдахул бид энд Ү Зиниүгийн “Нэг ба найм” нэрт бүтээлийг дурдахгүй өнгөрч болохгүй.

“Шар хөрст өндөрлөг” киноны зураглаачаар ажилласан найруулагч Жан Имоугийн 1987 онд найруулсан “Улаан тутарга” хэмээх анхны бүрэн хэмжээний кино нь Берлиний кино наадмаас алтан баавгай шагнал хүртсэн байна. Мөн түүний 1990 онд хийсэн “Жү Доу” бүтээл нь Оскарын шагналд нэр дэвшиж, Хятадаас тус шагналд дэвшсэн анхны кино болсон байна.

Чэнь Кайгэгийн 1993 онд хийсэн “Амраг минь баяртай” нэрт кино мөн жилдээ Каннын кино наадмын дээд шагналыг хүртэж, тус шагналыг авсан Хятадын анхны кино болсон байна.

Хятадын тавдугаар үеийнхний уран бүтээлүүд реалист, энгийн өгүүлэмжтэй, 20-р зууны түүхэн үйл явдлаас хүүрнэдгээрээ онцлогтой. Гэвч Жан Имоугийн тулааны урлагийн кинонууд болох “Баатар”, “Нисдэг чинжаалын бүлгэм” зэрэг нь тухайн үедээ гадаадын кино театруудад гаргасан Хятадын кинонууд дотроос хамгийн их ашиг орлого олсон бүтээл болж байлаа.

Тавдугаар үеийнхэн дундаас хамгийн өвөрмөц арга барилтай найруулагч нь маргаангүй Тянь Жуанжуан байлаа. Түүний хэд хэдэн бүтээлийг Хятадын засгийн газраас хорьж байсан ч дэлхий даяар сүүлийн үед нэр хүнд нь өссөөр байгаа найруулагч юм.

Хятадын зургаадугаар үеийн төлөөлөгчид

Хятадад 1990-ээд оны дундуур газар авч эхэлсэн киноны хөдөлгөөнийг бид ерөнхийд нь Хятадын кино урлагийн зургадугаар үеийнхэн хэмээдэг. Энэхүү зургаадугаар үеийнхэн нь тавдугаар үеийнхний олон улсад алдаршсан нэр хүнд дээр дөрөөлөн олон улсын кино наадмууд дээр гарч танигдсан юм.

Гэвч зургадугаар үеийнхний кино хийх арга барил тавдугаар үеийнхнээс нилээдгүй өөр гэхэд хилсдэхгүй. Тавдугаар үеийнхэн нь түүхэн үйл явдлыг хөөсөн, уламжлалт хэлбэрийн үйл өрнөлтэй хирнээ социалист реализмыг үгүйсгэн бүтээгдсэн натуралист бүтээлүүд байдаг. Тавдугаар үеийнхний кинонууд дунд зураг авалтын хувьд сайтар бодож төлөвлөсөн, гайхалтай тавилттай кинонууд цөөнгүй. Харин зургадугаар үеийнхний арга барил нь камераа ихэвчлэн гар дээр барьсан, баримтат киноны хэв маягаар, өөрөөр хэлбэл Cinema vérité (үнэн кино урлаг) хэлбэрээр тодорхойлогддог. Мөн энэ үеийнхний арга барил Италийн неореалистуудтай илүү дөхөж очино.

Зургадугаар үеийнхэн киног маш түргэн хийдгээрээ ч ялгаатай. Киноны агуулгын хувьд үйл явдал орчин үеийн хотод болох өрнөл зонхилно. Бас тавдугаар үеийнхнээс ялгаатай нэг тал нь зургадугаар үеийнхэн амьдралыг анти-романтик (оргилуун бус) талаас үзүүлсэн, илүү хувь хүн рүү чиглэсэн, олноороо төвлөрсөн хотын амьдралдаа дулдуйдан төөрөлдсөн хүмүүсийг дүрслэх нь элбэг. Ерөнхийдөө зургадугаар үеийнхний кинонууд дээр Хятадын капиталист маягийн нийгэм рүү шилжсэн явдал нь Хятадад ямар сөрөг нөлөөг авчирч буйг дүрсэлсэн байдаг гэхэд хилсдэхгүй. Жишээ нь Ли Янь найруулагчийн Сохор уурхай (2003) нэрт кинон дээр Хятадын хөдөө тосгоны аюул ихтэй уурхайд алуурчин уурхайчин байдлыг улам дордуулж байгаа тухай гардаг бол түүний Сохор уул (2007) кинон дээр нь хууль бусаар эмэгтэйчүүдийг наймаалах явдлыг шүүмжилж хурцаар гаргаж тавьсан байдаг.

Зургадугаар үеийнхнээс хэд хэдэн олноо алдаршсан, чадалтай найруулагчид бий. Тэдний дотор Цзя Жанке, Ли Янь, Ван Шиаошуай, Жан Юан, Лоу Е нарыг дурдаж болно. Цзя Жанкегийн уран бүтээлүүд дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татсан бөгөөд "Тавцан", "Натюрморт" зэрэг бүтээл нь жинтэй шилдэг бүтээлүүдэд тооцогддог.

Зургадугаар үеийнхэн дотроо нэгэн жижиг хөдөлгөөн байдаг нь d-үеийнхэн ажээ. Энэ нь арга барил, киноны утга агуулгын хувьд зургадугаар үеийнхэнтэй адил боловч дижитал камераар (digital) илүү хямд төсөр, илүү амар кино хийдэг хэсэг бүлэг уран бүтээлчдийг хамруулсан хөдөлгөөн юм. d-үеийнхэний том төлөөлөгчид гэвэл Ин Лянь, Цянь Ы нар юм.

Тайваний кино урлаг

Тайваний кино урлаг нь 1900 оноос эхлэлтэй. Тайваний кино урлаг эхэн үедээ Японы нөлөөлөлд нилээн автсан төлөвтэй байв. Японы дуугүй киноны тайлбарлагчид болох бэншийн уламжлал бэнзи нэрээр Тайванд нэвтэрсэн байдаг. 1945 онд Тайвань болон харъяа арлууд нь Японы он удаан жилийн засаглалаас ангижирсан байна. Тайваний кино урлаг сэргэж үндсэрхэг үзэл санааг сурталчилсан кино ихээр хийгдэх болсон нь 1949 оноос эхтэй. Өдгөө Тайвань нь Бүгд Найрамдах Хятад улс нэртэйгээр Бүгд Найрамдах Хятад ард улсаас тусгаар тогтносон байдалтай оршиж байна.

Тайваний кино урлаг олон улсад шинэ давалгааны кинонуудаараа алдартай. 1982-1990 оныг Тайваний кино урлагийн эхний шинэ давалгааны үе гэдэг. 1982 оноос эхлэн Хонконгийн арилжааны, ихэвчлэн тулааны урлагт, адал явдалт кинонууд Тайваний зах зээлд нэвтрэх болсноор бүх зүйл эхэлжээ. Тухайн үеийн Тайваний залуу найруулагчид эдгээр Хонконг кинонуудтай өрсөлдөхөөр шийдсэн нь илт. Эдгээр залуу найруулагчдын дунд Эдвард Янг, Тао Де-чен, Ке И-жен, Жан И нар багтаж байлаа. Хонконгийн Кун-фу тулаант кинонуудаас ялгаатай нь шинэ давалгааны дийлэнх кинонууд Тайваний энгийн амьдралыг дүрсэлдгээрээ ялгаатай. Бусад уран бүтээлчдээсээ насаар ахмад Хоу Сяосяний “Гунигт хот”, “Хүүхэлдэй тоглуулагч”, мөн шинэ давалгааны гол манлайлагч Эдвард Янгийн “Тайбэйн түүх” (1987) “Күнзийн ээдрээ” (1994) зэрэг нь энэ давалгааны төлөөлөл болсон томоохон бүтээлүүд юм.

Хоу Сяосянаас ялгаатай нь Эдвард Янг арга барилын, хийц хэлбэрийн хувьд Европын артхаусын төлөөлөгчидтэй төстэй бөгөөд олон шүүмжлэгчид түүнийг Микеланжело Антонионитой жишдэг. Эдвард Янгийн 2000 онд хийсэн “Нэг, хоёр” хэмээх кино нь Азиас мэндэлсэн гайхамшигтай урлагийн бүтээл хэмээн олны шагшлыг төрүүлсээр өдгөөг хүрчээ.

1990 оноос эхлэн хүнд сэдэвтэй киноноос татгалзсан хэсэг найруулагчдийн бүтээлүүд Тайваний кино театруудын дэлгэцийг эзэгнэх болжээ. Тиймээс 1990 оноос одоог хүртэлх үеийг Тайваний кино урлагийн хоёрдугаар шинэ давалгаа гэдэг. Тайваний хоёрдугаар шинэ давалгааны хамгийн алдартай нь маргаангүй Ан Ли юм. Түүний "Гэтсэн бар, хүрхрэх луу" кино Азийг гэлтгүй дэлхий дахиныг шуугиулсан билээ. Тэрээр баруунд нилээн хэдэн кино хийсэн бөгөөд эдгээрээс Жэйн Остины сонгодог зохиол “Мэдрэмж ба мэдрэхүй”, Америкт бүтээсэн “Бөгтөр уул” хоёрыг дурдахад хангалттай биз ээ. Хоёрдугаар давалгааны дотроос нилээн бодролын шинж чанартай бүтээл туурвигч, цэвэр артхаус урьгалч найруулагч бол Цаи Мин-Лянь юм. Түүний "Гол", "Нүх", "Цаг хэд болж байна?" зэрэг кино нь арт кино сонирхогч хэн бүхний мэддэг, мэдэрдэг кинонууд билээ.

Хонконгийн кино урлаг

Хонконгийн кино үйлдвэрлэл үргэлжид Америк болон Энэтхэгийн дараагаар орох дэлхийн гуравдагч томоохон кино үйлдвэрлэлийн төв байсаар ирсэн юм. Хонконгийн киноны ихэнх нь кантон хэл дээрх тулааны урлагийг дүрсэлсэн инээдмийн болон адал явдалт кинонууд байдаг билээ. Брюс Ли, Жэки Чан, Жет Ли зэрэг Хонконгийн кино урлагаас төрсөн дэлхийд данстай олон одыг энд дурдаж болно. Гэвч жилд маш олон кино бүтээгддэгээс артхаусын түвшинд очих кинонууд харьцангуй цөөн тоотой хийгддэг юм.

Олонхид чиглэсэн ч шийдэл, хийц сайтай кинонуудыг хийдэг найруулагчид нэрээр Цуй Харк, Жон ВуЭндрю Ло нар тодрон гарах болжээ. Мөн цэвэр артхаус гэж хэлж болохуйц кинонуудыг бүтээгчид гэхүл Вон Кар-Вай, Стэнли Кван, Анн Хуй, Им Хо, Лоурэнс А Мон нарыг нэрлэж болно. Эдгээрээс хамгийн алдартай нь Вон Кар-Вай юм. Түүний “Чанкин экспресс” (1994), “Цаг хугацааны нурам” (1994), “Нүгэлт сахиусан тэнгэрүүд” (1997), “Хайрын сэтгэл” (2000) зэрэг кино нь ихэд алдартай.