Sedmikrásky (1966) 


АНХААР! ТУС НИЙТЛЭЛД КИНОНЫ ҮЙЛ ЯВДЛЫГ ЗАДЛАХ БОЛНО! (Spoiler Alert!)

Киног зах зухаас нь өнгөц харвал калейдескоп дурангаар үлгэрийн юм шиг хараа булаам ертөнцийг тольдож байгаа мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрүүлнэ. Нэг талаараа эксперименталь, бодит бус гэмээр, ретроспект мэдрэмжийг төрүүлж, гоо зүйн талаасаа үзэгч олныг соронз мэт татна. Киноны  зохиолд тогтсон хүүрнэлт өгүүлэмж байхгүй нь дээр, нэг хэв шинжит буюу натуралист хэв маягийн кино зохиолоос эрс ялгаатай.

Хүүхэлдэй мэт аашлах гол дүрийн Мари 1 (хүрэн үст), Мари 2 (шаргал үст) нар утга учиргүй цаг нөхцөөж, утга учиргүйгээсээ утга учиргүйг хайж, ийш тийш сэлгүүцнэ. Хүүхдэрхүү, гэм зэмгүй төрхөөрөө хөгшин эрчүүлийг хөнгөхөн аргадаа оруулан ханаж цадахаа мэдэхгүй идэж ууцгаана. Энд тэнд очиж эмх замбараагүй байдал үүсгэж, түүндээ эл цагаанаар баярлаж хөөрцөглөцгөөнө.

Тэд кинонд гарах эрчүүдийг үл тоомсорлодог. Эрвээхэйд дуртай нэг эр Марид уучлал эрэн хайраа илэрхийлдэг ч зүгээр л үгүйсгэж орхидог. Удалгүй гол дүрийн хоёр гадил, өргөст хэмх, зайдас тэргүүтнийг хайчаар тас хайчилж зугаацах нь феминист бэлгэдлийн хамгийн тод томруун жишээ ч гэж хэлж болмоор. Киноны бэлгэдлийн цаана эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг харуулсан ч байх талтай. Эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдэд хандах бэлгийн харилцааны хандлагыг ил, далд шүүмжилдэг тул феминист кино ч гэх нь бий.  Тухайн цаг үед кинонд нийтлэг үзэгдэх гэрийн эзэгтэй, нууц амраг, дурлалт бүсгүйн дүрүүдээс эл бүтээл эрс ялгарна. Кино шүүмжлэгчид  Хитиловаг феминист гэж тодотгож байсан ч Хитилева үгүйсгэдэг бөгөөд өөрийгөө ямар нэг идеалогид автахгүй зориг зүрхтэй гэсэн удаатай.

Үйл явдал яван явсаар учир утгагүй хедонизмын цаана өөрөө өөрийгөө үгүй хийх үйл явц руу бага багаар аваачна. Кинонд гарах эмх замбараагүй зүй бус үйлдэл, ханаж цадахаа байсан бялуурлыг мэдрэнэ. Киноны төгсөлд Мари I, II  юу ч үгүй хагалж бутаргасан шилэн хундага, тавгаа буцааж хэвэнд нь оруулах гэж хичээх авч хэзээ ч анх байсан шигээ болохгүй. Төд удалгүй, аварга том гэрлийн шилэн бүрхүүл өөрөө өөрсдийг нь үгүй хийнэ. Өөрөө өөрийгөө сүйтгэх тэнэглэл, хэлбэрээ олоогүй идеолги, өргөнөөр нь харвал хүмүүний хариуцлагагүй байдал хоол хүнсээр дамжин аманд нэвт амтагдтал сэрэмжлүүлэх гэлтэй.

Хэдийгээр “Хонин нүдэн цэцэгс” Чехийн шинэ давлагааны кино боловч "социалист реализм"-ын гоо зүй, уламжлалт хүүрнэлийг үгүйсгэж, нийтлэг чанараараа бусад киноноос ялгарч байв. Зарим Чехийн кино найруулагчид эл киног социализмын оршихуйг харуулсан гэж үзэж байсан бол зарим нь идеалоги гэж тодотгожээ. Ямар идеалогийг бид бүтээж түүндээ оршин өдөр тутмын амьдралдаа биелэл болгон амьдарч байгааг харуулсан гэх нь ч бий. Ердөөсөө ямар нийгмийн системд амьдарч байгаагаасаа хамаарч энэхүү киног шүүмжилж болохоор. Сталинист, Сексист, Феминист, Анархист магадгүй улс төрийн хувьд хоёрдмол шинж чанарыг агуулдаг, хайр дурлалын асуудал огт байхгүй гээд юу гэж ч тодорхойлж болмоор.

           
 

Вера Хитилова Прагийн Кино, Телевизийн урлагийн их сургуульд орох хүртлээ философи, архитектурийн чиглэлээр хэсэг суралцаж удалгүй фото зураг сонирхож, загвар өмсөгчөөр хүртэл ажиллаж байсан удаатай. Тэрээр кинондоо “синема верите” техник ашиглан хараа зүйн үзэгдэх орчинд хүмүүсийг илүүтэй автуулж, ажиглах, эргэцүүлэх боломжийг гоо үзэсгэлэн, хэлбэр дүрс, өнгө үзэмжээр үзэгчдэд гойд мэдрүүлдгээрээ бусад найруулагчдаас онцгойрно. Хонин нүдэн цэцэгсийг найруулахаасаа өмнө эмэгтэйчүүдийн амьдралын талаар өгүүлэх  “Онцгой” (1963) киногоо бүтээсэн. Удалгүй, тэрээр Чехийн шинэ давлагааны тунхаг болсон мэргэжил нэгт найруулагчидтай хамтран богино хэмжээний антолог кинон дээр ажиллажээ. Тэр үеийн кино найруулагчид хэдийн ажил амьдрал нь жигдэрч байхад Хитилова 28 насандаа дөнгөж эхэлж байлаа.

1968 онд Зөвлөлтийн танкууд цувран орж ирэн Прагийн хаврыг бут цохиж, хатуу дэглэм барьж байхтай зэрэгцэн Чехийн Милош Форман тэргүүтэй кино найруулагчид, сэхээтнүүд нутгаа орхин явж байлаа. Харин Хитилова нутагтаа үлдэж, нөхрийнхөө нэр дор телевизийн сурталчилгааны мэр сэр ажил хийж байв. Учир нь Чехийн засгийн газар түүнд кино бүтээл хийхийг нь хориглосон байв. 1970 оноос эхлэн үргэлжлүүлэн кино бүтээлээ туурвих болжээ.