2020 оны 5-р сарын 18-наас 6-р сарын 18 өдрийн хооронд Европын Кино Наадам зохион байгуулагдаж байна. Тус наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас санаачлан, хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд цахим хэлбэрээр явагдаж буйгаараа онцлог юм. 

 

Кино наадам нь кино урлагаар дамжуулан хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болох ардчилал, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдал, соёл, ондоошил, эв нэгдлийн тухай өгүүлэх болно. 

Европын кино наадам нь дэлхийн улс орнуудад олон арван жилийн туршид үргэлжлэн зохион байгуулагдаж буй нэр хүндтэй наадам юм. Энэ жил манай улсад “хил хязгааргүйгээр” зохион байгуулагдаж байгаа нь кинонд дурлагсадад таатай нөхцлийг бий болгож байна. 

Кино наадмын хүрээнд толилуулах бүтээлүүд нь Европын кино наадмуудаас тэргүүн шагналуудыг хүртэж кино шүүмжлэгчдийн өндөр шалгуурыг даван сонгогдсон юм. Франц, Герман, Чех, Словени, Швед, Хорват зэрэг Европын холбооны 15 орны 16 бүтээл монгол хэлнээ хөрвүүлэгдэн та бүхэнд хүрч байна. Кино наадмын үзэгч болохыг хүссэн хүн бүр бүтэн сарын хугацаанд www.festivalscope.com сайтад зочилон дуртай киногоо сонгон үзэх боломжтой. 

Кино наадам зохион байгуулагдах вэбсайт нь монгол хэлээр бүхий л мэдээллийг хүргэнэ. Түүнчлэн та бүхэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын албан ёсны фэйсбүүк хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг эх хэлээрээ хүлээн авах боломжтой.  

Та бүхнийг бүтэн сарын турш 16 өөр ертөнц, 16 өөр соёл, 16 уран бүтээлчидтэй учирч танин мэдэж, гоо зүйн хийгээд сэтгэлийн таашаал авна гэдэгт итгэж байна.  

Дашрамд дурдахад анх 2011 онд Европын кино наадам зохион байгуулагдсан бөгөөд Алтан хальс холбоо орчуулга, сабтайтл дээр ажиллахын сацуу таны яг одоо зочилж буй artfilm.mn цахим хуудасны нээлтийг хийж байсан түүхийг дурсахад таатай байна. Баруун талд харагдах кинонууд дээр дарж та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

Facebook: https://www.facebook.com/EUinMongolia/

Вэбсайт: https://www.festivalscope.com/all/festival/euffestival-mongolia/2020

Холбоо барих утас: 88008960(Монгол хэл)