Найруулагч Николетте Кребитц Берлин хотод төрж, өссөн бөгөөд Үндэсний Балетын сургуулийг дүүргэжээ. Дараа нь жүжигчний мэргэжил эзэмшиж, мэргэжлээрээ ажиллаж байгаад хожим кино найруулагч, кино зохиолчоор ажиллах болжээ. “Зэрлэг” хэмээх кино түүнийг гурав дахь бүрэн хэмжээний кино бөгөөд 2016 онд Их Британийн Кино урлагийн институтийн Лондонгийн кино наадмаар олны хүртээл болсон юм. 
Та киногоо өөрийн үгээр тайлбарлаж өгөөч.
“Зэрлэг” кинонд нэгэн залуу бүсгүй ажлаасаа харьж явах замдаа цэцэрлэгт хүрээлэнд чоно олж хардаг. Чонотой харц тулгармагц бүх юм орвонгоороо өөрчлөгдөхийг бүсгүй дотоод сэтгэлдээ мэдэрнэ. Үүнээс хойш бүсгүй өнөөх чоныг харуулдаж, ахиж таарахыг тэсгэлгүй хүлээж, тэр ч бүү хэл түүхий махаар өгөөш хүртэл тавина. Тэрээр мөрөөр нь ангуучилна. Мэдээж амийг нь тасалж хөнөөхийн тулд биш. Ашгүй уйгагүй хөөцөлдөсний эцэст өнөөх зэрлэг араатанг гэртээ авчирч дөнгөнө. Үүнээс хойш бүсгүйд тохиолдох үйл явдал, мөн үзэгчдэд үзүүлэх нөлөө нь мэдрэмжийг дээд зэргээр өдөөх болно. Кино цаашид хэрхэн өрнөх, киног хэрхэн ойлговол зохих гэх мэт зүйлийг илчилж бол яримааргүй байна. Та өөрөө үзээд, хүссэнээрээ л ойлгох нь дээр болов уу. 


Танд уг киноны санаа хэрхэн төрсөн бэ?
Би чоно зүүдэлсэн юм. Дээр нь намайг кино зохиолоо бичиж байх үед Германд бараг үзэгдэж харагдахаа болиод зуу гаруй жил болсны дараа чонын тоо толгой эргээд өсч эхэлсэн үе таарсан л даа. 
Үзэгчид кино театраас гарахдаа юу бодоосой, мэдрээсэй гэж хүсч байна вэ?
Зарим нэг зүйл арай тодорхой болох болов уу. Киног үзсэний дараа бусад хүнийг өөрөөр хардаг болж мэдэх юм. Ялангуяа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд жендэрийн, нийгмийн гэх мэт зааг хязгаарууд байдаг. Тэр нь харилцан ойлголцож, холбогдоход саад болдог. Гэтэл бид чинь бие биентэйгээ үнэн сэтгэлээсээ ойлголцмоор байдаг шүү дээ.

Киног бүтээхэд хамгийн хэцүү зүйл нь юу байв?
Кино зохиолд маань хүний доод ухаан, далд ухамсрыг хөндсөн асуудлууд гардаг болохоор продюсер олох хэцүү байсан. Кино зохиолын үйл явдлыг дүрсэнд буулгах боломжгүй, осолтой санагдсан байх л даа. Үнэндээ уг кино яг юуны тухай өгүүлж буйг ухамсарлах нь ярвигтай атлаа сонирхолтой байсан нь дамжиггүй. Тэгээд би продюсер Беттина Брокемпер, гол дүрийн жүжигчин Лилит Стангенберг хоёрыг олсон. Тэр хоёргүйгээр энэ кино бүтэх боломжгүй байсан.

Таны сонссон хамгийн сайн болон муу зөвлөгөө юу вэ?
Ер нь зөвлөгөө хүнд хэрэггүй дээ. Нөхцөл байдал болгон өвөрмөц ондоо. Хүнд ер нь зөвлөгөө хэрэггүй л гэж хэлмээр байна. Харин хайр, найз нөхөд, чамайг түшиж тулдаг хүмүүс хэрэгтэй. “Хэзээ ч бүү бууж өг” гэх мэтийн зөвлөгөө харин ч ангал руу түлхэж мэднэ.

Бусад эмэгтэй найруулагч нарт юу гэж зөвлөх вэ?
Итгэж найдаж явсан хүн чинь чамтай унтахыг хүсвэл, түүнийг үг дуугүй хөнөө. 

Та ямар эмэгтэй найруулагчийн кинонд дуртай вэ?
Би Миа Хансен-Лөве, Клер Дени, Жейн Кемпион, Линн Рэмси, Келли Райхардт, Ангела Шанелек нарт дуртай. 

Эх сурвалж: Women and Hollywood