M: MUBI

X: Хон Сан-су

M: Та нэг удаа үзэгчдийн алга ташилтаас киноны амжилтыг тодорхойлж болно гэж байсан санагдаж байна ...

Х: Тийм ээ, бид өчигдөр [Далайн Эрэг Дээрхи Ганцаар Шөнө] киногоо танилцуулахад үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авсан. Үнэн байж чадах эсэхийг нь мэдэхгүй ч надад тэгж санагддаг юм.

М: Энэ таны энэ жил хийсэн гурав дахь кино билүү?

X: Тийм байх.

М: Энэ кино нөгөө хоёртойгоо ямар холбоотой бол?

X: Хоорондын холбоосыг нь огт бодож байсангүй. Өмнө хэлж байсан байх, би хэзээ зураг авахаа, хаана авахаа мөн хэнийг тоглуулахаа л шийддэг. Тэгээд тэр өдрийнхөө өглөө нь [зохиолоо] бичдэг юм. Толгойнд орж ирсэнээ л буулгадаг төдий. Тухайн үеийнхээ сэтгэл санааны байдлыг биежүүлдэг юм уу даа…Тэгэхээр энэ гурван төсөл хоорондоо ямар холбоотой болохыг хэлж чадахгүй нь. Тайлбарлахад их хэцүү юм. Миний сэтгэл хөдлөл, мэдэрч байсан зүйлс кинонуудын минь тодорхойлолт...кинонууд минь миний мэдэрч бас бодож байсан зүйлсийн илэрхийлэл юм.

M: Далайн Эрэг Дээрх Ганцаар Шөнө их ууртай кино байсан. Хоёр гурван инээдтэй үзэгдэл байсан ч гэлээ ер нь их хүнд болсон байсан.

Х: Заримдаа тийм байхад зүгээр ээ. [Инээв]

M: Яаж яваад Хамбург хотод зураг авах болсон бэ?

X: Тэнд дүрс авах санаа тэнд сууж байхад төрсөн юм. Тэгээд нэг нэг зураглаач, дуу бичлэгийн хүн, туслах, тэгээд хоёр жүжигчин авч ирсэн. Бас миний Канад найз, Mark [Peranson], бусад зүйлс дээр их тусалсан. Би өөрөө очдог дэлгүүрүүд, кафе, номын дэлгүүрүүдээсээ зураг авахыг асуугаад зөвшөөрөл авсан юм. “Би кино хийдэг юм. Энд зураг авч болох уу?” гээд асуухад бусад газруудтай л адил тэгж их хориглоод байдаггүй. Солонгост зураг авч байсантай минь ер нь адилхан байсан. Хамбургт бол зам гудамж хааж саад болохгүй л бол гудамжинд зураг авахад зөвшөөрөл авах шаардлагагүй. Хугацааны хувьд ч мөн Солонгост авдаг шигээ адилхан цаг зарцуулсан. Хоёр гурван долоо хоног байсан бил үү дээ? Сайн санахгүй байна. Гэхдээ удаагүй.

M: Ким Мин-Хи зэрэг найруулагчдийн кино их том төсвөөр нүсэр бүтдэг. Харин таны хувьд Хамбургын гудамжинд энгийн хүмүүс дүрсэнд тань орсон байдалтай зураг авалт хийсэн байна.

Х: Энэ удаад ер нь цөөхөн хүнтэй багаар ажилласан. Солонгосд бол ерөнхийдөө наймаас есөн хүнтэй ажилладаг. Мөнгө хэмнэх шаардлагатай байсан тул гурван хүн л авчирсан юм.

M: Тэгэхээр киноны сүүлийн хагас дээр том баг ажиллажээ дээ?

X: Тэгсэн, есөн хүн ажилласан санагдаж байна. Ер нь иймэрхүү тооны хүмүүстэй л хамтран ажилладаг: найм, ес, заримдаа арав. Ихэвчлэн ес.

М: Том жижиг хэмжээтэй кино багууд ялгаатай санагддаг уу? Хир өөр байдаг вэ?

X: Олон ч бай, цөөхөн ч бай хүмүүстэй ажиллаж буй тохиолдолд ер нь ялгаагүй байдаг. Олон хүнтэй багийн хувьд…ер нь нэг их ялгаагүй юм байна. Арай их ажил хийх л хэрэгтэй болдог.

M: Энэхүү кино нь таны урьд урьдын бүтээлүүдийг бодвол илүү намтарчилсан шинжтэй болсон байсан. Гол дүрийн тал дээр та Ким Мин Хи-ээс (гол дүрийн жүжигчин) хир их зөвөлгөө авсан бэ? Дүрийн хөгжүүлэлтэнд болон бичих үйл явцад оролцсон уу?

Х: Үгүй. Бүгдийг нь би бичсэн. Би Ким Мин Хи-г бусдаас илүү сайн мэднэ. Өөрөөрөө байгаа нь л толгойнд их амархан буудаг. Тэр утгаараа ч их олон санаануудтай эхэлсэн. Түүний хийсэн эсвэл хэлсэн байж магадгүй зүйлсийн талаар их бодсон. Түүнийг харсан дээрээ тулгуурлаад шүү дээ. Тэр бүгд л нөлөөлсөн. Мэдээж түүний хэлж магадгүй байсан зүйлс болон миний бичсэн зүйлсийг хооронд нь харьцуулах аргагүй. Хүмүүсийн ярьсан зүйлсийг ч хэлэгдэж магадгүй байсан зүйлсээс ялгах боломжгүй. Түүнийг сайн мэдэх миний хувьд хамгийн их нөлөөлсөн зүйл нь түүний өөрийнхөөрөө байгаа байдал л байсан даа.

М: Одоо Зөв, Урьд Буруу? кинотой харьцуулбал та хоёрын харилцаа хир өөрчлөгдсөн бэ? Хир их зааварчилгаа өгдөг болсон бэ?

Х: Би ер нь их бага зааварчилгаа өгдөг. Өмнө хэлсэн байж магадгүй юм, гэхдээ би жүжигчидэд их олон зөвөлгөө өгөх дургүй. Хэрэв зохиолдоо зөв үгс сонгоод ойлгомжтой бичиж чадсан бол тэгж их тайлбарлаад бас заагаад байх шаардлагагүй санагддаг. Хэрэв зохиол нь ойлгомжтой бол жүжигчид уншаад, ойлгож улмаар тэдгээр үгсийг чин сэтгэлээсээ өгүүлдэг. Заримдаа цээжлэхэд ч амархан байдаг. Надад бол жүжигчинээ зөв сонгох нь л их чухал. Хүн гэдэг хүн бүрт өөр сэтгэгдэл үлдээх нь бий. Миний хувьд зөв сонгосон хүн минь тухайн цаг үед, тухайн үеийн сэтгэлд минь чухал хүн л төдий. Хэрэв би зөв хүнээ сонгож чадвал миний хийх ажил бол тэдэнтэй ярилцаад тохирсон зөв зохиолыг нь бичиж тэдэнд өгөх л явдал юм. Миний бичсэнийг хааяа нэг буруугаар ойлгох үед нь л өөрийгөө тайлбарлан засна. Эсвэл харилцан яриан дунд бичигдсэн хийсвэр санаануудыг мэдэхгүй бол би тайлбарлаж өгнө. Тийм үеүүдэд би урьд нь тайлбарладаг. Мөн надад их чухал зүйлс дээр өөрийгөө тайлбарлаж таардаг. “Мөр бүр нь чухал тул бүгд зөв байх хэрэгтэй” гэдэг. Гэхдээ их ховор тохиолддог. Заавар чигийн хувьд бол их олон биш. Миний хувьд харилцан яриа илүү чухал.

М: Та одоо ч зураг авалт болох өглөө зохиолоо бичдэг хэвээрээ юу?

Х: Ихэвчлэн тэгдэг. Сүүлийн үед их удаан бичдэг болж. Арван жилийн өмнө бол хоёр цаг л бичээд зургаа авдаг байж. Одоо бол дөрвөн цаг, заримдаа таван цаг зарцуулж байна. Өглөө 3 цагт сэрээд, 11 цаг хүртэл ер нь дуусахгүй. Багийнхан тэр үед хүлээж л байдаг. Намайг дуусахыг хүлээж хоёр гурван цаг болдог болсон. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч улам л уддаг болсон.

М: Та хир их төлөвлөгөөтэй зохиолоо эхлэдэг вэ? Эсвэл өглөө сэрээд бүгдийг нь эхнээс нь бичдэг үү?

Х: Бүгдийг нь өглөө хийдэг. Өмнөх өдөр нь бичсэн зүйлс байвал түүнээсээ үргэлжлүүлдэг. Зураг авалтын эхний өдөр л их хэцүү. Боломжтой сонголтуудын дарамтыг бүрэн утгаар нь мэдэрнэ. Их эрч хүч зарцуулж тэр хирээрээ их алдаа гаргаад хоёр дахь өдрөөсөө л цэгцэрдэг. Гурав дахь өдрөөс бүтэц нь ихэвчилэн тодорхой болсон байдаг учраас амархан болж эхэлдэг. Тэгээд урьд хийгдсэн сценүүдтэй холбогдох холбоосоос бусдаар санаа зовох зүйлс бараг үгүй болоод тухайн өдрийн асуултуудынхаа талаар л бодох үлддэг: “Би өнөөдөр юу хиймээр байна вэ?” “Өөрийн эрч хүчээ хэрхэн зарцуулах вэ?” “Өөрийн цагаа өгч буй жүжигчидээ хэрхэн ашиглах вэ?”. Эхний өдөр л хамгийн хэцүү. Хоёр цагийн турш нэг боломжит хувилбар бодоод түүнийхээ дагуу хэдэн хуудас бичээд дараа нь тэр бүхнээ орхиод өөр нэг хувилбарын талаар боддог. Эхний өдөр л үнэхээр хүнд. Дараа нь бол асуудал байхгүй. Анхандаа энэ киноны эхний хагасыг богино кино болгьё гэж бодож байсан юм. Гэхдээ хүмүүст үзүүлтэл их таалагдсан. Тэгэхээр нь үүнийгээ эхний хагас болгох эсвэл дахиад шинээр өөр зураг авалт эхнээс нь хийгээд түүгээрээ бүрэн хэмжээний кино хийх хоёр сонголттой юм байна гэж бодсон. Тэгээд хоёр дахь хагасын зураг авалтаас хэд хоногийн өмнө үзүүлсэн хүмүүс маань их таашаасан тул үргэлжлүүлсэн дээ.

М: Зураг авалтын тань хэдэн хувь нь дэлгэцэнд хүрдэг вэ?

Х: Би тэгж их хасаад байдаггүй. Магадгүй нийт зураг авалтын дүрсний 95 хувь нь эвлүүлгэнд ордог байх. 5-аас бага хувь нь л хасагддаг. Голчлон дүрсний хувьд асуудалгүй хэдий ч эвлүүлэх үеэр хэрэггүй санагдсан хэсгүүд л хасагдаж таардаг. Алгасчхаж болохоор хэсгүүд. Тэгвэл л хаяна. Эмэгтэй хүн бол Эр хүний Ирээдүй [2004] дээр л их хэмжээний дүрс хассан юм байна. Арван хэсэг хаяж байсан шиг санаж байна. Сайн санахгүй байгаа ч төгсгөлийг нь хасаж байсан. Шаардлагагүй дүрс байсан юм. Бусад бүрэн хэмжээний кинонуудын хувьд бага хувь нь хасагддаг.

М: Өглөө нь зохиолоо бичдэг нь киноны бүтэцтэй тань яаж холбогддог вэ? Ялангуяа энэ бүтээлээс өмнөх кинонуудад илэрхий байсан бүтцүүдийн хувьд...

Х: Эхний өдөр бүтэц болон бусад бүх зүйлс тодорхой болдог учраас тэр өдрөө л шийдэгддэг. Эхний өдөр шийдсэнийхээ дараа л зураг авч эхэлдэг. Хоёр дахь өдрөө эхний өдөр бичсэн зүйлдээ суурилан түүнийгээ зөв хэмээн итгээд үргэлжлүүлдэг. Хоёр дахь өдрийн дараа тэр санаанууд зөв байсан эсэх нь тодорхой болдог юм. Бодох нь ээ, гурав дахь өдрөөс бүтэц болон чиглэлийн хувьд бүх зүйлс толгойнд минь бүрэн бууж ер нь санаа зоволтгүй ажиллаж эхэлдэг. Гэхдээ энэ кинонд бүтэц нь илэрхий харагдсангүй юу?

М: Харин миний түрүүн хэлж байсан энэ киноны мөн чанарт буй гунигтай хийгээд ууртай шинж чанаруудтай холбоотой боловуу. Жишээлбэл Одоо Буруу, Урьд Зөв дээрх давхардуулалт зэрэг бүтцийн аргууд нь агуулгаас давсан нөлөөтэй байдаг байсан. Харин энд тэгсэнгүй.

Х: Тэдгээрийг би төлөвлөж бус тухайн үед зөв санагдсан учраас л сонгож байсан юм. Гэхдээ дэлгэрэнгүй тайлбарлая гэвэл, энэхүү киноны хувьд би гол дүрийн зан чанар болоод түүний шаналалд илүү төвлөрсөн учраас тэр байх. Надтай их төстэй дүр байсан юм. Бас би өөрөө ч бүтцэнд нь тэгж их анхаараагүй. Бүтцийн тухай огт бодоогүй. Бодох ч шаардлага байсангүй.

М: Үүнд л энэ киноны хүчтэй нөлөө оршиж буй гэж би бодож байна. Та их олон кино бүтээсэн тул үзэгч бид тодорхой элемент хүлээдэг болсон байна. Тэгээд тэдгээр нь байхгүй болмогц бидний өмнө хоцорсон мэдрэмжүүд дээр яалт ч үгүй төвлөрсөн бололтой. Бүтцийн хурц шийдвэр гэвэл эхний хэсгийн төгсгөл дэхь богтлол л байх.

Х: Энэ бодит бус элэментийн тухайд миний хэлж чадах ганц зүйл бол би өөрөө Luis Buñuel-д их дуртай юм. Ямартай ч түүний кинонуудыг үзэхээр сэтгэл их сэргэдэг. Бодит байдал гэж зүйл огт байхгүй шүү дээ. Бид нөхцөл байдлаас үүдэн юмсыг мэдэрдэг. Бид үнэхээр итгэдэг учраас бус, нэгэнт хэвшсэн учраас л бодит байдал гэх худал ойлголттой хамт ажиллаж амьдардаг. Эдгээрийг өдөр бүр хийсээр дассан тул бидний мэдрэмжүүд ч түүнийг дагаж хөдлөдөг. Зовлон жаргал гэх бидний мэдрэх бүхэн бидэнд бодит болж хувирдаг. Заримдаа яруу сайхан зүйлс үзэхээрээ харин энэ өдөр-бүрийн-тохиргооноосоо өөр өнцгөөр юмсыг хардаг. Урьд хараагүй зүйлсээ харж мэдэрнэ. Гэхдээ удалгүй тэр нь сарнин одоод эргэн хэвийн төлөвтөө ирдэг.

Бодит байдалд би хэзээ ч хүрч чадахгүй юм. Бид бүгд бусад хүмүүсийн нөлөөн дор амьдарч буй тул үүнд хүрч чадахгүй нь ч сайн хэрэг. Хэрэв би төөрсөн мэт санагдвал эсвэл зовж гунихарвал, үнэндээ энэ нь бодитой зүйл биш юм. Тэдгээрийг мэдэрдэг учраас бас бусад хүмүүс ч мөн мэдэрдэг гэдэгт итгэлтэй байдаг тул үүнд итгэхээс өөр аргагүй. Гэхдээ энэ нь бодит биш, дуураймал хуулбар л төдий. Жишээ нь нохой өнгө үздэггүй шүү дээ, тийм ээ? Тиймээс тэд бидний хардаг өнгө зүсийг хэзээ ч харж байгаагүй мөн харах ч үгүй. Бодит байдал гэж зүйл огт үгүй. Үүнийг үргэлж бодоод байхгүйн тулд л бид түргэн хурдан хөдлөнө. Их хурдан хариу үйлдэл үзүүлэх хэрэг үргэлж гарна. Заримдаа энэ бодит ертөнцийг би хэзээ ч мэдэж чадахгүй гэдэгийг өөртөө сануулах хэрэгтэй байдаг юм. Үүнийг мэдэж байх нь ч сайхан хэрэг. Юу ч хийж болно гэсэн үг шүү дээ. Тэр утгаараа богтлох мэтийн байж боломгүй үйл явдлуудад би их дуртай. Нийгмийн өмнө хүлээсэн бидний үүрэг нь хурдан байх юм. Хурдан хариулж, очих ёстой газраа очиж, хэлэх зүйлсээ хэлэх. Ёс зүйтэй амьдрах. Гэхдээ бодит байдлыг бид хэзээ ч үзэхгүй. Би жаахан ойлгомжгүй ярьж байвал өршөөгөөрэй. Их ядарсан байна.