Өдгөө Герман улсад нийт 4 сая орчим Турк гаралтай хүмүүс амьдарч буй. Бидний сайн мэдэх найруулагч Фатих Акины кинонуудаас бид тэдний амьдралын талаар цухас ч болов ойлголттой явдаг билээ.

Залуу найруулагч Мехмет Акиф Бүюүкаталайн энэхүү кино исламын шашинт залуучуудын дотоод гүн рүү өнгийх нэгэн цонх болж чадсан агаад юун түрүүн исламын итгэлийн талаар мэдлэг багатай хүмүүст үнэн зөв, шударгуу ойлголт өгч чадах бүтээл болсноороо онцлог. Киноны гол дүр Орай эхнэртэйгээ муудалцах үеэр талак хэмээх үгийг амнаасаа унагана. Исламын хуулиар энэ үгийг гурван удаа хэлбэл салалт гэж үздэг ажээ. Энэ мэтчилэн хүн бүхний мэдэхгүй нарийн дэг жаяг дунд хэрхэн амьдрал, сэтгэлээ удирдан залж буйг баримтат маягаар үзүүлжээ.

Найруулагч Мехмет Акиф нь1987 онд Бад Херсфелд хотноо төрж Хагенд өсчээ. Көльн хотын кино, телевизийн акамедид суралцсан тэрбээр энэхүү киногоор өөрийн дипломын ажлаа хамгаалсан бөгөөд Германы үндэсний тэтгэлэгтэй оюутан. 2008 онд өөрийн анхны богино хэмжээний киногоор Хагены гар утасны кино наадмаас шилдэг богино киноны шагнал хүртсэнээс хойш жил бүр ямарваа нэгэн шагнал, тэтгэлэг хүртэж тасралтгүй кино хийж явжээ. Өдгөө тэрбээр Көльн хотод ажиллаж амьдардаг. 

"Орай" одоогоор Берлины Олон Улсын кино наадмаас шилдэг бүрэн хэмжээний анхны бүтээл, Италид зохиогддог Европын кино наадмаас алтан чидуны шагналыг тус тус хүртээд байна. 

2019 оны Улаанбаатар Олон Улсын Кино фестивалиар 10-р сарын 19-нд 16 цагаас Тэнгис кино театрын дэлгэцнээ энэхүү киног үзэхийн сацуу найруулагчтай уулзах ховорхон боломжоо бүү алдаарай.