Өсвөр насны Филипп хүү гэрээсээ хэсэг хугацаанд яваад эргэн ирж буйгаар кино эхэлнэ. Яагаад, хэр удаан гэрээсээ хол байсныг хэлэх аргагүй ч өмссөн хувцас, гар хөлийнх нь байдлыг харваас ойд ч юм уу хоноглож байгаад ирсэн гэмээр. Гэвч киноны гол дүр Филипп биш, түүний ээж Астрид (гол дүр гэж нэрлэж болох бол тэр шүү дээ).

Ангела Шанелект Берлиний кино наадмаас шилдэг найруулагчийн “Мөнгөн баавгай” шагналыг авчирсан “Би гэртээ байсан, гэхдээ...”-ийн урт, хөшингө кадрууд өөр хоорондоо ямар ч уялдаагүй мэт санагдана.  Дарааллаар нь эвлүүлээгүй л болохоос үйл явдлын шугам нь угтаа энгийн. Хоёр жилийн өмнө нөхрөө алдсан эмэгтэй, аавыгаа алдсан хүүхдүүдийн тухай. Уг кинонд хүүхдүүдийн жүжгийн бэлтгэлээс үзэгчидтэй уулздаг Шекспирийн Гамлет шиг.

Театрын найруулагч асан нөхрөөсөө хагацаад хоёр жил болж байгаа Астридын сэтгэлийн тэнцвэрийг бүрмөсөн алдуулж, тэслэх зүйл нь хүүгийнх нь гэрээсээ явсан үйлдэл байв бололтой. Түүнд эвдрэлтэй дугуй зарсан Майснер хэмээх хачирхалтай эрээс өгсүүлээд хүүхдүүдээ хүртэл тааралдсан хүн бүр лүү Астрид “агсарна”.  Гэвч “тэр хүнийг илэрхий бөгөөд эгнэгт өөрчилсөн сөршгүй үнэн, өвчиндөө туйлдсан тэр хүний доторх их тэсрэлтийн дэргэд” аль нэг бүтээлийн илгээлт юу юм бэ гэж найруулагчтай хийсэн диалогийг нь үзээд бодсон. Тэр өөрийнхөө үнэнийг бусадтай хуваалцахыг хүснэ. Даанч чадахгүй. Киноны хамгийн өрнүүн хэсэг болох тэр диалогт Астридын хэлсэн үгийг энд дурдмаар. “Үг угаасаа хүнд өөр өөрөөр хүрдэг. Бид өөрсдийгөө ойлгуулж чадна гэж боддог нь гайхмаар шүү. Үгс урсаад л байна”  гэдэг. Үнэхээр бид өөрсдийгөө ойлгуулж чаддаг билүү?

Өчигдөр Улаанбаатарын олон улсын кино наадмаар уг бүтээлийг монголчуудад толилуулсан. Ямар нэг шийдэл хүлээсэн үзэгч бол магад танхимаас сэтгэл гонсгор гарсан байх. Эсвэл Шаналекийн хүйтэн тэсрэлтээс ямар нэг зүйл өөртөө нээсэн байж мэднэ. Ямартай ч үзэмж төгөлдөр энэ бүтээлээс юуг олж харах нь бидний л мэдэх хэрэг ажээ.