Өнгөрсөн хоёрдугаар сард Берлиналиар бараг хүнтэй зодолдох шахан байж арай гэж ГУРВАН тасалбар олоод #SystemCrasher-ийг үзэж байсансан. Тэр үед билет олдоогүй, үзэж чадаагүй гэсэн олон хүмүүс байж байж билээ. Ер нь Берлиналиар билет олж авахад их хэцүү, онлайнаар зарлагдав уу үгүй юу хүмүүс бөөн бөөнөөр нь авчихдаг.  “One ticket please” гээд биччихсэн хөгшчүүлтэй мэр сэр таарч л байв. Ийм ховор нандин, магадгүй зарим улсад гарч эхлээ ч үгүй байгаа кинонуудыг Улаанбаатар кино наадмын буянаар үзнэ гэдэг туйлын талархууштай бөгөөд аз завшаантай хэрэг юм.

Нэг тийм дүрсхийсэн ууртай хүүхдүүд байдаг даа… Манайхан “бронкотой” ч гэдэг юм уу янз янзаар хэлээд байдаг. Тэдний нэг есөн настай огцом ууртай Бенни охин Германы хүүхэд хамгааллын үйлчилгээний авч болох бүх асрамж үйлчилгээг авдаг. Заримдаа элдэв систем, тогтолцоо гэхээсээ илүү хүнд хүнээ гэсэн хайр халамж, тэр хүнийг ойлгох сэтгэл л хэрэгтэй байдаг. Ер нь бол систем, арга технологи гэж хэт бөмбөгдсөний оронд хүүхэд өөрийнхөө заавал авах хэрэгтэй тэрхүү “гэр бүлийн” зохих хайр энэрлийг нь авчихвал л болчих мэт.
 



Найруулагч Нора Фингшайдын анхны бүрэн хэмжээний уран сайхны болох тус кино нь 69 дэхь удаагийн Берлиний кино наадмаас Мөнгөн баавгайг Альфред Бауэрын нэрэмжит шагналаар хүртсэн бүтээл билээ. Альфред Бауэрын нэрэмжит шагналийг кино урлагт шинэ өнцөг, шинэ хандлагыг гаргаж ирсэн бүтээлд олгогддог шагнал юм. Нора Фингшайд нь өмнө таван бэсрэг уран сайхны кино, хоёр баримтат киног мэндлүүлснийхээ “Систем сүйтгэгч”-ээ төрүүлжээ. Түүнчлэн 92 дахь удаагийн Оскарын кино наадамд Герман улсаа төлөөлөн уг бүтээл нэр дэвших эрхийн төлөө өрсөлдөж байна.

"Систем сүйтгэгч" киног энэ сарын 15-нд Улаанбаатар кино наадмын хүрээнд Тэнгис кино театрт 17:00 цагаас хүлээн авч үзнэ үү.