10 жилийн тэртээ шилдэг борлуулалттай роман бичиж байсан зохиолч бүсгүй Сибил сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг ажлаа орхихоор шийдэж дахин бичих хүсэлдээ автана. Зохиол бүтээл бичих эрчим нь түүний өнгөрсөн харилцааг нь хором бүр сануулна. Найз залуу Габриел нь зохиол бичих гол урам зориг нь болж байсан ч Сибилийг хайрлахаас татгалзаж эцэггүй хүүхдийн тоог нэгээр нэмэн холдон явсан байдаг.
Өдгөө Сибил Этьентай сайхан амьдарч байгаа хэдий ч архины хамаарлаас бүрэн гараагүй хэвээр. Бичих дадлаа сэргээх гэсэн биш түүний өнгөрсөн амьдралын сэтгэлзүйн хямрал, эрээн бараан асуудлууд хаалга тосон угтан авна. Яг энэ үед нь хямралд орсон залуу жүжигчин бүсгүй Маргот Сибилээс сэтгэлзүйн тусламж гуйна. Маргот кино багт хамтран тоглож буй Игорийн хүүхдийг тээсэн ч нөгөөх нь кино зураг авалтын найруулагч Микатай харилцаа тогтоосон байдаг. Кино зураг авалт Италийн Стромболи арал дээр явагдах бөгөөд Ингмар Бергман, Роберто Росселлини хоёрт хүндэтгэл үзүүлсэн гэмээр.  
Маргогийн дүрийг бүтээсэн Адель Экзаркопулос (Аделийн амьдрал) киноны туршид мазохист, итгэмтгий, тогтворгүй дүрийг гаргах бол Тони Эрдманны дүрээр алдаршсан Сандра Хүллер Микагийн дүрээр эл бүтээлийн нил саарал дэвсгэр дээр хөнгөн хошигнол үзүүлж, алив зүйлст хэт нухацтай хандах нь киног улам жигтэй болгоно. Ер нь энэ кино бүхэлдээ л эмэгтэй хүмүүст учран байх сэтгэлийн хөндүүр, зовнил, шаналанг тойрог хэлбэрээр харуулчихна. Найруулагч Фройдын хайрын талаарх тодорхойлолтыг кинондоо шингээх гэж оролдсон гэлтэй. 
Францын кино зохиолч, найруулагч Жустийн Трие нь 1978 онд төрсөн, Парисын Дүрслэх Урлагийн Үндэсний Их Сургуулийг төгссөнийхөө дараа богино хэмжээний хэд хэдэн бүтээл дээр ажиллажээ. Удалгүй “Байрлал дээр” (2007) “Сольферино” (2008) кино зохиолоо бичиж найруулав. Түүний бүтээлүүд нь орчин цагийн эмэгтэй хүний амьдралын өвөрмөц шинж, ялгаатай байдал, эмэгтэй хүнд л тохиох ээдрээт асуудлыг тухайн нийгмийн байдал, сэтгэл зүйн хамааралд хөрвүүлэн тавьж гаргадгаараа онцлогтой.  Эмэгтэйчүүдийн ухаан, сэтгэлийн дотор луу дорвитой өнгийдөг гэмээр.


Трие “Үймээний Эрин” анхны бүтээлээрээ  2013 оны Каннын  наадмаас болон 2014 оны Цезарь кино наадмын шилдэг анхны бүтээл төрөлд түрүүлж, “Виктория” кино нь 2016 оны Каннын наадмын Шүүмжлэгчдийн долоо хоногийн үзвэрээр нээж байв. Харин түүний "Сибил" бүтээл 2019 оны Каннын кино наадмын уралдаант хэсэгт "Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн билээ.

Каннын наадмын үеэр highonfilms сайт дээр Жустийн Триетэй  хөөрөлдсөн богино хэмжээний ярилцлагыг хэсэгчлэн орчуулсныг хүргэж байна. 


“Сольферино” (2008), "Викториа (2016)”, "Cибил" (2019) зэрэг таны найруулсан кино бүтээлд хувь болон хувьсгалын амьдралаа тэнцвэржүүлэх гэж сэтгэл хөдлөл, зовнилтойгоо нүүр тулж, зовлон зүдгүүрээ даван туулж буй эмэгтэйчүүдийн тухай өгүүлдэг. Таны кинонууд өөрөө өөрийгөө илэрхийлэх хөрөг зураг шиг уу?
Би өөрийн дотоод эрчмээсээ санаагаа олдог, бас судалгаа хийнэ, магадгүй өөрөөсөө ч бас санаа авах зүйл бий л байх. Гэхдээ, үнэндээ би Сибил биш шүү дээ. Сибилийн зохиолыг хамтран бичсэн Артур Харари бид хоёр зохиолоо илүү гүнзгийрүүлж, дүрүүдээ хэт эвдсэн байж мэдэх ч надтай төсөөтэй зүйл байхгүй гэх сэтгэгдэл төрж байгаа. Зохиолоо бичиж эхэлж байх үед Вүди Аллены "Өөр эмэгтэй" кино санаанд минь бууж байсан.  Хачирхалтай нь, би тэр кинонд тийм ч дуртай биш, гэхдээ киноны гол хүүрнэл намайг эрхгүй татсан. Эмэгтэйн ямар нэг зүйл эрж байгаа, бүтээл бичих санаагаа баяжуулах процессоо олохын тулд өөр эмэгтэйгээс хайж тэр нь эргээд өөрийн амьдралыг нь орвонгоор эргүүлчихдэг тухай л даа. Анхдагч санаа нь магадгүй энэ ч байж мэднэ.


Тус бүтээлийн гол дүр ээж байх, бүтээлч байдлаа тэтгэх, хосын харилцааны төвөгтэй асуудал, хүсэл тачаалд автсан хайрын шарх, дундаж насны хямрал, хоёрдмол байдал гээд жинлүүрээр зүйрлэвэл нэг талын хүндийг дарсан трагеди давамгайлдаг. Энэ олон асуудлын яг аль нь таны бүтээлийн гол сэдэв нь юм бэ?
Бид өөрсдөдөө тулгарч буй дотоод асуудлаа хэрхэн шийдэж байгаагаас хамаарах байх. Тэдгээр л асуудлуудаа мартах гэж олон замаар тийчдэг шиг нэг л өдөр гэнэт өнөөх асуудал дахин гарч ирдэг. Энэ кино бол бидний ямар урьдач нөхцөлтэй байсан тэр тухай юм.  Би хаанаас ирсэн, би ер нь хэн юм бэ, би юу хийж гийгүүлэв, би өөрийгөө дахин өөрөөр бүтээж чадах уу? гэдгийг асууна. Сибил тэр чигтээ өөрийн өнгөрснөө Маргогийн тусламжтай задлан шинжилнэ. Сибил бичих хэмнэлдээ орсноор өөрийн асуудлаа нуун далдлах нэг шалтаг болно. Нөгөө талаас өөрийгөө дахин нээх боломжийг эрэлхийлнэ. Марготой уулзсаны дараа бичиж эхэлснээр ээдрээт асуудлууд, хямралын урьдач нөхцөл угтан авдаг.


Кинон доторх кино найруулагч жүжигчдээ яг л нэг загварт оруулах гэж тэнд үстэй толгойгоо зулгаадаг. Бүтээлч байна гэдэг үргэлж өлсгөлөн чоно шиг ангаж цангахыг хэлдэг үү? Кино яваандаа биднийг ёс суртахууны эсрэг зүг рүү авааччихдаг.  Сибил өвчтөнөө ирээдүйн зохиолдоо ашиглахын тулд ёс зүйн дүрмийг зөрчдөг шүү дээ.  
Зарим талаар тийм. Гэхдээ энэ бүгдийн цаана, кинон дээр, бүгд нэг нэгнийгээ манипулаци хийнэ. Сибилийн хувьд, зохиолоо урагшлуулахын тулд бүх дүрмийг зөрчдөг. Тэр зохиолдоо бүрэн төвлөрөхийн тулд бодит байдлыг үл тоомсорлодог. Зохиолоо бичиж эхэлсэн учраас тэр юу ч тохиолдсон үргэлжлүүлэхээс өөр арга үгүйд хүрнэ. Маргог тэтгээд зогсохгүй эргэн тойронд буй хүмүүс, өөрийгөө хүртэл энэ байдалдаа татан оруулдаг.


Сибилийн эхний хэсэгт хот суурин гардаг. Удалгүй Стромболи аралд үйл явдал өрнөдөг. Яагаад тус газрыг сонгосон бэ?
Стромболи арлын түүх нь киноны уур амьсгалд бүрэн шилждэг. Тэнд зураг авалт хийхэд сонирхолтой байсан, галт уулаар энэ киноны сэтгэл хөдлөл, сексийн зүйрлэлийг харуулах гэж хичээсэн. Тус газрыг  сонгосон гол санаа нь киноны яг л "бүүм" гэх тэсрэх гол зангилаа тэнд өрнөдөг учраас сонгосон. 

Киноны төгсгөл гайхалтай, тодорхойгүй хэрнээ нээлттэй, нэг талаас жаргалтай бас жаргалгүй...Сибил охин руугаа харангаа,  Трюффогийн "Чамайг харах нь баяр баяслыг бас зовлон гунигийг авчирдаг" гэдэг үгтэй бүрэн зохицдог сцен гардаг. Охиноо харах бүрийд Габриел санагдана. Энэ тухайд?
Тийм ээ, кино ариун сайхнаараа төгсөхгүй. Киноноос чөлөөлөлт, тайвшралыг мэдрэх ч шарх эдгэрэхгүй. Сибил охиндоо нулимсаа харуулахгүй, охин нь ч төөрөлдөнө, хаанаас төрснөө, жинхэнэ ээж нь үнэхээр хэн болохыг гайхдаг. Түүнийг хэн бэ гэдгийг  бид ч мэдэхгүй. Түүний амьдрал худал хуурмагт автсан байдаг. Харгис биш ч бодит байдалтай зохицож амьдралдаа багахан ч гэсэн хайраа жинхэнэ утгаар нь авч үлдэхийн  тулд, тэр худал хэлдэг.

 

2019 оны Каннын кино наадмын уралдаант хэсэгт "Алтан далдуу мод" шагналд нэр дэвшсэн, Жустин Триегийн Сибилл киног Улаанбаатар Олон улсын кино наадам 2019, 10-р сарын 17-нд таалан үзэх боломжтой.