Хятадын Сычуань мужийн бөглүү тосгонд уламжлалт дуурийн хэсэг дуучид хамтдаа тоглолт хийж, цугтаа амьдраад арван жилийг үдэж, нэгэн гэр бүл шиг аж төрнө. Устаж мартагдахын босгонд тулсан уламжлалт дуурийн урлагт зүрх сэтгэлээ өгсөн бүсгүй театрын үйл ажиллагааг ахална. Хөгшин хөвөө настай иргэд л мэр сэр ирж, дуурь үздэг тул жүжигчид арай чамай ахуйгаа болгох аж. Гэтэл нэг л өдөр хот төлөвлөлтийн газраас ойр орчмын барилгуудыг нурааж эхэлнэ. Хуучин муу театрынх нь ч ээлж ирж, барилгыг буулгах тухай сануулга бичиг ирнэ. Ингээд театраа аварч үлдэх хүндхэн үүрэг ахлагч бүсгүйд ноогдсоноор киноны үйл явдал өрнөнө. 

Экскаваторын аварга том шанага цагаан ханыг хайр найргүй ниргэх нь яг л хавь ойроо хаман залгих араатан мэт бөгөөд тун сонирхолтой символ болжээ. Театрыг ийнхүү нурааж байна хэмээн гол дүр хар дарах нь уламжлалт дуурь устах вий хэмээх дотоод түгшүүрийг илтгэнэ. Ингэхэд бид уламжлалаа умартан, шинэ юманд дасах хэрэгцээ хоолойд тулчхаад буй цаг дор яах сан билээ. Залуу үе сонирхохоо больсон урлагийн төрөл хэрхэх учиртай вэ? Шинэчилж байна гээд хуурмаг багаар сольчих уу? Ямартай ч дуурийн үнэ цэн ямархан болохыг кинонд үзүүлжээ. Хэдий цөөхөн ч гэсэн суух сандлаа үүрэн, дуурь үзэхээр ирэх хөгшчүүл, үзвэр дууссан ч аньсага нь чийгтэн, ганцаар сууж хоцрох өвгөн. Кинон дээр гарч буй үзэгчид лав жүжигчид биш дэг ээ. Үнэхээр л энэ хүмүүст ийм нандин сайхан санагддаг урлаг байх ёстой гэж бодогдов. Театрын хуучин барилгыг нураахтай зэрэг хамаг дурсамжийг нь арччих юм шиг. Барилгатай залгаа ургасан өнчин мод шиг гансарч үлдэх юм шиг. 

Ер нь сүүлд үзсэн хятад кинонууд сэтгэлд их хүрлээ. “Кайли блюз”-ийг санагдуулах ямар нэг тосгонд очоод, өнгөрсөн, одоо, ирээдүйтэйгээ сүлэлдмээр юм шиг. Манжуурт очиж нам гүм сууж буй зааныг олж үзмээр юм шиг. Эсвэл энэ Сычуаньд очтол өнгө өнгийн хувцастай хэрмэл жүжигчидтэй таарч, хятад дуурь сонсоод, хэлийг нь ойлгохгүй ч гуниг баярт автаж, холыг мөрөөдөж, өнгөрснөө эргэцүүлж суувал хэчнээн амттай вэ. Энэхүү киног үзээд ямар нэгэн зүйлд ингэтлээ дурлаж хайрлаад, түүнийхээ төлөө чадлаараа зүтгэх юм сан, ганцаардсан ч даваад гарах сан гэж бодогдов. 

Хятад гаралтай Канад найруулагч Жонни Магийн хамгийн анхны кино “Old Stone” нь 2016 онд Торонто олон улсын кино наадмын шилдэг Канад киноны шагналыг хүртжээ. Харин удаах бүтээл болох “Дуулах гэж амьдарна” (To Live to Sing) хэмээх эл кино 2019 Каннын кино наадмаар олны хүртээл болсон юм. Тэрээр найруулагч Жонни Ма уг бүтээлээ 2006 онд хийгдсэн баримтат киноноос санаа аван бүтээсэн бөгөөд гол дүрийн жүжигчид нь амьдрал дээр жинхэнэ дуурийн дуучид ажээ. 

 "Дуулах гэж амьдарна" киног Улаанбаатар олон улсын кино наадмаар (энэ сарын 19-нд) үзнэ үү.