Jeanne Dielman, 23 Commerce Quay, 1080 Brussels (1975)

Бельгийн буйдхан хотод өсвөр наны хүү Силваны хамт аж төрөх бэлэвсэн эмэгтэй Жанна Дьелманы гэрт гурав хоног үзэгчид зочлох нь ээ. Өрх толгойлсон Жанна ар гэр, амьдрал ахуйгаа хэрхэн авч явж буйг 3 цаг 21 минутын турш харуулах эл киног видео эссэ гэж хэлмээр. Кино урлагийн түүхэнд феминизмийн тодотголтой гэх кинонд зүй ёсоор тооцогдох энэхүү бүтээл зарим нэгэнд залхуутай ч санагдаж мэдэх юм.

Үйлдвэрийн шат дамжлагад дарагдан зогсоо зайгүй хөдлөх ажилчин шиг Жанна Дьелман нэгээс нөгөө рүү гэрийн ажлаа дэс дараатай, цэвэр цэмцгэр хийнэ.  Нэг хэмнэлд эргэлдэх түүний амьдрал “усанд биеэ үрэн угаах-хүлцэн тэвчих”, “хүүгийнхээ гутлыг тослох-нийгмийн ягшсан дүрэмд захирагдах”, “орой бүр тогтсон цагт хоол хийж , хүнсээ цуглуулах-хэзээ ч үл сэхэх эрх чөлөөгүй байдал”-д гинжлэгдэх маргааш үгүй өнөөдөр, өнөөдөр үгүй маргааш хөвөрнө.

Акерман шинэ давлагааны үеийн найруулагчдын нийтлэг ашиглах зураг авалтын техникээс илүүтэй урт үргэлжлэх кадр, тогтсон нэг чигт перпендикуляр удаан тавилттайгаар зураг авалтаа хийдэг байв. Тухайн объектыг хальсанд буулгах хугацаа стандарт хугацаанаас бараг 2 дахин их байхаар найруулагч уран бүтээлдээ тусгасан байдаг.  Тухайн үед Европын нийгэм, эдийн засаг улс төрийн амьдралд эд өрнөж байсан эмэгтэйчүүдийн хөдөлгөөнтэй зэрэгцэн Жанна Дьелман гарсан нь бүрэн тусгалаа олсон гэдгийг кино шүүмжлэгчид цохон тэмдэглэж байв.

Еврей гаралтай найруулагч Акерман анх  18 насандаа өөрийнхөө тухай өгүүлэх 12 минутын (Saute ma ville 1968)  богино хэмжээний кинонд өөрөө тоголж найруулав.  Богино кинондоо нийгмийн хүлээнд байх гэрийн эзэгтэй, эмэгтэй хүмүүсийг өдөр бүр давтан хийх ягшмал  үйлдлийг эсэргүүцэх өнгө аяс цухалзана. Багаасаа эмэгтэй хүмүүстэй ойр дотно амьдарсан Акерманы амьдрал хойшдын кино бүтээлүүдэд тусгалаа олсон байдаг. Анхны киногоо Бельгийн хөрөнгийн биржээс олсон мөнгөөрөө санхүүжүүлж байсан бол Жанна Дьелманыг бүтээхэд Бельгийн засгийн газраас грант авч санхүүжилтээ шийдэж байв.

Акерман кинондоо хүмүүсийн өдөр тутмын механик үйлдлүүдийг нэг нэгэнгүй харуулахаас гадна найруулагчийн өөрөө өөрийгөө задлан шинжлэх процесс бүтээлээс нь нэвт харагдана.  1960-аад оны сүүлээр Францад хэсэг амьдарч, еврей философич Эммануэл Ливанисийн лекцэд хамрагдаж, цаашлаад хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Францын нийгэмд хүч төрж байсан олон нийтийн интеллект Лакан, Делёз  нарын лекц, семинаруудад оролцож явжээ. 1970-аад оноос Нью-Йорк хотод хэсэг амьдарч эксперименталь кинонд туршлагажив.

АНУ-д байх хугацаандаа хэд хэдэн кино бүтээв. Түүний нэг нь 60 гаруй минут үргэлжлэх дуугүй баримтат кино Монтерей зочид буудал (Hotel Monterey 1973) байв. Төд удалгүй Европт буцан суурьшиж кино уран бүтээл дээр ажиллаж пост-модернизмийн үе дэх баруун болон зүүн европын ард иргэдийн тухай харуулах Аннагийн болзоо (Les Rendez-vous d'Anna 1978) хүүрнэлт драм, зөвлөлт системээс задран унасан зүүн европын улс орны хүн ардын тухай Зүүн Европ (D’est 1993) баримтат бүтээлээ туурвижээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Шанталь Акерман хэд хэдэн ярилцлагаас бүрдэх ээжийнхээ тухай өгүүлэх Эзгүй гэр дэх кино (No Home Movie 2015) баримтат бүтээлээ найруулсан байдаг. Түүний ээж Дэлхийн II дайны үед хорих лагериас амь гарсан Польш гаралтай еврей үндэстэн байв. Тэрээр сэтгэлзүйн гүн хямралаасаа гарч чадалгүй 65 насандаа амиа егүүтгэж насан эцэслэжээ.