“Парис дахь сүүлчийн танго”, “Сүүлчийн эзэн хаан”, “1900” кинонуудаараа суу алдраа тунхаглаж, Оскар тэргүүтэй олон том шагнал хүртсэн мөрөөдөгчийн эцэг Бернардо Бертолуччи хорт хавдартайгаа тэмцэлдсээр 77 насандаа таалал төгслөө.

Италийн нэрт найруулагч Бернардо Бертолуччи байгаагүйсэн бол “The Dreamers” кино, “Dreamers’ Day” өдөрлөг байхгүй, кино урлаг нэгэн сод хүн, агуу бүтээл, содон мэдрэмжээр дутах байлаа. Чухам Изабель, Тео, Мэтьюгээс урам сэдэл авсан бидний хэсэг нөхөд 2009 онд анх түүний бүтээлийн нөлөөнд автан дурлаж, “Dreamers’ Day” гэж үзвэрээ нэрлэн кино үзүүлсээр өдгөө 10 дахь жилтэйгээ золгож, уржигдархан Дардианы ахан дүүсийн “Розетта”-г үзүүлчихээд байхдаа энэхүү гунигт мэдээг сонсов.   

1960-д оны үед кино карьераа эхэлсэн Бертолуччи нь Феллини, Пасолини, Антонионигийн хамтаар Италийн шинэ давалгааны голлох нэгэн төлөөлөл байв. Аажмаар Холлиудтай хамтран кино хийж эхэлсэн ба 1987 бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан” кино нь “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч” зэрэг есөн Оскар хүртэж түүхэн амжилтыг олсон юм.

Бернардо нь 1941 онд Италийн Пармад яруу найрагч, багшийн хүү болон мэндэлсэн бөгөөд үүнийхээ үрээр утга зохиол, урлагийнхны хүрээнд өсчээ. Аав Аттилио нь зохиолч, яруу найрагч Пьер Паоло Пасолинигийн найз байсан ба 20 настай Бертолуччиг “Аккатоне” кинондоо туслах найруулагчаар авч ажиллуулан, улмаар зохиолыг нь бичиж өгсөн  “La commare secca” киногоо хийхэд тусалж кино урлагийн замд оруулжээ.

Залуу Бертолуччи өөрөө зохиол бичиж эхэлсний эхлэл нь Сержио Леоны домогт “Баруунд нэгэн удаа” киноны зохиол байлаа. Найруулагчийн карьерийн үсрэлтээ 1964 онд “Хувьсгалын өмнө” бүтээлээрээ хийж, өөрийн радикал зүүний үзлийг кинондоо тунхагласан. Түүний дараах “Конформист”(1970), “Мөрөөдөгчид”-с та түүний улс төрийн чиг хандлагыг мэдэж болно. Анх удаа Хятадын Хориотой хот дотор кино хийх зөвшөөрөл авч бүтээсэн “Сүүлчийн эзэн хаан”-аа Английн продюсер Жереми Томастай хамтран бүтээж, улмаар “Нөмөрлөх тэнгэр”, “Мөрөөдөгчид” кинонд хамтран ажилласан байдаг. Хамгийн сүүлд Бертолуччи 2012 онд “Чи бидэн хоёр” киногоо хийв. 1978 онд найруулагч, кино зохиолч Клэр Пеплоетой гэрлэсэн бөгөөд хэдий хүүхэдгүй ч өдийг хүртэл хамтдаа амьдаржээ.

Кино хорхойтнуудыг кинондоо дүрсэлж, бүр ч олон киночдыг төрүүлсэн Бернардо Бертолуччи абугай таалал төгссөнд мөрөөдөгчид бид гүнээ харамсаж байна.

Алтан хальс холбоо.