Одоо шөнийн хоёр цаг болж байна. Унтах гэж орондоо нэлээн хэвтээд нойр хүрэхгүй босоод ингээд сууж байна.

11 хавьцаа унтахаасаа өмнө ганц кино үзчихье гэж бодоод mubi.com-н кинонуудыг жаал харлаа. Ихэнх нь Франц, Швейцар энэ тэр гээд Европын кинонууд байх юм. Угаас сэтгэлгээ нь жаахан зөрүүтэй байдаг болохоор ч тэр юмуу бүрэн гүйцэт ойлгож үзэхэд тархинаас жаахан “хичээл зүтгэл” шаардаад байдаг юм. Ялангуяа арт кинонууд. Унтах гэж байхад ингэх хэрэг ер нь байна уу? "9 хуруу" гэж Локарногоос “Шилдэг найруулагч” авсан нэг кино байна. Бас нэг Хонгконг нэг кино байна. Баримтат кино юмуу даа. Арай ч урт юм уу? Юутай ч ингэж жаахан хулганаа дээш доош хэд гүйлгэснээ Пудовкиний киног байгааг олж хараад сониучирхан холбоосон дээр нь дараад орж үзвэл 25 минут гэнэ. За за ашгүй богинохон юм байна гэж бодоод үзлээ.

Пудовкин гэхээр кино сонирхогчид “Азийг нөмөрсөн шуурга”-аар нь мэдэх биз. 1925 онд Москва хотноо болсон Шатрын олон улсын аварга шалгаруулах тэмцээнээс бодит бичлэг ашиглаж хийсэн комеди. Өөрийн алдарт монтажийн онолыг энд ашигласан гэж байгаа. Юутай ч мань эр эхлээд баримтат кино хийнэ гэж сэтгэсэн ч санаснаар болсонгүй. Улмаар богино уран сайхны кино хийсэн нь энэ аж. Тэр үеийн их мастер Капабланкаг эндээс харж болох ба камера хараад тух алдсан нь харагдана.

Мууранд донтсон интернет эринийхний хайртай нялхас киноны эхэнд гарна. Эсвэл орос кино гэсэндээ тэгсэн үү? Гол дүрийн баатрын ханцуйнаас нь, пальтоноос нь, бүр гуталнаас гарах нь эгдүүтэй бас инээдтэй.

Үйл явдлыг ярихыг түр орхиод цааш явъя. Хүсвэл хажууд харагдаж байгаа кинон дээр нь дараад уншчихаж болно. Тэр үед одоогийнх шиг интернет, сошл медиа, эсвэл компьютер тоглоом, плэй стэйшн энэ тэр байгаагүй болохоор эрчүүдийн донтдог тэр зүйл шатар байсан байж болох юм. Мэдээж хэрэг хэтрүүлэгтэй кино л доо. Москва даяараа замын цагдаа, гудамжны цэвэрлэгч, аптекийн ажилтан, гурван дөрвөн настай хүүхдээс эхлээд бүгд шатардана. Ийм айхтар шатрын халуурлыг харуулсандаа ч тэр үү оросууд хэдэн үе дараалан шатрын ноён оргил байсан нь холбоотой ч байж болох юм :P Юутай ч бүхэл хот, эргэн тойрны бүх зүйлсийг шатранд умбуулж чадсан гайхалтай орчин бас продакшн дизайн. Өмссөн оймс, зүүсэн зангиа, ороолт, малгай, нусны алчуур гээд гол дүрийн залуугийн бүх юм шатрын хөлөг. Чухамдаа шатрын хараал гэж энэ байх даа.

Ямартаа ч шатарт донтсон залууг харахаар Дотад донтоод дэмийрч байгаа одоо үеийн залуус, эсвэл архины хамааралд орсон хэн нэгэн санагдсаныг нуух юун. За юутай ч олныг үл нуршин киног ютүбээс олсноо доор тавъя уу. Таалан болгооно уу.