Каурусмакийн фильмийн гол дүрүүд гол төлөв ганцаардсан, шударга бус явдлын золиос болсон үг дуу цөөтэй, ажилчин ангийн, азгүй хүмүүс байдаг. Дүрийн сэтгэл хөдлөл бага, илүү стойк шинж чанартай, прагматик, пессимист аястай байх бол киноны объект эсрэгээрээ оптимист, тод гэгээлэг өнгө ерөнхий дэвсгэр болж, винтаж интериор давамгайлна. Нийтэд нь дүгнэвэл хүнлэг дулаан чанар мэдрэгдэнэ.


Ерээд онд Хельсинк хот эдийн засгийн хямралд өртөснөөр ажилчин ангийн гэр бүлийн хоёр ажилгүй болно. Киноны ерөнхий дэвсгэр хар саарал, харилцан ярианаас илүүтэй дүрийн чимээгүй байдал, бодолхийлэл давамгайлна. Киноны гол дүрийн хоёр ёс суртахуунаа алдалгүй, бараан үеийг сэтгэлийн ямар нэг хөөрөлд авталгүй, нэг хэмнэлээр давах аж. Хүүгээ алдсан хос хаана ч явсан нохойгоо дагуулан (кино ший үзэхдээ хүртэл кассчинд даатган) явна.  

 

“Хөврөх үүлс” киногоор капитализм, социализмын хооронд хэлбэлзэх Финланд улсын эдийн засаг үсрэнгүй хөгжихийн хэрээр нөгөө талд эдийн засаг, нийгмийн хямрал ажилчин ангид хүндээр тусч буйг найруулагч бүтээлдээ тусгажээ. Киноны төгсгөлд рестораны нээлтийн өдөр хос хоёр гудамжинд нохойгоо тэврэн гарч, тэнгэрт хөврөх үүлсийг итгэл дүүрэн мишээн ширтэнэ. Найруулагч "Хөврөх үүлс"-ийг sisu (финланд үг) буюу “цөхөршгүй оролдлого” хэмээн тодорхойлсон нь финланд хүний онцлогийг илэрхийлэх аж.

Финландын найруулагч Аки Каурусмакийн “Финланд” трилогийн сүүлийн бүтээл “Бүрэнхийн гэрэл" (2006) киноны нээлтийн үеэр IndieWire сайт найруулагчтай хөөрөлдсөн богино яриаг орчуулан хүргэж байна. Трилогийн эхний бүтээл “Хөврөх үүлс” ажилгүйдлийн талаар өгүүлсэн бол хоёр дахь бүтээл “Өнгөрсөн үегүй эр” нь орон гэргүй, тэнүүлч амьдралын талаар харуулжээ. Каурусмаки дэлхийн кино урлагийн наадмуудаас олон шагнал түүж, “Өнгөрсөн үегүй эр” киногоороо 2002 онд Каннын наадмын гол шагналыг хүртсэн билээ.

Кино бүтээхэд юу тэгж их сонирхлыг тань татав, таны карьерт хэрхэн нөлөөлсөн бэ?

Би 1957 оны 4-р сарын 4-нд төрсөн. Анх 16-тайдаа Флаэртигийн “Умардын Нанүк”, Бунуэлийн “Алтан Эрин” киног үзсэнээс хойш кино гэдэг бол атга дүүрэн доллараас илүү үнэ цэнтэйг ойлгосон. Одоо харин тийм ч итгэлтэй байхаа больж дээ... Шунал дэлхий нийтийг залгиж байна. Одоо мөнгө хаана байна, бүгд л тийшээ зүтгэдэг болж. Би бодсон л доо, хэрэв бид телевиз, сонинд цэг тавьж, интернетийг мартаад кино сэтгүүл эрхэлж, 35 мм-ийн хальсаар кино бүтээл хийдэг болчихбол их том алхам болмоор санагдах юм.

Таны “Бүрэнхийн гэрэл” киног хийх санаа хэрхэн төрсөн бэ?

“Бүрэнхийн гэрэл” бол “Хөврөх үүлс”, “Өнгөрсөн үегүй эр” трилогийн төгсгөл бүтээл бөгөөд ультра-оптимизмын гэрч болсон бүтээл л дээ.

Та өөрийн кино бүтээх аргаасаа танилцуулаач?

Орчин үеийн Финландыг илэрхийлэх гол дүр хэн байх нь хамаагүй, нэг нэгнээ хэмлэсээр байгаа энэ цаг үед би "реалист" гэх тодотголтой кино хийх ёстой гэж худлаа хэлмээргүй байна. Тус бүтээлд итгэл өгөхүйц зүйлс мэдээж бий, гэхдээ ердөө сүүлийн 18 кадрт л үзэгдэнэ.

Киногоо хийхээс гадна санхүүжилтээ хэрхэн олдог вэ?

Киногоо өөрөө л найруулдгаас хойш кино төсвөө туйлын бага байхаар тооцдог тул санхүүжилт олох, киногоо продюсерлэхэд асуудал гарч байгаагүй. Кино зохиол бичих, эвлүүлэх ажлыг ганцаараа хийчихдэг учраас хэн нэгэнтэй хэлэлцээд байх шаардлага гарахгүй, нөгөөтэйгүүр ганцаардах, уйтай санагдах үе ч бий.

Та бүтээлээ туурвиж, кино найруулагч болсноос хойш “индепендэнт кино” хэрхэн өөрчлөгдсөн бэ, таны бодлоор?

Хэдэн шалтгаан дурдахын өмнө, би хийхийг хүсч буй киногоо тодорхой санхүүгийн хязгаарт багтаан хийдэг. Жишээлбэл, АНУ-ын индепендент киноны тухайд гэвэл тэд зөвхөн сонирхол татахуйц сайн, муу гэсэн зарчмаар киног бүтээдэг. Холливүүдийн кино үйлдвэрлэгчид 20 жилд арай чамай ганц сайн бүтээл гаргадаг байх. Тэрбум тэрбумаар нь хөрөнгө хаяж кино бүтээдэг нь өрөвдөлтэй. Орчин үеийн Холливүүд миний бодлоор, нар жаргатал амь тэмцэн үхлээ хүлээж буй хорт могой шиг санагддаг. Хуучны Холливүүдийн кинонуудыг бол хэлээгүй шүү.

Таны бүх цаг үеийн хамгийн дуртай фильм мөн сүүлийн үед таалагдсан ямар бүтээл байна?

Озугийн “Токиогийн тууж”, Брессоны “Мушетт”, Бунуэлийн “Алтан Эрин”, Беккерийн “Алтан дуулга”, Куросавагийн “Долоон Самурай”, Рауль Уолшийн “High Sierra”, Ховард Хоуксын “Зөвхөн сахиусан тэнгэрүүд л жигүүртэй”, Ф.В.Мурнаугийн “Нар мандахуй: Хоёр хүмүүний дуун”, Гриффитийн “Гандсан цэцэгс”, Витторио Де Сикагийн “Умберто Д”, Жан Вигогийн “Атлант хөлөг онгоц” гээд л явж өгнө дөө. Сүүлийн үед Жим Жармушийн бүтээлүүд, Дарденнын ах дүүсийн кинонууд таалагдсан.

Кино фильмээс гадуур та юу хийх дуртай вэ?

Киноноос гадна би донтсон хүн шиг л унших дуртай, бас загасчлах, мөөг түүж, мод хагалж, уух, хөлбөмбөг тоглох дуртай даа.

Залуу кино найруулагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

Кино зохиолдоо төвлөрч, илүү дутуу камерын арга техникийг март, зураг авалтаа эхлүүлсэн бол хянан засварлаад яв, тэгээд хэнд ч битгий итгэ. Кино урлаг камерны линз, жүжигчний нүдний хооронд байдгийг санахад илүүдэхгүй. Бусад нь тийм ч хамаатай биш.

Та өөрийн карьерээс хамгийн их бахархдаг зүйл чинь юу вэ?

Миний карьер тэр чигтээ л алдаа байсан, алдаж унаж байгаагүй бол ингээд явж байхгүй. Нээрээ би Курдистан дахь орон гэргүй хүүхдүүдэд автобус худалдаж авч өгсөн юм байна.