2008 онд Монголын говиор аялсан финланд аялагч Маррти Каартинен 100 жилийн тэртээд нутаг нэгт фин өвгөний мөрөөр мөшгөж, цаашлаад энэ тухай кино хийнэ гэж зүүдлээ ч үгүй явсан болов уу.

Хэл шинжлэлд Алтай язгуурын хэлний бүлгийг анх оруулж, Монголын тусгаар тогтнолд өөрийн хувь нэмрийг оруулсан энэ эрдэмтэн бол Густав Ион Рамстедт. Монгол оронд чин зүрхнээсээ хайртайн нэгэн илрэл нь хүүхдүүддээ өгсөн  Сэдхил, Элма Цэцэг, Майдар, Билгэ, Алдар, Эрдэм зэрэг монгол нэрс юм. [1]  

Дунд сургуулийн сурагч байхаасаа л өөрсдийнхөө гарал үүслийг сонирхон судалж, финчүүдийг монголоос гаралтай эсэхэд эргэлзэн, дорно зүгт шохоорхон байсан залуу эрдэмтэн 25 насандаа Черемис цаашлаад зүүн азийн судлагдаагүй шинэхэн хэлнүүдийг судлах ховорхон завшаантай таарсан юм.

“Рамстедтийн ертөнц“ киноны найруулагч Маррти Картинен 2008, 2011 онд монголоор аялсан тухайгаа нийтлэл болгон бичиж, улмаар ном бичин эхлүүлж байхдаа 100 жилийн өмнөх монголчуудын дунд Билигт багш хэмээн алдаршсан Густав Ион Рамстедтийн тухай олж мэджээ. Ингээд цэрэгт хамт алба хааж байсан найз Никлас Куллстрөмд нутгийн мэргэн гүүшийн тухай хэлж, 100 жилийн дараа Рамстедтийн явсан замаар явж хийсэн кино нь “CPH:Docs”, “Espoo Cine International Film Festival” зэрэг 10 гаруй кино наадамд шалгарч, Мексикийн Монтеррейн кино наадмаас Шилдэг баримтат киноны шагналыг одоогийн байдлаар хүртээд байна.

Эл бүтээл нь Рамстедтийн “Дорно этгээдэд долоон жил”,  “Японд элчингээр ажилласан минь” гэх номуудыг хүүрнэх байдлаар өгүүлэн орчин цагийн Монгол, Японыг харьцуулан дүрсжүүлсэн цаг хугацаа, орон зайн контраст.  Түүнчлэн Хятад, Солонгосын замаар мөн бадарчилж, чимэг хачир нэмжээ. Ингэж үзүүлэхдээ зөвхөн Рамстедтийн өөрөө өгүүлж буй мэт гарахаас гадна одоо цагт тэр газар оршин сууж байгаа хүмүүсээр өөрсдийнх нь амьдрал, үзэл санааг яриулж, мөн Рамстедтийн тухай ярьж буйгаар гарна.

Гэр хороолол, орхигдсон байшин хороолол, цэлгэр уудам тал, Дарханы замд байх нэр нь үл мэдэгдэх уурхайг дээрээс нь харуулсан дрон дүрснүүд нь ДЖ Расмусын электроник амбиент хөгжимтэй сүлэлдсэн нь сүртэй бөгөөд сюрреал. Ухагдсан газрын хэвлий нь Рах мангас тэрүүхэн тэр хэсэг газрыг залгисан мэт. Талд ууж суусан хоёр малчин эрийн Таван эрдэнэ дууг электроник хөгжимтэй хольж Минтэд бүжиж буй хотын залуусыг давхцуулан хот хөдөөгийн өөр өөр байдлыг харуулна.  

Япон орон - өндөр барилга, үсрэнгүй хөгжил, ажил ажил ажил бас дахин ажил, ганцаардал, дарамт, манга соёл, тэр үймээнээс холдох түр зуурын тайвшрал, түм түжигнэсэн завгүй амьдрал. Билигт багш тэнд эрдэмтэн судлаач гэхээсээ илүүтэйгээр дипломат, улс төрийн зүтгэлтнээр амьдралынхаа арван жилийг үдэв. Гэлээ ч дотроо эрдмийн ажил, эх нутаг, үр хүүхэд, монгол орныг санан бэдэрснийг завгүй Японы эдгээр дүрсээр илэрхийлсэн ч байж болох юм.

Юутай ч та өнгөрсөн үед буцан очиж, түүхийн жимээр аялж, өөр өнцгөөр Монгол улсаа харахыг хүсвэл Рамстедтийн ертөнцийг тольдоорой.

 

[1] М. Саруул-Эрдэнэ - Үхэл амьдрал, өмч хөрөнгийн талаарх монгол сэтгэлгээ - http://www.baabar.mn/article/7573