Та Алтан хальс индепендент кино наадамд оролцож байсан туршлагаасаа хуваалцаач.

2013 оноос хойш, анх Монголын андерграунд кино уралдаан нэртэй байхад нь юмнуудаа өгч эхэлсэн. Бүр өмнө нь хийж байсан богино видео, анимэшн гэх мэт янз бүрийн креатив (бүтээлч) туршилтууд байсан. 2013 онд анх тус кино наадам зохион байгуулагдаж эхлэхэд нь хийсэн юмаа ч үзүүлье, дээрээс нь наадмын урын санг нэг ч гэсэн юмаар нэмье гэсэн үүднээс хийсэн киногоо өгч байлаа. Тэгээд сүүлд Алтан хальс олон улсын андерграунд кино наадам болсноос хойш хоёр удаа бүтээлээ явуулсан. Өмнө нь дандаа эксперименталь чиглэлийн юм өгч байсан бол өнгөрсөн жилийн кино наадамд уран сайхны хэлбэрээр хийгдсэн богино хэмжээний киногоо өгөөд "Шилдэг хүүрнэлт кино" төрөлд шагнал авсан. Ерөөсөө шагнал авна гэж бодоогүй байсан.  

Гайхамшигт нислэг” гэдэг нэртэй кино байсан. Уг кино хэрхэн бүтсэн бэ? Киногоороо юу өгүүлэхийг зорив? 

Санаа нь бол олон жилийн өмнө байсан. Гэхдээ яг кино болгоё гэж бодоогүй байсан. Надад Ян Алардайс гэдэг англи найз бий. Бид хоёр олон жилийн өмнөөс хамтарч юм хийж эхэлсэн. Арваад жилийн өмнө би тэр найздаа 1996 онд Америкийн цэргийн онгоцонд сууж нисээд амиа алдсан хүүхдүүдийн тухай ийм нэг түүх байдаг талаар хэлж байсан л даа. Тэр хүүхдүүд одоо амьд байсан бол бидэнтэй яг нас чацуу хоёр залуу байх байсан. Энэ түүхийг сонсоод манай найз энэ талаар кино хийвэл зүгээр юм байна гэсэн. Энэ талаар бид хоёр бодож байсан ч хийлгүй олон жил болсон. Харин 2015 онд бид хоёр ойрд юм хийсэнгүй, хийе гэж зориглоод юу хийх талаар бодож байтал нөгөө санаа гэнэт орж ирсэн. Тэгээд шийдээд хоёр сарын дотор л уг богино киногоо хийсэн. Эхний сардаа гялс зохиолыг нь бичиж, бэлтгэлээ базаагаад зургаа авсан. Дараагийн сард нь монтажлаад, ингэж л кино бүтсэн дээ. Гэхдээ киноны зохиолоо бичихдээ бид хоёр бас судалгаа хийсэн. Тэр үед яг юу болсон талаар сураглаад явтал яг таг мэддэг хүн байдаггүй юм билээ. Тэгэхээр нь Төв номын сангийн архив орж, тухайн үеийн өдөр тутмын сонингоос ч шүүж үзсэн. Тэгээд нэгэнт нүдээр үзсэн хүн байхгүй, тэр хүүхдүүд ямар зорилготой яах гэж явсныг хэн ч мэдэхгүй байсан болохоор шинэ түүх зохиоё гэж бодсон. Ингээд л кино бүтсэн дээ.

“Гайхамшигт нислэг” таны хийсэн анхны хүүрнэлт кино байсан уу?

Үгүй. Гурав дахь нь байсан. Өмнө нь бүр 2004 онд нэг бүрэн хэмжээний кино хийсэн ч бүтэлтэй болоогүй (инээв).  Зохиол нь сайн байсан боловч гүйцэтгэл нь тааруу болсон. Яагаад гэвэл би өөрөө мэргэжлийн хүн биш байсан тул мэдлэг, чадвар дутсан. Тэрнээс хойш 2013 онд ахиж нэг богино хэмжээний кино хийсэн. Тэр маань дажгүй болж, нэлээд хэдэн кино наадамд оролцсон. Энэ хоёрын дараах нь энэ “Гайхамшигт нислэг” юм.

Цаашид ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна?

Одоо бол киногоо тасралтгүй хийгээд явна. Өнгөрсөн арван жилийг кино хийж сурахыг маш их хичээж өнгөрөөлөө. Одоо яг хийж бүтээх нас маань ч болж байх шиг байна. Ерөнхийдөө хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг ид хийгээд л эхэлж байна. Өнгөрсөн 2017 оны Наймдугаар сард нөгөө англи найзтайгаа хамт уран сайхны киноны зураг авлаа. Нэг гоё юм нь гэвэл энэ “Гайхамшигт нислэг” кино маань их үр өгөөжтэй, 2016 онд Английн “The Smalls” гээд олон улсын кино наадамд “Шилдэг драм” төрөлд шагнал хүртээд АНУ-ын алдарт “Panavision” компаниас дараагийн уран бүтээлдээ хэрэглэх камер, тоног төхөөрөмжийг үнэгүй түрээслэх шагнал авсан. Тэр шагналаа ашиглаад бид өнгөрсөн Наймдугаар сард “Улаанбаатар” нэртэй уран сайхны киноны зургаа авсан. Одоо монтажлаад, боловсруулалтын ажил нь явагдаж байна. Ер нь энэ зунаас бэлэн болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Кино хийх хүсэл сонирхолтой залуус заавал мэргэжлийн сургалтанд хамрагдах хэрэгтэй юу, аль эсвэл өөрөө хийж үзээд, уралдаан тэмцээнд өөрийгөө сорих нь дээр үү?    

Ер нь бол хоёр арга зам байна. Нэг нь бол анхнаасаа зориод, сургуульд нь сураад явж болж байна. Нөгөө тал нь гэвэл яг над шиг ч гэх юм уу даа, арай өөр мэргэжлээр өөр сургуульд сурдаг байснаа орхиод кино урлаг руу орлоо гэхэд ахиад сурах, сургуульд сурах нас нь өнгөрсөн бол энд тэнд ажиллах, кино бүлэгт орох гэх мэтчилэн туршлагаар сурах арга байдаг. Гэхдээ дөнгөж арван жилээ төгсөөд, яг шийдчихсэн байгаа залуус бол анхнаасаа сургуульдаа сурсан нь дээр гэж бодож байна даа. Харин над шиг өөр замаар явж байгаад орж ирж байгаа бол аль болох олон хүмүүстэй ажиллах хэрэгтэй, гадны сайн уран бүтээлчдийн киног үзэж, номыг уншиж судлах зэргээр их цаг зав зарцуулж байж сайн мэдлэг чадвар олж авна. Миний хувьд би асар их цаг хугацаа алдсан. Хэрэв сургуульд нь сурсан бол арай хурдан байх байсан ч байж магадгүй. Эсхүл энэ туулсан зам маань ч оносон юм билүү. Сайн хэлж мэдэхгүй байна. Тухайн хүний өөрийнх нь тавилан гэх үү сонголт гэх үү.   

 

Олон улсын кино уран бүтээлчидтэй өөрийн бүтээлээр өрсөлдөх хүсэлтэй залуус 2018 оны Алтан хальс индепендент кино наадамд 5-р сарын 1-нийг хүртэл бүтээлээ ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй: https://www.altankhalis.com/submission