"Намайг нэрээрээ дуудаач" кинонд хоёр тэс өөр зан чанартай залуусын хэрхэн бие биендээ татагдаж буй талаар өгүүлнэ. Номон дээрээ энэ үйл явдал 1983 онд Италийн хаа нэгтээ гэж дүрслэгддэг. Харин киноны зураг авалтыг Лука Гуаданьино-ийн амьдардаг Италийн Ломбарди мужид орших хот Крема-д хийжээ.

Киног гол дүр 17 настай Элио Перлманы өнцгөөс харуулдаг. Элиогийн аав нь Археологийн профессор бөгөөд Италид зуны байшиндаа байрлах хугацаандаа ажилдаа туслуулахаар докторын зэргээ хамгаалахаар сурч буй оюутан хөлсөлдөг. Ингэснээр Оливер ирж тэдний гэр бүлтэй хамт 6 долоо хоногийг хамт өнгөрүүлэхээр болдог. Перлманыхан гэртээ зочид хүлээн авах дуртай, найрсаг сэхээтэн гэр бүл. Англи, Франц, Итали хэл холин ярих нь сонсогдоно.

Элио бол өөрийгөө танин мэдэх насан дээрээ явж буй хөгжимд сонирхолтой, ном унших дуртай дотогшоогоо боловч хэрсүү хүү. Оливер 24 настай, царайлаг, өөртөө итгэлтэй, өөрийгөө хэн болохыг маш сайн мэддэг, хэнэггүй нэгэн. Элио Оливер хоёр хамт дугуй унаж, гадуур алхаж, усанд сэлж, ойр зуурын яриа өрнүүлж хамт цаг өнгөрөөх ч Элио эхэндээ Оливертэй нийцэхгүй бас түүнийг хэт биеэ тоосон гэж үздэг. Оливер харин Элиогийн эцэг, эх, эргэн тойрныхоо хүмүүстэй төвөггүйхэн дотносож, хүн бүр түүнтэй хамт цагийг өнгөрөөх дуртай болдог.   

“Намайг нэрээрээ дуудаач” кино зохиол, зураглал, орчин бүрдүүлэлт, жүжигчдийн сонголт гээд бүх талаараа сайтар уялдсанаар өөр өнгө, уур амьсгалыг бүрдүүлж чадсан болов уу. Анх Жеймс Айвори, Лука Гуаданьино нар хамтран киног найруулахаар яригдаж байсан ч хөрөнгө оруулагчид кинонд 2 өөр найруулагчийн 2 өөр зан чанар, дуу хоолой илэрч болзошгүй гэх зэрэг шалтгаанаас болоод Лука Гуаданьино бие даан маш богино хугацаанд, хязгаарлагдмал төсвөөр найруулжээ. 

Гуаданьино жүжигчдийн сонголт дээр: Арми Хаммерийг хэн ч харсан номон дээр нь дүрсэлсэн la muvi star шиг харагддаг ч түүнд бас өөртөө итгэлгүй, эргэлзээтэй байдал ажиглагддаг бөгөөд түүний дур булаам байдлын цаана илүү гүн, гүнзгий илэрхийлэмж нуугдаж байгаа юм шиг санагдсан. Харин Тимотетэй 17 настай байхад нь анх уулзахад яг л Элиогийн дүр зурагтай ижил санагдсан. Тимотее юу хийж байгаагаа сайн мэддэг, амбицтай залуу ч бас их гэнэн. Энэ хоёр зан чанарын хослол нь Элиогийн дүрд төгс тохирно гэж шийдсэн.

Арми Хаммер, Тимоте Шаламе нар кино зураг авалт эхлэхээс хэдэн долоо хоногийн өмнө Крема-д ирж бие биетэйгээ танилцаж, хамтдаа цагийг өнгөрөөжээ. Магадгүй ингэсэн нь ч тэдний дэлгэцэн дээрхи жинхэнэ мэт харилцааг бий болгоход нөлөөлсөн байх. Мөн Гуаданьино жүжигчдээ хүчилж биш, тэдэнд дүрээ сайтар ойлгож, мэдэрч, өөрсдийнхөөрөө илэрхийлэх боломж олгосон гэжээ. Киног чимсэн бас нэг жүжиглэлт бол Элиогийн аавын дүрд тоглодог Майкл Cтүлбарг юм. Киноны төгсгөлд аав нь Элиотой ярилцдаг хэсэг үнэхээр сэтгэл хөдөлгөсөн хэсэг байсан бөгөөд орчин цагийн үлгэр жишээ аавын дүрийг сайн гаргаж чадсан.

Гуаданьино жижиг деталиудад анхаарлаа хандуулах дуртай бөгөөд түүнд зарим том хэсгүүдээс илүү ямар ч ач холбогдолгүй жижиг деталиуд таалагдах нь нийтлэг гэжээ.

Киноны зураглал ерөнхийдөө шаргал, ногоовтор, бүдэг цэнхэр өнгөтэй харагддаг нь дурсамжаа эргэн санаж буй мэдрэмж төрүүлнэ. Харин төгсгөл хэсэгт саарал, бараавтар өнгөтэй болдог.

Мөн кинонд сонгодог хөгжим, 80-д оны хит гээд хуучин, шинэ дууны хослол өргөнөөр ашиглагдсан. Америкийн дуу зохиогч Сүфьян Стивенс кинонд зориулж 2 дуу бичсэн нь кинондоо үнэхээр зохицсон дуу болж чадсан.

Заримдаа бид хувь хүн гэсэн үзэлдээ хэт баригдаж, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхгүй, өөрийгөө өөрийнхөө тогтоосон хил хязгаарт хорьдог. Хүн болж оршин тогтнох нь өөрийгөө танин мэдэх мөн бусдыг танин мэдэхийн тулд тэмүүлэх болов уу. Хүн бүрд бусдаар ойлгогдох хүсэл, хэрэгцээ байдаг. “Намайг нэрээрээ дуудаач” кино утас, компьютер ширтсэн утгагүй амьдралын хэв маяг, амьгүй харилцаанаасаа түр ч болов салаад ном уншиж, гадуур алхмаар нарийн мэдрэмж өдөөсөн, бодлогошируулсан кино байлаа.