...Ийм л өдөр тамхинд орж

Ийм л өдөр дурлаж орхисон юм.

Талх давс гэртээ аваачихаа ч бас

Ийм л өдрүүдэд мартдагсан...

Орхаан Вели Каник  /Туркийн яруу найргийн дээжис номоос. Орчуулагч Д.Мөнхтөр/

 

1980 оны туркын төрийн эргэлтийн дараа ямар нэгэн шүүхийн шийдвэргүйгээр хорих ял авсан 500 мянган улс төрийн хоригдлын дотор Испартагаас ирсэн 17 настай тариачны хүү Зеки Демиркубуз багтаж байв. Дунд сургуулиа дөнгөж дүүргээд Стамбулд ахлах сургуульд орохоор ирсэн жаалхүү эхний улирлынхаа дараа л сургуулиа хаяж үйлдвэрт ажиллах болжээ. Энэ үедээ тэрээр зүүний үзэлт ажилчидтай танилцаж, улмаар маоист бүлгэмд нэгдэн орсон гэдэг. Энэ нь түүнийг шорон руу илгээхэд хангалттай шалтгаан байв. Гэвч булингарт усан дотроос тунгалаг үзэсгэлэнгийн билэгдэл бадамлянхуа дэлгэрдгийн үлгэрээр бяцхан хүүгийн амьдралыг шорон өөрчилсөн юм. Зеки “Шоронд ороогүй бол би найруулагч болохгүй байсан” хожмоо дурссан байдаг. 

Хаа газар төр эргэхэд сэхээтнүүд хамгийн түрүүнд хохирдог жишиг Туркт ч давтагдсан бөгөөд Зекигийн хоригдож асан Метрисийн шоронгийн хоригдлуудын дийлэнхийг яруу найрагч, зохиолч, хөгжимчид, философичид эзэлж байсан гэдэг. Ийм ялтнуудтай хоригдсон нь жаалхүүг хувь хүнийхээ хувьд боловсроход гүн түлхэц болсон бөгөөд тэр энд л улс төрийн сурах бичгүүдээс уран зохиол илүү сонирхолтой болохыг олж нээжээ. Түүний уншсан анхны ном нь Достоевскийн “Гэм зэм” байв. Үүнээс хойш тэр орос мастерын уран бүтээлд донтсон бөгөөд нэгэн ярилцлагадаа “Надад түүнийг ойлгохын тулд 10 жил шаардагдсан” хэмээн ярьсан байдаг. 

Туркийн кино урлагт оросын уран зохиолын гүйцэтгэсэн үүрэг үлэмж их. Зекид Достоевский хүчтэй нөлөөлсөн бол Туркийн орчин үеийн кино урлагийн өөр нэгэн гол төлөөлөл Нури Билгэ Жейланы уран бүтээлүүдийг А.Чеховын өгүүллэгүүдтэй зүйрлэдэг. Амиа хорлохоор зэхэж байсан ч эцэст нь байрны эзнээ буудах залуу, түүний үнэнч бус эхнэр /The Third Page/, гэр бүлээ орхиод өөрийг нь хэзээ ч хайрлахгүй бүсгүйн араас турк даяар хэрэн хэсэх тэнүүлч эр /Destiny/, А.Камьюгийн Хөндлөнгийн хүний дэлгэцийн биелэл амьдралд тохиолдох юуг ч эс хайхрах абсурд Муса /Fate/ гээд Зекигийн кинонууд бидний хэзээ ч анхаарч хайхардаггүй, хайхрахыг ч хүсдэггүй, заримдаа бүүр жигшин зэвүүцдэг, зовлонд унасан бодгалиудын тухай байдаг. Тэрээр Достоевскийтой холбогдсон холбооныхоо тухай Дүрүүд нь өөр, нөхцөл байдал нь ялгаатай байснаас биш тэр дандаа л зовлонгийн тухай бичсэн. Би ч гэсэн насан туршдаа л зовлонгийн тухай кино хийж байна. Зовлон хай сайгүй. Өдөр дутам бид түүнтэй нуур тулдаг. Зовлон л биднийг нэгтгэдэг хэмээн ярижээ.

Хүлээлгийн өрөө

Шоронгоос гарсныхаа дараа Зеки харилцаа холбооны мэргэжлээр суралцсан бөгөөд сургуулиа дүүргээд Туркийн Голливуд гэгддэг Есилжамд ажиллах болжээ. Удалгүй түүнд Туркийн нэртэй найруулагчдын нэг Зеки Өктэний туслах найруулагч болох боломж олдов. Зекигийн кино урлагийн талаарх үзэл бодол нь тун сонирхолтой. Ихэнх найруулагчдын хувьд кино урлаг гэдэг амь амьдрал нь байдаг бол Зеки тэднээс нэлээд өөр. 2004 онд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрээр Би кинонд автсан нэгэн биш. Би үргэлж киноноос ямар нэгэн зайтай байсаар ирсэн. Тарковский, Антониони, Брессон гээд кинонуудыг нь үзээд кино хийхсэн гэсэн хүсэл төрдөг найруулагч нар бий л дээ. Хэдий заримдаа кино хийхээр оролддог ч би кино найруулагчийг хэзээ ч мэргэжил гэж харж байсангүй. Би кино урлагийн сургууль төгсөөгүй. Би кино хийх замаар л яаж кино хийхэд суралцсан. Би их урт удаан хугацаанд туслах найруулагчаар ажилласан. Гэвч тэр үед ажиллаж байсан кинонууд маань одоо миний хийдгээс тэс өөр хэмээн хайхрамжгүйхэн ярьсан бол өөр нэгэн ярилцлагадаа Кино бол гайхалтай. Би кино хийх үйл явцад дуртай. Гэхдээ идеологи болон санхүүгийн зорилгууд гарч ирэх үед л бүх асуудал эхэлдэг. Би энэ асуудлуудгүйгээр өөрийнхөө ертөнцийг бүтээж чадахгүй. Би сурталчилгаа явуулж билет зарж үзэгчидтэй байх ёстой. Энэ үед л би ахиж кино хиймээргүй санагддаг. Энэ бүх зүйл ёс зүйн хувьд тэсвэрлэшгүй санагдаж эхэлбэл би кино хийхээ болих байх. Яг одоо бол надад үргэлжлүүлэх хүч чадал байна гэсэн байх.  

Зекид өөрийн гэсэн киногоо бүтээх боломж 1997 онд гарсан бөгөөд энэ нь С Блок /Block C/ байв. Түүний кинонуудад шорон эсвэл гэмт хэрэг дэвсгэр болох нь их. Энэ нь ч мэдээж хэрэг түүний туулсан амьдралтай холбогддог. Хэдийгээр “С Блок”-т аль аль нь шууд дүрслэгдэхгүй ч киноны нэр шоронгийн камертай адил уншигдах бол гэр бүлийн амьдралаасаа аз жаргал олж чадаагүй, Зекигийн өөрийнх нь хэлснээр хайранд итгэх итгэлээ сексээр дамжуулан хайж, Стамбулын байрандаа ганцаардах /Гэр нь түүний хувьд шорон болж хувирчээ/ бүсгүй хоригдолыг, бүсгүйд тачаадсандаа түүнийг ажиглах цэвэрлэгчийн хүү шоронгийн харгалзагчийг сануулна. Хожмоо Зеки орчин үеийн хотод шоронд орсон мэт ганцаардах бүсгүйн тухай “С Блок”-оо хэтэрхий их хөгжим, уран гоёо зураг авалт, сексийн үзэгдэл, олны таашаалд нийцэм драматург гээд Есилжамын кинонуудтай төстэй бүтээл болсон хэмээн шүүмжилсэн байдаг. Хойшдын бүтээлүүддээ тэр ийм зүйлсээс ангид байсан юм. Хөдөлгөөнгүй камер ашигласан урт үргэлжлэх уйтгартай юм шиг атлаа цаанаа л нэг сэтгэл татам зураг авалтууд, гэнэтийн огцом эвлүүлэг, зарим хэсэг нь гээгдчихсэн юм шиг бидэнд дасал болоогүй хүүрнэл, ямар ч хөгжимгүй байдал, минималист шинж нь түүний онцлог. Зекигийн зураг авалтын шийдэл орчин нь маш энгийн ч тэр хэрээр үзэгчдийн сэтгэлд ойр байдаг. “С Блок” нь эдүгээг хүртэлх Зекигийн кинонуудаас цор ганц эмэгтэй гол дүртэй бүтээл нь билээ.  

1997 онд нээлтээ хийсэн хоёрдох бүрэн хэмжээний кино зовлонтой гурван толгойн тухайн “Цайлган сэтгэл” /Innocence/ нь Зекиг олон улсын тавцанд алдаршуулсан. Засрашгүй гэмт хэрэгтэн Загорыг нэг шоронгоос нөгөө шорон луу байн байн шилжүүлнэ. Загорт дуралсан Угур түүний хоригдох шоронгуудыг даган Турк даяар бие үнэлэн тэнүүчлэнэ. Харин Угурыг түүнд дуралсан Бекир дагана. Арван жил шоронд хоригдсон энэ ертөнц харь санагдах Юсуф тэр хоёртой дэн буудалд таарна. Угур, Бекир, Юсуф гуравт ирээдүйн төлөвлөгөө гэж байхгүй, олон улсын байдал, валютийн ханшын өөрчлөлт ч тэдэнд огт хамаагүй. Тэд бидний хувьд хаягдсан, мартагдсан ертөнцийн арчаагүй дорой өрөвдмөөр эсвэл жигшин зэвүүцмээр хүмүүс. Гэхдээ нөгөө талаасаа тэд бидний дэргэд “хүн”-ээрээ үлдсэн, “Цайлган сэтгэлт”-үүд мэт. Аугаа хайр дурлал уу эсвэл аугаа их тэнэглэл үү?

Зеки 2006 онд Бекир, Угур хоёрын залуу насны тухай буюу залхаалт хайр дурлал эхэлсэн тэр үеийн тухай “Тавилан”-гаа бүтээсэн. “Тавилан”-д Угур, Бекир хоёроос гадна Угурын хэвтэрт орсон эцэг, залуухан гэмт хэрэгтэнтэй дурлалын харилцаа үүсгэсэн эх нь ч гарна. Боломжийн ажил, сайхан гэр бүлээ орхин Угурын араас эцэс төгсгөлгүй хөөцөлдөх Бекир киноны төгсгөлд “Энэ ердөө л миний тавилан” хэмээн гунигтайгаар өгүүлэх нь сэтгэл өвтгөм. Энэ өгүүлэмж зөвхөн Бекирийн бус кинон дээр гарах хүн бүрийн санаашрал гэлтэй. Загорт, Угурын ээжид, аавд нь, Бекирийн хаяад явсан эхнэрт, бүүр Загорт алуулсан Угурын эхийн нууц амрагт ч сэтгэлээ онгойтол ярилцах хэн нэгэн таарсан бол өөртөө итгэлгүйгээр тийн шивэгнэх байсан мэт. Ерөөс “Цайлган сэтгэл”, “Тавилан” дээр гарах бүхий л дүрүүд амьдралаа там болгож хувиргасан хүмүүс. Гэхдээ энэ нь хэн нэгний буруу гэхээсээ илүүтэй ердөө л төөрөг тавилан нь мэт. Өөрөөр хэлбэл зовлон тэднийг зовоож буй бус зовлон тэдний тавилан юм. Магадгүй гэм буруугүй бяцхан хүү байхдаа л шүүх хуралгүйгээр шоронд орсон, шорон амьдралыг нь өөрчилсөн нь Зекиг хувь тавиланд итгэхэд хүргэсэн ч байж мэднэ. Эсвэл ердөө л тэр турк хүн болхоороо тэр үү. Урлаг судлаач Ж.Бодьбаатар. 2011 оны 12-р сарын Гоодалийн дугаарт Туркийн найруулагч Нури Билгэ Жейланы тухай ярилцлагадаа “Туркүүд хувь тавиланд гүн итгэдэг. Юу ч хийгээд түүнийг өөрчилж чадахгүй гэсэн гүн итгэл басхүү цөхрөл ажиглагддаг. Нэг талаасаа цөхрөнгүй нихилизм мэт харагдавч хүний оршихуйн мөн чанарыг танин мэдэхүй ч гэж дүгнэж болно. Энэхүү тавиланч үзэл санаа Туркийн соёл урлагт нь хүртэл нэвт шингэсэн байдаг” хэмээсэн байдаг. 

Зекигийн энэхүү тавиланч үзэл санаа 1999 онд бүтээгдэж, өөрөө гол дүрд нь тоглосон “Хүлээлгийн өрөө” /Waiting Room/ дээр нь илүү хувийн шинжтэйгээр илэрдэг. Ф.Достоевскийн “Гэм зэм”-ээр кино хийхээр оролдох найруулагч эхнэрээсээ холдож, гэрт нь хулгай хийхээр орж ирсэн залууг Раскольниковийн дүрд тоглуулахаар ятгаж, кино багийн гишүүн залуухан бүсгүйтэй харилцаа үүсгэнэ. Эхнэртээ, жүжигчиндээ, хамтран ажиллагчдаа гээд бүгдэд ямар нэгэн шалтгаангүй худал хэлэх Ахмет эцэст нь төслөө хаах ч сүүлийн үзэгдэлд тэр яг л кино эхлэхэд гардаг шиг харанхуй дунд зохиолоо бичин суугаа нь харагддаг. Ганц ялгаа нь кино эхлэхэд түүнтэй хамт байсан эхнэрийнх нь оронд Соняад тоглох байсан жүжигчин бүсгүй харагдана. Ахмет ч Бекир Угур хоёрын адилаар хэзээ ч үл тайлагдах хараалаар хараагджээ. Тэр “Гэм зэм”-ээр кино бүтээхээр оролдоно. Гэхдээ эс чадна. Бүхнийг орхиж бүүр ч чадахгүй. Ахиад л бүхнийг эхнээс нь эхэлнэ. Магадгүй энэ бүхэн хэзээ ч дуусахгүй. Тэр бол энэ амьдралаас итгэл найдвар олж чадаагүй ч олохоор тасралтгүй оролдож буй зовлонт нэгэн. Магад яг л энэ мэдрэмжийг уран бүтээлч хүн бүр мэдэрдэг биз. Ахметын ажил мэргэжил, Достоевскийд ховстуулсан байдал, Ахметийн дүрийг Зеки өөрөө бүтээсэн зэргээс харахуй тэр Ахметаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх гэсэн мэт. “Хүлээлгийн өрөө” ба хувийн амьдралынхаа давхцалын тухай Зеки “Хүлээлгийн өрөө бусад кинонуудаас минь илүүтэй сэтгэлийг минь хөдөлгөдөг. Би “Хүлээлгийн өрөө”-г зах зээлд амжилт олохгүй, маш олон хүн үзэн ядна гэдгийг нь анхнаасаа л мэдэж байсан. Яагаад гэвэл би хувийн амьдралын асуудлаасаа сэдэвлэн бүтээсэн юм. Гэхдээ л би их мөнгө зарлагадсан. Кино урлаг тодорхой идеологитой гүн холбогдсон энэ үед ахиад “Хүлээлгийн өрөө” шиг кино хийгдэхгүй байх. Тийм болохоор л би ямар нэг санхүүгийн туслалцаа хайгаагүй бөгөөд төслөө өөрийнхөө мөнгөөр дуусгасан. Хэрвээ намайг амьд байхад “Хүлээлгийн өрөө” шиг кино хийгдвэл тэр найруулагч миний сүнсний хамаатан байж таарна байх” хэмээн ярьсан байдаг.

“Хүлээлгийн өрөө” нь “Наманчлал”, “Хувь заяа” хоёрын хамтаар Зекигийн хүмүүний харанхуй талуудын тухай “Харанхуйн үлгэрүүд” гурвалыг нь бүрдүүлдэг. Энэ гурвалдаа тэрээр өөрийнх нь хэлсэнчлэн сонирхон судлах дуртай хүмүүний чөтгөрлөг байдлын талаар эсрэг дүрүүдийн баатруудаар дамжуулан өгүүлсэн юм. Энэ гурвал нь “Цайлган сэтгэл”, “Тавилан” зэрэг сэтгэл хөдөлгөм хүчирхэг түүхтэй бүтээлүүдийнх нь дэргэд илүү харанхуй, хүлээн авахад илүү төвөгтэй. Энэ тухайгаа тэрээр эсрэг дүрийн баатруудтай үзэгчид сэтгэл хөдлөлийн холбоо тогтоож чаддаггүй хэмээн дурссан байдаг. Гэхдээ “Хүлээлгийн өрөө”-н дэх эргэн тойрныхондоо худал хэлж, өөрийнхөө хүслээс бусдыг үл ойшоох найруулагч, “Наманчлал” дахь үнэнч бус эхнэр хийгээд эхнэрээ эзэмших гэсэн сэтгэлдээ шатах нөхөр, “Хувь заяа”-ийн юуг ч эс хайхрах Муса нар нь орчлонгийн хамгийн муухай хүмүүс гэхээсээ илүүтэй ердөө л бидний харанхуй талуудын тусгал гэлтэй. Зеки хэзээ ч дүрүүдийнхээ ааш араншны шалтгааныг тайлбарладаггүй. Түүний дүрүүд заримдаа бусдад харгис, заримдаа өөртөө харгис хандана. Заримдаа ямар нэгэн зүйлд ухаан жолоогүй татагдана, ухаан санаа нь орж гарна. Магадгүй үүнд угаасаа л ямар нэгэн тайлбар хэрэггүй мэт. Яагаад гэвэл тэд чинь бурхад биш хүмүүс шүү дээ. Золгүй хүмүүс... 

 “Хувь заяа”-г Зеки өөр нэгэн шүтээн А.Камьюгийнхаа “Хөндлөнгийн хүн” зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Ер нь Зекид уран бүтээлчийнх нь хувьд кино урлагаас илүүтэй уран зохиол хүчтэй нөлөө үзүүлсэн мэт. Түүний кинонууд нь хүчирхэг сэтгэл хөдөлгөм түүхүүдтэй эсвээс урт харилцан яриа эсвэл монолог агуулдаг. Өөрөөр хэлбэл түүний кинонуудад зураглал, жүжиглэлтээс үг, түүх чухал байр суурь эзэлдэг. Гэхдээ түүний бүтээлүүдийн зөвхөн сайн зохиолтой төдийхнөөр авч үзэх нь учир дутагдалтай. Сайн зохиол л байвал сайн кино бүтээж болдогсон бол орчлонд муу кино бүтээгдэх боломж бараг л байхгүй байсан бизээ. Орчин үеийн артхаус найруулагч нарын дундаас Зеки шиг олон удаа сонгодог уран зохиолоос сэдэвлэн кино бүтээсэн найруулагч цөөхөн. Тэр “Хувь заяа” /Fate/-аас гадна “Дотор тал” /Inside/-аа Ф.Достоевскийгийн “Газар доороос бичсэн тэмдэглэлүүд”-ээс, “3-р хуудас” /The Third Page/-аа “Гэм зэм”-ээс сэдэвлэн бүтээсэн. Гэхдээ Зекигийн эдгээр бүтээлүүдийг шуудхан үгийн урлагийн местеруудын дэлгэцийн хувилбар гэж үзэх нь учир дутагдалтай. Тэр бүхий л бүтээлдээ өөрийн туршлага, мэдрэмжээ шингээдэг учраас бүтээлүүд нь үргэлж анхдагч шинжийг агуулж байдаг. Нэгэн ярилцлагадаа тэрээр “Камьюгийн “Хөндлөнгийн хүн”-д дүрслэгдэж буй нөхцөл байдал миний зан чанартай маш адилхан. Түүний зохиол миний кинонд тэгтлээ деталь буугаагүй л дээ. Би түүний зохиолыг өөрийнхөө түүхтэй холбосон” хэмээсэн байдаг. “Хувь заяа”-г үзсэн хэн ч Камьюгийн зохиолоос сэдэвлэсэн болохыг нь хялбархан олж харах боломжтой ч кино абсурдизм, экцистинциализмийн тухай гэхээсээ илүү зүгээр л Муса нэртэй Турк залуугийн амьдралын тухай түүх гэмээр энгийн, сэтгэлд ойр, шинэлэг болж чадсан юм. Нөгөөтээгүүр Зеки хэзээ ч уран бүтээлээрээ ямар нэгэн үзэл санааг тунхаглаж, сургаал айлдаж байсангүй. Түүний кинонууд өөр шиг нь эгэл молхи. Зеки хэзээ ч өөрийгөө оюунлаг, сэхээтэн гэсэн хүрээлэлд хамруулан үзэж байсангүй. Түүний хувьд шүлсээ үсчүүлэх их сургуулийн профессороос гутал тослогч өвгөн илүү агуулгатай. Үүнийхээ ч тухай нэгэн ярилцлагадаа “Миний кинонуудад ёс суртахууны тухай гардаг ч би хэзээ ч ёс суртахууны тухай номлодоггүй. Би зүгээр л өөрийнхөө ёс суртахууныг заралдаг”хэмээн ярисан байдаг. “Надад радикал зүүний үзэлтнүүдтэй байх сайхан байсан. Дараа нь оюунлаг зүүний үзэлтнүүдтэй уулзсан. Тэд их уйтгартай байсан учраас би тэднээс холдсон. Интельактуализм гэдэг чиний юу идэж, юу уншиж, хэрхэн авирлаж буйгаар чинь тодорхойлогддог амьдралын хэв маяг, соёлтой холбоотой зүйл. Би энэ соёлыг дагадаггүй. Гэхдээ бас эсрэг талд нь ч зогсдоггүй. Зүгээр л шүүмжилдэг. Би амьдралын мэдрэмжийг үгүй хийдэг мэдлэгийг хэзээ ч хүндэлж байгаагүй. Би интельактуализмыг тээж явдаг хүмүүстэй тийм ч ойр биш. Тэднээс илүүтэй гудамжны тэнэмэл эр сонирхлыг минь өдөөдөг” хэмээсэн байдаг. Түүнийг хайрлахад ердөө энэ үгс л хангалттай мэт...