Өгүүлэхийн өмнө.

Кино бол дүрсний урлаг. Огт үггүйгээр ямар нэгэн утга санаа дүр байдлыг гарган тавих боломж хязгааргүй байдагт энэ урлагийн гайхамшиг оршдог. Магадгүй хэдхэн арваны дараагаас техникээр "зодуулж", нүд хоосон хуурсан өнгөний киноноос үзэгчид татгалзаж буцаад анхны дуугүй хэлбэрийн бүтээлүүд голлох юм шиг зөн төрдөгийг нуух юун. Түмэн зүгт үсчсэн цаг үеэ дагаад тодорхойгүй, задлан шинжлэх ч шаардлагагүй, цэвэр “сэтгэгдлийн” (импрессионист), “мэдрэмжийн” (сюрреалист) гэх тодотголтой кинонуудын эрин үе болж ч мэдэх юм. Кино шүүмж гэх ойлголт ч үгүй болох биз

Дэлхийн хязгааргүй их ай савын өчүүхэн хэсэг болох Монголын кино санд гарсан кино бүрийг хамруулан үзэх нь буруу болов уу. Харьцангуй саяхан бодит хүний амьдралаас сэдэвлэсэн, “спортын” гэх төрөлд хамруулсан нэгэн кино мэндэлжээ. Монгол Улсын гавъяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Сумъяагийн амьдралыг би мэдэхгүй. Түүний намтраас сэдэвлэсэн уран бүтээл мэндэлчихсэн хойно мэдээд ч хэрэггүй билээ. Аливаа түүхэн болон намтарчилсан гэх тодотголтой уран бүтээл “зохист-чанарын” харьцаагаар тодорхойлогддог. Олны хэлж заншсанаар бол тавь тавин хувь юм. Уран сайхан бодит түүх хоёр тэнцүү хосолж энэ төрлийн уран бүтээл бий болно гэсэн үг. Цөөнгүй уран бүтээлийн чамгүй сайн найруулгаараа олонд танигдаад буй найруулагч Ж.Сэнгэдорж энэхүү зохист харьцаагаар “Цагаан хадаг” хэмээх ээлжит киногоо найруулсан нь энэ. Ингэхдээ урлал зүйн хувьд өмнөх кинонуудаасаа ялгарч, өөрийн найруулгадаа шинэ өнгө аяс оруулжээ. Ерөнхий агуулга хэлэмжээ дүрсээр бэлгэдэн илэрхийлснийг үйл явдал, утгынх нь түвшинд дөрвөн бичил хэсэгт авч үзэв. Киноны гол санаа “өөрийгөө ялан дийлэх” гэдэг нь хэнд ч ойлгомжтой хэдий ч түүндээ хүргэх арга хэрэгсэл нь сонирхол татахуйц байв. Үйл явдал товчхондоо дөрөвхөн холбоо үгний хэлхээнд оршин буй мэт.

ЦАГААН ТАГТАА — ГАНЦ МОД — ДУГТУЙТАЙ ИЛГЭЭМЖ — ГЭРЭЛТЭГЧ МОД

1. БҮХНИЙ ҮҮДЭЛ — “ЗҮҮД”

\Цагаан тагтаа\

Амьдралын хар бараан гээчийг үзээгүй балчир охин Даваагийн ээж хорвоог орхисон нь түүнд тун хүндээр тусна. Бие барсан ээжийгээ харахаар гэртээ орон хойморт байх хөшгийг татахад цагаан тагтаа өд сөдөө цацан нисэлдэх нь найруулагчийн үзэгчдэд барьсан эхний бэлэг байв. Үүгээрээ цаашид илрэх бүх сэдлээ нээн өгч буй юм. Цагаан өнгө бол монголчуудын эртнээс сайн сайхныг бэлгэдсээр ирсэн суурь сэтгэлгээний өнгө. Тагтаа энх байх, дэлгэрэн дээшлэх, нисэн дүүлэхийн бэлгэдэл. Цагаан тагтаагаар Даваа охины цаашдын амьдралын гэрэл гэгээг бэлгэджээ. Мөн ээжийнх нь царайг эс гаргасан нь охин өөрийнхөө хүслээр өөрийгөө бүтээн буй болгосон жимээрээ алхална гэдгийг зөгнөсөн мэт. Охин ойр ойрхон ар нуруу хүртлээ сүлжсэн гил хар үстэй, цэнхэр дээл, хар бүстэй ээжтэйгээ ганц модны \гэрийнх нь ойр байдаг\ зүг алхаж буйгаар зүүдлэнэ. Цаана нь аав хоёр дүү нь тоглоцгооно. Зураг авалтын хувьд ээж охин хоёр хөтлөлцөн алхаж буйг араас нь голлуулан харуулж, аажмаар цаана нь буй аавыг нь багтаан харуулсан нь утга санаа уран хийцийн хувьд ч агуулгатайгаа наалдаж байсныг дурдах ёстой. Энэ зүүд нь Даваа охиныг өөрийнхөө эрэлд гарахын эхлэл болсон юм.

2. ӨӨРИЙГӨӨ ЭРЭХҮЙ — “ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ”

\Ганц мод\

Эхийгээ санагалзсан охины сэтгэл үймрэн байхуйд удалгүй аав нь “шинэ ээж” авчирна. Шинэ ээж гэдэг нь миний бус аавынх нь тодотгол юм шүү. Үүнийг сонссон Даваа тэр даруй л орныхоо \бидний хэлж заншсанаар хоёр зуугийн төмөр ор\ хоёр хөлийг салган гадаах амбаартаа зөөн оруулж уйлсаар ганц модны зүг гүйн очино. “Шинэ ээж”-ийн хажууд байх нь охинд эвгүй байгааг ажигласан аав нь аймгийн төвийн сургуульд оруулж, дүүгийндээ байлгахаар шийднэ. Энэхүү сценд дурдахгүй байхаас аргагүй нэг зүйл байсан. Аавынх нь охиноо “-Угийн багын ийм хэрсүү хүүхэд байгаа юм” гэж тодорхойлсноос авч үзэхэд гэрээ орхин авга ахындаа очих нь Даваад тийм ч хүнд зүйл биш санагдах авч уйлалт, нулимс дүүрэн үдүүлж, жолоочийн талд зай байсаар атал хойд ачаанд \зил 130 марк\ суулгасан нь нөхцөл байдлыг хүчээр хүнд сүржин харагдуулах гэж хичээсэн мэт сэтгэгдэл төрүүлж байв. Явах замд ганц модны эргэн тойрноор нисэлдэх цагаан тагтаанууд Даваагийн хүсэл мөрөөдлийг төлөөлнө. Кино бол дүрслэх урлагийн нэг төрөл[1] гэдэг утгаараа энэ зураглал эрхгүй уран зураг шиг харагдсан юм.

Магадгүй хүн бүрийг хүсэл мөрөөдөл нь өөрөө урин дууддаг биз. Зааланд жүдогоор хичээллэн ноцолдох хүүхдүүдийн дуу Давааг хүсэл мөрөөдлийнх нь зүг урин дуудна. Нэг л мэдэхэд төгсөх болж хүнд шалгууртай тулгарна. Зохиолын хувьд “Цагаан хадаг” кинонд нэг ч сөрөг дүр байхгүй юм. Сөрөг нөхцөл байдал л гэж бий. Энэ үед гаднаа ихэнх дүрүүд Даваагийн эсрэг чиглэсэн мэт харагдавч цаанаа зохиолыг гол хөдөлгөж буй зөрчил нь зөвхөн сөрөг нөхцөл байдал, хүчин зүйлүүд юм. “Охиноо их сургуульд оруулж сайхан амьдруулна, хүсэл мөрөөдөл гэж байдаггүй” гэх үзэлтэй аавынх нь, хотод ирж, хүслээр нь явуулсан ч эмэгтэй хүн барилдаж амьдрахгүй хэмээн охиндоо ойлгуулах хойд ээжийнх нь дүрийн буруу бус, санхүүгийн, аж амьдралын хэцүү байдал ч бус. Далд сөрөг шинж, гол дүрийн сэтгэл зүйн байдлыг гаргах гэж түүнийгээ тойрсон туслах дүрүүдээ зөвшүүлэх гэсэн нь харагдана. Энэ бүх сөрөг байдалд дасан зохицох Даваагийн \Т.Жинжмаа\ хүсэл мөрөөдлийнхөө төлөө гэх сэдэл нь яван чангарч байна.

3. ӨӨРИЙГӨӨ ОЛОХУЙ-“АЙДАС”

\Дугтуйтай илгээмж\

Одоо түүнд ухрах зам үгүй. Энэ хэсэгт жинхэнэ тамирчин хүний сэтгэл зүйг харж болох юм. Түүний өмнө маш том зорилго бий. Барилдах гэдэг Даваагийн хувьд нэг ёсны бясалгал, бүхий л амьдрал нь болж байв.

Түүнд хэнээс ч юм тодорхойгүй бор цаасан дугтуйнд хийсэн илгээмж ирэх болно. Энэхүү илгээмж киноны туршид гурван удаа ирэх бөгөөд хэнээс гэдэг нь тодорхойгүй төгсдөг. Тэрхүү илгээмж хэнээс ирсэн байх нь тус кино агуулгад ач холбогдолгүй билээ. Харин ямар учир утгатай гэдгийг хэрхэн тусган авах нь үзэгч тус бүрийн ойлгох хэрэг хэмээн сэтгэнэм. Энэхүү гурван илгээмжээр үйл явдал хийгээд гол дүрийн сэтгэл зүйг тодотгох гэж оролдъё.

Хар бүс.

Илгээмж бүр нэгэн адил бор дугтуйнд ирнэ. Задлан үзвээс дугтуй дүүрэн тагтааны цагаан өд сөд байх агаад дунд нь гол зүйлээ хийсэн байна. Эхний илгээмжинд хар бүс гарч ирнэ. Даваа илгээмж илгээгчийг ер эрж сурахгүй. Жүдо бөхийн бүс угийн хар байдаг хэмээн авч үзвэл энэ нь энгийн илгээмж боловч бүтэн бус зөвхөн үзүүр хэсэг байгаагаар нь, мөн хар өнгийн бэлгэдлээр нь бодоход мууг ёрлосон мэт.

Сүүжний яс.

Удаах илгээмж сүүжний яс байна. Үүнийг барилдааны үеэр хүнд бэртэл авч эмчээс дэвжээнд гарах боломжгүй гэх мэдээ сонссон ч хүрэл медаль хүртсэн ДАШТ-ий үеэр авдаг. Сүүжний ясыг монголчууд ямагт хар домын үйл, хараал жатгад хэрэглэдэг билээ. Энэ бүхнийг өчүүхэн ч атугай үл тоон хэвийн буйд дүрийн онцгой хэв шинж оршино. Хөгжөөнтэй элемент нэмэхийн тулд Даваагийн найз бүсгүйн дүрийг оруулж ирсэн гэдэг нь үйл явдал, агуулгаас мэдрэгдэж байв. Үнэндээ найз бүсгүйн дүр огт байхгүй байсан ч зохиол гажуудахгүй л байсан болов уу. Хайр дурлалын хэсэг илүү уянгалаг болгосон нь мэдээж. Даваа найз залуутайгаа анх үнсэлцэж байхад гудмаар дүүрэн алим хөглөрч ширүүн бороо орж буй нь  Даваагийн дотоод сэтгэлийн гадаад илрэл юм. 

Шатаж буй ганц мод.

Шатаж буй модоор бүх зүйлийн учир тайлагдана. Хамгийн сүүлд энэхүү илгээмж ирдэг билээ. Мод бол Даваа өөрөө юм. Тэр модонд сүрэглэн суух тагтаа түүний хүсэл мөрөөдөл. Хүсэл мөрөөдлийн гадаад нөхцөл байдал, дотоод тэмүүлэл хоёрын эсрэгцэл мэт ганц мод дүрэлзэн шатаж байв. Энэ илгээмж гол дүрийн дотоод олон талт зөрчил, айдас, энэ бүхнээсээ салан ангижрах гэсэн арга замын тухай эргэцүүлэл, мухардал, тэвчээр, тууштай байдал, өөрийгөө нээх зэргийг тодорхой болгов.

4. ӨӨРИЙГӨӨ ЯЛАХУЙ

\Гэрэлтэгч мод\

Найруулгын хувьд эцсийн зураглалаас кино эхлэх бөгөөд буцаад эцсийн цэг дээрээ очино. Тэр цэг нь Олимп. Даваагийн \Т.Жинжмаа\ дүрийн хувьд олимпод түрүүлэх бус өөрийгөө ялан дийлэх нь чухал юм. Олимпийн наадмийн хэсгийг гаргахдаа тухайн нөхцөл байдлыг илүү ойр болгохын тулд зохиож буй улсын байр байдлыг харуулсан дүрсүүд илүүц байснаас гадна ерөнхий дүрсүүдээс эвлүүлгийн хувьд ангид мэт харагдаж байв. Сүхбаатарын талбайд олон зуун хүн төрийн далбаа намируулан зогсоно. “Өмнө нь ийм их далбааг нэгэн зэрэг монгол киноноос харж байсан билүү” хэмээн бодож амжсан билээ. Гол дүрийн цорын ганц зорилго ялах байв. Ялан дийлэхийн тулд өөрөө өөртөө буулт хийх. Өөрөөр хэлбэл жинхэнэ “би”-тэйгээ эвлэрэх юм. Гагцхүү ингэж байж л өөрийгөө ялна. Өөрийгөө ялсан хүн хэнд ч үл дийлдэнэ. Даваа өрсөлдөгчдөө даруулсан ялагдлын хоромд өөрийгөө бүрэн таньсан юм. Үүнийг солигдон орж ирэх гэрэлтэгч ганц модны дүрсээс харж болно. Учир нь тэр мод бол Даваа өөрөө билээ. Хугацаа дуусаж ялагдал хүлээхэд хэдхэн мөч дутуу байхад дархан мэхээрээ ялалт байгуулж буй нь хэдий найруулагчийн үзэгчдийг бага ч гэсэн суудлаас нь өндөлзүүлэх гэсэн санааны илрэл хэдий ч Монголын ард түмэнд Олимпийн наадмын шагналыг бэлгэдэн барьсан орчин цагийн монгол киноны “цагаан хадаг” байв.

 

“Бэлгэдэл” гээч зүйл ирээдүйг бодит зүйл болгон бидний алган дээр тавьдгийн жишээ энэ гэлтэй!

 

[1] Шарлот Чендлер. “Зүүд бол цорын ганц бодит зүйл” Федерико Феллини. УБ.2016. Орч. Лхагвадулам.Г. 135х.

Б. Ууганбаяр