artfilm.mn сайт дах кинонуудын нэрийн орчуулга заримдаа солигдсон анзаарагддаг. Тэдний нэг нь неореализмын төлөөлөгчдийн нэг Лукино Висконти найруулсан “Senso” (1954) хэмээх кино билээ. Анх “Мэдрэмж” хэмээн орчуулагдсан байсан санагдана. Харин одоо Сенсо хэмээн галиглагджээ. Би хувьдаа ийн шийдсэнтэй санал нэг бөгөөд энэхүү бичвэртээ яагаад гэдгийг тайлбарлахыг зорив. Энэ бичвэрт дурдагдах Senso (1954), Perfect Sense (2011) гэх кинонуудын үйл явдлыг тоймлон илчлэхийг анхааруулъя. Мөн бичвэрийн утгыг ойлгохын тулд кинонуудыг үзсэн байх шаардлагатай.

SENSO БА SENSE

Хамгийн түрүүнд “senso” гэх үгээс эхлэх нь зөв болов уу. Энэ үг нь англи хэлний sense гэдэг үгтэй цаад нэрлэж буй утгын хувьд бараг л ижил. Энэ “бараг” ба яв цав хоёрын хоорон дахь зааганд нилээд зүйл бий. Өөрөөр хэлбэл senso болон sense хоёрын ялгаанд гэсэн үг л дээ. Тэр ялгаа заагийн тухай дараагийн хэсэгт хэлэлцэнэ.

Нэгэнт анх Лукино Висконтигийн кино “Мэдрэмж” гэж орчуулагдсан байсныг харгалзаад тухайн үгийн мэдрэмж гэх утга дээр төвлөрцгөөе. Хүнд сонсох, амтлах, үнэрлэх, харах, хүрэх гэсэн таван sense байдаг гэдэг. Эдгээрийг нийтэд нь итали хэлэнд өнөөдөр sensazione гэж нэрлэдэг бөгөөд дээрх тавын нэг бүрийг мөн senso гэж хэлэхээс гадна өдөр тутмын ерөнхий ярианд мэдрэлийн эрхтэнээр биеийн гаднаас болон дотроос дамжин ирсэн мэдээ нэг бүрийг senso гэдэг.

Гэтэл энэ бичвэрт хөндөгдөж буй Висконтигийн кинонд, гол дүрийн эмэгтэйн за-кадр хүүрнэлд “Би senso di vergogna /ичих мэдрэмж/ мэдэрч байлаа” гэснийг эс тооцвол ямар ч мэдрэмжийн тухай өгүүлэгддэггүй. Гэхдээ л ямар нэг senso –ын тухай өгүүлэгдсэн болоод л тухайн киноны нэр Senso байж таараа.

Ямар гээчийн senso яригдаж буйг тодорхойлохоос өмнө англи хэлний sense гэсэн гэсэн үгийн утгыг илэрхийлж болох өөр нэгэн киног дурдахад Төгс мэдрэмж (2011) байж болно. Тус кинонд хүн төрөлхтөн дунд нэгэн төрлийн вирусээс үүсэлтэй өвчний халдвар тархаж бидний өмнө ярьсан таван sense нэг нэгээрээ үгүй болохтой зэрэгцэж нэгэн вирус судлаач болон тогооч хоёр дурлалцаж буй тухай гардаг. Тус киноны эхэн үед sense гэх үг ямар утгаар илэрхийлэгдээд буйг ойлгоход ямар ч төвөг бас эргэлзээ үгүй. Харин төгсгөл хавьд өөрөөр эргэдэг.

SENSO ГЭХ ҮГИЙН УДААХ НЭГЭН SENSO

Англиас англи толь бичигт буй зарим үгс салаа утгатай байх нь ердийн л тохиолдол бөгөөд тэр салаа бүрийг sense гэж нэрлэдэг. Итали хэлэнд ч мөн адил тэдгээр салааг senso гэдэг. Тэгэхээр senso/sense гээч энэ үгийн эхний senso-г бид эхний SENSO БА SENSE хэсэгт хэлэлцжээ гэсэн үг л дээ. Одоо харин энэ өмнө хэлэлцсэн салаа утгаас ялгаатай өөр нэг салаа утгыг авч үзье.

Ерөөсөө яг ийм нарийн бас виртуал ялгааг тогтоон зааглана гэдэг ихэнх тохиолдолд тухайн хүнээс нилээд зориг бас итгэл шаарддаг мэт. Энэ зориг болон итгэлийг өдөөгч нэг жижиг анзаарлаа товчхон жишээ болгон хэлэхэд итали жуулчдын ахлагч Монгол оронд жуулчилж яваа нөхдөдөө овоог нар зөв тойрдог гэхийг nel senso orario буюу цагийн зүү эргэх чиглэлд гэж монгол хэлэнд буцаан орчуулж болмоор илэрхийллээр хэлж байхад англи хэлний орноос ирсэн жуулчид in the clock direction гэх жишээтэй.  Тэгэхээр ямар нэг байдлаар дээрх англи болон итали хэлний илэрхийллүүдэд буй “direction” бас “senso” гэсэн синтагмууд /хэлэн дэх нэгж илэрхийлэл/ ижил утгыг зааж буйг монгол хэлний “чиг” гэсэн синтагмаар орлуулж ойлгож болох мэт.

Дахин нарийвчлан харвал бид энд салаа утгын тухай яриад байна. Тэгэхээр энэ senso/sense гэдэг чинь ерөөсөө салаа утга эсвэл утгын чиг бүр эсвэл утга учир гэсэн утга илэрхийлж болохгүй гэж үү? Үгүй гэх газаргүй. Бидний өдөр тутмын амьдралд байдаг өөр нэг жишээгээр нэмж тайлбарлая гэвэл аливаа хэлсэн үгийг залуус эротик сэдлээр ойлгохыгоо хоёрдугаар суваг гэж хэлдэг. Энэ нь өөрсдийн сэдсэн өөр буюу erotic sense-р ойлгохыг хэлээд буй. Эндээс юуг онцолсон бэ гэхээр суваг гэдэг үг sense/senso-ийн орчуулга болон ойлгогдох боломжийг онцолсон. Мөн цаашлаад харилцаж буй хүн нь ойлгомжгүй яриа яривал эсвэл ямар нэг ойлгомжгүй ном уншвал түүнийг англи хэлэнд nonsense гэдэг. Итали хэлэнд ч бол адил non ha senso гэдэг. Өөр нэг өдөр тутмын жишээ гэвэл хижээл насны хүмүүст зориулсан гэмээр Un Senso гэдэг нэртэй Васко Россигийн дуулсан дуу бий. Дууны үгийн агуулгыг ажвал амьдрах хүсэл нь сулраад буй тул ямар нэг өгөгдсөн утга учир амьдралаасаа хайгаад ч олохгүй байгаа хэрнээ маргааш өөр нэг өдөр ирнэ, түүнд ямар нэгэн хүсэл өдөөх юм байж магад гэж сэтгэлээ тайтгаруулж буй хүний бодролын тухай байдаг. Өөрөөр хэлбэл нэг senso гаднаас хайгаад эсвэл хүлээгээд буй. Тэгэхээр биеийн мэдрэлийн системтэй холбоотой утгаас гадна "утга учир" эсвэл "зүг чиг" бүр эсвэл "суваг" гэсэн нэгэн утга илэрхийлж буйн баталгаа гэмээр. Эсвэл нэг л үгийн олон суваг ч гэж болно.

УЧРААС УТГА

Васко Россигийн энэ дууг энэхүү бичвэрт бас зүгээр л дурдсангүй. Дурдсан учир нь Лукино Висконтигийн “Сенсо”-той утгын хувьд багагүй давхцал олж болоход оршино. Васко Россигийн дуунд ямар ч утгагүй, хүсэлгүй уйтгартай бүр гунигтай гэмээр хүний тухай гарч байгаа бөгөөд шалтгаан тийм  ч тодорхой биш магад дэндүү сул чөлөөтэй ч байж болно. Түүгээрээ юу хийхээ мэдэхгүй тул senso олдохгүй байж болно. Харин “Сенсо” кино эхлэхдээ шуудхан л Жузеппе Вердигийн “Турбадур” (Il trovatore)  / дуурийн нэрийг “Ологч” гэж монгол хэлэнд орчуулах боломжтой./  дуурийн III актын алдартай Di quella pira хэмээх кабалетта тайзан дээр тоглогдож буйг киноны гол дүр болох Италийн баян гүнтэн гэргий Ливиагийн хамтаар мөн Австрийн цэргийн дээд албан тушаалтан нар бельэтажанд харин энгийн италичууд болон австри цэргүүд театрын бусад хэсгээр байрлах суудлаас үзэж буйгаар эхэлдэг. Найруулагч Лукино Висконти яг энэхүү дуурийг сонгосон нь киноны гол дүрүүдийн тавиланг урьдчилан таамаглуулах зорилготой ч байж болно. Киноны гол дүрүүдийн нэг болох гүнтэний гэргий Ливиа Серпиери нөхөртөө тийм ч сэтгэл хангалуун биш гэдэг нь хүүрнэлийн явцад тодорхой болдог. Түүний амьдралд утга /senso/ өгөх зүйл гэвэл тэр өөрийгөө ямар ч хөнгөмсөг үйлдэл хийхгүй жинхэнэ итали тэр дундаа венец эмэгтэй гэж тооцдог явдал бөгөөд мөн түүний үеэл Роберто Уссони болон түүний оролцож буй Австрийн эсрэг италичуудын нууц нэгдэл юм. Гэтэл яг тэдний үзэж байсан дуурийн III акт дуусах үед италичууд Австрийн эсрэг байр сууриа Италийн далбааны өнгөтэй адил цаасан дээрх бичвэр болон цэцгүүд цацаж илэрхийлдэг. Энэ үймээн дунд Роберто Уссони Австрийн нэгэн офицер Франц Малертай маргаж ирүүл тулаанд дуудсанаар хэрэг бишддэг. Ингээд Ливиа хамгаас дотно үеэлийнхээ төлөө Франц Малерийг ирүүл тулаанаас татгалзахыг ятгадаг. Хэрэг явдал тийм ч энгийн бишээр эргэдэг бөгөөд явсаар Австри офицер Малер тэр хоёр дурлалцсан ч эцэстээ Ливиагийн сэтгэл л чин үнэнч харин Малерийнх ердөө бэртэгчин санаархал байсан болж таардаг. Эндээс яг юу нь senso-той холбоотой гэхээр Ливиа Серпиери өөрийн бүх л утга учир болох хөнгөмсөг бус байдал, жинхэнэ итали эмэгтэй, үеэлийнхээ үйл хэрэг зэргийг бүгдийг хойш тавин зөвхөн Франц Малертай амьдрахыгаа л жинхэнэ утга учир гэж тооцсонд байж болох юм. Харин Франц Малер дайн тэр чигээрээ ямар ч утга учиргүй, удахгүй өөрийнх нь утга учир болох эх орон буюу Австри орон сүйрч тун магадгүй байгаа нь түүнд ямар ч хүсэл эрмэлзэл, амьдралын утга учир оноогоогүй хэмээн тооцсон, мөн мөнгөтэй баячуудыг үзэн яддаг хэрнээ өөрөө мөнгөтэй хүн байж үзэхийг далдхан хүсдэг байсан ажээ. Мөн тэрээр Уссони шиг хүмүүс баатарлаг харагдахын тулд төрсөн гэдэг ба өөрийг нь яах гэж төрсөн тухай асуухад би байгаагаараа л байх гэж төрсөн гэх хариулт өгдөг нь энэ дүрийн тухайн нилээд зүйлийг хэлж буй мэт. Ийм Сенсо-гүй хүний төлөө өөрийн бүхий л Сенсогоо гээсэндээ Ливиа хорсож Малерийг албан үүргээсээ санаатайгаар зугтсаныг нь Австри генаралд матдаг. Ингээд Малер Австрийнхаа армид цаазлуулдаг. Хэрэв Малертай учраагүй бол Ливиагийн амьдрал нэгэн хэвийн уйтгартай явсаар дуусах байсан болов уу, ямар ч Сенсогүйгээр. Харин Малер Ливиаг мэхэлж авч явсан мөнгөөрөө олигтой ч амьдрал өрнүүлж чадаагүй зүгээр л дайнаас албан үүргээс зугтаж хэсэг зуур зугаацсан төдий л байдаг. Ингэсний шалтгаан нь яг л Васко Россигийн дуун дээрхтэй ижил ч байж магад.

Ливиа Сенсо-г гаднаас хайсан бөгөөд түүнийгээ Малер гэж эндүүрсэн, харин Малер Сенсог мөн л ямар нэг байдлаар хайсан. Хэрэв тэдний үзэж байсан дуурийг сонжиж кинонд гараагүй ч бүтнээр нь авч үзвэл дүрүүд нэг зорилготой бөгөөд түүндээ хүрэх гэж явсаар амиа зориулсан ч тодорхой хэмжээнд зорилгодоо хүрсэн гэмээр. Дуурийн нэгэн дүр Леонора өөр хүний гэргий болох ёстой ч дурлалт эрийнхээ төлөө амиа зориулаад ч болов дурлалынхаа үнэнийг баталж чаддаг, харин дурлалт эр нь болох дуурийн гол дүр Манрико үнэнийг олох гэсээр үхэхийнхээ өмнө л олж чаддаг. Гол нь тэдний хайр дурлал үнэнч байсан. Энэ нь манай киноны дүрүүдийн тавилангаас эрс ялгаатай байснаараа гашуун егөө болж буй мэт. Ер нь энэхүү дуурь энэ кинонд гарч буй нь метакиноны нэг жишээ ч гэж болно.

Киноны төгсгөл дуурийнхтай харьцуулахад бараг л эсрэгээрээ, Ливиа амиа зориулахад ч бэлэн байсан дурлалт залуу нь ердөө л бэртэгчин нэгэн байсан гэдгийг ойлгодог, түүний дотоод ертөнц ямар ч Сенсо-үгүй болж үлддэг. Харин Малер цаазлуулснаар түүний амьдрал ямар ч утга учиргүй төгсдөг.

Үхэл хэзээнээсээ л хүний ирээдүйд тохиолдох ганц баталгаатай зүйл нь байсаар ирсэн мэт. Ямар ч шүтлэггүй хүнд энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрнө гэдэг гашуун бөгөөд хүнд. Яг эндээс л хүний оршихуйн тухайн философийн сэдэв эхэлдэг мэт. Шашны номлолыг нийтээрээ жигд ойлгохын тулд тайлбарлахыг херменевтик гэдэг байсныг философич Мартин Хайдеггер онтологийн херменевтик хэмээн хүний Байхын тухай тайлбар болгож чадсан нь орчин үеийн философийн эхлэл болсон гэдэг. Яагаад энэ тухай дурдаж буй гэхээр түүний “Байх ба хугацаа” номны итали орчуулганд мөнөөх senso мөн л яригддаг. Юу гэхээр Байхын тухай херменевтик буюу ерөнхийд нь хэлэхэд Байхын тухай тайлбар гэж нэг талаас яригдахад нөгөө талаас уншиж буй хүн ойлгох буюу Interpretation гэсэн дараагийн асуудал гардаг ажээ. Харин Хайдеггерийн энэ үхэл амьдралын хязгаар гэдэг ойлголтыг улам хөгжүүлсэн дараагийн нэг философич бол Ханс-Георг Гадамер ажээ. Тэрээр үхэл амьдралын хязгаар гэдэг нь үнэн бөгөөд амьдрал өөрөө баялаг нэгэн текст түүнийг "уншсан" хүн хэрхэн интерпретац хийх нь өөрөөс шууд хамаарах тухай “Үнэн ба арга барил” номондоо бичжээ. Ингэж интерпретац хийгдсэн тохиолдолд хүнд тодорхой нэг Сенсо буюу бидний өмнө нь хэлэлцсэнээр ЧИГ  эсвэл утга учир бий болдог ажээ. Цэрэг хүний Сенсо, тогооч хүний Сенсо, шинжлэх ухаанч хүний Сенсо бүгд л ерөнхийдөө төстэй боловч өөр өөрийн онцлогтой байх нь мэдээж. Жаахан хошигноход тэдний амьдрал нэг бүр ерөөсөө амьдрал гэсэн нэг том зурагтын олон СУВГУУД л гэмээр. Энд илүү нарийвчлах үүднээс утга учир гэсэн ойлголтыг утга ба учир хэмээн салгахыг илүүд үзэв.

Хүн Байхын тухай ямар нэг арга барилаар ойлгосон учраас түүний байгаа нь утгатай буюу sense/senso–той. Хайдеггерийн номон дахь энд онцлох нэг өгүүлбэр гэвэл “Орчлонг ойлгосон ойлголт бүр зайлшгүй нэг оршихуйг / германаараа Existenz /агуулдаг бөгөөд мөн урвуугаараа буюу оршихуй бүр зайлшгүй орчлонг ойлгосон нэг ойлголттой.” Тэгэхээр энэ ойлголтоос л тухайн оршихуйн буюу оршигчийн senso/sense үүсдэг ажээ.

Хайдеггерийнхаар мөн Гадамерийнхаар бол манай киноны гол дүрүүд болох Ливиа, Малер хоёр дурлалын тухай, амьдралын тухай дэндүү дулимаг ойлголттой, тэдний үнэнийг ойлгох арга барил буруу байжээ л гэмээр. Тэгэхээр тэдэнд үүсгэж чадаагүй senso нь үргэлж гадны мэт сэтгэгдэж явсан гэмээр. Мөн түүнээс гадна нэг талаас Италийг эзлэх гэсэн австричууд нөгөө талаас Австри болохгүйн тулд тэмцэж буй италичууд хоорондын харьцаа бүхий тэдний амьдарч асан түүхэн цаг үеийг хамруулж бодох нь зөв. Тэр үед хэний хүсэл ямар байх вэ гэдэг бас л төвөгтэй асуудал, тэгэхээр ер нь Лукино Висконти дайн гэдэг хувь хүний Сенсог балладаг гэж хэлэх гэсэн хэрэг үү?

Хүний оюуны үйл ажиллагаа шаардсан энэ senso-г тэгэхээр мэдрэлийн системийн senso буюу мэдрэмжээс ялгаж нэрлэсэн нь оновчтой шийдвэр ажээ.

Төгсгөл болгож хэлэхэд Senso (1954) киноноос олдоогүй тэр л senso/sense нь Perfect Sense (2011)-с олдох бизээ. Учир нь senso гэх үгний энд яригдсан хоёр дахь senso-р нэрлэгдэж буй тэр л төвөгтэй senso нь senso гэх үгний эхний senso-р нэрлэгдэж буй тэр л мэдрэлийн системийн senso-гүйгээр оршихгүй. Өөрөөр хэлбэл хүний биеийн мэдрэмжээс сэтгэл хөдлөл мөн цаашлаад бодол буюу нийтдээ ухаан үүсдэг ажээ. Эцэст нь миний л ойлголтоор учраас утга бий болдог, хүсэл хүний оршихуйн учир болсон цагт хүний сэтгэлд утга сэтгэгдэх ажээ. Тийм болохоор л бид амьдралын утга гэхээс илүү амьдралын “зүг чиг”, “утга учир” эсвэл “учир утга” гэж ярьж дассан болов уу. Италичууд харин Senso гэдэг аж.