Анхаар: Киноны зарим үйл явдлыг илчилнэ.

Киноны үйл явдлыг үнэхээр таашгүй, абсурд, тэр чигтээ уламжлалт хүүрнэлийн эсрэг. Өөр хоорондоо ямар ч холбоосгүй эдгээр үйл явдлыг хэлхэх цор ганц зүйл нь Оскар хэмээх нас ахиж яваа жүжигчин эр. Оскар өөрт нь үл үзэгдэх үзэгч олон, магад та биднийг л зугаацуулж, алмайруулах гэсэндээ найруулагчийн бодож олсон санаанд оромгүй дүрүүдэд хувилж, нар мандахаас жаргах хүртэл амсхийлгүй ажиллах мэт. Тэрээр уулзалт болгонд зориулж царай зүсээ чадмаг хувиргана. Гудманд гуйлга гуйх сохор эмгэн, охиндоо санаа тавих эцэг, хөгжимчин, хөлсний алуурчин, орондоо амьсгал хурааж буй хөгшин эр ч болно. Түүнчлэн “Dreamers’ Night”-аар гарсан “Токио!” хэмээх гурван богино хэмжээний киноны нэг болох “Мэрд”-д гардаг ногоон хүрэмтэй, гаж хэлээр ярих галзуу этгээд ч нэг дүр нь юм. 

Киноны дунд хэсэгт түүнээс “Та их ядарч, царай зүс алджээ. Та ажилдаа дуртай  хэвээрээ юу? Юу таныг өдий болтол хөтөлнө вэ?” гэж асуудаг. Оскар өөр өөр дүр бүтээсээр өөрийгөө алдсан ч юм шиг, гэтэл бас “‘дүр бүтээхүйн сайхан”-д өнөө ч автсаар байх. Нөгөө талаар олон баг сольсоор, цаг хугацаатай зай завгүй уралдсаар нэг л мэдэхэд эцсийн амьсгалаа хураах хүмүний амьдралыг кино урлагаар дамжуулан  харуулсан ч байж болох. Энэ бүхнийг үзэгч бүр өөр өөрийнхөөрөө болгоох биз.  

Энэ дашрамд Оскарын дүрд тоглосон гол дүрийн жүжигчинг дурдахгүй өнгөрч боломгүй байна. Найруулагч Леос Каракс нийт 5 бүрэн хэмжээний кино хийсний ганцаас бусдад нь Дени Лавонтой гар нийлж ажиллажээ. Тэрбээр Дени Лавоныг уг дүрд тоглохгүй гэсэн бол “мянган нүүрт” хочтой Лон Чейни, Чаплин, Петер Лорре, Мишель Симон нарын хэн нэгэнд санал тавих байсан гэжээ. Гэвч эд бүгд аль эрт өөд болсон алтан үеийн жүжигчид юм. 

Ярилцлага өгөх дургүй эл найруулагчийн нэгэнтээ ам алдсанаар цагаан өнгөт лимузин виртуаль ертөнцийг бэлгэднэ. Гаднаа гял цал харагдахын тулд хэдхэн цагаар түрээсэлж аваад унах ч машины доторх нь хүнд харагдахгүй. Найруулагч Каракс энэ тухайд нэгэн ярилцлагадаа “Үүгээр би интернет орчинд амьдрах ямаршууг харуулах гэж оролдсоныг үгүйсгэхгүй. Бид тэнд ямар ч амьдрал зохиож болно. Та бидэнд өөрөөрөө байхаас баахан залхах үе хааяагүй тохиолддог шүү дээ. Тэгээд л бид өөрсдийгөө шинээр нээн харуулдаг. Гэтэл хэрхэн тэгэх болж байна, болдог юм гэхэд төлөөсөнд нь юу төлөх вэ?” хэмээгээд 13 настайдаа нэрээ сольж, 16 настайдаа “кино урлаг” гэгч “арал” нээж олоод тэнд цоо шинэ амьдрал зохиохоор зориг шулуудсанаа хуучилжээ.  

Каракс бүрэн хэмжээний кино туурвилгүй 13 жил завсарласны эцэст хийсэн бүтээл нь “Ариун мотор” бөгөөд киноны эхэнд өөрийгөө дүрсэлсэн гэмээр аж. Нэгэн эр  (Каракс өөрөө) гарах хаалга тэмтчиж хайсаар нээж, кино театрт ордог. Шинийг эрэлхийлэгч найруулагч Каракс ч мөн ичээнээсээ гарч эл бүтээлээрээ кино урлагт эргэн ирсэн билээ. Харин киноны төгсгөлд бүх лимузин “Ариун мотор” нэрт газар цуглаж, гэрэл унтарсны дараа мөд хэрэгцээгүй болох тухайгаа халагладаг нь юм бүхэн үеэ өнгөрөөж үхэж мөхдөгийг сануулна.