Орчин цагийн Грекийн мастер Йоргос Лантимосыг манай кино сонирхогчид “Соёо”, “Хавч” зэрэг киногоор нь сайн мэднэ. Хоёулаа “Dreamers’ Day” өдөрлөгөөр өмнө нь гарч байсан. Энэ удаа этгээд өвөрмөц, бараан комеди, драм хийдэг найруулагч маань нууцлаг, аймшгийн, триллер бүтээжээ.

Стивен Мерфи (Колин Фаррель) бол олноо хүндлэгдсэн зүрхний эмч. Эхнэр Анна (Николь Кидман), 12 настай хүү Боб, 14 настай охин Ким нарын хамт боломжийн сайхан амьдардаг. Харин ажлын хажуугаар нэгэн өсвөр насны хүүтэй (Барри Кеоган-Данкерк дээр золгүйгээр амиа алддаг хүү) уулзаж, ойр зуур юм ярилцан цагийг өнгөрөөнө. Чухам яагаад уулздаг, хүү тэр хоёр хоорондоо ямар холбоотой нь тийм ч тодорхой бус. Эхнэрээ ухаа алдсан мэт хэвтүүлээд секс хийдэг энэ эрхэм магадгүй бисексуаль, педофиль сексийн фетиштэй байхыг ч үгүйсгэхгүй.

Юутай ч хүү, эмч хоёрын харилцаа улам лавширч, нэг нэгнийгээ гэртээ урьж оройн хоол иднэ. Хүү гэнэт эмнэлэг дээр байн байн ирэх болсноос тэдний хооронд үл ойлгогдох байдал үүсч эхэлнэ.

Удалгүй эв эрүүл, сав саруул хүү Боб нь явж чадахаа болих ба учир шалтгаан нь үл мэдэгдэнэ.

Кубрикийн “Гялбаа”, Радиохэйдийн “Daydreaming”-ийн клип шиг урт хонгилоор холхих, дээрээс эсвэл доод өнцгөөс гэтсэн мэт зураг авалтуудаа байнгын хамтрагч, зураглаач Тимиос Бакатакисаар урлуулжээ. Ханеке шиг өнгө аястай уг бүтээл "Science VS Supernatural Аcts" гэсэн мөнхийн маргаан, бурхан, чөтгөр гэсэн зүйлсийн тухай хүссэн хүсээгүй бодоход хүргэнэ.

Хэдий аймшгийн, триллер маягийн кино ч гэсэн инээдмийн өнгө аясаа алдаагүй байна. Энэ талаар найруулагч маань “Би эхлээд уг нь инээдмийн кино хийе гэж санасан боловч яваандаа триллер, аймшгийн кино болчихсон. Би дан ганц цэвэр инээдмийн эсвэл аймшгийн кино хийж чадахгүй, олон янзын жанрыг хольж киногоо хийдэг, ингэж л кино хийж сурсан.” хэмээн дурдсан байна.

Найруулагч Лантимос үзэгчдийг өөрийн эрхгүй кинондоо татаж оруулдаг, ингээд ирэхээр үзэгч бүр өөр өөрийнхөөрөө тухайн киног хүлээн авч, өөрсдийн нэгэн давтагдашгүй “Ариун бугыг хороосон нь” киног гаргаж ирдэг. Нэрний хувьд эртний Грекийн Ифигениагийн домгоос санаагаа авчээ. Уг домогт Ангийн бурхан тэнгэр Артемидын ариун бугыг Агамемнон хороох ба үүнийх нь төлөөс болгож нэг бол охин Ифигениа эсвэл гэрийнхнийхээ хэн нэгний амийг хороо гэж Артемид айлддаг.

Домог орчин цагт бууснаар өш хонзон, үйлийн үр, гэр бүл, шударга ёсны тухай бүтээл болон амилсан мэт. Гэвч амийг амиар солино гэх энэ хандлага зөв үү? Үнэхээр шударга ёсыг энэ маягаар цогцлоож чадах уу? Гэх мэтчилэн олон асуултыг хүссэн хүсээгүй ухахад хүргэнэ.

 


Хөшүүн, зохиомол мэт өнгө аяс, робот мэт яриа нь Лантимосыг таних тэмдэг. Магадгүй өөр олон төрлийн кино тэр бүр үзэж байгаагүй үзэгчдэд энэ нь залхмаар, уйтгартай ч санагдаж болох юм. Гэвч хэрвээ та тэвчээртэйгээр үзэж, кинондоо уусаж чадвал сэтгэлийн таашаал эдэлж чадна. Шууд нүдсэн бус аажмаар өөрийгөө дэлгэх түүнийг бүтээлүүдийг кадр кадраар нь, үг тус бүрээр нь мэдэрч шингээх аваас, сайхан мөртлөө гашуун амт нь санаанаас гарахгүй.

Йоргос Лантимос хөгжим дэвсэхдээ няхуур болгоомжтой ханддаг. Хэрвээ та санаж байгаа бол өмнөх “Хавч”-аас л дөнгөж эхлэн хөгжим тавьж эхэлжээ. Лантимос аль болох хөгжимгүй, тухай орчин, байгалийн авиаг тэр чигээр нь буулгахыг хичээдэг байсан бол энэ удаа Бах, Шубертын сонгодгуудаас эхлээд орчин цагийн сонгодог хөгжмийн мастерууд болох Лигети, София Губaйдулина нарын утсан хөгжмөөр хайр найргүй хэрчинэ. Тэр ч бүү хэл яг одоо дуунууд нь хит болж байгаа поп од Элле Гоулдингийн “Burn” дууг Кимээр дуулуулсан нь хөгжмийг зохист хэмжээнд тултал нь ашиглаж чадсаны илрэл.

Магадгүй "Burn" зүгээр л нэг хайрын тухай хөнгөхөн дуу юм шиг ихэнх хүмүүст санагдах байх. Гэхдээ “Ариун бугыг хороосон нь” кинон дээр арай л өөр утгаар гарч байгаа мэт…

 

 

We, we don't have to worry 'bout nothing

'Cause we got the fire, and we're burning one hell of a something

They, they gonna see us from outer space, outer space

Light it up, like we're the stars of the human race, human race

 

When the light started out they don’t know what they heard

Strike the match, play it loud, giving love to the world

We'll be raising our hands, shining up to the sky

'Cause we got the fire, fire, fire

Yeah we got the fire, fire, fire

 

And we gonna let it burn, burn, burn, burn

We gonna let it burn, burn, burn, burn

Gonna let it burn, burn, burn, burn

We gonna let it burn, burn, burn, burn

 

Монгол орчуулга:

Бид, бид юунд ч санаа зовох хэрэггүй

Учир нь бидэнд гал бий, бид нэг юмыг аймшигтайгаар шатаана

Тэд, тэд биднийг сансар ертөнцөөс харж байгаа

Яг л бид хүн төрөлхтний одод юм шиг тэднийг гэрэлтүүлнэ

 

Гэрэл асахад тэд юу сонссоноо мэдэхгүй

Тоглоомыг эхлүүл, чанга тоглуул, хайрыг өг дэлхийд

Гараа атгалцан тэнгэрт гялбана

Гагц бидэнд гал л байгаа учраас

 

Тэгээд бид шатаалгана,

Шатаж л байг

Шатаг, шатаг

Шатаж л байг