Кишинёвт нэг гуйлгачин байв. Тэрбээр бүтэн өдөржин гудамжаар тэнүүчилж, төрөөгүй хүүтэйгээ ярина. Зөрж өнгөрөх улс зогсоод түүнийг сонсоно. Хүү нь 20 жилийн өмнө төрөх байжээ. Гэтэл бүсгүй нь үр хөндүүлчихэж. Тэр өдөр түүний амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж, тэр амьдралын утга учраа алджээ. 

Долоон жилийн өмнө би бас л Кишинёвийн сүйрсэн гудмуудаар алхаж, төрөөгүй хүүдээ хотынхоо тухай ярьсан юм. Ингэж явахдаа би олон хүнтэй танилцсан. Тэдний ихэнх нь гуйлгачид байлаа. Хайр тэднийг гуйлгачин болгосон юм. 
Би киноныхоо зураг авалтыг 1986-1990 оны хооронд хийсэн. Энэ хугацаандаа би тэдгээр гуйлгачидтай хамт амьдарч байв. Тэд камерын өмнө өөрсдийгөө нээдэг байлаа. Нэг нь бүр камерын өмнө өөрийгөө егүүтгэхэд бэлэн байсан. Кинонд минь ашиглуулах гэж тэр шүү дээ. Заримдаа би зураг авалтаа тун ч зугаатай хийдэг байв. Жишээ нь, нэг сохор гуйлгачинд камераа өгөөд хоёр ч зураг авалт хийлгэсэн. Үүнээсээ нэгийг нь би кинондоо ашигласан. Артур Аристакисян. “Алга” киноныхоо тухай. 


Анх найз маань “Алга”-ыг үз гэж зөвлөхдөө “Кино биш. Гэхдээ бас мөн. Юу ч юм бэ дээ” гэх маягийн юм хэлж билээ. Социализмын уналтын өмнөх үеийн дэлхийн төгсгөлийг санагдуулам сөнөмөл Кишинёв, энд тэнд таарлаа гэхэд хурдхан хажуугаар нь зөрөөд өнгөрөм эрэмдгүүд, гуйлгачид, орон гэргүйчүүдийн өдөр тутмын ой гутам, харц хальтрам, өр өвтгөм зураглал, дэлгэцэнд үл үзэгдэх бодлогошронгуй хоолойтой нэгний цусан төрөлтэйгөө эвцэж хийсэн, төрөөгүй, төрөхгүй хүүдээ зориулан унших захиас. Товчхондоо “Алга”-ыг ийн дүгнэж болно. Эхний хагасыг үзэж дуусгахад багагүй тэвчээр шаардсан. Харин хоёр дахь хагаст би кинонд аль хэдийнэ автчихсан байлаа. Хоёр цагийн тарчлаан, эсвэл таашаалын дараа ямар ч сайхан бүсгүй намайг сэргээхээргүй болсон байв. Артур Аристакисяны хэлснээр зугаа хайсан арилжааны кино үзэж дассан нэгэн ч бай, артхаус кинонд хорхойсогч ухаалаг үзэгч ч бай аль алинд нь түүний кино тохирох эд биш. Тийм болохоор анх удаа кино үзэж буй хүүхэд мэт оюун санаагаа цэлмээж байж үзэх ёстой юм гэсэн. Яагаад гэвэл, энэ бол үзэгчдэд зориулсан бүтээл биш. Үзэгчийг огтоос бодолцож үзээгүй харгис зүйл. Энд үзэгчийг татах үзэсгэлэнтэй зураглал, сэтгэл донсолгох драм, хэлэлцүүлэг өрнөх зөрчил, ухаалаг харилцан ярианы аль аль нь үгүй. Г.Аюурзана Ж.Жойсын “Улисс”-ийг уншигчдад зориулагдаагүй ном гэсэнтэй л дүйх юмдаг уу даа. Ийм бүтээл хийх эр зориг агуу суутанд, эсвэл галзуу солиотонд л бий. Аристокисяныг аль нь болохыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ “Алга” Берлин, Карл Варын гээд нэлээд олон кино наадамд амжилттай оролцсоноос харахад эхнийх нь байх боломж өндөр мэт.   

Кино урлаг үүссэнээсээ хойш нэгэнт 100 гаруй жилийн нүүр үзсэн болохоор өнөө үед цоо шинэ, эх хувь бүтээлтэй таарах магадлал тун бага. Дээр дурдсан Артур Аристакисяны үзэгчийг нулимсан их зориг нь цөөнд тооцогдох ийм бүтээл бүтээх боломжийг түүнд олгожээ гэж дүгнэж болмоор. Ийм хүчирхэг уран бүтээлчдийн уран бүтээлийг хувь хүнээс нь салгаж зааглах аргагүй байдаг. Өөрөөр хэлбэл, Артур Аристакисян өөрөө “Алга”, “Алга” өөрөө Аристакисян юм. Тэгвэл Артур Аристакисян гэж хэн бэ? Түүний тухай тун цөөн зүйлийг л бид мэднэ. 1961 онд Молдавын Кишинёвт төрсөн, армян еврейн эрлийз. ВГИК буюу Герасимовын нэрэмжит кино урлагийн институт дүүргэсэн. Дипломын ажил нь “Алга”. Антисошл, анархист үзэлтэн. Хиппи. Москвад коммунд амьдардаг. Хоёр дахь бүтээл уран сайхны хэлбэртэй “Дэлхий дээр”-дээ тэр коммуныхаа хиппи нарыг тоглуулсан. Нэгэн ярилцлагадаа, багадаа ихэнх цагийг ганцаараа өнгөрүүлдэг байсан, энэ үед нь хэн нэгэн ирж алгаараа түүнд хүрдэг байсан тухай дурссан нь бий. Эндээс тэр киноныхоо нэрийг олжээ. Ингээд л түүний тухай мэдэх бүхэн гүйцээ. 

“Алга” Кишинёвын хаягдсан дүүрэг дэх орон гэргүй тэнүүлчид, солиотнууд, архичид, гуйлгачдын өдөр тутмын баримтат зураглал бөгөөд Аристакисяны өгүүлэх тэдгээр гуйлгачдын түүх гуйлгачин байхын тэнгэрлэг тал, бурхан хийгээд хүний мөн чанар, систем хийгээд түүнээс ангид оршихуйн тухай солиорсон хүн, эсвэл гэгээрсэн бурханаас л гарах айлдвараас бүтнэ. Сохор эцэг эхээс төрсөн сохор гуйлгачин хүү энэ ертөнцийн хүн бүрийг сохор гэдэгт, бүх хүн сохор болоод л өөрийг нь хэн ч анзаарч мөнгө өгөхгүй байна гэдэгт итгэнэ. Сохор хүү сохор хүмүүсээс гуйлга гуйна. Олсон хэдийнхээ нэг хэсгийг эцэг эхдээ өгөөд, үлдсэнийг нь тэднээс нууна. Юунд зориулж вэ? Өөр нэг хэсэгт Аристакисян төрөөгүй, төрөхгүй хүүгээсээ гуйлгачин л болоорой хэмээн чин сэтгэлээсээ хүснэ. Гуйлгачид л системээс ангид байх боломжтой болохоор тэр. Тэр энд ямар нэгэн дарангуй системийг хэлсэнгүй. Ардчилсан, санхүүгийн, улс төрийн гээд бидний хувь заяанд нөлөөлж байдаг энэ орчлон дээрх бүхий л тогтолцооноос тэр биднийг болгоомжлуулж байна. Төлбөрийн карт, ажил, орон гэр гээд гуйлгачдад системтэй холбогдох юу ч үгүй. Ийм зүйлсээр л систем бидний эрх чөлөөг булаан авдаг. Тэр биднээс “Бид системд амьдарч байна уу, сүнсэндээ амьдарч байна уу?” гэж асууна. Ядуурал гэдэг эрх чөлөө. Гуйлгачид хамгийн эрх чөлөөтэй хүмүүс. Тэд хэн ч биш. Систем тэднийг нулимсан. Тийм учраас тэд эрх чөлөөтэй. Магад ийм болоод л ханхүү Сиддхарта бадар бариа биз. Бид түүнийг байнга л сайхнаар төсөөлөн боддог. Үнэн хэрэгтээ бадар барьж, даяан хийж амьдралаа өнгөрөөсөн Сиддхарта өдөр тутам бидэнтэй гудманд таарах гуйлгачдаас хэр ялгаатай байсан бол. Найруулагч өөрөө ч хиппи коммунд амьдрахыг илүүд үзсэн нь, бидэнтэй харьцуулахад системээс илүү ангид амьдардаг нь өмнө дурдсан шиг эх хувь бүтээл төрүүлэх боломж олгоо биз. Аристакисяны хувьд систем үгийг ч зэрэмдэглэжээ. Нэгэн хэсэгт тэр “Хүмүүс үгийн бүхий л хувилбарыг устгахад, хэлээ залгихад, ичгүүрээсээ болоод ярих чадвараа гээх тэр цагт чи ярьж эхлээрэй” хэмээнэ. Аристакисяны хувьд кинон дээрх эдгээр нийгэм /систем/-ийн гадна хаягдсан хүмүүс бол эмзэг доройчууд биш хамгийн тэнгэрлэг хүмүүс. Тэд нүгэлгүй гэгээн. Хар санаагүй гэнэн. Эд хөрөнгө, эрдэм мэдлэгт эвдэгдээгүй хүмүүний анхдагч ахуйгаар амьдарч буй, амьдралыг биднээс илүүтэй таньсан, бурханд хамгийн дөт хүмүүс. Бурханы биш хүмүүний л сэдэж олсон үй олон материал хийгээд санаанд баригдсан бид жинхэнэ амьдралыг мэдэхсэн бил үү? Энэ бүгдээс ангид тэд л амьдралын мөн чанарыг мэдэх биз ээ. 



Тийм ээ, киноны ихэнх хэсэг нүд хальтрам. Гэхдээ эцэст нь энэ л оршихуй хамгийн тэнгэрлэг гэдэгт итгэнэ. Ийм хүмүүстэй цуг амьдарч байгаа гээд бодохоор итгэмээргүй. Аристакисян бидний харахыг хүсдэггүй тэр зүйлээр нэгэн ер бусын гоо үзэсгэлэнг урлажээ. Хэдийгээр урьдчилсан зохион байгуулалтгүй баримтат зураг авалтаас кино бүтсэн ч зарим нэг зураглал нь уран зураг, хуучны гэрэл зургууд, А.Сокуровын бахдам үзэсгэлэнтэй кинонуудын зураг авалтыг санагдуулна. Баримтат ба уран сайхны гэсэн кино урлагийн хоёр өөр хэлийг Аристакисян ийн нэгтгэжээ. Гэхдээ энэ нь анхнаасаа Аристакисяны зорилго байгаагүй нь мэдээж. Хэрэв ингэж зорьсон бол ийм хүчирхэг бүтээл болж чадахгүй байсан биз. 

...Интеллектуал гэж нэрлээд байдаг үзэгчид аргумент хайж, үзэл бодол, итгэл үнэмшлээ бататгах гэж кино үздэг. Зугаа цэнгэл, гоо зүйн таашаалын алиныг нь ч тэд хайхардаггүй. Хэлэлцэх сэдэв л хайдаг. Ийм төрлийн үзэгчдийн амжилт нь онгирох, гайхуулахад л оршдог. Үүгээрээ тэд мэйнстрийм киноны үзэгчдээс ямар ч ялгаагүй. Тэд зүгээр л интеллектуал байдлаар зугаацахыг киноноос хүлээдэг. Тэд онгирон сайрхах гэж Сталкер, эсвэл Сокуровын кинонуудыг үздэг... 1960-аад онд кино ид шид хэвээрээ л байлаа. Энэ үед симболик байдлыг үзэгчид амархан хүлээж авч чаддаг байсан. Тэд бэлгэдэлт ертөнцөд илүү ойр байсан. Харин одоо цагт үзэгчид киног ид шид гэж үзэхээ байжээ. Тэд зугаацах гэж, сэтгэл хөдлөл хүсч кино үздэг. Тэгэхээр одоо үзэгч биш, үйлчлүүлэгчид л үлдсэн... Артур Аристакисян.