Өмнөх тэмдэглэлээс минь анзаарсан бол  кинонуудыг насны дарааллаар нь ангилсныг мэдсэн болов уу. Миний гучин насны төлөвлөгөөний нэг хэсэгт багтаж буй зүйл бол эхний мөрөнд байгаа дөрвөн киног дахин дахин давтаж үзэх явдал юм. Хэрвээ та гучин нас дөхөж яваа болоод уг насыг аль хэдийн давсан нэгэн бол надаас илүүг эдгээр кинонуудаас мэдэрсэн нь дамжиггүй. Тиймээс эдгээр киног үзээд төрсөн миний сэтгэгдлийг хүлээж авах эсэх нь та бүхний дур билээ. Харин надтай ойролцоо насны буюу хорь дөнгөж давж яваа залуус өөрсдөөсөө ахимаг насны гол дүрүүдтэй киног хэрхэн хүлээн авч, тэдгээрийн амьдралыг яаж тунгаадаг нь тун сонирхолтой санагдаж байна. Ингээд өнгөрсөн нийтлэлд "Хайрын сэтгэл" болоод "Орчуулгын алдаа" киног үзээд төрсөн сэтгэгдлээ бичсэн бол энэ удаад үлдсэн кинонуудын гол үйл явдлыг дурдалгүйгээр  зурвасхан тэмдэглэл бичиж үлдээхээр шийдлээ.

Миний хувьд "Алмайрал ба Будлиан" киногоор танил болсон Ричард Линклейтерийн ”Нар мандахаас өмнө", "Нар жаргахын өмнө", "Шөнө дундаас өмнө" гэх гурвалсан бүтээлээс "Нар жаргахын өмнө" буюу хоёрдугаар хэсгийг сонгон авсан нь өөрийн гэсэн учиртай. Уг гурвалсан бүтээл нь ес, есөн жилийн зайтай гарсан ч над шиг азтай хүмүүст есөн цаг ч хүрэхгүй хугацаанд гурвуулангийн дараалуулж үзэх боломж тохиосон байх. Гэхдээ үүнийг аз гэхэд хэцүү. Нэг талаас бодоход тэр их хугацааг алгасан шууд үзэж чадах боломж тохиосон ч эсрэгээрээ энэ их урт хугацааны хүлээлтийг мэдрэлгүй хоёр, гуравдугаар хэсгийг хүлээж авсан нь надад маш том дутагдал болсон шиг санагдана. Хэрвээ би  есөн жилийг энгийн л амьдралаараа өнгөрөөн, сургуулиа төгсөж ажил хийх зэргээр  Жесс, Селин хоёрын дараагийн уулзах мөчийг тэдэнтэй хамт сэтгэл догдлон хүлээсэн бол эрс ондоо мэдрэмжтэй үзэхийг мэдэж байна. Гэвч яг энэ хэсэг л уг гурвалсан бүтээлийн оргил хэсэг шиг санагдсан тул сонгож авав.

"Нар жаргахын өмнө" киног эхлүүлэхэд л өмнөх хэсэгт гарсан өнөө урт үстэй, савхин хүрэм өмсдөг залуу маань үсээ богиносгож, хослол өмссөн, бага зэргийн үрчлээс тогтсон  энгийн нэгэн зохиолч болсныг харахад гонсойх сэтгэл төрөхөөсөө илүү баярлана. Охин, хөвгүүн хоёр аль хэдийнээ томорч өөрсдийн гэсэн ажил мэргэжил, гэр бүлтэй томчууд болсон байх ажээ. Гэхдээ л хамгийн чухал зүйл нь өөрчлөгдөшгүй хэвээр.  Үүнээс цааших үйл явдлыг бичилгүй үлдээе. Уг киног анх удаагаа үзэх гэж буй үзэгч та ямар ч насны бай гарцаагүй нэг зүйлийг мэдрэх нь ойлгомжтой гэж бодож байна.  Их сургуулиа ч төгсөж амжаагүй та ирээдүйн, уг кино дээр гарах Жесс, Селин хоёр шиг л амьдралтай нүүр туулж яваа бол одоогийн, аль хэдийн гэр бүлээ цогцлоож яваа нэгэн бол өнгөрсний мэдрэмжийг,  гэхдээ нэг насанд үргэлжлэх тэр л танил мэдрэмжийг бүх цагийн үелзлээс мэдрэх болно. Магадгүй та хэзээ ч мартаж чадахгүй бас ганц л учирч болох тэр л дурсамжийг сэтгэлдээ тээсээр байгааг мэдэх болно ... Яг л уг кино дээр Селин “Бид залуу байхдаа хэнтэй ч хамаагүй харилцаа холбоог тогтоож болно гэж боддог байх. Гэхдээ амьдрал үргэлжлэхийн хэрээр иймэрхүү учрал цөөхөн л тохиолддог гэдгийг ойлгох юм” гэж хэлдэг шиг зүйлийг мэдрэх биз ээ.

"Цэнхэр валентин" үүний эсрэг утга агуулгыг илэрхийлсэн ч байж болох юм. Гэхдээ юу гэвэл киног давтан үзэх болгон илүү ихийг ухаарч, гол утгын харах гэж оролддог байж болох ч анхны мэдрэмж, сэтгэл хөдлөл гэдэг надад юу, юунаас илүү чухал санагддаг. Тэр мөч бол дахин давтагдашгүй. Тиймдээ ч "Цэнхэр валентин"-ыг үзээд төрсөн анхны сэтгэгдлийг мартахын аргагүй. Бид өөрчлөгддөг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өнгөрсөн, одоо, ирээдүй гэдэг гурван биеэсээ тэс ондоо болохыг ойлгох болно. Өнгөрсөнд хайрлаж байсан хүмүүс одоо өөрчлөгдсөн шиг санагдаж, ирээдүйд  хамт байх эсэхэд эргэлзэж эхэлдэг. "Цэнхэр валентин"-ыг үзээд төрсөн анхны сэтгэгдэл гэвэл ийм л байна. Уг кино "Нар жаргахын өмнө" шиг цаг хугацааны завсаргүй шууд л өнгөрсөн ба одоог харуулах тул та тэдний хэр өөрчлөгдөж буйг нүдэн дээрээ ухаарах болно.  Хөнгөхөн гуниг төрүүлэх уг киног үзээд та тэр хоёр хосын аль нэгийг буруутгаж магадгүй. 

Сайтар анзаарах юм бол “Өмнөх гурвалсан бүтээл”-ийн өнгө дулаахан улаан, шаргал өнгөнөөс бүтэх мэт зураглалтай санагдах бол “Цэнхэр валентин” эхнээсээ л өөрсдийн зорилгыг тодорхойлох цэнхэр өнгийг суурь болгон киногоо үргэлжлүүлэх ажээ. Миний зүгээс  “Өмнөх гурвалсан бүтээл”-ийг үзсэнийхээ дараа Цэнхэр валентинийг үзээрэй гэж зөвлөх байна.  Удаан үргэлжлэх ёстой бүхэн ямар холбоог бие биетэйгээ үүсгэхгүй бол хэрхэн бутарч унах эсвэл үхэн үхтэл үргэлжлэхийг уг кинонуудыг үзээд ойлгоно гэж найдна.

Харин одоо 2 дахь мөрөнд байрлах "Саммертай хамт 500 хоног", "Богино ээлж 12", "Зожиг байхуйн ач", "Би, Эрл бас үхэж буй охин" гэх уг дөрвөн кино бол залуу насандаа яваа та бүхэнд гэж бичихэд үзүүштэй кино шүү гэж зөвлөж байна.

"Богино ээлж 12" киноны зохиол бол зүрх догдлуулам гэхээс өөр тодорхойлох үг алга байна. Асуудалтай өсвөр насны хүүхдүүдийг эмчлэх зусланд Грейс, Мейсон гэх хоёр ажилтан байх ба Грейс ч өөрийн гэсэн асуудалтай нэгэн байв. Хэчнээн өөртэйгөө тэмцэлдэх гэж оролдсон ч түүний хуучны дурсамжууд арилж өгөхгүй л байлаа. Гэвч Мейсон түүнийг сэтгэлээр дэмжин үргэлж хайрлахаа илэрхийлнэ. Энэ бүхний хажуугаар шинээр дадлагажигчаар ирсэн залуу Нейт орчинтойгоо зохицох гэж хичээх ба түүнтэй л нэгэн адил шинээр эмчлүүлэхээр ирсэн Жейдэн гэх охин бусдаасаа дөлөх ажээ.  Бусад нь  ч хоорондоо бүрэн дүүрэн ойлголцож чадахгүй байгааг та бүхэн үзэгч болбоос киноны эхнээс л ойлгох болно. Маркус болон Люс гэх хоёр хүү үргэлж муудалцахын хажуугаар Сэмми гэгч хүүгийн сэтгэл зүйн байдал тогтворгүй тул зуслангаас үе үе гарч гүйнэ. Хэдий Грейс  тэднийг асран хамгаалагч шиг ажиллах ч тэдэнтэй л адил өөрийнхөө асуудлыг давах гэж амьдарч яваа жирийн л нэгэн эмэгтэй байх аж. Ийм л хүүрнэл, ийм л зохиол. Та уг киноноос ямарваа нэгэн гол дүрийг олж харах гэж хичээх хэрэггүй. Бүгд л өөрсдийн амьдралтай дасан зохицохыг хичээж буй хүмүүсийн өдөр тутмын амьдрал гарах болно. Эндээс хамгийн сайхныг биш юмаа гэхэд халуун дулааныг мэдрэх болно. Гэвч заримдаа таныг гуниглуулж магад. Эцэст энэ киноны талаар бичихэд кино  дээр Маркус хүүгийн дуулах дууны “Чи энгийн амьдралаар хэрхэн амьдрахыг  мэдэхгүйгээр амьдрах амьдралыг мэдэх болно” гэх мөр уг киноны зарим хэсгийг тодорхойлдог  биз ээ.

Дээрх кинонуудаас хамгийн ихээр “Зожиг байхуйн ач” болоод "Би, Эрл бас Үхэж буй охин" кинонуудыг харьцуулан дүгнэлт гаргахыг минь зөвшөөрнө үү. Энэ хоёр кино бол хоёул ахлах сургуулийн амьдралыг харуулахаас гадна гол дүрийн хөвгүүд нэг эмэгтэй болоод нэг эрэгтэй найзтай болдог. Найз гэдэг ойлголт ч киноны эхлэлд гол дүрийн  хоёр хөвгүүнд эргэлзээтэй байдаг. Тэр хоёр хоёул киноны эхлэлд өөрсдийн түүхийг өөр өөрсдийн аргаар бичиж эхлүүлдэг.  Ямар нэгэн байдлаар “Би, Эрл бас Үхэж буй охин”-ы Би болох Грег “Зожиг байхуйн ач”-ын гол дүр Чарлигаас илүү сургуульдаа нийгэмшиж чадсан мэт харагдавч киноны төгсгөл хэсгээс та бүхэн Грегийг Чарли шиг ахлах сургуулийн ямар нэгэн бүлэгт харьяалагдаж амьдраагүй хүүхэд болохыг ойлгоно.  Мөн уг хоёр киног адилтгаж буй зүйл бол тэдний багш нар. Чарлигийн утга зохиолын багш Андерсон ба Грегийн түүхийн багш МакКарти нар хоёр хөвгүүний асуусан асуулт, ярилцах гэсэн сэдэвт нь том хүн шиг зааж сургах гэсэн биш найз шиг  л зөвлөмжийн үгс хэлдгээрээ энэ хоёр киног чимж өгчээ.

Мэдээж, ийнхүү харьцуулахад уг хоёр кино бүтцийн хувьд ижил төстэй мэт харагдавч зохиолын хувьд эрс өөр.  Гэхдээ утга санааны хувьд дөхөж очиж болох юм. Чарли бол бие, сэтгэл зүйгээр шархалсан нэгэн байх агаад түүний амьдралд Патрик, Сэм гэх ахлах сургуулийнх нь хоёр сурагч гарч ирснээр түүнд өөрчлөлт явагдаж эхэлдэг. Харин Грег эсрэгээрээ хорт хавдартай  үхэж буй охины амьдралд Эрлтэй цуг орж ирснээр үхэж буй охины болоод өөрийнхөө амьдралын нэгээхэн хэсгийг өөрчилж чаддаг.  Гагцхүү уг хоёр киноны гол ялгаа үүн дээр л байж магадгүй. Амьдрал, зан суртахууны хувьд ялгаатай ч хоёр хөвгүүн маань нөхөрлөл, хайр дурлалын утгыг олох гэсэн, гуниг, гутралыг давж баяр баяслыг мэдрэх гэсэн тэдгээрийн хүсэл яг л адил мэт санагдана.

Хоёр киноны төгсгөл  ойртох тусам миний зүрхийг түгшээсэн. Хөгжмийн найруулгыг заавал ч үгүй уг хоёр киноны төгсгөл хэсэг дээр дурдахгүй бол болохгүй. Киноны үйл явдлын хажуугаар сонсогдох дуунууд улам зүрхний цохилтыг хурдасгаж киноны зангилаа хэсэгтэй хүлж орхиод тайлалтай хамт сул тавих мэт мэдрэмжийг өгнө. Тэдгээр хөвгүүд ирээдүйд санаа зоволгүй одоогоор л амьдарсныг, амьдарч буйг тэдгээр ая аялгуу, түүх та бүхэнд ойлгуулах байх.

Гэхдээ хувь хүний зүгээс “Зожиг байхуйн ач”-ын Чарлигийн амьдрал миний зүрхэнд улам илүү хүрсэн. Грег амьдралд хөл тавих болоогүй ,  сонирхол нэгт Эрлтэй багаасаа кино хийж, бусадтай орооцолдолгүй явахыг л хүссэн хүү байв. Түүний амьдралд үхэж буй охин гарч ирэхэд л тэр ямар нэгэн шинэ зүйлийг мэдэрч эхэлсэн. Хамгийн гол нь түүний амьдралд үхэл тохиогоогүй байсан. Харин Чарли бол өөр. Чарли амьдралд хөл тавих болоогүйгээс илүү амьдрлаас ч хол хөндий төдийгүй өөрийгөө бодолдоо түгжсэн зожиг хүү байв.  Түүний амьдралд аль эрт үхэл тохиожээ. Тэр тэндээс ямар нэгэн сэтгэлийн шаналал мэдэрнэ. Хүмүүстэй ойртож чадалгүй, дотнын хүмүүсээ гомдоох юм шиг бодлыг өөртөө тээнэ.  Хэрвээ түүний амьдралд Сэм, Патрик хоёр гарч ирээгүй бол зожиг амьдрал нь хэрхэх байсныг бүү мэд.  Энэ киноноос мэдэрсэн миний хамгийн анхны мэдрэмж бол “Бид хэн нэгэнтэй хамт байх гэж, зүрх сэтгэлээ хуваалцах гэж, одоо байгаа бүхнээ мэдрэх гэж л төржээ” гэсэн бодолтой үлдсэн нь байв. Энэ бол миний залуу насандаа үзэж болох хамгийн гайхалтай бүтээлүүдийн нэг байсан.

Хэрвээ уг киног үзсэн зожиг нэгэн байвал, мөн танд Сэм, Патрик хоёр шиг найзууд гарч ирээгүй бол та битгий гуниглаарай. Заавал ч үгүй тэд өөрсдөө гарч ирэх ёсгүй.  Киноны хэсэгт бүжгийн талбай дээр дөлгөөнөөр Сэм, Патрик хоёр луу дөхөж очих Чарли шиг л таалагдсан хүмүүс дээрээ очиж яриа өдөөрэй гэж зөвлөх байна.

Ингээд уг тэмдэглэлийг бичих зориг өгсөн “Би, Эрл бас Үхэж буй охин” киног гаргасан “Алтан Хальс” холбооныхонд баярлалаа.  Эдгээр кинонууд миний хувьд гайхалтай амьдралын хэсгүүдийг харуулж намайг үнэхээр амьд буй мэдрэмжийг өгч чадсан кинонууд юм шүү гэдгийг бичье. Дахин тэмдэглэхэд уг тэмдэглэлийн гол зорилго бол дэлгэцийн урлагийн жинхэнэ амьдралын хэсгээс таашаахыг хүссэн тэр л үзэгчдэд зориулж зөвлөсөн кинонуудыг өөрийн дүгнэлтээрээ тайлбарлахад оршлоо.

Төгсгөлд нь цохон тэмдэглэхэд заавал үзэх ёстой кинонууд биш бидний тус бүрийн сэтгэл зүрхэнд хүрэх кинонууд оршдог байх хэмээн бичмээр байна.  Тэмдэглэлийг дуустал уншсан та бүхэнд баярлалаа.