Ийнхүү тэмдэглэл эхлүүлж буй гол зорилгоо ихэнх уншигчдад ойлгомжтой байлгахын тулд юун түрүүнд бичье. Энэхүү тэмдэглэлийн гол зорилго бол амьдралын энгийн хором мөч бүрийг ч таашаахыг хүссэн, хэн нэгэнд итгэх итгэлээ алдаж буй, нас явж бодол өөрчлөгдсөнөөр олон санаа толгой дотор тань эрээлжлэх үед, өөрийгөө үзэн ядах сэтгэгдэл ундран гарч таныг зовоож байгаа бол, сэтгэлийн шаналал ихсэх мөчид, жаргалтай үедээ ч хөнгөхөн гуниг хэсэг хором мэдэрмээр та бүхэнд, хувь хүн бүрд эдгээр кинонуудыг ЗААВАЛ БИШ ч амьдралдаа нэг удаа эхлүүлээд хаясан ч хамаагүй сонирхоод үзээрэй гэж зөвлөхөд оршино. Үүнээс цаашихыг уншихгүйгээр эхнээс нь кинонуудаа цаг заваараа үзээд явж болно.  Доод мөрөнд зураг дээрх дэс дарааллаар нь кинонуудын нэрсийг бичиж үлдээлээ.

Хайрын сэтгэл, Орчуулгын алдаа, Нар жаргахаас өмнө, Цэнхэр Валентин, Саммертай хамт 500 хоног, Богино ээлж 12Зожиг байхуйн ач, Би, Эрл бас үхэж буй охин. Мөн эдгээр кинонууд дунд зайлшгүй багтах ёстой гэж бодож байгаа кино бол 50/50.

Энэ жагсаалтыг ямар ч уялдаа холбоогүй, киноны төрлийн хувьд ялгаатай байдлаар огт гаргаагүй. Ингэж  хичээнгүйлэн ийм жагсаалт гаргаж тэмдэглэл хөтлөх болсон гол шалтгаан нь Dreamers-ын 12-р сарын 9-ний үзвэр “Би, Эрл бас үхэж буй охин” киног үзсэнтэй салшгүй холбоотой билээ. Уг кино нь миний цомхон ертөнц дотор багтах бусад кинонуудын хэсгийг агуулсан байсан тул ихэд таалагдсан.  Нэг ч аллага, өс хонзон, дайн тулаан, хар хэл ам, ОНЦГОЙ (гэнэт гайхамшиг тохиож, шууд л ухаарал олж, амжилт байгуулах гэх зүйлс энэ үгэнд багтана) үйл явдалгүйгээр өрнөх “Би, Эрл бас үхэж буй охин” киноноос мэдэрсэн зүйлийг зураг дээрх бусад долоон киноноос ч мэдэрсэн болохоор шууд л эдгээр кинонуудаар жагсаалт гаргах сэдэл төрсөн юм.

Эдгээр кинонууд бол бодит явдал биш ч БОДИТ амьдрал дээр өрнөх хэсэгхэн хүмүүсийн өдөр хоногийг хэрхэн өнгөрөөж, он жил улиран одоход яаж өөрчлөгдөж, юмсыг хэрхэн хүлээж авч, энгийн яриа өрнүүлэнгээ хэрхэн бие биесээ мэдэрч буй бидний сэтгэл зүйг буюу эцсийн дүндээ Амьдрахын Хайрыг харуулах кинонууд юм. Амьдрахын хайр гэдэг бол дэлхийгээс утга учрыг хайх эсвэл хайхгүйгээр өөрийгөө болон өрөөлийг хайрлах, найз нөхөд, гэр бүл, дурсамж, дурдатгал, сэтгэгдэл, өөрийн гэсэн мэдрэмж, хүнээс мэдрэгдэх мэдрэмжийг хайрлахын цогц буюу амьдралдаа хайрлаж үзсэн бүх зүйлийн нэгдэл юм.

Бидний амьдралд юу ч тохиож болно. Гэхдээ цус сорогч гарч ирж, гэнэтхэн мафийнхантай орооцолдож, өөр ертөнц дээр очно гэсэн утга агуулахгүй. Харин амьдралд багын дурсамжидаа хоригдож өөрөө өөрийгөө зэмлэх үед яахаа мэдэхээ болих, зүгээр л танил байсан хүн чинь хүнд өвчнөөр өвдсөнийг гэнэт мэдэх, хүмүүстэй ойлголцож чадахаа байх, сайн хүндээ тоогдохгүй үлдэх, нас ахих тусмаа эхнэр нөхрөөсөө залхаж (залхахаасаа илүү түүндээ урам хугарах гэж ч болох юм.) зангийн тэвчихээ байх, амьдрал нэг л хэвийн болох, дотно түүндээ хууртаж эхлэх зэрэг цаг үе өнгөрөх тусам эдгээрээс болж мэдэрч болох сонин мэдрэмжүүд, цааш үүдэх үйл явдлууд тохиох болно. Эдгээр кинонууд үүнийг л харуулна.

Хэрвээ киног зохиол, жүжиглэлт, зураглал, хөгжмийн найруулга, өнгө, хувцаслалт зэргээр шүүдэг бол уг нөхцөлүүдийг бүгдийн биш ч тус тусдаа аль нэгийг нь маш сайн хангасан бүтээлүүд гэж үзэж байна.  Хүний туулж өнгөрүүлсэн амьдрал болоод мэдлэг киног дүгнэхэд чухал нөлөө үзүүлдэг гэж боддог тул эдгээр кинонууд дээр заримдаа хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан ч байж болох юм. Гэхдээ олон нийтэд биш зөвхөн өөртөө бодож дүгнэлт гаргах нь миний хувьд чухал.

Хайрын сэтгэл, Орчуулгын алдаа гэх уг хоёр кино  зохиол болоод цаг хугацаа, орон зайн хувьд эрс тэрс ялгаатай ч үлдсэн зургаан киноноос илүү хүчтэй болгож буй нэгэн зүйл нуугдаж байгааг би бичмээр байна. Энэ бол КИНОНЫ ХЭЛ.

Болдогсон бол хэчнээн хоромд нь үг хэлж, хэчнээн хором чимээгүй байсныг нь уг хоёр киноноос мэдмээр санагдана. Ихэнх хэсэгт нам гүм (нам гүм гэдэг ойлголт дуу чимээ гарахгүй байхаар хязгаарлагдахгүй. Харин бид сонсохгүй байсан ч ойлгох болоод мэдрэх зүйлээр тодорхойлогдоно.) өрнөх хоёр кино маань бидэнтэй киноны хэлээр ярина. "Хайрын сэтгэл" киноны эхлэл хэсгээс гол дүрийн хоёр нэг айлд зэрэг нүүж байгаа дүрс бол киноны хэлний нэг хэсэг. Тэдний ярьж буй зүйл үл анзаарагдахаар ойлгомжтой хэсгийг харуулна. Тавилга нүүлгэгчид нэг өрөөнөөс нөгөө өрөө хүрэхдээ хоёр гол дүрийн эд хэрэглэлийг буруу зөрүү зөөж байгааг тодхон харж болох юм.  Удалгүй дараагийн хэсгээс гол дүрийн залуу булан эргээд орох гэрийнхээ ханыг налж зогсох бодролын мөч гарах хэсгийн залгаа болж бүсгүйн киноны туршид хэд хэд давтах бэлэн хоолны газар луу алхах хэсэг гарна. Эрэгтэй болоод эмэгтэй хүний юмсыг тунгаах бодролын мөчийг бид уг киноноос хэд, хэдэн хэсэгт харж ялгааг нь ч өөр өөрсдийнхөөрөө дүгнэж болох юм. Ингээд үргэлжлүүлэн киноны туршид гарах киноны хэлийг тод агуулсан хэсгүүдийг мөн нэрлэн бичье. Үсээ тослон, мөлийтөл самнасан, цагаан цамцтай, зангиа зүүсэн энгийн нэгэн залуу ажлынхаа өрөөнд толгойнхоо ар дагзны хэсгээс тамхи салаавчилсан гараараа түших ба тамхиных нь утаа өрөөнд замхран, үүл мэт дээш удаанаар хөөрнө. Утааг энд нь орхиод дахин залуугийн тухай яривал тэрээр тулааны урлагийн тухай номоо бодлогошрон шөнийг элээн бичиж сууна. Залуу тамхиа асаан баагиулах хэсгүүд  амьдрал дээр хэн нэгэн ингээд байж байхад энгийн харагддаг ч киноны хэсгээс харахад содон мэдрэмж төрж эрэгтэй гол дүрийн бодлыг таах гэж,  тэр л хэсэгтэй хамт байх гэж тэмүүлнэ. Нөгөө талаас эмэгтэй гол дүр бусад айлын эхнэрүүдийн хажууд туялзан алхах бөгөөд  хүнгүй гудамжаар ч тэр хэмнэлээ алдахгүй явах хэсгүүд олонтой гарсны дараа өндөр өсгийтэй тайлан улгүй мэт шаахайгаа авах үеийг орон доороос зурагласан нь маш их таалагдсан. Цаашилбал киноны сүүлийн хэсэг дөхөх үед залуу дэн буудлын өрөөнөөс гарахад цаг хугацаа зогсох мэт удааширч, нэвт гэрэлтэх ув улаан хөшигнүүд зөөлөн салхинд намилзан, залуу тасалгааны яг голоор алхаагаа удаан гэгч нь зөөн харагдавч бүсгүй гүйцэж чадалгүй өрөөнд ганцаар суух хэсэг гарна. Ихэнх кино дээр гарах сайн нэгнээ алдаж буй бүсгүйчүүд шиг шууд уйлан хайлалгүй байгааг нь хараад хөнгөхөн гуниг төрөх ба хэсэг хором дуугүй сууж бодлогоширсны эцэст бие нь үл ялиг чичирч, нүд нь анивчин анивчсаар, эцэстээ нулимс дуслуулахад түүнийг дагаад зүрх хамтдаа зүсэгдэх шиг нэгэнт кинондоо автаж түүний, бүсгүйн, эмэгтэй хүний зүрх сэтгэлийг мэдэрч байгаагаа ойлгох болно. Энэ бүх мэдрэмжийг намилзах улаан хөшигнүүд, буудлын хаалттай бор хаалганууд, юу ч үгүй мэт аниргүй хоосон эгнээ хуваалцах мэт санагдана.  Эцсийн эцэст эдгээр киноны хэсгүүд зохиолтой нягт холбогдож киног бүрэн бүтэн болгоно. Ингэж л киноны хэл мэндэлж буй хэрэг байх. Яг л бидний дэргэд байгаа мэт , тухайн гол дүрийнхээ мэдрэмжийг хуваалцах гэсэн тэр л чимээгүй хэсгүүд киноны хэлний гол утга учир биз ээ.

Үүнийг “Орчуулгын алдаа” дээр ч сайн харуулсан гэж бодно. Кино эхлэхэд л Боб Харрис (киноны гол дүр) такси дотор зүүрмэглэхээс сэрж өөрийн үл таних газраа сэм сэм ширтсээр гарч ирнэ. Дараагаар нь өрнөх түүний ресторанд виски уух, шүршүүрт орох, орон дээрээ ганцаар суух хэсгүүд амьдралын хэсгүүдийг харуулах мэт буужээ. Харин Шарлотт (киноны гол дүр) – ийн энгийн өдрүүдийг буудлын өрөөндөө ганцаар байгаагаар, том орон дээрээ хэвтэж буйгаар, чихэвчээ зүүн том шилэн цонхны араас их хотыг ажигладгаар, гав ганцаархнаа мөн л том усан бассейнд сэлдгээр, галт тэргэнд ганцаар дуугаа сонссоор Киото орж, сүм дуганаар алхдагаар дүрсэлнэ. Тэдний хамгийн анхны уулзалт дүүрэн хүнтэй лифтэн дотор лифтний хоёр булангаас эгцлэн харж байгаагаар буудаг (Гэвч яг энэ мөч Боб Харрисын зүгээс л Шарлоттыг инээмсэглэж буйгаар харсан мөч байжээ. Үүнийг киног нь бүтэн үзсэн хүмүүс мэднэ. Ингэж харсны тайлбар гэвэл тэрээр танихгүй ертөнцдөө өөрийн мэдэж болох төрөл нэгтнээ харсан сэтгэлээс л болсон байх.). Ийнхүү уг хоёрын өдрүүдийг ресторанд харц мөргөлдөн нэг нэгнээ ажиж буйгаар, хүмүүс ийш тийшээ сүлжилдэн гарах өргөн замын гарц дээр хоёул инээн хурдтай гүйдгээр, караокены өрөөн дотор болоод гадна бие биеэ харах болоод Шарлотт Боб Харрисын мөрийг түшиж буйгаар, буудлын өрөөний орон дээр зэрэгцэн хэвтдэгээр илтгэнэ. Энэ мэт энгийн л  үзэгдлүүд ар араасаа хөврөвч миний сэтгэлийг ямар нэгэн юм булаана. Амьдрал дээр хийдэг л тэдгээр үйлдлүүд кино дээр буухаараа яаж тийм мэдрэмж өгч байгааг гайхна.

Киноны зохиол киноны хэлтэйгээ уялдах тэр мөчид тухайн бүтээлийн жинхэнэ мөн чанар, утга санааг бодож тунгаах биш харин шууд сэтгэл зүрхээрээ мэдэрч чадахаар болдог ажээ.

Эдгээр киноны тайлбар хэсгүүдээс киноны хэл гэгч зүйл нь уг хоёр киног бусдаасаа хэрхэн онцгой болгож буйг ухаарсан гэж найдаж байна. Ер нь киноны хэл гэдэг нь юу юм бэ гэвэл зохиол, жүжиглэлт, зураглал, өнгө, аясыг нэгтгэн холбож амьдралын энгийн мөчийг ч төгс буулган ер бус мэдрэмж өгөх, секунд бүр нь утга илэрхийлэхээр гэрэл зураг болохуйц мөчийг л хэлнэ гэж үзвээс уг хоёр кинонд үүргээ маш сайн биелүүлжээ.

Энгийн л материаллаг ертөнцийн голд бид ихэнх цагийг ганцаар өнгөрүүлж, түүний тэг дунд ямарваа нэгэн юмыг хийж зогсон өөрсдийн амьдралаа зохицуулахыг оролдож, эсвэл юу ч бодолгүй хэсэг байдгийг эдгээр кинонууд мартаагүй юм. Дүрүүд нь өөрсдийн гэсэн орон зайгүй, юу ч тунгаадаггүй юм уу гэлтэй киноны турш учир нь олдохгүй агаарт замхрах хий чихсэн үгс урсгах, эмх замбараагүй зураглалтай кинонууд өнөө цагт олон болсон. Гэвч ертөнцийн мухарт ганцаар суун бодлогошрох цагийг дүрүүддээ элбэг олгон, тэдгээрт зан чанар, үйл хөдлөлийн хөгжүүлэлт хийх боломжийг өгч, тухайн хэсгийг киноны хэлээр ярих дүрс болгон буулгаснаараа энэ хоёр кино сайн бүтээлүүд болж чаджээ.

Үргэлжлэл бий.