Auteurism - Кино найруулгын өөрийн гэсэн хэв маяг.

"Энэ бүхэн миний хамгийн гайхалтай болон хамгийн хэцүү цаг мөчүүд байв." Ингэж улиг болсон тодорхойлолтоор захидлаа эхлүүлэхээс татгалзсан нэгэн хүүгийн өсвөр насны түүх энэ кинонд гарах болно. Ямартай ч 2015 оны Сандэнс Кино Наадмаас 2 ч том шагнал (Дээд шагнал болон Үзэгчдийн шагнал) хүртсэн энэхүү кино нь найруулагч Альфонсо Гомес-Рехоны хоёр дахь бүрэн хэмжээний кино юм. Энэ бол баримт (түүхийн багш МакКартигийн хэлдгээр).

Дээр өгүүлсэнчлэн, энэхүү түүх нь гол дүрийн залуугийн нүдээр бидэнд хүрнэ. Хэдийгээр ихэнх хүн уг бүтээлийг өндрөөр үнэлсэн ч таалаагүй үзэгчид, шүүмжлэгчдийн сэтгэгдлүүд ч цөөнгүй. Тэдний дунд кино шүүмжийн домог Рожер Иберт ч багтах юм. Тэдгээр шүүмжүүд дунд нийтлэг анзаарагдсан асуудал нь гол дүр болох Грегээс бусад дүрүүдийг дутмаг хөгжүүлэлт юм. Найруулагч Альфонсо нь голчлон телевизийн цуврал найруулсаар ирсэн бөгөөд та бидний сайн мэдэх Glee болон American Horror Story-д чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Тиймээс магадгүй дүрээ хөгжүүлэх хангалттай цаг хугацааг телевизийн цувралууд л олгодог шүү дээ тиймээс бага хугацаанд дүр хөгжүүлэлт хийх чадвар дутсан байх гэж хэлж болох ч зохиолд чухал үүрэгтэй дүрүүдийн талаар ч хангалттай ихийг кино өгүүлж чадахгүй. Бүр киноны нэрэнд багтсан тэр дүрүүд шүү дээ. Эрл яагаад ядуу гэр бүлд өссөн ч сонгодог арт кино сонирхох болсон, эсвэл хорт хавдар туссан охины дотоод сэтгэл зэрэг тэр бүр кинонд дэлгэрэнгүй өгүүлэгдэхгүй. Миний бодлоор нэгэнт кино гол дүрийн нүдээр, түүний бичсэн захидал дээр тулгуурлан өрнөж байгаа учраас өөрөөсөө өөрийг анзаарах сөхөөгүй өсвөр насны хөвгүүдийн бодол шиг эмх замбараагүй хэв маягийг найруулагч сонгон авсан ч байж болох. Гол дүрийн охины жинхэнэ дүр төрхийг харуулах киноны төгсгөлийн хэсэг миний энэ таамгийг дэмжих шиг санагдсан.

Нэмээд энэхүү өсвөр насны инээдмийн драма нь кино фанатаас киноны адал явдлын гол дүр рүү хийх ерөнхий хувьслыг харуулсан нь гайхалтай санагдсан. Найруулагч Альфонсогийн киноныхоо тухай ярилцлагууддаа дурдсанчлан, зохиолоо сонгох болсон гол шалтгаан нь хүүхэд наснаасаа л кинонд дурласантай нь холбоотой аж. Зөвхөн бусдын амьдралыг дэлгэцийн цаанаас үзэж, түүндээ хоригдсон, мөн сургуулийнхаа бүлэг фракц бүртэй сайхан харилцаатай байж аль нэг бүлэгт харьяалагдахгүй байснаараа өөрийгөө тусгаарласан нэгэнд үхэж буй охинд зориулан кино хийнэ гэдэг амаргүй даваа биз дээ. Хэдий Грегийг Эрлтэй хамтран кино хийдэг гэж хэлж болох ч тэдгээр нь зөвхөн өмнө нь бүтээгдсэн сонгодог бүтээлүүд бөгөөд түүний чадварыг л сайжруулахаас өөрийн хэв маягаа олоход нь туслахгүй. Энэ бүхэн ч мөн л найруулагчтай нарийн холбогдоно. Альфонсогийн эхний бүрэн хэмжээний кино нь 1973 оны The Town That Dreaded Sundownе-ыг дахин бүтээх оролдлого байсан ба шүүмжлэгчдэд чадварын хувьд гайхалтай ч эх бүтээлийнхээ үйл явдлын хүрээнээс гарч чадаагүй нь энэ киног сул бүтээл болгожээ хэмээн дүгнэсэн байдаг.

Энэхүү бүтээлийн заавал онцлох ёстой хэсэг бол зураглал юм. Энгийн үзэгч ч анзаарахуйц нийтлэг бус, тодорхой хүүрнэл өгүүлэх зорилго бүхий зураглалын шийдлүүд нь киноны турш харц булаах болно. Киноны эхлэлд Грег өөрийнхөө нөхцөл байдлын талаар ярихдаа ахлах сургуульд өнгөрөөсөн эхний хоёр жилдээ бүх сургуулийн хүүхдүүдийг хэрхэн ангилж, загварт оруулснаа бахдалтай нь аргагүй тайлбарлана. Мөн үхэж буй охинтой өнгөрүүлэх өдрүүдээ бүлэг бүлгээр хуваах зэргээс гол дүр маань амьдралыг хэрхэн ангилан эмх цэгцтэй байлгах хүсэлтэйг харж болох юм. Киноны хүүрнэлүүд энэ талаар хангалттай ихийг хэлэх ч Гомесийн сонгосон квадрат зураглалын хэв маяг ахин энэхүү эмх цэгцийг мэдрүүлэх болно.

"Analysis: The cinematography of Me and Earl and the Dying Girl" by The Stranger on Youtube

Гэхдээ энэхүү хэв маяг нь киноны зөвхөн эхний хэсэгт хүчтэй анзаарагдах бөгөөд гол дүрийн охин гарч ирэхэд Грегийн амьдралыг харах өнцөг болон түүний тусгал болох зураглалын арга барил өөрчлөгдөнө. Рэйчелтэй (үхэж буй охин) хамгийн анх уулзах үед зураглалд ямар нэгэн квадрат хэлбэр огт ажиглагдахгүй нь үүний тод жишээ юм.

Яг үүн шиг гол дүрийн өнцгөөс мэдэрч буй зүйлсийг нь илэрхийлэх зорилготой өөр олон зураглалын арга барилыг энэхүү киноноос ажиглаж болох юм. Өөр олон олон сонгодог гэхдээ нийтлэг ашиглагддаггүй зураглалын арга барилуудыг Гомез зоримгоор ашигласан нь дийлэнх тохиолдолд зорилгодоо хүрсэн мэт. Тэдгээр зураглалууд нь яалт ч үгүй өөрсдийн зорилгоо таалгахаар танд ялгаран ажиглагдана гэдэгт итгэлтэй байна.

Гомесийн өгүүлснээр ижил нэр бүхий эх зохиолыг уншаад өөрөөс нь өөр хүн кино болгож чадахгүй гэдэгт итгэлтэй байсан гэж Мартин Скорсезетэй зэрэгцэн энэхүү киноныхоо талаар ярилцан суухдаа хэлж байсан юм. Түүний ахлах сургуулийн он жилүүд үнэхээр л богино хэмжээний кино төслүүдээр дүүрэн байсан ажээ. Гол дүрийн Грегээс өөрийгөө харсан найруулагчид энэхүү зохиолыг өөрийн амьдралын эхэн үеийн түүхийг харуулсан хагас-баримтат кино болгосон нь яалт ч үгүй онцгой бүтээл төрсөн нэг шалтгаан байсан болов уу.

Бид кинонд хайртай. Та бүхэнд ч бас хайртай. Энэ кинон дээрх охин шиг та бүхэн ч бас битгий үхээрэй/алга болоорой гэсэн санаагаар энэхүү эссенд ийм гарчиг өгсөн юм. (Охин үхдэггүй шүү.)

Бидний ЭТНО-гоос iCinema-руу шилжсэн, үүнээс үүдэн тасалбарын үнээ нэмсэн, кино фестивал маань хүрээгээ тэлсэн зэрэг бүгд л өөрсдийн хэв маягаа олох, бас кино урлагийг түгээх зорилгоо чанаржуулах гэсэн оролдлого юм. Яг л Альфонсо шиг, Грег шиг. Харин энэ бол миний та бүхнийг бидэнд бууж өгөхөөс аврах оролдлого юм.

P.S Киноны төгсгөл дэх Брайн Эногийн Big Ship өнө мөнхөд сэтгэл хөдөлгөнө өө. Peace.