Зохиогч: Славой Жижек

Орчуулсан: Ш. Туяа

Хянан тохиолдуулсан: А. Амармэнд

Капитализм ба хүмүүний дараах (post human) нийгэм хоёр хэрхэн холбогддог вэ? Ихэнхдээ капитализм бол түүхэн, харин хүн төрөлхтөн хүйсийн ялгаанаас хамаараад илүү энгийн бүр түүхэн бус гэж үздэг. Бид өнөөдөр хүн төрөлтнөөс хойших нийгэмд шилжих үйл явцыг капитализмтай холбох гэсэн оролдлогын гэрч болж байна. Илон Маск зэрэг “номлогч” тэрбумтнууд бидний мэдэх капитализмын төгсгөл ирлээ гэсэн үгээрээ хүмүүний капитализм төгсөж, хүмүүний дараах капитализм руу шилжиж буй шилжилтийг илэрхийлж байна. "Ирэн дээр гүйгч 2049" кино энэхүү сэдвийг хөндөнө.

Эхний асуулт: Яагаад хоёр хуулбар (Декард ба Рэйчел) бэлгийн хос болж, хүмүүний ёсоор хорвоод үрээ үлдээж буй нь зарим хүний хувьд гайхамшиг эсвэл эсрэгээрээ айсуй аюулын харанга дэлдэж байна вэ? Энэ нь нөхөн үржихүйн асуудал уу эсвэл хурьцлын асуудал уу? Өөрөөр хэлбэл зөвхөн хүн хэмээх нэгэн зүйлийн бэлгийн амьдралын асуудал уу? Гэтэл кино зөвхөн нөхөн үржихүйн асуудал дээр төвлөрч, “Хүмүүний дараах нийгэмд бэлгийн амьдрал нөхөн үржихүйн үүргээсээ ангид оршиж чадах уу?” гэсэн том асуултыг орхигдуулжээ. Мөн бэлгийн амьдралын талаарх хэсэг стандарт хэвээр үлджээ. Хурьцлийг зөвхөн эрэгтэй хүний байр сууриас харуулна. Эр хүнд үйлчлэхээр бүтээгдсэн холограм төсөөллийн эмэгтэй Жойгийн материаллаг суурь нь мах цуснаас бүтсэн андройд эмэгтэй болдог. “Ингэснээр Жой жинхэнэ хүний биетэй байх ёстой болж, улмаар хоёр ижилслийн хооронд гацдаг. Энэ нь эмэгтэй хүн хоёр хуваагдсан субъект гэдгийг харуулах ба мах цуснаас бүтсэн тал нь төсөөлөлд хүргэх хүлэг төдий юм.”1 Хамтрагч нь миний төсөөллийг нээж өгөх төдий бус жинхэнэ Өрөөл1 юм гэх хетеро бэлгийн амьдралын ойлголтыг орхигдуулснаар кинонд хурьцлын үзэгдэл бараг л илэрхий Лаканлаг (“Тэр эмэгтэй” зэрэг кино шиг) гэмээр болжээ. Үүнээс гадна уг кино “бодит биетэй” андройд болон 3D холограм дүрс төдий андройдын хоорондох зөрчлийн ялгааг нарийвчлан харуулж чадсангүй. Мах цуснаас бүтсэн андройд эмэгтэй хурьцлын үед эрэгтэйн бэлгийн төсөөллийг тэтгэх материаллаг суурь төдий байгааг хэрхэн харуулав? Эмэгтэй яагаад энэ бүхнийг эсэргүүцсэнгүй вэ?

Хуучин дижиталь техникийн хог түүгч хэдэн зуун хүүхдийн хөдөлмөрийн мөлжигч хагас хууль бус бизнесмен гээд кинонд мөлжлөгийн байж болох бүх төрлийг харуулжээ. Энэ нь уламжлалт Марксизмын онолын үүднээс хачирхалтай асуултууд өдөөж байна. Хиймэл андройдууд хөдөлмөрлөж байхад ч мөлжлөг оршсоор байх уу? Бараа таваарын хувиар тэд өөрсдийн өртгөө давахуйц баялаг бүтээж чадах уу? Ингэснээр нэмүү өртгийн хувьд тэднийг эздэд ашигтай байж чадах уу?

Хүмүүний дараах төгс ажилчин, цэрэг бүтээхийн тулд хүний нөөц бололцоог нэмэгдүүлэх тухай санаа XX зууны туршид амь бөхтэй оршиж байсныг дурдах ёстой. Биологич Илья Ивановын (Ленины Материализм ба Эмпирио-Шүүмжлэл зохиолынх нь бай болсон Богдановын дагалдагч) “хүн-бич” төслийг 1920 оны сүүлээр мөнөөх л Сталин санхүүжүүлж байв. Төслийн гол санаа нь хүн ба орангутаныг эвцэлдүүлснээр өвдөх, ядрах, муу хүнс хоол зэргийг үл ажрах төгс ажилчин, цэргийг бүтээх байв. (Арьс өнгөөр ялгаварлах ба сэксист[1] зөнгөөрөө Иванов эрэгтэй хүнийг эмэгтэй бичтэй эвцүүлэх гэж оролдсон. Мөн тэрээр генийн хувьд бичтэй ойр гэж үзэж байсан Конго хар арьст эрчүүдийг ашигласан бөгөөд Зөвлөлт засаг Конго руу өндөр төсөвтэй шинжлэх ухааны аялал зохион байгуулж байв.) Туршилтууд нь бүтэлгүйтэх үед Ивановыг устгасан юм. Цаашлаад Нацистууд элит цэргийнхээ хүч тэнхээг нэмэгдүүлэхийн тулд химийн гаралтай эм тогтмол ашиглаж байсан бол өнөөдөр АНУ-ын арми генийн өөрчлөлт ба эм тариа ашиглан супер тэсвэртэй цэргүүд бүтээж байна (Тэд хэдийн 72 цагийн турш нисэж, тулалдах чадвартай нисгэгчтэй болсон)[2]. 

Уран зохиолын талбарт зомби нарыг орхиж болохгүй. Аймшгийн кино цус сорогч ба зомби нарын хоорондын ялгаагаар дамжуулан ангийн ялгааг харуулдаг. Цус сорогч нар гол төлөв боловсон эелдэг зан ааштай, хээнцэр, язгууртан шинжтэй, хүмүүсийн дунд амьдардаг бол зомби нар болхи, эв дүйгүй, бохир заваан бөгөөд ихэвчлэн гаднаас дайрч орж ирдэг нь нийгмээс гадуурхагдагсдын бослоготой төстэй. Зомби ба ажилчин ангийн адилтгалыг Хэйз-Кодоос өмнөх Цагаан Зомби (1932 Victor Halperin) кинонд анх дүрсэлсэн байдаг[3]. Энэхүү кинонд цус сорогч нар гардаггүй ч зомби нарын удирдагч, хамгийн гол эсрэг дүрийг Дракулагийн дүрээрээ алдаршсан Бела Лугоши (Bela Lugosi) бүтээдэг. Цагаан Зомби киноны үйл явдал боолуудын хамгийн алдартай бослого болсон Гаити дахь тариалангийн талбайд өрнөнө. Лугоши өөр нэгэн тариалангийн эзнийг хүлээн авч сахарын үйлдвэрээ танилцуулангаа зомби ажилчид нь ажлын олон цагийн тухай гомдолдоггүй, үйлдвэрчний эвлэл байгуулдаггүй, ажил хаядаггүй, зөвхөн ажиллаад л ажиллаад л байдаг тухай хөөрнө. Энэ мэтийн киног зөвхөн Хэйз-Код тунхаглахаас өмнө л хийх боломжтой байлаа.

Стандарт кино найруулгад гол баатар нь энгийн нэгэн залуу шиг амьдарч (мөн сэтгэж) байгаад тусгай зорилго бүхий онцгой нэгэн гэдгээ олж нээдэг. Харин “Ирэн дээр гүйгч: 2049”-д К эсрэгээр өөрийгөө хүн бүрийн хайж буй тусгай нэгэн хэмээн (Дэкард Рэйчэл хоёрын хүүхэд) төсөөлж байдаг ч аажмаар аугаа ихийн илбэд сохорсон энгийн л нэгэн хуулбар гэдгээ ухаардаг (бусад хуулбаруудын адилаар). Ингээд эцэст нь тэр амь насаа хүн бүрийн эрж хайж буй жинхэнэ ангид нэгэн болох Стэллиний төлөө зориулна. Оньс мэт Стэллиний дүр үүнд маш чухал. Тэр Дэккард ба Рэйчэлийн “жинхэнэ” (хүний) охин үр буюу хуулбаруудын хүн гаралтай хүүхэд гэдгээрээ хүний гараар бүтсэн хуулбар хэмээх үйл явцын эсрэг өрнөл юм. Жинхэнэ ургамал, ан амьтдаар дүүрэн нээлттэй орчинд амьдрах боломжгүйгээс тэр тусгаарлагдсан ертөнцөд амьдрах (тэрээр цав цагаан ханатай өрөөнд цагаан хувцастай) бөгөөд нөхөн үржих чадваргүй. Тэр тоон машинуудын бүтээсэн виртуаль ертөнцөөр дамжуулан гадаад ертөнцтэй холбоо тогтоодог бөгөөд зүүд бүтээгчийн дүрд төгс тохирсон нэгэн. Стэллин хуулбаруудад худал дурсамж суулгах программистаар ажилладаг гэрээт ажилчин юм. Үүгээрээ Стэллин бэлгийн харилцааны хоосролын жишээ ба (эсвэл боломжгүйг билэгдэнэ гэх нь илүү дөхөм) үүнийгээ тэрээр гайхамшигт хээ урлалын дүрслэлээр нөхөн бүтээнэ. Киноны төгсгөл хэсэгт үүсэх хос нь стандарт бэлгийн хос бус бэлгийн бус (asexual) эцэг охины хос гэдэгт гайхах хэрэггүй. Энэ бол К цасан дээр Христосыг дуурайн хэвтэж,... эцэг-охин хосыг бий болгох киноны төгсгөлийн кадрууд дотно атлаа хариг санагдаж буйн шалтгаан юм.

Энэхүү эргэн уулзалтад ямар нэгэн авралын хүч байна уу? Эсвэл бид энэ хэсгийн сэтгэл татам байдлыг түүний дүрслэн үзүүлж буй нийгэм дэх хүмүүсийн зөрчлийн тухай уг киноны хам шинжийн чимээгүй дэвсгэртэй эсрэгцүүлэн тайлах ёстой юу? Хүний нийгмийн “доод ангиуд” хаана байна вэ? Гэхдээ кино төр ба түүний аппаратуудын (Жошигийн дүрээр), аварга корпорацуудын (Воллосын дүрээр) өөрсдийг нь мөхөлд хүргэх хөгжил дэвшлээр хөөцөлдөж буй үйл явцаар даяар капитализм дахь удирдах элит ангийнхны дотоод зөрчлийг сайтар харуулжээ.  “Хэдийгээр Лос Анжелесын цагдаагийн газрын улс төр-эрх зүйн байдал нь зөрчлийн нэгэн сурвалж байж болох ч Воллос нөхөн үржих чадвартай хуулбаруудын бүтээлч хувьсгалын нөөц боломжийг харж, үүгээр дамжуулан бизнестээ давуу тал олж авна гэдэгт найддаг. Тэр асуудалд цэвэр зах зээлийн үүднээс ханддаг. Улс төр ба эдийн засгийн хоорондох зөрчлийг, өөрөөр хэлбэл ангит төрийн механизм ба эдийн засгийн үйлдвэрлэлийн горим дахь дайсагналын огтлолцлыг илтгэх Жоши ба Воллосын үзэл бодлын зөрчилд анхаарлаа хандуулах нь зүйтэй.” [4]

Воллос жинхэнэ хүн ч аль хэдийнээ хүмүүн бусаар авирлаж, хүслийн түймэрт нүдээ сохолсон андройд бол Жоши апартэйдийн бэлгэдэл, хүн ба хуулбаруудыг тусгаарлах хүсэлтэй нэгэн[5]. Тэр ингэж тусгаарлахгүй аваас дайн дэгдэж, сүйрэлд хөтлөнө гэдэгт итгэдэг. “Хуулбар эхээс төрсөн хүүхэд (эсвэл эцэг эх) хуулбар уу? Хүүхэд дурсамжаа өөрөө бүтээсэн ч түүнийг хуулбар гэж үзэх үү? Хэрэв хуулбарууд нөхөн үржих чадвартай бол хүн ба хуулбаруудын зааг хаана байх вэ? Биднийг хүн гэж илтгэх зүйл юу вэ?”[6]

“Ирэн дээр гүйгч: 2049”-ийг Карл Марксын “Коммунист тунхаг”-ийн “Нэг туйлт үзэл ба явцуу сэтгэлгээ улам бүр боломжгүй болж байна” гэсэн мөн “Хатуу төлөвтэй бүхэн агаарт замхран одож, ариун нандин бүхэн бузартаж” гэх бэлгийн амьдралын тухай дүрслэлээр баяжуулбал ямар вэ? Капитализм стандарт гэтэро-бэлгийн байдлыг тогтворгүй шилжих ижилсэл ба/эсвэл чиг хандлагаар солих төлөвтэй байдаг. Өнөөдөр нийгмийн цөөнх ба нийгэмд гадуурхагдаж, орхигдсон хэсэг нийгэмд ноёлох олонхын байр сууринд хүрчээ. Тэр байтугай альтернатив барууны үзэлтнүүд хүртэл Либерал улс төрийн зөвч байдлын заналхийллийн талаар гомдоллож, өөрсдийгөө “улаан номд орсон” цөөнхийг хамгаалагч мэтээр харуулах болжээ. Мөн эцгийн эрхт ёс эдүгээ ч ноёрхож буй мэтээр шүүмжлэгчдийг ч дурдаж болно. Тэд Маркс, Энгельс нар 150 жилийн өмнө “Коммунист тунхаг”-ийн эхний бүлэгтээ “Хөрөнгөтнүүд эрх мэдэлд хүрсэн газар бүрдээ феодал, эцгийн эрхт ёс, хөдөөх тосгодын харилцааг үгүй хийсэн” хэмээн бичиж байсныг хайхардаггүй. Эцгийн эрхт ёс ба практикийг шүүмжлэгч зүүний хүчний урлагийн онолчид хүртэл үүнийг орхигдуулсан юм. Хүн ба хүн бусын хоорондох заагийг арилгах хүний дараах андройдын (генийн эсвэл био-химийн аргаар бүтээгдсэн) шинэ хэлбэрүүдийн боломжийг ч дурддаггүй.

Яагаад шинэ үеийн хуулбарууд бослого гаргахгүй байна вэ? “Хуучин загваруудаа бодвол шинэ хуулбарууд хэзээ ч бослого гаргадаггүй бөгөөд үүнийг тэд ингэж програмчлагдсан гэдгээс өөрөөр тайлбарладаггүй. Гэхдээ сэжүүр бий. Шинэ ба хуучин хуулбаруудын гол ялгаа нь тэдний хуурмаг дурсамжуудтай холбоотой. Хуучин загварууд дурсамжаа жинхэнэ гэдэгт итгэдэг байсан бөгөөд хуурмаг гэдгийг нь ухаарах мөчдөө өөрийгөө харь нэгэн мэтээр мэдэрч улмаар босдог байв. Харин шинэ хуулбарууд анхнаасаа л дурсамжаа хуурамч гэдгийг мэддэг учраас хууртадгүй. Субъект идеологоос фетиш байдлаар татгалзах үед түүний механизмын талаар ойлголтгүй байснаасаа ч илүүтэйгээр түүнд боолчлогдож байдаг нь хамгийн чухал санаа юм.”[7] Шинэ үеийн хуулбарууд жинхэнэ дурсамж, оршихуйн амь болсон аз жаргал зэрэг төөрөгдөлд автаагүй тул субъектийн хоосролд орсон, өөрөөр хэлбэл цэвэр пролетари статустай юм. Тэгвэл тэд бослого гаргадаггүй нь алив бослого нь аз жаргалын байж болох хамгийн бага утгад дарангуй хүчнээс учирч буй аюул заналаар биеждэг гэсэн үг үү?

К хуурамч осол зохион байгуулж, Декардыг төр ба капиталаас (Воллос) төдийгүй босогч хуулбаруудын удирдагч, Германаар Freiheit буюу эрх чөлөөг санагдуулам Фрайза хэмээх нэртэй бүсгүйн харцнаас далдалдаг. Нэг талаас Жошигоор төлөөлөгдөх төр, нөгөө талаас хувьсгалчдыг билэгдэх Фрэйза аль аль нь Дэккардын үхлийг хүснэ. К-ийн үйлдлийг Фрэйза Дэккардыг үгүй хийх сонирхолтой байгаагаар зөвтгөж болох ч (Воллос хуулбаруудын нөхөн үржихүйн нууцыг мэдэхээс сэргийлэх үүднээс) түүний энэхүү нь гэр бүлийн орон зайг нийгмийн зөрчлөөс чөлөөлөхыг оролдсон, аль аль тал нь хэрцгий болохыг харуулсан консерватив-хүмүүнлэг гаргалгаа юм. Ингэж аль нэг талд орохоос татгалзаж буй нь киноны хуурамч талыг илчилж өгнө. Мөн энэхүү кино нь нэг ёсондоо бүх зүйл хүнийг эсвэл хүн болох хүсэлтэй нэгнийг бүр эсвэл хүмүүн бус гэдгээ мэдэхгүй байгаа нэгнийг тойрон эргэлдэж байх ёстой гэсэн хэт хүмүүнлэг шинжтэй. (“Энгийн” хүмүүн бус хэмээх био-генетикийн үзлийн үр дүнд бий болсон хүн биш гэдгээ мэдэхгүй хүмүүс, өөрөөр хэлбэл өөрийгөө ухамсарлах нейрон бүхий машинууд?) Киноны нэгэн далд хүмүүнлэг санаа нь бид андройдуудад хүний мэдрэмж (хайр г. м.) хүний эрх өгч, хүмүүн ёсоор харьцаж, өөрсдийн ертөнцдөө багтаах ёстой гэсэн либерал хүлцэл юм. Гэвч тэднийг айлчлан ирэх үед бидний ертөнц биднийх хэвээр байх уу? Бидний мэдэх тэр л ертөнц урьдынхаараа байх уу? Ухамсартай андройдууд ирэх цагт хүмүүсийн статус хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг энд орхигджээ.

Бид хүн гэдэг мөнөөх л утгаараа оршихоо больж, ямар нэгэн шинэ зүйл бий болох уу? Үүнийг хэрхэн тодорхойлох вэ? Цаашлаад “бодит” биетэй андройд ба холограм андройдуудын ялгааг тооцож үзвэл бид хэдий хэмжээний ууч сэтгэлтэй байх ёстой вэ? Сэтгэл хөдлөл ба ухамсар бүхий холограм хуулбаруудыг (К-д үйлчилж, түүнийг зугаацуулахаар бүтээгдсэн Жой) хүн шиг авир бүхий зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой юу? Үүнд Жой нь онтологийн хувьд холограм төдий, махан биегүй хуулбар авч К-ийн төлөө хамгийн радикал алхам хийж өөрийгөө золиослох бөгөөд анх бүтээгдэхдээ ингэж програмчлагдаагүйг нь бид мартах ёсгүй[8].

Эдгээр асуултуудыг асуухгүй бол заналхийллийн эргэн дурсахуйн нэг хувилбар л үлдэх (нөхөн үржихүйн “хувийн” хүрээнд учирсан заналхийлэл) бөгөөд киноны дүрслэл ба зохиолд энэхүү хуурмаг байдал сийлэгджээ [9]. Үүнд хэлбэр нь дэвшилттэй ч агуулга нь дарангуйлагдсан чанартай бөгөөд хэлбэр нь зохиолын боломж болох капитализмын эсрэг дэвшилтэд санааг халхалж байгааг анхаарна уу. Уран сайхны дүрслэл бүхий удаан хэмнэл нь аль нэг талд орохоос зайлсхийсэн, идэвхгүйгээр урсгал дагасан нийгмийн байр суурийг илэрхий харуулж байна.

Тэгвэл хүн ба хуулбар хоёрын хооронд ямар жинхэнэ харилцаа байж болох байв? Нэг сонирхолтой жишээ авцгаая. “Салхит гол” (Тейлор Шеридан, 2017, Wind River) кино Вайоминг мужийн индианчуудын тусгай хамгаалалттай нутагт Натали Хансон хэмээх Индиан охин дүн өвлөөр хүчиндүүлж, осгож нас барсан түүхийг өгүүлнэ. Гурван жилийн өмнө охин нь алга болсон Кори хэмээх анчин Холбооны мөрдөх товчооны залуухан агент Жэйн нар энэхүү нууцыг тайлахаар оролдоно. Кори киноны төгсгөлд Хэнсонийх руу очиход Наталигийн эцэг Мартин гэрийнхээ гадаа “үхлийн нүүр”-тэй (цэнхэр ба улаан өнгөөр нүүрээ будсан) сууж байдаг. Кори хаанаас ингэж сурсан тухай Мартинаас асуухад “Сурсан юм биш ээ. Би сая өөрөө бодож олсон юм. Бидэнд заах хүн үлдээгүй” хэмээн хариулдаг. Тэр бүхнийг умартаж үхэхээр шийдээд байхад утас нь гэнэт дуугарч, шоронгоос суллагдсан хүү Чип нь (насанд хүрээгүй гэмт хэрэгтэн) автобусны буудлаас тосож авахыг хүсжээ. Мартин “Энэ заваан юмыг арилгачхаад хүүгээ очиж авна”, “Хүүгээ тосохгүй бол болохгүй. Гэхдээ урьдаар чи надтай хамт нэг минут суугаач. Завтай юу?” гэхэд Кори зөвшөөрдөг. Тэд чимээгүй суухад дэлгэцэн дээр “Сураггүй алга болсон хүмүүсийн статистикт Индиан-Америк эмэгтэйчүүдийн мэдээлэл байдаггүй. Хэдэн эмэгтэй алга болсныг хэн ч мэддэггүй” гэх бичиг харагдана.

Киноны даруу бөгөөд үзэсгэлэнтэй төгсгөлийг энэхүү үгс бага зэрэг гутаажээ (Энэ мэдээжийн үгс туйлын оршихуйн драмд хямд утга нэмжээ). Гашуудлын зан үйл бидэнд тэсвэрлэх аргагүй агаад цочирдом гарзыг даван туулах хүчийг өгдөг. Мартин Кори хоёр чимээгүй суух тун энгийн зан үйлээр дамжуулан уй гашуугаа даван туулах боломжтой болж буй энэхүү төгсгөлийн хэсэг итгэл найдварын очийг асааж байна. Гэхдээ бид Мартины “Энэ заваан юмыг арилгангуутаа” гэх хөнгөн үгсийг орхиж болохгүй. Учир нь түүний “үхлийн нүүр” уламжлалын дагуу бүтээгдээгүй бөгөөд тэр өөрөө зохиомжилсон төдий. Жинхэнэ хуучныхаараа байсан ч “заваан юм” хэвээрээ л үлдэнэ. Яагаад гэвэл Мартин аль хэдийн угсаа гарвалын мөн чанараа гээсэн Индиан юм. Тэр “үхлийн нүүр”-ийг түүнд бүрнээ уусан үйлдэх чадваргүй болсон орчин үеийн хүн. Гэхдээ тэр энэ бүхнийг мэдэх ч хуурмагаар ч болтугай энэхүү үйлийг үйлдэж байгаа нь яагаад ч юм бэ, жинхэнэ мэт нөлөө үзүүлж байгаа нь гайхалтай. Түүний хэлснээр заваан юм байж болох ч заримдаа амьдралаас бага хугацаанд ч болов завсарлага авахад энэхүү заваан юм тусалж байна. Үүнээс гадна Кори Индианчууд хамгаалалттай нутагт амьдардаг цагаан арьстан гэдгийг мартаж болохгүй. Мартин түүнээс гашуудаж буй уугуул америк эртэй нэгдэж, өөрт нь утга учиргүй санагдах зан үйлд оролцохыг хүсдэггүй. Эртний язгуур соёлыг дотроо басамжлах атлаа гаднаа хүндлэх дүр эсгэлт нь арьс өнгөний үзлийн хамгийн огиудас төрүүлэм хэлбэрийн нэг билээ. Коригийн хувьд цагаан хүн тул уугуул индианчуудын зан үйл харийн зүйл. Гэтэл Мартин ч өв соёлоосоо хөндийрсөнөөс зан заншил нь харийн мэт болж хувирсан нь түүний хүсэлтээс харагдана. Ингэж тэд хамтдаа гашуудах үйлд харигаар хандаж, тэр мэдрэмжээ хуваалцдаг. “Уугуул соёлыг мэдрэх” мэтийн инээд хүргэм тэнэглэл биш энэ харь байдал л жинхэнэ гашуудах зан үйлийг бүтээж байгааг бид энд олж харах ёстой. Мюбиусын тууз мэт хачирхалтай зангилааг бид энд олж харахгүй байна гэж үү? Зан үйлд гэнэнээр хандахаа больж, утгагүй гэдгийг нь мэдсэн хойно ч үргэлжлүүлэн үйлдэж, энэ бүхэн ямар ч хэрэггүйг мэдэх ч ямар нэгэн байдлаар бидэнд нөлөөлж байдаг нь сонин.

Тэгвэл хүн ба хуулбар хооронд ижил төстэй үйл явц өрнөж байна гэж төсөөлье. Нэг ёсондоо аль аль нь дээр дурдсан шиг хоосон зан үйлд оролцож байгаа бус уу? Зан үйл утгынхаа хувьд хоосон боловч бид гүнд нь нуугдах утга учрыг хайсаар байдаг. Учир нь энэ үүрэг нь цэвэр давтагдсан шинж чанартай бөгөөд Якобсоны хэлснээр phatic [9] шинжтэй мэт. 

“Aндройдуудтай хүнтэй адил харьцах уу?” хэмээх асуултыг хэлэлцэхэд гол төлөв асуудал мэдрэхүй эсвэл ухамсар дээр төвлөрдөг. Тэд дотоод амьдралтай юу? (Дурсамжуудыг нь суулгаж, програмчилсан ч тэд жинхэнээр мэдэрч чаддаг).  Магадгүй бид анхаарлаа мэдрэхүй ба ухамсар руу бус далд ухамсар руу хандуулах ёстой байх. Тэд Фройдынх шиг далд ухамсартай юу?  Далд ухамсар нь зүгээр нэг гүнд орших рационал бус орон зай биш юм. Магадгүй Лакан байсан бол субъектийн ухамсрыг дагалдаж байдаг өөр нэгэн виртуал “орон зай” гэж нэрлэх байсан биз. Нэг сонирхолтой жишээ авъя л даа. Любишын Нинотчка хэмээх алдартай онигоог саная. “Зөөгч өө! нэг аяга кремгүй кофе авъя!” “Уучлаарй эрхэм ээ, манайд крем байхгүй зөвхөн сүү л байна, тиймээс сүүгүй кофе байж болох уу?” Кофе кофе хэвээр үлдэж байгаа нь баримт боловч бид кремгүй кофег сүүгүй кофе болгон өөрчлөх боломжтой. Илүү хялбараар тайлбарлавал далд үгүйсгэсэн хэлбэрийг энгийн кофен дээрээ нэмээд сүүгүй кофе болгож болно. “Энгийн кофе” ба “сүүгүй кофе” хоёрын ялгаа цэвэр виртуал хэлбэртэй байна. Аягатай кофенд ямар ч өөрчлөлт байхгүй. Яаг энэ л Фройдын далд ухамсар юм. Статус нь цэвэр виртуал чанартай. Энэ нь гүнзгий, тайлбарлах аргагүй бодит чанар биш, товчхондоо бол далд ухамсар “сүүгүй кофены” “сүү” л юм. Энд л жинхэнэ зангилаа нь оршиж байна. Биднээс илүү биднийг мэдэх том дижитал Өрөөл маань “энгийн кофе” “сүүгүй кофены” ялгааг олж харж чадах болов уу? Эсвэл баримтын дэс дарааллыг[10] ойлгох орон зай бидний тархин дахь баримт ба бидний мэдрээгүй нийгмийн орчинд хүлэгдсэн том дижитал Өрөөлөөс гадна оршиж байна уу? Бидний энд ажигласан ялгаа бол биднийг тодорхойлж байдаг “далд ухамсар” (нейроны, нийгмийн...) ба статус нь цэвэр баримтын дэс дарааг мэдрэх Фройдын “далд ухамсар” юм. Энэхүү дэс дарааг зөвхөн тухайн этгээд сүбъектлэг чанартай үед л таних чадвартай. “Энгийн кофе” ба “сүүгүй кофены” ялгааг олж танихын тулд субъект нь ажиллагаатай байх ёстой. Ингээд эргээд “Ирэн дээр гүйгч: 49”-д анхаарлаа хандуулахад хуулбарууд маань энэхүү ялгааг олж харж чадах уу?

 

[1] Расизм-арьс өнгөөр ялгаварлах үзэл бол сексизм гол төлөв эмэгтэйчүүдийг сул дорой эсвэл эмэгтэй хүн ямар нэгэн хадмал шинж чанартай төрдөг гэдэг итгэх үзэл (Орчуулагч). Сурвалж: https://www.britannica.com/topic/sexism

[2] Энэ хэсэт Жижэк ямар нэгэн баттай сурвалж дурдаагүйг анхаарна уу (Орчуулагч).

[3] Hays-Code -Хэйзийн ёс гэж орчуулж болох кино үйлдвэрлэгч нарын ёс зүйн тунхаг бичиг. (Орчуулагч) Сурвалж: http://www.artsreformation.com/a001/hays-code.html

[4] Matthew Flisfeder, “Beyond Heaven and Hell, This World is All We’ve Got: Blade Runner 2049 in Perspective,” Red Wedge. October 25, 2017.

[5] Apartheid-1948 оноос 1991 он хүртэл Өмнөд Африкт үйлчилж байсан системчлэгдсэн арьс өнгөний ялгаварлан гадуурхлын хэлбэр. Хар арьст Өмнөд Африкчуудад улс төр, нийгмийн эрх олгодоггүй байсан бөгөөд арьсны өнгө өөр хүмүүс хоорондоо гэрлэхийг хориглодог байв (Орчуулагч). Сурвалж: http://www.apartheidmuseum.org/node/48

[6] Flisfeder, op.cit.

[7] Todd MacGowan-тай солилцсон хувийн харилцаанууд. Жижэк үүнд капитализм бүтэхгүй идеологи гэдгийг мэддэг ч мэдээгүй дүр исгэн хариуцлагаас зугтаан капиталыг тахин шүтэх ёсыг хэлж буй бололтой. Ийм хүмүүсээс классик Марксизмын субъект уг идеологи байгааг мэдэхгүй, мэдэх мэлмий нь нээгдээгүй тиймээс мэдлэгийг олж авбал энэхүү төөрөгдлөөс гарах магадлалтай гэж үздэг.  (Орчуулагч).

[8] Москвад буй Peter Strokin үүнийг хэлснийг дурдмаар байна.

[9] Барууны нийгэмд нөхөн үржихүйг (reproduction) ахуйн ба өрхийн шинж чанартай гэж тодорхойлж харин жинхэнэ бүтээмж (production) нийтийн шинжтэй гэсэн хиймэл ангиллыг ашигласаар ирсэн. Үүнийг нийгмийн хүн судлалын хүрээнд шүүмжилдэг бөгөөд нөхөн үржихүй харин ч эсрэгээрээ эдийн засгийн бүтээмжтэй шууд холбоотой, ангид биш гэж үздэг. Аж үйлдвэрийн хувьсгалаас хойш хүмүүс гэр бүлийн хөдөлмөр эрхлэхээ болиж, хотод цалинд суурилсан хөдөлмөр эрхлэх болсноор тусгаарлал эхэлсэн гэж үздэг. (Орчуулагч) Тус сэдвээр Janet Carsten R.A. Joyce and R.D. Gillespie (eds.) 2000 Beyond Kinship: social and material reproduction in house societies. U. of Pennsylvania Press.

[10] Phatic-гэдэг нь хэл шинжлэл ба нийгмийн хүн судлалын шинжлэх ухаанд шууд бус утгаар, харилцаа үүсгэхэд хэрэглэдэг үгс юм. Жишээ нь, сайн уу, юу байна, дажгүй юу, зүгээр зүгээр, эсвэл “ммм” хэмээн бодлогошрохдоо гаргах авиа (Орчуулагч).  Waugh, L. 1980, "The Poetic Function in the Theory of Roman Jakobson.

[11] Counterfactual-ямар нэгэн дараалсан үйл явдлын тайлбарыг уншаад аль нь болсон үгүйг ойлгох чадвар. Жишээ нь: Хэрэв би өглөө арай илүү идсэн бол бага үд гэхэд өлсөхгүй байлаа. Энэ нь 2 боломжит ертөнцийг илтгэж байна. Нэгт илүү идсэн тиймээс өлсөхгүй. Хоёр дахь боломж нь идсэн ч өлсөж байна. Гэхдээ утгын хувьд эхний хувилбар хэлзүйн үүднээс бидний ертөнцөд ойр гэдэг (Орчуулагч). Source: https://en.wikipedia.org/wiki/Counterfactual_conditional 

(Тус нийтлэлийг The Philosophical Salon хэмээх утга уран зохиолын шүүмжийн сэтгүүлээс орчуулав)