Торгон туузаар ороосон 
Талын анхилам цэцэг 
Тоос шороондоо дарагдан 
Замын хажууд хэвтэнэ ​

18 минутын урттай, хар цагаан, харилцан яриагүй энэхүү киног анх үзэхэд тун төвөгтэй байсныг тодхон санаж байна. Гүйцэтгэл тарамдуу, удаан хэмнэлтэй, түвэгтэй зохиолтой гээд найруулагч Б.Ууганбаярын бүтээлийн шүүмжлэхэд бүр ч амархан. Эхний сэтгэгдэл нэг иймэрхүү байв. Харин хэдэн долоо хоногийн дараа Алтан Хальс Индепендент Кино Наадмын (АКИФФ) үеэр огт өөр киног олж үзсэн юм. 

Харилцан яриагүй кино учраас түүх зөвхөн жүжигчдийн нүд, үйл хөдлөл, зураглаачийн ур чадвараас хамаарах нь ойлгомжтой. Энэхүү кинонд ажилласан залуу уран бүтээлч А.Марал, богино хугацаанд өөрийн мэдрэмжээр тун боломжийн ажилласан санагдлаа. Нэн ялангуяа киноны цонхтой хэсэг дээр фокус ашиглаж дүрийн бодол санаа, далд хүслийг жинхэнэ дүрслэлийн хэлээр өгүүлж чадсан нь бүр ч догь. (Өөр Монгол кино байсан бол манай гол дүр - Би ингэж амьдармааргүй байна гээд уйлж орилох байсан биз, харин энэ кино ердөө хоёрхон секундын фокусаар бүхнийг шийдэж)

А.Марал энэхүү кинон дээр толь, цонх, хөшиг гэх мэт өөрт боломжит обьектоор дүрийн ганцаардал, ганихралыг бүтээлчээр үзүүлжээ. Дүрийн хувцаслалт, биеийн хэлэмжийг анзаарвал гол дүр Диснейн Нойрсож буй гүнж ба Ботичеллигийн Венера мэндэлсэн нь зургаас санаа авсан мэт. Нойрсож буй гүнжийг сайхан ханхүү сэрээхгүй. Хэн сэрээж, яаж түүх өрнөхийг нь та өөрөө үзээрэй. 

Заавал яриуштай зүйл: Зохиол.

Сайн бичигдсэн дуу түүх өгүүлдэг. Тэгвэл мэдрэмжтэй найруулагч тэрхүү дуугаар нь кино хийдэг юм байна. Үлгэрлэвээс киноны төгсгөлд хөгжмийн зохиолч Төмөрийн Чимэддорж, зохиолч Сормуунишрийн Дашдооров үгийг нь бичиж, С.Чулуунхүү гуайн дуулсан "Зам дээр унасан цэцэг" эгшиглэдэг. Удаан хэмнэлтэй, сонихон үгтэй энэхүү дуу 1960-аад оны монголын эстрадын урлагт бас нэгэн үзэгдэл болсон гэдэг: 

Хэн түүнийг анх удаа 
Хээрийн нугаас түүгээ бол 
Хэрхэн юуны учраас 
Харгуй зам дээр гээгээ бол 

Хэмээх асуулт бүхий дууны түүхийг найруулагч Б.Ууганбаяр өөрийн төсөөлөл, хүмүүнлэг ертөнцөөр үргэлжлүүлжээ. Бараг ганцхан долоо хоногт хийсэн энэхүү киноны өөдрөг дулаан илч надад лав мэдрэгдсэн. Тэвчээртэй нүдээр үзвэл танд ч бас мэдрэгдэнэ гэж найдна. Дараа жилийн АКИФФ-аар бүр сайн уран бүтээл хүлээх найруулагчтай танилцсандаа олзуурхана.