Урьтал орлох үг

Бельгийн вант улсын найруулагч П.Бросенс болон Д. Төрмөнх нарын хамтарсан “Нохойн орон” киног ерөнхий төрөл зүйлийн хүрээнд авч үзвэл “яруу найргийн” (poetic realism) киноны ангилалд багтах юм. Ингэхдээ жишин зүйрлэж, адилтган төлөөлүүлсэн бэлгэдлийн санаа шийдлүүдээр баялаг бүтээгдсэн бөгөөд уг киног өөрийн харсан, санаанаас санааны хоорондох холбоосын үүрэг гүйцэтгэх шүлэг болон, гол хэлэмжээ бэлгэдсэн зохиомжыг нь ерөнхий хоёр хэсэгт хуваан бичиглэв.

Нэгдүгээр хэсэг. “Яруу найраг” хэмээх утга холбогч гүүр

/narrative poem /

Хорьдугаар зууны гучаад оны үед Францын алдартай хэсэг кино төлөөлөгчид энэхүү чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн билээ. Энэ нь Францын имперсионизм /impressionism/, зөвлөлтийн монтаж шиг нэгдсэн онолын чиглэл биш байсан бөгөөд харьцангуй чөлөөт хандлагатай байжээ. Тухайн үеийн яруу найргийн кино нь (poetic realism) ихэвчлэн тэмдэгт, бэлгэдлээр илрэх бөгөөд  нийгмийн дээд давхарагийнхан болон ажилгүйчүүдийн ялгаа , ажилчин ангийнхний зовнил, гэмт хэрэгтэн хийгээд ирээдүйдээ итгэл алдарсан нийгмийн гишүүдийн гутарч гарцгүй болон урам нь хугарсан байдлыг илтгэн гаргадаг байжээ. Мөн үүнээс гадна  бүтэлгүй хайр дурлалдаа харууссан шаналан,  зэргийг тусгасан байдаг. Уг урсгалын киноны төгсгөлд дүрүүд нь ихэвчлэн \patalist\ хувь заяаны эрхээр үүссэн нөхцөл байдлаас гарч тодорхой шийдэлд хүрч чадалгүй, эсвэл нас барсанаар төгсдөг.[1]  Уг чиглэлийн үр хөврөл үүний дараагаар ЗХУ-д явагдаж эхэлсэн бөгөөд илүү ихээр хөгжсөн юм.  Киноны гол утга санаагаа яруу найргаар (шүлгээр) дамжуулан илэрхийлж, тэрхүү яруу найраг нь өөрөө харилцан ярианы үүрэг гүйцэтгэн, нэгэн дүр болон хувирсан байдаг. Кино урлаг нь театр, уран зургийн хэлбэрдэлтийг дагалгүйгээр хэлний арга зүй рүү дөхөж яагаад болохгүй гэж? Ингэснээрээ хоёр тодорхой объектийг илтгэх хоёр тодорхой тэмдэглэгээний нийлбэрээс цоо шинэ санааг илэрхийлж болох юм.[2] Тухайлбал Оросын алдарт найруулагч Андрей Тарковскийн уран бүтээлүүд нь ийм шинжийг түлхүү агуулдаг. Ялангуяа түүний “Толь” (1975. Зеркало) киноноос яруу найргийн киноны ерөнхий хэв шинжүүдийг харж болох билээ. Уг кинонд гол утга санаагаа киноны туршид уншигдах шүлгүүдээр үгүүлэх бөгөөд тэрхүү шүлэг нь санаанаас санаа руу шилжих холбоосын үүрэг гүйцэтгэнэ.  

Яруу найраг нь яруу найрагчийн өөрийнх нь амьдралын үнэ цэнэ, хорвоогийн жам ёсыг нээсэн, өөрийгөө болон орчин тойрноо сэрж мэдэрсэн өнгө аяс зонхилон байдаг.  Нохойн орон кино нь үйл явдлын туршид доорх гурван санааг идэрхийлж байна. Ингэхдээ шүлгийг нэг санаанаас нөгөө санаа руу шилжих холбоос болгон ашиглажээ. Кинонд яруу найрагч Б.Галсансүх өөрийн шүлгүүдээ өөрөө унших бөгөөд шүлгүүд нь тус тусдаа дүр болон орохоос гадна харилцан ярианы үүргийг гүйцэтгэж буй юм. “Нохойн орон” киноны ерөнхий хэлбэрт зохицох үүднээс найруулагч Д.Төрмөнх монголын шинэ үеийн яруу найргийг үндэслэгч постмодернист, сурреалист урсгал чиглэлд хамаарах Б. Галсансүхийн шүлгийг сонгожээ. Энэ нь “...Түүний шүлгүүдэд тийм уран гоё хийц, угалз хээ байдаггүй түүний шүлэгт үнэр байдаг. Түүний шүлгүүдэд өнгө байдаг. Үгээр хэлж боломгүй содон үнэр түүний шүлгүүдээс л гардаг юм. Алдарт нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо. Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй гэх мэт шүлгүүдийг хэд хэд уншмаар, дор бүрдээ бүхэл санаа агуулсан, дотроо өгүүлэмжтэй, тайлалтай, нэг л сайхан зажлууртай...”[3] хэмээснээс тодорхой харагдана. Б.Галсансүхийн шүлгүүдийг судлаачид ерөнхийдөө сурреалист чиглэлд хамруулан үздэг. “Нохойн орон” кинон дээрх шүлэг, рахын домог, энэ хорвоогийн бүх амьд амьтад  ялгаагүй гэх санаа, хойд төрөл, зуурдын бүхэн болон үхлийн тухай төсөөлөл, эргэх хөдөлгөөн, нохой үхэхээрээ дараа төрөлдөө хүн болж төрдөг гэх буддын шашны  үзэл зэрэг нь Б. Галсансүхийн сурреалист шүлгүүдтэй холбогдож буй юм. “Нохойн орон” кинонд үйл явдлын хувьд гурван салангид санаа байгаа бөгөөд санаа бүрийнхээ холбоосыг хийхдээ гурван шүлгээр холбон шийджээ.

 

ЭХЛЭЛ - ХОРВООГИЙН ЖАМ (ҮЙЛИЙН ҮР)

ӨРНӨЛ - БҮГД ИЖИЛ

ТӨГСГӨЛ - ХОРВООГИЙН ЭРГЭХ ХӨДӨЛГӨӨН

 

“Нохойн орон” киноны гол хэсэг болох яруу найрагч Б.Галсансүхийн дараах гурван шүлгийн кинотой харьцуулан задлаж үзье.

Эхлэлийн шүлэг – Хорвоогийн жам \Үйлийн үр\

  1. Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо

Надад үхэх долоон шалтгаан хэрэгтэй

Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал

Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал

Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал

Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол

Харь гарагийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл

Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал

Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо

Надад амьдрах долоон шалтгаан хэрэгтэй.

Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч тэсэрч байвал

Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татахгүй бол

Улаан шаргал үүрийн туяаг хармаар санагдвал

Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээр бол

Харь гарагийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдэхгүй бол

Хэн нэгний зохиосон диваажин сонирхолгүй санагдвал

Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтмааргүй бол

Нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоон зуун жил

Намайг хэзээ ч хаана ч гэсэн харж болно

Би байна...

Би байхгүй...[4]

Хамгийн товхчхондоо амьдрах хүслийн тухай шүлэг юм.  Энэхүү шүлгийг задлан үзвээс “би байна, би байхгүй” буюу киноны нэгэн тулгуур хэлэмж болох үйлийн үр, мөнхийн хөдөлгөөн, ахин төрөлт, цаг хугацааны эргүүлгэнд хүн гээч амьтан эргэсээр байна гэх утгийг илэрхийлнэ. Уг шүлгээр кино эхэлсэн нь ерөнхий агуулгаа хүргэхэд чиглэгджээ. Мөн дээрээс нь үхлийн тухай үгүүлэх нь нохойны үхэлтэй холбогдож байна.  Шүлгийг үүр цайж буй үеэр унших бөгөөд яруу найрагчын дуутай зэрэгцэн нохойны хуцах шуум чангаар сонсогдоно. Энэ нь нэг л түгшүүртэй уур амьсгалыг илтгэх бөгөөд найруулагчын киноныхоо гол дүр нохойг илүү тодотгож өгсөн хэрэг байв.

Шүлэг дээрх үхэх долоон шалтгааныг задлаваас:

  1. Нэг л ер бусын шүлэг бичих эрчим хүч дутагдвал - ХҮСЭЛ
  2. Нам өндрийн хүйтэн үзэсгэлэн соронздон татвал – ГОО САЙХАН
  3. Улаан шаргал үүрийн туяаг хармааргүй санагдвал – АМЬДРАХ ХҮСЭЛ ҮГҮЙ
  4. Уруул болоод мээмний амт болоод өнгийг үзмээргүй бол - ДУР ТАЧААЛ
  5. Харь гарагийн хөлгийн дохио хэзээ нэгтээ зүүдлэгдвэл - ЗҮҮД. ЗӨН СОВИН
  6. Хэн нэгний зохиосон диваажинг сонирхмоор санагдвал – МЭДЭХГҮЙ ДИВААЖИНГ СОНИРХОХ
  7. Хэн ч зохиогоогүй энэ тамын амьдралаас зугтах хүсэл төрвөл – АМЬДРАЛ БОЛ ТАМ. ҮХЛИЙГ ХҮСЭХ БУЮУ МЭДЭХГҮЙ ТАМААС ЗУГТАХ.

Шүлэг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд дараагийн хэсэг нь эхний хэсгээ үгүйсгэсэн буюу эсрэг шинжийг тусгаж байна. Эдгээр долоон шалтгаан /санаа/ нь киноны дараах төгсгөлийн хүүрнэл хэсэгтэй давхцаж буй юм..

“...Төгсгөл. Эхлэл. Үнэн Худал. Буян нүгэл. Хар цагаан. Гай барцад. Өвөл зун. Хавар намар. Үхэл амьдрал. Наран саран. Гэрэл сүүдэр. Өдөр шөнө. Цаг хугацаа. Идэх хоол. Шүтэх бурхан. Ирээдүй. Өнгөрсөн цаг. Айдас хүйдэс. Аймшигт Рах. Хүч чадал. Гоо үзэсгэлэн. Хүн. Нохой. Тэнгэр газар. Лус савдаг. Оюун ухаан. Хувь заяа. Догшин сахиус. Яруу найрагч. Ой дурдатгал...” [5]

Энэхүү эсрэгцлүүд нь шүлгийн эсрэг тэсрэг шинжтэй шууд холбогдоно. Киноны эхлэл, өрнөл, төгсгөл, бүхий л утга санаа төгсгөлийн хүүрнэмж хэсэгт зангилагдах бөгөөд эхний шүлэг нь цаашид болох үйл явдлыг тоочин ерөнхий утга санаагаа шууд хүргэсэн байна.

Өрнөлийн шүлэг – Хүн, нохой ялгаагүй

  1. Явна. Ирнэ. Хүснэ. Мөрөөднө.

Яарна. Догдлоно. Үнсэнэ. Өхөөрдөнө.

Яахав дээ, хүний амьдрал үр минь

Яаж мэдэхэв үнэгчлэн нойрс доо,

Үүрийн туяаг угтаж аав нь нэр өгнө өө

Үдшийн гэгээг үдэж аав нь үлгэр хэлнэ ээ.

 

Явна. Мөлхөнө. Алхана. Гүйнэ.

Ярина. Инээнэ. Уйлна. Зүүдлэнэ.

Үүрийн туяаг угтаж аавыгаа зүүдлээрэй.

Үдшийн гэгээг үдэж аавыгаа үгүйлээрэй.

Хүлээнэ. Үгүйлнэ. Санана. Уйтгарлана.

Хүснэ. Тэмүүлнэ. Уурлана. Учирна.

Үүрийн туяаг угтаж аав нь үрдээ очино оо

Үдшийн гэгээг үдэж аав нь бүүвэйн дуу аялна аа.[6]

Киноны өрнөл буюу нохойн сүнс хотоор тэнүүчлэн хэсч өмнөх амьдралаа дурсах /хот хөдөөгийн байдал/ хэсэгт уншигддаг. Хорвоо ертөнц дээрх амьтай бүхэн ямар нэгэн зэрэг зиндаанд ангилагдах бус бүгд адил. Нохой ч гэсэн хүний л адил бүхий л мэдрэмжийг амсаж, нэгэн замаар л замнаж буй. Тэд явна, ирнэ, хүснэ, мөрөөднө, яарна, догдлоно, үнсэнэ, өхөөрдөнө, ярина, инээнэ, уйлна, зүүдлэнэ. Энэ замбуулинд ирсэн бүхий л амьтай бүхэн хүнтэй л ижил жаргал зовлонтой.  Нэг нь явж нөгөөх нь ирнэ. Ахиад л төрнө, үхнэ. Бидний амьдарч буй ертөнц иймийг ухааралгүйгээр ихэнх хүмүүс орхин одсон нэгнийхээ хойноос гашуудан шаналж дурсан санаж булшыг нь эргэж, удахгүй ирэх шинэ хүнээ санан хүлээж догдлон хайрласаар байдаг гэх утга санааг энэхүү шүлгээр шигтгэн илэрхийлсэнийг харж болно.

 

Төгсгөлийн шүлэг – Оюун санаа мөнх

  1. Улаан цэнхэр цагирагууд орон зайг дүүргэхэд

Урт нарийхан зурвас туяа дүв дүүрэн

Орон зайг зүсч гурвалжин хэлбэртэй

Ороомог хар ногоон гэрэл бачууран цацарч

Хачин алаг хэрчлээсүүд гурвалжин

Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн

Цацрагийг огтолж, яв ягаан дөрвөлжин

Цэгнүүд хөв хөх шугамууд дээр давхцаж

Цэлс хийсэн хурц цагаан гэрэлд

Орон зайг дүүргэсэн улаан цэнхэр цагирагс

Орон зайг зүссэн урт нарийхан зурвас туяа

Хачин алаг хэрчлээсүүд гурвалжин

Хэлбэртэй ороомог хар ногоон гэрлийн цацраг

Хөв хөх шугамнууд, яв ягаан дөрвөлжин цэгнүүд

Цэлс хийсэн хурц цагаан гэрэлд

Цэхэртсээр ууссаар үгүй болоход

Цав цагаан хов хоосон орон зай үлдэхэд

Цав цагаан хов хоосон орон зай

Би ч байж болох...[7]

Сүнс (оюун санаа) мөнх харин бидний бие мах бодь юу ч биш зөвхөн зуурдхан ашиглаад өнгөрөх матери гэх санаагаа дототгохын тулд төгсгөл хэсэгт энэхүү шүлгийг холбоос болгон оруулжээ. “Сүнс (оюун санаа) мөнх гэдгийг ухаарсан хүн бүхий л амьд бодьгалийг хайрлан энэрнэ гэх” шашны үзэл илрэн гарна. Хүн төрлөхтний философийн мөнхийн асуудал болсон биет анхдагч уу, оюун санаа анхдагч уу гэх асуудлыг хөндсөн бөгөөд хамгийн сүүлд юу үлдэх вэ гэх эргэцүүллийг төрүүлэхийн тулд зураг авалтаа геометрийн хурц хурц өнцөг дүрсүүдээр илэрхийлж давхар, эл утгатай адил үгсээс бүрдэх шүлгээр уусгажээ. Энэхүү шүлэг нь тэмдэгт, хэлбэр дүрсүүдийн нийлэгжил, уусал, өнгөний зохицол, эмх замбараагүй орон зайн ойлгомжгүй дүрслэлийг илтгэх бөгөөд энэ нь бие давхар эмэгтэйгээс нохойн сүнс хүн болж төрөх болон нар хиртэх үйл явцтай огтлолцох юм.  

Хоёрдугаар хэсэг. “Нохойн орны нууцат төрх буюу дүрийн бэлгэдэл

1970-аад оноос кино театр шүүмжлэлт ухуулгын баримтат кинонуудаар нийгмийг өөрчилж чадах уу, гэх асуулт тулгарчээ. Иймээс зарим уран бүтээлчид мэдээ мэдээллийн, улс төрийн шүүмжлэлийн баримтат киноноос гадна туршилтын маягаар гутранги үзэлтэн, ижил хүйстнүүдийн болон угсаатны цөөнхийн тухай гэх мэт арт төрлийн баримтат кинонууд хийж эхэлсэн.[8] Орчин үеийн баримтат кино нь мэдээ мэдээллийн, сургалт судалгааны, арт (уран хийцтэй, урлаглаг) гэх ерөнхий ангилалд хуваагддаг. Аль ч төрлийн баримтат кино нь тухайн цаг үеийнхээ төрх байдлыг шууд болон шууд бусаар тусгасан байдаг. Арт болон эксперменталь (experimental) төрлийн кино нь хүн төрлөхтний ярвигтай асуудал, үзэл санааг хөндсөн байдгаараа онцлог юм. Д.Төрмөнхийн “нохойн орон” кино нь үхэл амьдралын зааг ялгаа хийгээд буддын шашны үзэл,  хүний оршихуйн тухай асуудлыг баримтад тулгуурлан нэгэн бодит орон зайн нөхцөлд хамруулан хөндсөнөөрөө арт баримтат кинонд багтаж байна.  Арт баримтат кино нь бэлгэдлийн шинжээр илэрдэг.

Бидний амьдарч буй орчин нөхцөл эргэн тойронд орших бүхий л зүйлс харагдаж буй хэлбэрээсээ огт өөр байдаг билээ. “...Бэлгэдэл гэж юу вэ гэдгийг ягштал тодорхойлох боломжгүй бөгөөд учир нь энэ бол түүний олон хэмжээстэй байдагт оршино. Бэлгэдэл бол хөдөлгөөнгүй атлаа агшин зуурийн, мэдээжийн атлаа үл танигдах тийм зүйл мөн. Бэлгэдэл гэдэг нь юм үзэгдлийн гадаад дотоод талыг нэгэн зэрэг илэрхийлсэн бүтэц мөн бөгөөд тухайн тэмдэглэж буй агуулгатайгаа холбоогүй бөгөөд мөн чанарыг нь сайтар дохиолсон тийм тэмдгийг хэлнэ.”[9] Гадаад шинж байдал цаад утга мөн чанарыг яг таг харуулдаггүй гэх ухагдахуунаас бэлгэдэлт шинж гэх ойлголт урган гарах юм. Уг кинонд нохойны дүр гол утга санааг үзэгчдэд хүргэх бэлгэдлийн шинжтэй дүр болж байна. Нохойны дүр нь доорх ерөнхий хоёр зүйлийг бэлгэдэж байна.

  1. Амьдралын эргэх хөдөлгөөн буюу хүн энэ замбуулинд олон удаа мэндэлж үхэж мөхөж, ахин төрсөөр байдаг.
  2. Тухайн цаг үеийн монголын нийгмийн байдал хийгээд хүн нохойноос ялгарах зүйлгүйгээр амьдарч байна.

 

“Нохойн орон” кинонд гарах дүр, дүрслэлүүд

 

 

 

 

Дүр, дүрслэл

 

  •  

 

Утга санаа

  •  

 

 

 

 

 

 

 

 

 

 

  •  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  •  

 

 

 

 

Яруу найрагч

 

 

 

 

 

Киноны гол агуулга болох эргэх хөдөлгөөн болон үхэл, эхлэл, амьдралын мөн чанарын тухай хэлэмжээ хүргэх түлхүүр дүр. Мөн эдгээр бүхэллэг санаануудаа холбох үүрэг гүйцэтгэж буй юм.

 

 

 

 

 

 

Нохой буудагч

 

 

 

 

 

Бид өдөр тутмынхаа амьдралд түүртсээр өөрсдийгөө чухам хэн, хорвоод юуны тулд мэндэлснээ эс огоордог. Мөн нөгөө талаас хүн бүхэн л өөр өөрсдийн хувь төөргөөр хийх зүйлсээ хийсээр явдаг. Сайн муу ямар ч зүйлс байсан тухайн хүн зөвхөн тэр үйлээ л хийх гэж төрсөн мэт бүх зүйл нь учир утгатай гэх эргэцүүллийг төрүүлэх дүр.

 

 

 

 

 

Нохой

  •  

 

 

 

 

 

 

Хэдий шууд оролцоотойгоор үйл явдалд нэвтрэхгүй ч киноны ерөнхий шугамыг баригч гол дүр. Хорвоо ертөнцийн бүхий л амьтад цаад мөн чанартаа бүгд адил тэгш. Төрнө, үхнэ. Ахин өөр төрөлд мэндэлнэ гэх шашны ойлголтоос гадна бүгд л нэг цэгт очих хэдий ч бүх амьтад \хүн дээр бол нийгмийн давхарга\ өөр өөр түвшинд байдаг, энэ нь биднийг хүнлэг байлгах гэсэн санааг илэрхийлжээ.

 

 

 

 

  •  

 

 

 

 

 

 

Монгол хүний сэтгэлгээ буюу нүүдэлчин аж ахуйг илтгэх дүр бөгөөд монголчууд нохойгоо гэр бүлийн гишүүн мэтээр үзэж харьцдаг гэх санааг илтгэнэ. Мөн өвгөн малаа борлуулан хотруу орох нь монголын зах зээлийн үеийн амьдралын малчдын байр байдлыг үзүүлнэ.

 

 

 

 

Жирэмсэн эмэгтэй

 

 

 

 

 

Дээр үгүүлэх гурван тулгуур санааны нэг болох амьдралын эргэх хөдөлгөөн буюу хорвоогийн жамыг нээн гаргана. Амьдралын мөнхийн хөдөлгүүр буюу хүний төрлийн тухай тусгах зохиолын гол тулгуур дүр юм.

 

 

 

 

 

Радиогийн хөтлөгч

 

 

 

Рахын домгийг тодотгохийн тулд оруулсан дүр. Кино радиогийн мэдээ явж буйгаар эхэлнэ. Дараа нь төгсгөлд ахин нар хиртэх гэж буйг мэдээллэнэ. Ийнхүү давтамжтайгаар мэдээллэж буй нь киноны ерөнхий хэмнэлд хүлээлттэй, түгшүүртэй байдлыг бий болгоход  чиглэгджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  •  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  •  

 

 

 

 

 

 

Шарил эргэх дүр зураг

 

 

 

 

 

Хүмүүс орхин одогсдийнхоо хойноос гашуудан, газар дэлхийдээ хэдийн шингэн ууссан бие мах бодыг нь эргэн тойрж буй зураглалаараа бүх амьд бүхэн зуурдынх боловч өөр өөр нөхцөлд өөр өөр шинж чанараар хувиран оршин байдаг гэх санааг илэрхийлсэн.

 

 

 

 

 

 

 

Нар хиртэлт

 

 

 

 

 

 

 

Нар хиртэлтийг бэлгэдэл доторх бэлгэдлээр илэрхийлсэн бөгөөд эмэгтэй төрөх, нохой хүн болж мэндлэх киноны туйл хэсэгтэй огтлолцуулан үхэл амьдралын зааг завсрын нөхцөл байдал мэтээр төлөөлүүлэх маягаар дүрслэн илэрхийлсэн.

 

 

 

 

 

Эргэж буй галт тэрэг

 

 

 

 

 

 

 

 

 

Жирэмсэн эмэгтэйн өвдөлттэй зэрэгцэн ачааны галт тэрэгний эргэж буй дүрс гарна. Энэ зураглал нь нар хиртэх бүсгүй мэндлэх тэмдэг дохио яруу найрагчын шүлэг зэрэг зөрчлүүдтэй давхцах бөгөөд өөрөө кинонд мөн давхар зөрчил бий болгож үйл явдал хийгээд утга санааг илүү хурцасгаж буй юм. Эргэх галт тэрэг нь энэ хорвоод нэгэн амь удахгүй мэндлэнэ гэх үгүүлэмжийг илтгэхээс гадна бүсгүйн дотоод зөн мэдрэмж өвдөлт шаналалыг илтгэжээ.

 

 

 

 

 

 

Уран нугаралт

 

 

 

 

 

 

Киноны төгсгөлийн хүүрнэмж хэсэгт гарах бөгөөд энэ зураглал нь цаг хугацааны мөнхийн тойрогт хорвоо дэлхий тухайн нөхцөл байдалд зохицон оршин тогтоносоор буй гэх үзэл санааг уран нугарч буй эмэгтэйгээр төлөөлүүлэн үзүүлсэн. Мөн энэхүү дүрсэн дээр хадагдсан хүүрнэмж нь бүхий л зүйлсийн эсрэг тэсрэг шинжийг дурдаж буйгаас үзэхэд сөрөг бүхний нийцэл, зохицол арга билгийн утга санааг илтгэжээ.

 

 

 

 

 

Чихмэл нохой

 

 

 

 

 

 

Нохой буудагчын машинд хөдлөх нохойн жижиг чихмэл 7 секундын турш гарах бөгөөд донслогоонд толгой нь хуцах мэт хөдлөх нь түгшүүртэй уур амьсгалыг бий болгохоос гадна дараагийн нуухай буудах зураглал руу холбогдох жижиг хэрэгсэл болж өгчээ.

 

 

 

 

Нохойтой хананы зураг

 

 

 

 

 

Бяцхан хүү, гөлөг хоёрын том хананы зураг эмэгтэйн гэрт байх бөгөөд энэ дүрслэл нь нохойн гөлөг, хүний хүүхэд хоёрыг адилтган үздэг монгол сэтгэлгээ болон нас барсан Басар нохойн сүнс удахгүй амаржих эмэгтэйгээс хүн болж төрөхийг илтгэсэн.

 

“Нохойн орон” кинонд гарах амьтны дүр

 

 

Амьтан

 

 

Хэдэн удаа

 

1.

Амьд нохой

 

35

2.

Үхсэн нохой

22

3.

Хонь

3

4.

Ямаа

3

5.

Адуу

2

6.

Тэмээ

2

7.

Муур

1

 

Найруулагч эдгээр амьтдын дүрийг зүгээр ч үгүй гаргаагүй нь зураг авалтын \план\ зохиомжоос харагдана. Хэдэн удаа гарч буй давтамжыг нь тооцоолон, зохиолын гол санаатай нийцүүлэн авч үзвээс хорвоогийн бүхий л амьтай бүхэн үхэх жамтай нь байгалийн хууль. Нэг амьд амьтан амьсгал хураахад өөр нэг нь мэндэлж байдаг. Тохиолдлын зүйл гэж огтхон ч үгүй бөгөөд бүхий л зүйлс нарийн учир шалтгаантай. Замбуулин хорвоо цаг хугацааны мөнхийн орчилд тэрхүү учир шалтгааны дор оршин байдаг. Байгаль бол бүхнийг тэнцвэржүүлэгч агуу хүчин зүйл. Эцсийн дүндээ амьсгалж байгаа бүхэн адил. Тэдний хооронд ямар ч зааг ялгаа гэж үгүй гэх утга гарч ирж байна.

“Нохойн орон” кино нь монголын нийгмийн шилжилтийн дараах үеийн нөхцөл байдлыг дүрийн болон дүрсний бэлгэдлээр үзүүлсэн баримтат уран сайхны хэв шинжтэй юм. Дэлхийн кино наадмуудаас нийт 23 тэргүүн, дэд шагнал хүртсэн энэхүү кино нь нөгөө талаараа тухайн цаг үеийн \1990-2000\ монголчуудын нийгмийн сэтгэл зүй, нөхцөл байдлыг харуулсан гэж үзэж болно. Нийт хүн ам ижил тэгш орлоготой, эдийн засгийн хувьд хоорондоо тийм ч хол зөрүүгүй байсан ард иргэд нийгэм солигдон зах зээлийн эдийн засагт шилжихэд үймрэлдэн хүнд нөхцөл байдалд орсон билээ. Энэ үеийн төрх байдлыг илтгэхдээ нар хиртэх үйл явцыг тохиолдуулан монголын уламжлалт соёл, домог, мөн буддын шашны дараа төрлийн ухагдахуунаар баяжуулан зохиомжилсон. Ингэхдээ хэлбэрийн хувьд баримтат уран сайхны аргыг сонгон, бэлгэдлийн шинжээр түлхүү илэрхийлж, яруу найргийн киноны төрлөөр хийсэн нь өөрийн гэсэн онцлог төрх байдлыг бий болгож чаджээ.

Б.Ууганбаяр 

 


[1] Film history. An introduction. Third edition. Kristin Thompson, David Bordwell., 265-р тал.

[2] Сергей Эйзенштэйн., Зөвлөлт оросын анхны томоохон найруулагчдын нэг, кино онолч.

[3] Өдрийн сонин., 2006.01.12.,

[4] Б.Галсансүх.,Бурханд хэлэх зөвлөгөө.,158 тал

[5] “Нохойн орон киноны төгсгөлийн хүүрнэмж

[6] Б. Галсансүх. Сэтгэл хэмээх эрхтэн.

[7] Б.Галсансүх. Бурханд хэлэх зөвлөгөө. 65 тал

[8] Film history. An introduction. Third edition. Kristin Thompson, David Bordwell

[9] С. Дулам. Монгол бэлгэдэл зүй. Тооны бэлгэдэл.