Австралийн найруулагч Розмэри Майерс нь удаан хугацааны турш “Аделаидын салхин тээрэм” театрт уран сайхны найруулагч хийж байсан бөгөөд “Нойрсож буй охин” бүтээл нь түүний анхны бүрэн хэмжээний кино гэж хэлж болох юм.

Энэхүү бүтээл нь “Оргодол” ба “Сургуулийн бүжиг” хэмээх жүжгүүдийн сүүлчийн бүлэг юм. Кинонд маань 70-аад оны өсвөр насны охин Грета 15 насны төрсөн өдрийн үдэшлэг дээрээ зүүдний ертөнц рүү уусан одож буй тухай өгүүлдэг.

Майерс хэлэхдээ: “70-аад оны хэв маяг бол охидын түүхийг өгүүлэхэд хамгийн тохиромжтой цаг үе юм. Учир нь тэр үеийн барууны эмэгтэйчүүдийн хувьд 70-аад он үнэхээрийн сонирхолтой цаг үе байсан санагддаг. Дайны дараах гэрийн эзэгтэйн ойлголтоос чөлөөлөлт рүү шилжсэн үе гэж хэлж болно.”

“Бид гол дүрийн баатараа эмэгтэй байлгахыг маш их хүссэн. Зохиолч Мэттью Уиттет бид хоёр үлгэр болоод өсвөр насны үеийн зан төлвийг ихээхэн сонирхдог.”

“Бид юмыг яалт ч үгүй хийсвэр ертөнц рүү оруулж бодох их дуртай байдаг. Үнэндээ энэ бүтээл маань зүүдний жүжиг юм. Үйл явдал хүүрнэх их түгээмэл хэлбэрийн нэг. “Озын шидтэн” бол хамгийн алдартай хувилбар нь. Дүрүүд өөр нэг ертөнц рүү ордог ч үнэндээ өөрийнхөө оюун сэтгэхүй рүү л гүн нэвтэрсэн байдаг. Энэ бүх харилцаа холбоо, динамикийг бүрдүүлж өгсөн тохиолдолд сэтгэлзүйн буюу зүйрлэлийн хүүрнэлт ертөнцөд ордог.

“Хүмүүсийн хамгийн дуртай зүйлсийн нэг нь хөгжилтэй хэв маяг. Би юмсыг 3D цаг хугацаа, орон зайд бүгдийг шийдэх гэж хичээдэг нь театрын школтой маань холбоотой байх.”

Бид насанд хүрч төлөвшихдөө зөвхөн үзэж харсандаа итгэж үнэмших, хэт баригдмал сэтгэх, юмсыг заавал ямар нэгэн байдлаар ялгаж ангилах сэтгэхүйгээр хязгаарлагдаж хүүхэд ахуй цагийн тэр л хязгааргүй ертөнц болоод нандин, гэнэн дүрийг сэтгэлийнхээ хаа нэгтээ гээж орхидог.

Тэгвэл Грета охины түүхээр аялсанаар магад бидний өсвөр насандаа үлдээсэн гомдол, баяр баясал, сэтгэлийнхээ мухарт хаядсан хязгааргүй ертөнцөө эргэн нэг тэмтрэнэ хэмээн итгэе.

Киноны хийцийн хувьд зарим хүмүүст Вэс Андерсоныг санагдуулам байж болох ч найруулагч Майерсын театрын хэллэг яалт ч үгүй өөрийн гэсэн уур амьсгалыг амтлуулах болно.

Дүгнэх цэгнэх гэсэн үзлээ түр ч гэсэн авсанд нь хийгээд Грета охины төсөөллийн хязгааргүй ертөнцөөр аялахыг хүсье!