Олноос зайдуу, өөрсдийн дээдэлдэг үнэт зарчмын дагуу нэгэн эцэг зургаан хүүхэдтэйгээ “даруухан” аж төрнө. Гэхдээ тэд тийм ч даруухан улс биш ээ. Тэд бидний дассан нийгмийн тогтолцоо, аливаа ойлголтыг тас цохин сөрж амьдарна. Их сургууль биш амьдралын сургуульд суралцагч энэ гэр бүл оюун санаа бие бялдрын хувьд төгс төгөлдөр гэмээр. Шүүмжлэлт сэтгэлгээ, сахилга бат, сэтгэлийн хат, нэмэлт хачиргүй нүцгэн үнэн энэ гэр бүлд үнэ хүндтэй. Тэд Зул сарын оронд Ноам Чомскийн төрсөн өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ төгс мэт энэ диваажинд санаанд оромгүй сорилтууд тулгарч сул талыг нь нээн харуулна. Итгэж явсан үнэндээ эргэлзэх үед юу тохиох вэ?

Уг кинонд нэгэн ам бүлийн халуун дотно харилцаа, дотоод зөрчилдөөнийг үзүүлээд зогсохгүй хэрэглээнд шүтсэн капитализм, аварга том корпорациудад атгуулж, Холливүүд, түргэн хоол, эм бэлдмэлд хахсан нийгмээс хол, илүү дутуу юмгүй, эрдэм мэдлэгт шамдаж амьдрах ямаршуухан байж болохыг эрэлхийлсэн мэт. Өөрөө суралцах, минимализм, байгальд ээлтэй амьдралын хэв маяг түгж буй өнөө цагт тус кино тун сонирхолтой байх болов уу. Үзсэн хүн өөртөө болон гэр бүлдээ тусган бодож, үнэт зүйлээ эргэн нэг харах вий. Найруулагч Матт Росс ч ярилцлагадаа сайн эцэг эх гэж хэнийг хэлэх, хүүхдээ хэрхэн өсгөвөл зохимжтой вэ гэх асуултыг хайж явсаар энэ киног бүтээснээ дурджээ. Америкийн нийгмийн доголдол, үүнийг сөрсөн нэгэн гэр бүл ямар байж болохыг найруулагч дурандаа буулгасан нь энэ. "Ахмад гайхамшиг" бол тус найруулагчийн хоёр дахь бүрэн хэмжээний кино юм. 

Кино багийн жүжигчид зураг авалтын өмнө иог, хаданд авиралт, тулааны урлагаар хичээллэн, хөгжим тоглох сургуулилт хийж хамтдаа 14 хоног амьдарсан нь гэр бүлийн харилцааг амьдралд ойр харуулж, дүрдээ уусахад тусалсныг "Indiewire"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ. Зургаан хүүхдийн нэг нь Англи, нэг нь Шинэ Зеланд, бусад нь АНУ-ын өөр өөр мужаас сонгон шалгарсан байна.  

Эцгийн дүрийг бүтээсэн Вигго Мортенсен Оскар болон Алтан бөмбөрцөг кино наадамд шилдэг эрэгтэй дүрд нэр дэвшжээ. Уг киног “National Board of Review” 2016 оны шилдэг 10 индепендент киноны нэгээр нэрлэсэн бөгөөд Каннын кино наадмын “Ан Сэртен Регар” хэсэгт олны хүртээл болж, найруулагч Матт Росс шилдэг найруулагчийн шагнал хүртжээ.

"Ахмад гайхамшиг" киног Улаанбаатар Кино Наадмаар (энэ сарын 15-нд) үзнэ үү.