Буруу замаар будаа тээвэл буцахдаа үнэхээр шороо тээх үү эсвэл алт тээх үү? Зорилгодоо хүрч л байвал арга зам нь тийм чухал уу, эс чухал уу? Эдгээр ёс суртахууны асуултуудад америкийн ах дүү найруулагч Сефди нарын хариулах гэсэн оролдлого нь “Сайн цаг”-аар илэрч байна. Ах дүүгийн хайрыг үзүүлсэн энэ киног ах дүү хоёр найруулж, дүү болох Бенни Сефди нь кинон дээрх мэдрэл муутай дүү Ник Никасын дүрд тоглосон бол Бүрэнхий (Twilight) кинонд тоглож олноо алдаршсан Роберт Паттинсон “мулгуу” боловч зоригт ахын дүрийг бүтээжээ.

Бен Сефди, Роберт Паттинсон хоёр бие биенээ илүү ойлгож, дүрдээ бүрэн орохын тулд машин угаалгын газар хамтдаа ажиллаж нэлээдгүй хугацааг хамтдаа өнгөрүүлсэн. Ахын дүр болох Конниг амьдруулсан Роберт Паттинсоныг магтахаас өөр аргагүй. Харри Поттер, Бүрэнхий киногоор нь Роберт Паттинсоныг зүгээр л өсвөр насныхны шүтээн болсон арилжааны жүжигчин гэж ойлгож байвал та том эндүүрч байна. “Animal Kingdom”-н найруулагч Дэвид Мичодийн “The Rover” (2014), “Сайн цаг” -ийн Конниг харвал та Аль Пачино, Жо Пешигийн мафитай кинонуудыг үзсэн мэт сэтгэгдэл төрнө. Дүрдээ бүрэн уусахын тулд Роберт Паттинсон “Гэмтний амьдралын нэг жил” баримтат киног үзэн гол дүрийн этгээдээс ихээхэн урам зориг авчээ.

Дүүгээ уруу татаж банк дээрэмдсэн боловч удалгүй бүтэлгүйтэж дүү нь баригдах ба шоронгоос суллаж авахын тулд цаг хугацаатай уралдан бүхнийг хийж байгаа ахын адал явдалт, аюулт аялалд орж байгаагаар кино өрнөнө.

Нэгэн шөнийн дотор болох цуварсан үйл явдлууд, учир нь олдохгүй хөөцөлдөөн, хууран мэхлэлт, хүчирхийлэл, гэмт хэрэг нь “Dreamers’ Day”-ээр өмнө нь гарч Себастиан Шипперийн “Викториа”-г санагдуулах бол хурц тод неон гэрлүүд, синт электроник хөгжим зарим үзэгчдэд магадгүй Николас Виндинг Рефний “Жолоо”- той төстэй ч байж болох юм. Реалист мэт боловч өнгөлөг зураглал, ойроос авсан тод хэсгүүд, гэнэтийн огцом шилжилт бүхий эвлүүлэг нь сайн хөгжимтэйгээ нийлэн гүйцэтгэл сайтай бараг л төгс гэж хэлж болохуйц цогц бүтээлийг бий болгожээ.

Энэ оны Каннын кино наадмын дээд шагнал болох “Алтан дал модны мөчир”-т нэр дэвшсэн уг бүтээл төгсөхөд Каннд байсан үзэгч олон зургаан минутын турш тасралтгүй алга ташиж хүндэтгэл үзүүлсэн бол хөгжмийн зохиолч Oneohtrix Point Never буюу Даниел Лопатин нь “Шилдэг хөгжийн зохиол”-ын шагналыг хүртсэн байна.

Цаг дөчин минутын турш адреналинаа тулгаж, доторх муу дүртэйгээ дахин учрахыг хүсвэл та “Сайн цаг”-ийг зориорой.