Дээд ангийн охин Жяжя-г чимээгүйхэн харж явдаг Баоли азаар түүнтэй танилцах завшаан гарна. Удалгүй Жяжяд тусламж хэрэгтэй болж Баоли түүнийг гэртээ дагуулж ирснээр ахлах сургуулиа  ч төгсөөгүй залуухан хосын хамтын амьдрал эхэлдэг. Хамт ажиллагсад, найз нөхөд, гэрийнхэн нь чадах чинээгээрээ шинэхэн гэр бүлд туслах боловч хүүхдээрээ том хүн болно гэдэг тийм ч амар биш...

Халамжтай, цайлган Баоли Жяжя, бяцхан охин Товчхон хоёрын төлөө бүх чадлаараа хичээнэ. Сэтгэл байхад жаргалтай амьдрал зохиоход хангалттай болов уу?

"Хүүхдүүд" нь Тайваний залуу найруулагч Санни Югийн анхны бүрэн хэмжээний кино ба хэд хэдэн олон улсын кино наадмын шагналд нэр дэвшиж Хавайн Олон Улсын Кино Наадмаас шагнал хүртсэн юм. Залуу хосын амьдралыг илүү дутуу хэтрүүлэггүйгээр бодитоор харуулсан, чадварлаг жүжиглэлт, гайхалтай хөгжим, тунг нь тааруулсан хөгжилтэй агшнуудтай сайн бүтээл болсон гэж Variety сэтгүүл магтжээ.  

"Хүүхдүүд" киног Улаанбаатар Кино Наадмын үеээр үзэх боломжтой.