Олон зууныг дамжсаар ихэнх соёл иргэншилд илэрч байсан эмэгтэйчүүдийг шулам хэмээн тодорхойлж гадуурхах явдлыг орчин үеийн Замбид авчирсан нийгмийн шүүмжит лут киноны найруулагч Англи-Замбийн найруулагч бүсгүй Рунгано Нионитой Каннын кино наадмын үеэр ярилцлага хийлээ.

W&H:  Баяр хүргэе. Анхны бүтээлээрээ Каннд орох ямар санагдаж байна?

РН: Нэг л итгэж өгөхгүй байна. Каннд сонгогдсоноо мэдэхдээ кинон дээрээ ажиллаж л байсан юм. Тэгэхээр одоо л бүгдийг дотроо боловсруулах гэж хичээж явна. Магадгүй наадам дууссаны дараа би хүчтэй хариу сэтгэл хөдлөл үзүүлж ч мэднэ.

W&H: 9 настай охиныг шулам гэж буруутган шулмуудын лагерь руу явуулснаар байдал бишдэнэ. Тэгэхээр энэ түүхийн санаа хаанаас төрсөн бэ?

РН: Эхлээд би өөрийн мэддэг хүмүүсийнхээ талаар бичиж эхэлсэн. Миний мэддэг л эмэгтэйчүүд. Дараа нь би дүрүүдээ бага зэргээр өөрчилж, хооронд нь агуулгын гинжээр холбож өгөөд, тэгээд ч зогсолгүй агуулгаа тэлж үзсэн.

Би шулмуудын лагерийн талаар мэддэг байсан. Сонирхолтой түүх болно гэж бодсоор ирсэн ч өөрийн хэлэх гээд буй санаатайгаа уялдуулан холбож байж л бүр сонирхолтой бүтээл болно шүү дээ.

W&H: Зохиолоо бичихэд хэр хугацаа зарцуулсан бэ?

РН: 3 жил хавьцаа. 3 жил хагас юм уу даа.

W&H: 3 жил бичсэнийхээ дараа санхүүжилтээ хайж эхэлсэн үү?

РН: Санхүүжилтээ хайж байх явцдаа л зохиолоо хөгжүүлээд, бичээд л явсан.

W&H: Хэрхэн продюсеруудаа олсон бэ?

РН: Жюльетт Гранмон хамгийн эхлээд надтай нэгдсэн. Урьд нь богино кино хийж байхдаа танилцаж байсан юм. Богино кино маань таалагдсан болоод л тэр. Cinéfondation residency хөтөлбөрт би хамрагдсанаас хойш л бид хоёр хамтран ажилласан. Тэгэхээр 4 жил ажилласан гэх үү дээ.

Нөгөө продюсер Эмили Морганыг би бас таньдаг байлаа. Эмили миний партнерийн богино кинон дээр хамт ажиллаж байсан юм. Бид хэрхэн санхүүжилт олохоо ярьж тогтоод ихэвчлэн кино сангуудад өргөдлөө явуулсан даа.

W&H: Эмэгтэйчүүдийг шулам гэх сэдэв бол түүхэнд олон мянган удаа давтагдсан үзэгдэл. Би энэ талаар дуулж байгаагүй ч Африкт одоо ч ийм үзэгдэл болдог гэж үү?

РН: Зөвхөн цөөн газарт. Африкын ихэнх улс орнуудад шулам гэж буруутгах нь хууль бус болчихсон хэдий ч үргэлжилсээр л байна. Зарим хүмүүс үүнийг уламжлал гэж хамгаалах гэж үздэг гэхдээ үүнийг яг юу гэдгийг нь ний нуугүй хэлчих хэрэгтэй. Шулам гэж буруутгах явдал мэдээж эмэгтэйчүүд рүү л чиглэдэг. Тиймээс энэ бол эмэгтэйчүүдийг үзэн ядалт, хүйсээр ялгаварлан гадуурхалт. Би өөрөөр энийг тодорхойлж чадахгүй нь.

W&H: Та шулмуудын лагерьт сар амьдарсан гэсэн байх аа?

РН: Тийм, сонирхолтой л байсан. Бөглүү тосгон шиг л. Өмнө нь би ч жижиг тосгонд амьдарч байсан болохоор надад тосгонд амьдарч байгаа мэт л санагдсан.

W&H: Гэхдээ дан эмэгтэйчүүд.

РН: Бүгд 70 гарсан эмэгтэйчүүд.

W&H: Тэгэхээр энэ настай эмэгтэйчүүдээсээ салах арга юм уу? Эсвэл амьдралынхаа туршид тэнд амьдардаг хэрэг үү?

РН: Үгүй дээ, хөгшрөөд л тийш очдог. Тодорхой нас хүрлээ л бол эргэн тойрныхон нь хөөрхий эмэгтэйг бүхий л муу явдлуудад буруутгаж эхэлдэг.

W&H: Киноны гол дүр Мэгги Мулубваг яаж олов?

РН: Мэгги Конготой хиллэдэг тосгоны охин. Манай партнер түүний зургийг өмнө нь авч байсан юм. Тэр зургийг нь хараад л “энэ охин яг мөн” гэж хэлж билээ.

Санхүүжилтээ олчхоод Замбид очиж проб хийсэн ч хүүхдүүд сэтгэлд хүрээгүй. Тэгээд нөгөө охиноо олох гэтэл олдоогүй. Тэгж байж WhatsApp-ын тусламжтай олж авсан даа.

W&H: WhatsApp аа? Замбид WiFi байх уу?

РН: Орчин үеийн бүх л юм нэвтэрсэн газар. Замби шинэ улс л даа. Тусгаар тогтноод 50 жил гаруй л болж байна. Европын соёл мянга мянган жилийн турш хөгжсөн байхад бид уламжлалт хоцрогдмол аясыг барууны технологитой шууд холиод л амьдарч байна. Соёлын зөрөлдөөн гэгч юм гаралгүй л яах вэ.

W&H: Та хэвлэлийн мэдээндээ эмэгтэй хатан хаантай энэ нутагт ялангуяа эмэгтэйчүүдийг ихээр шулам гэж буруутгах тохиолдол их байдаг гэсэн байсан. Эмэгтэйчүүд тэр бүр эмэгтэйчүүдээ хамгаалаад байдаггүй гэсэн санаа юу?

РН: Эмэгтэйчүүдийг үзэн ядах үзэл л асуудал. Дан ганц эрчүүдэд асуудал байгаа юм биш. Энэ үзэлдээ л асуудал байна. Би гэхэд л дууны дизайнераар эмэгтэй хүн олсныхоо дараа “Одоо яадаг билээ?” гэж бодсон. Тэгэхээр өөрийгөө ч бодох хэрэгтэй болж байгаа биз. Нийгэм аль хэдийн таны тархийг угааснаар эрчүүд л илүү хүчтэй, ухаантай байх ёстой гэх мэтээр ойлголт ягштал суусан байдаг.

Манай партнер цагаан арьст эрэгтэй л дээ. Тэр надад “Чи нэг үгээ арав давтах хэрэгтэй болох юм. Чи эрэгтэй найруулагч байсан бол ингэхгүй дээ.” гэсэн. Үнэхээр л би нэг үгээ олон удаа ядартлаа давтаад байхад л хүний үг тоохгүй шүү.

Би гэхдээ киноныхоо төлөө тэмцсэн. Хэрвээ эрэгтэй хүн бусдыгаа шахаад л шаардаад байвал хүмүүс “Ёстой амбицтай мундаг залуу шүү” гэнэ. Эмэгтэй найруулагч болохоор “Ямар ядаргаатай юм бэ. Бүтэхгүй юмыг хэд хэлдэг юм бэ” л гэдэг.

W&H: Дараагийнхаа киног бодож эхэлсэн байгаа юу?

РН: Би зохиол бичиж байгаа. Партнерийнхаа анхны бүрэн хэмжээний киноны зохиолыг бичиж өгч байгаа. Тэрийгээ дуусгачхаад нэг сайхан амраад дараа нь өөрийнхөө дараагийн төслийг бодно доо.

W&H: Хүмүүс таны киног олон орнуудад гаргахаар худалдаж авч байх шиг байна.

РН: Тийм ээ, тэгж байна. Энэ их чухал. Замбийн киног олон улсад хүргэх их хэцүү л дээ. Тэгэхээр энэ бол том боломж, энэ хүртэл явсандаа би баяртай байна.

"Би шулам биш" киног Улаанбаатар олон улсын кино наадмын үеэр үзэх боломжтой