Корсикийн мафийн талаар бид бүхэн Жак Одиарын Зөнч киноноос сайн мэднэ. Тэгвэл Италийн мэдэлд хэдэн зууны элээгээд дараа нь Француудад худалдагдан очсон энэ бяцхан арлын ээдрээт түүх хэрхэн гэмт хэргийн бүлэглэлүүд бэхжихэд нөлөөлснийг "Хэрцгий амьдрал" киноноос үзэх боломжтой. Энэхүү кино нь Каннын кино наадмын Шүүмжлэгчдийн долоо хоногоор толилуулагдсан юм.

Корсик гаралтай Франц найруулагч Тьерри Де Перетти төрсөн аралд нь 1990-ээд онд тохиосон үндэсний үзэлт цуст тэмцлийн түүхийг гол дүр Стефан болон түүний найз нөхдийн амьдралаар дүрслэн үзүүлжээ. Итали ба Францын хооронд өөрсдийн ондоошлоо эрэн бэдрэх Корсикчууд, өнө эртний мөрөөдлөө биелүүлж тусгаар тогтнох хүсэл, түүнийг нь дэврээх зэвсэгт бүлэглэлүүд, хэрхэн марксист идеологиор эхэлсэн эдгээр зэвсэгт бүлгүүдийн тэмцэл эцэстээ Сицилийн арлаас ялгаагүй бүс нутгийг бүхэлд нь хянасан мафийн тогтолцоо болон хувирсныг Перетти өөрийн өвөрмөц кино хэлээр дамжуулан хүргэжээ. 

Загалмайлсан эцэг, Гоморра зэрэг энэ төрлийн киног таашаан сонирхогчдын хувьд заавал үзэх кино.