Арван гурван настай охины сохрохоосоо өмнө нэгэн зуны хугацаанд хайр, сексийг өөртөө нээж байгаа түүхийг өгүүлэх Ава киногоо хорин наймхан настай найруулагч Леа Мисюс Парисын Ла Фемис кино урлагийн сургуулийг дөнгөж дүүргүүтээ бүтээсэн бөгөөд түүний дебют бүтээл юм.

Леа энэхүү кинондоо 35 мм хальсыг ашигласан аж. Энэ нь киноны дүрслэлийг илүү амьд, байгаллаг болгоод зогсохгүй удахгүй хараагаа алдах гэж буй гол дүрийн нөхцөл байдлыг үзэгчдэд улам ч ойртуулсан мэт. Ялангуяа сюрреал гэмээр төгсгөлийн үзэгдэлд найруулагчийн энэ шийдэл улам ч тод мэдрэгдэнэ. Киноны үндсэн хүүрнэл реалист хэлбэртэй ч Леа хараагаа алдаж буй Ава охины зүүд, айдсыг чадварлагаар нууцлаг, сюрреал байдлаар дүрслэн чимэг болгожээ. Мөн киноны хөгжмийг бүтээсэн Флоренсиа Ди Консилио, хөгжмийн найруулагч Мартин Караукс нарын ажлыг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Киноны үйл явдал, дүрслэлтэй тун сайн сүлэлдсэн аялгууг тэд бүтээжээ. 

Эцэст нь Ава охины дүрийг бүтээсэн Ноэ Абитаг магтамгүй өнгөрөөж үл болно. Гэнэн, сониуч, зоригтой гэхдээ эцсийн эцэст бусдын л адил эмэгтэй хүн болох 13-тай Ава охины дүрийг тэр үзсэн хүн бүрийн сэтгэлд хоногштол бүтээжээ. Зарим шүүмжлэгчид түүнийг шинэ од хэмээн үнэлсэн байна. Киноны туршид тухайн үед 17 настай байсан Ноэ Абитта олон удаа нүцгэлж, хоёр удаа сексийн хэсэгт тоглосон нь Ава киноны талаар багагүй маргаан дэгдээхэд хүрсэн аж.

Кино урлаг гэдэг заавал ямархан нэг том сэдэв эсвэл философийн асуудлыг хөндөх албагүй. Энгийн нэг охины зуны амралтын түүх ч хэчнээн сонирхолтой бүтээл болохыг Ава харуулжээ. Эл бүтээлийг Андреа Арнольдын "Америк хонгор" киноны Франц хувилбар хэмээн зарим шүүмжлэгчдэд дүгнэжээ.