Энэ бямба гарагт “Dreamers’ Day” өдөрлөгөөр Их Британийн кино найруулагч Клио Барнардын “Аминч аварга биет” киног гаргах гэж буйтай холбогдуулан түүний тухай товч мэдээлэл бэлтгэлээ.

 

Клио Барнард Йоркшир дэх Отли хэмээх багашаархан хотод өсөж торнижээ. Аав нь их сургуулийн англи хэл, утга зохиолын  багш, харин ээж нь хожмоо жазз чиглэлээр дуулах болсон чөлөөт уран бүтээлч юм. Клиог зургаан настай байхад эцэг эх нь салж, аав нь хүүхдүүдээ өөр дээрээ авч үлджээ. Анхлан сонгосон дүрслэх урлагийн сургуулиа орхин кино урлагийн чиглэлээр сурсан Клио уран бүтээлчийн замналынхаа тухай “Би зурсан зургаараа бичлэг хийдэг байлаа. Ер нь ямар ч уран бүтээл туурвих гэж оролдсон нэг л мэдэхэд кино шиг бүтээл болчихсон байдаг сан” хэмээн ярьсан нь бий.

 

Урлагийн сургуульд байхдаа постмодерний тухай гүнзгий судлах болсон бөгөөд бодит байдлын мөн чанар болон илэрхийллийн өөр өөр давхаргуудыг үргэлж судлан сонирхдог байж. Олон нийтийн газар танихгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон хүмүүсийн түүхийг яриулж, тэдгээр түүхийг жүжигчдээр уншуулсан маш сонирхолтой бүтээл 2002 онд үзэгчдэд хүрсэн нь “Random Acts of Intimacy” хэмээх богино хэмжээний кино юм. Сонирхуулахад, тэрбээр сонинд тавьсан зарлалынх нь дагуу түүнтэй холбогдсон хүмүүсээс хамгийн сонирхолтой түүхтэйг нь шилж авсан аж. Дийлэнх нь эмэгтэй хүмүүс байж. Тэдэнтэй ярилцсаны дараа дуу хураагуурт буулгасан бичлэгээ 15 минут болгоод, зураг оруулан эвлүүлсэн байна. Зарим зургуудаа порно киноны хэсгээс авсан нь цоо шинэ түүхийн агуулгыг бүтээжээ.

 

2006 онд гар утсаараа “Хар шил” нэртэй богино хэмжээний кино хийсэн бөгөөд хүүхэд насныхаа бүдгэрч баларсан дурсамжаа сэргээж киногоо бүтээхийн тулд бүр ховсдуулсан удаатай.

 

Харин “Аминч аварга биет” кинонд ядруухан амьдралтай хоёр хөвгүүн томчуудын өршөөлгүй ертөнцийн нэг хэсэг болохоор тэмүүлж буйг харуулна. Үеийнхэндээ дээрэлхүүлж, зовж зүдрэх авч бие биенээ гэх сэтгэлээ гээгээгүй хоёр хүүгийн үнэнч нөхөрлөлийн түүх олон орны үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн билээ. Клио Барнард зураг авалтын явцын талаар “Ямар ч туршлагагүй хүүхдийг кинонд тоглуулахад хүндрэлтэй байсан. Зураг авалтын эхний өдөр л гол дүр маань уйдаж гэртээ харимаар байна гэж билээ. Тэгээд бид түүний дүрийн хэсэг бүрийг дахин авч, сунжирсан их ажил болох нь дээ гэж бодож байтал Коннер сцен бүр дээр үнэхээр сайн төвлөрч чадсан. Үнэндээ кино маань бараг бүхэлдээ түүний хичээл зүтгэлээр бүтсэн гэхэд дэгсдэхгүй” хэмээн ярьжээ.

 

“Dreamers’ Day” өдөрлөгийн дараагийн үзвэрээр сонгогдсон тус киног ирэх бямба гараг буюу есдүгээр сарын 23-нд үзэж, хоёр хүүгийн дүнсгэр хэдий ч олж харж чадсан хүний оюун сэтгэлийг гэрэлтүүлж чадах үзэсгэлэнт ертөнцөөр хамтдаа аялахыг урьж байна.