2017 оны Берлины Олон Улсын Кино Фестивальд албан ёсны нээлтээ хийсэн энэхүү киног ЦЭНХЭР ТЭНГЭРИЙН ЦААНА КҮИЙР кино фестивалиар үзэх завшаан олдсон юм. Өөрт төрсөн сэтгэгдэл, бодлоо чадан ядан сийрүүллээ, хүлээн авна уу. 

Матияа Стрнисагийн уг кинонд зориулан бичсэн хөгжмийг сонсон үүнийг бичиж байна, тиймээс хөгжмөөс эхэлье. 
Брайн Эно, Олафур Арнальдс нарын бүтээлүүдтэй ижил уур амьсгалтай энэхүү хөгжим өрнөлт багатай, дотоод сэтгэлийн аялал гэж хэлж болохуйц энэ киног жинхэнэ чимж өгчээ. Одоо дахиад сонсоход киноны зураглалууд шууд нүдэнд харагдаж ч байх шиг. Хипнотик нь дэндсэн, дурсамж онгичиж мэдэх энэхүү хөгжим киноны зохиолтой яв цав нийцнэ.

Хөгжмөөс цаашлаад киноны үндсэн уур амьсгалыг тодорхойлох гээд оролдъё. Жишээ татахад Алсын Удирдлага [С.Бямба, 2013], Нэг хоёр [Эдвард Ян, 2000], бүр яривал Хайрын сэтгэл [Вон Кар Вай, 2000], ахиад жаахан дэгсдүүлбэл The Before Trilogy [Ричард Линклейтер, 1995-2013] гэнгүүтээ Тэр [Спайк Жонз, 2013] байж болно. 

Үзэгчдийн сэтгэл рүү өнгийж, өөртэйгөө ярих боломж олгодгоороо Алсын Удирдлага-тай, амьдралын энгийн сайхныг мэдрүүлдгээрээ Нэг, Хоёр-той, сэтгэлзүй, хайрын эстетикийн талаар өгүүлэх нь Хайрын сэтгэл-тэй (продакшны хувьд чамин гэхээсээ илүү минимал гэх үү), гол дүрийн жүжигчид л зонхилсон, цаг хугацааны даацыг мэдрүүлдгээрээ The Before Trilogy-тэй дүйж яах аргагүй очно. Харин зураг авалт (гар камера, байгалийн өнгө, далай), тайз засалтын хувьд (цэвэрхэн, хурц биш эерүү өнгө) Her-ийг олон талаар санагдуулна.

Мэдээж нарийн утгаар авч үзвэл энэ кино хоёр залуугийн харилцааны тухай ч, (meh...) үнэхээрийн сайн [бодож, боловсруулсан] зохиолын ачаар их олон тогтсон элементүүдийг давжээ.

Тогтсон элемент гэдэг нь... За байз, Бөгтөр уул, Далласын худалдан авагчдын клуб, Хөвгүүд уйлдаггүй зэрэг кинонуудыг бодоод нэг үз дээ? Нэг тийм төстэй мэдрэмж төрж байна уу?

Тэгвэл Крис Миерагийн дипломын ажил болсон уг кино тогтсон сэдвийг эвдэж илэн далангүй, түүх амилуулснаараа онцгой буюу.