“Алтан хальс” бол залууст урам зориг өгч байгаа кино наадам

-Жалан-Аажавын Тэгшзаяа: Алтан хальс олон улсын кино наадмын тэргүүн шагналыг авсанд баяр хүргэе. Алтан хальс наадмын дээд шагналыг энэ жил анх удаа монгол уран бүтээлч хүртлээ. Таны кино дэлхийн 53 орноос ирсэн бүтээлүүдтэй өрсөлдөөд шилдгээр шалгарлаа. Энэ ялалтын амт ямар байв. Ялагч болсон мэдрэмжээсээ хуваалцаач?

-Доржсэмбээгийн Золбаяр: Чадан ядан хийсэн ажил маань хүмүүст үнэлэгдээд, шагнал өгсөнд баяртай байна. Оролцоно гэж зорьсноос биш шагнал авна гэж ерөөсөө бодоогүй. Кино наадмуудад оролцоод, уралдаанд хэсэгт шалгарч чадвал гадагшаа сургуульд хандахад CV баяжина гэсэн бодлоор бүтээлээ өгсөн. Наадмын өмнөх өдрүүдэд ажил давхцаад уралдаант хэсгийн зарим бүтээлийг үзэээгүй болохоор тоймтой харьцуулалт ч байгаагүй. Наадмын сүүлийн өдөр уралдаант хэсгийн кинонуудыг үзчихээд 15 минут завсарлах үеэр гадаа зогсож байтал Алтан хальс холбооноос над руу залгаад “Та байгаа юу?” гэж лавлахад нь л үл ялиг горьдлого төрсөн. Анимэйшн төрөлд шалгарсан байж магад юм гэж таамагласан.

Уралдаант хэсэгт үзсэн кинонуудтай харьцуулахад минийх хэтэрхий ойлгомжтой, бусад хүмүүсийн кино илүү далд өгүүлэмжтэй, ардаа асуулт үлдээсэн юм шиг санагдаж байсан. Артхаус гэж ер нь иймэрхүү далд өгүүлэмжтэй бүтээлийг хэлээд байна даа гэсэн шүү юм бодож суулаа. Анимэйшн төрлийн ялагчийг зарлах мөчид “За одоо л дуудах нь дээ” гэж бодоод хөлс мөлс бурзайгаад, юу хэлэх вэ гэж бодож ч байх шиг. Тэгж байтал өөр хүн авчихаар нь “өө дэмий горьдлоо” гэж бодоод тайвширсан. Харин кино наадмын дээд шагналыг хүртсэн хэмээн тайзнаас зарлахад би чинь юу билээ, хаана байгаа билээ, ер нь яагаад, хэн шүүхээрээ минийхийг тодруулдаг байна аа, яаж байгаад ийм юм хожчихов гэж ч бодох шиг. Маш олон хүний хүч хөдөлмөр орсон бүтээлүүд байхад яагаад минийх түрүүлэв гэж итгэж яддаг л юм билээ.

-Ж.Т: Өмнө нь та “Алтан хальс” кино наадамд оролцож, 2015 онд уралдаант хэсэгт шалгарч байсан. Олон улсын кино наадам дотоодод зохиогдоно гэдэг уран бүтээлчдийн хувьд авьяас чадвараа сорьж үзэх сайхан боломжийг олгодог.  “Алтан хальс” кино наадамд жилээс жилд бүтээлээ өгөн өрсөлдөж байхдаа уран бүтээлчийн хувиар хэр өссөн бэ?

-Д.З: 2014 онд хоёр дахь удаагийн Андерграунд кино наадамд анх богино видеогоо өгч байсан. Дараа жил нь өөрийнхөө бичсэн “Цэцэг хүү хоёр” гэдэг шүлгэн дээр анимэйшн хийснээрээ ахин оролцсон. Гүйцэтгэлийн хувьд мэдээж чанар тааруу л даа. Тэгэхэд л артхаус, эксперименталь  чиглэл гэж иймэрхүү юм байна гэсэн анхны ойлголтыг авсан. Тэр жил би дөнгөж анимэйшнийхээ програмыг сурч, сургуулиасаа гараад “Trimon” анимэйшн студид ажиллаж байсан үе. 2015 оны дээд шагналыг авсан “Untitled #1: Dance of Leitfossil” гэх туйлын өөдрөг эксперименталь бүтээлийг үзээд андерграунд гэхээр баргар, хүнд өгүүлэмжтэй киног л хэлдэг гэсэн андуу ойлголттой явснаа мэдсэн. Андерграунд кино энгийн уран сайхны киноноос өөр, тав, арван жилээр түрүүлж явдаг, шинэ зүйлсийг эрэлхийлж, шинэ мэдрэмж төрүүлэхийг хичээдэг юм байна гэж ойлгосон. Андерграунд киноны эрэлхийлэл таваас арван жилийн дараа уран сайхны кинон дээр ашиглагддаг, масс тэрийг нь дагаж явдаг юм байна гэсэн бодол төрсөн. Марвел гэх мэт блокбастер үйлдвэрлэгчдийн кинонуудыг үзэхээр өмнө нь андерграунд кинон дээр гарч байсан зүйлсийг чухал чухал хэсгүүд дээрээ ашигласан нь харагддаг.

Харин энэ жилийн “Алтан хальс” кино наадамд өрсөлдсөн “Өөрөөсөө харсан өөр хүмүүс” кино Дүрслэх урлагийн их сургуулийн төгсөлтийн ажил байсан юм. Ер нь “Алтан хальс” бол кино урлагийг рекламны өнцгөөс биш, урлаг талаас нь, зөв талаас нь таниулж, залууст урам зориг өгч байгаа наадам.

Өдөр өдрийнхөө хором мөч бүрийг мэдрээд явж байх л сайхан...

-Ж.Т: Таны Алтан хальс олон улсын индепендент кино наадмын дээд шагналыг хүртсэн “Өөрөөсөө харсан өөр хүмүүс” бүтээл төгсөлтийн ажил юм байна. Тэгэхээр энэ кино бүтээл гэхээсээ таны дотоод ертөнц, амьдралтай холбоотой юм шиг санагдлаа.

-Д.З: Миний өөртэйгөө тэмцэж ялсан ялалтын дурсгал ч гэмээр юм уу. Дипломын ажлын анхны санаа маань, хүний амьдралдаа хийдэг сонголтын тухай, асар олон боломжоос нэгийг сонгосноор амьдралыг хэрхэн өөрчилдөг тухай анимэйшн хийх байсан. Энэ санаагаа гаргачихаад багшдаа үзүүлтэл болж байна гэсэн. Надад ч чамгүй их хугацаа байсан. Санаа, зохиолоо гаргаад ажилтайгаа давхар хийх шаардлагатай болсон. Гэтэл маш олон юм давхцаад дипломын ажил маань хаягдаад, үүнээсээ болж нэлээд стрестсэн. Тэгээд ирэхээр тархи юм сэтгэж чадахгүй, хамт ажилладаг хүнийхээ санааг шууд аясаараа дагадаг болчихдог юм билээ. Тэр нь нэг талаас амар байсан. Тиймэрхүү байдалтай нэлээд хэдэн ажил гүйцэтгэсэн л дээ. Гэтэл өөрийн юмаа хийх хүсэл төрнө, диплом шахагдана. Юм ийм замбараагүй, утгагүй болоод ирэхээр хүн өөрийн мэдэлгүй тайван амгаланг хүсдэг. Тэр үеэс л сонгодог хөгжмийг илүү ихээр сонсож эхэлсэн. Ихэнх дуунууд ямар нэг илт утга санаа илэрхийлдэг болохоор сонсогчоо удирдаад байгаа юм шиг, зохиосон хүний хүслээр, тэр дууны уур амьсгалд автсанаас болж зохиомол сэтгэл зүй үүсээд байгаа юм шиг санагдсан. Сонгодог, дан хөгжим болохоор сонсогчдоо өөрөөрөө байх эрх чөлөө олгодог, уйтгарлуулах эсвэл өөдрөг болгох гэдэг ч юм уу ямар нэг сэтгэл зүйн төлөвт хүчээр оруулаад байдаггүй.

Энэ үеэс бас бясалгал сонирхсон. “Peacefull warrior” гэж кинон дээр “Чи өнгөрсөндөө биш, ирээдүйдээ амьдраад  байна. Тархи чинь өнгөрсөн, одоо, ирээдүйн хооронд эргэцээд байна. Яг одоо байгаа бүх зүйлээ мэдрэх хэрэгтэй. Амьдрал бол ирээдүй эсвэл өнгөрсөн биш. Яг одоо байгаа чинь” гэсэн утгатай үг гардаг даа. Наддаа л ачаалал, стресс болохуйц ажлын буулган дор өөрийнхөө хэн бэ гэдгийг сонсож, бэдэрч суухад хэрэгтэй, хэрэггүй өчнөөн ачаа өөртөө үүрч яваагаа ойлгосон. Тэдгээрийг алхам алхмаар таньж мэдэж, хэрэггүйгээ орхих хэрэгтэй юм байна. Хэрэггүй олон зүйлс дотроо хураачихаад би өөрийгөө зовоогоод байна гэдгийг ухаарсан. Ажил бол цаг хугацааны урсгалд явдгаараа л явна. Тэгэхээр асуудлын үндэс нь би өөрөө л юм байна. Өөрийгөө зовоогоод, хүлээсэнд оруулаад, өөр доторх олон “Би”-гийнхээ дунд төөрөлдөж, зовоод  байна гэж ойлгосон.

Ингэж эргэцсээр байтал дипломын хамгаалалтад тулаад ирэлгүй яахав. Дипломын эхний санаагаа ярьчихаад алга болсон нөхөр сүүлчийн үзлэг дээр эртний монгол зургуудыг Моханикийн “Зөөлөн мишээл” дууны аян дээр эвлүүлээд үзүүлэхчээн болов. Зүгээр л moviemaker программ дээр хийчихээр юм оромдоглоод удирдагчдаа үзүүлтэл тун дурамжхан хүлээж авсан. Тэгэхээр нь илүү бүтээлч юм хийхээр тэр шөнөө ажил дээрээ хонож ажилласан. Санаа нь, жаазны цаана явж байгаа хүн зурган доторхийг харж байгаа, зурагтайгаа шууд харьцаж чадахгүй хэрнээ сонирхолтой үйл явдлууд тэнд өрнөж байгаа тухай байсан. Өнөөх хүн тэр зүйл рүү хэтэрхий орсноос болж жааз нь нурж унаад, өөрт нь огт хэрэггүй, хор хөнөөлтэй эд болж хувирч буй агуулгатай зүйл нэг шөнийн дотор хийгээд очсон. Багш нар үзээд, зурагны цаанаас харж байгаа гэдэг санаа чинь л гоё байна. Бусад нь ер нь юу юм бэ. Бүхэл бүтэн дөрөв, таван жил урлагийн сургуульд сурчихаад ийм юм хийж болохгүй ээ. Төгсөхөд 21 хоног л дутуу байна шүү гэх мэтээр загнаад, олонх нь эгдүүцсэндээ юу ч дуугаралгүй шүүмжлэгч багштайгаа сайн тулж ажиллахыг зөвлөөд гаргасан. Тэр хамгаалалт дээр би маш их ичсэн. Тэгээд өмнө нь хийж байсан ажлууд, анхны туршиж үзэж байсан анимэйшн, хийсэн рекламуудаа үзүүлтэл, шүүмжлэгч багш маань миний хамгийн анх хийж байсан анимэйшнийг илүү арт талдаа юм, энэ хэв маяг дээр чинь дөрөөлж ажиллавал чамаас арай дээр зүйл гарах юм байна гэж зөвлөсөн. Багштайгаа ярилцаад ирэхээр зөвхөн ганцаараа бодоод, хийнэ гэхээс цаашгүй гүйцэтгэлийг нь олж харж чадахгүй явсан хоосон санаа илүү бодитой болж, асуудлыг жаахан өөрөөр, өөдрөгөөр харсан л даа.

-Ж.Т: Яг гүйцэтгэлд нь хэдий хугацаа зарцуулсан бэ?

-Д.З: Хоёр долоо хоног. Хүн алхуулахад өөрөө зурж чадахгүй болохоор видеогоо хийгээд өөрийнхө дүрсийг фотошопт оруулж байгаад фрэйм фрэймээр нь салгаад нэг секундэд 24 фрэймээр, дээрээс нь сонгож байгаад брашаар зурсан. Нийтдээ 700 орчим фрэйм болсон. Зурахад л ихэнх хугацаа орсон. График ажил, дууны найруулга дээр 5 орчим хоног зарцуулсан. Дууны найруулагчаар Ерөөлт гээд хамт ажилладаг залуу ажилласан. Дуу нь маш гоё болсон. Кино хийж дууссаны хойно дууны найруулгаар нь бараг диплом хамгаалахаар болчихлоо гэж бодогдсон шүү.

-Ж.Т: Өөр доторх олон “Би”-гийнхээ дунд төөрөлдөж, зовоод байгаа юм байна гэж ойлгосон” гэлээ. Эвлүүлдэг тоглоомын салангид хэсгүүд нэгдэж нийлээд нэгэн цогц зүйл болдог шиг чиний доторх энэ өөр хүмүүс нийлээд л “Золбаяр” гэх нэг хүнийг бий болгож байгаа хэрэг биш үү?

-Д.З: Нэг талаар тийм байх. Нөгөө талаар хүнд жинхэнэ, туйлын ганц мөн чанар гэж байдаггүй. Ердөө өөрийгөө болоод өрөөлийг хязгаарлаж, хайрцаглаж таньж мэдэх гэсэн шаардлага л байдаг байж мэднэ. Тэгэхээр хүнийг өөрийнхөө оноосон дүрд оруулж, хайрцаглаж бодох нь миний л таньсан хязгаар болохоос тэр хүний жинхэнэ мөн чанар биш гэдгийг ойлгох нь чухал санагддаг. Тэр хүн хэзээ ч өөрчлөгдөж болно, чи ч мөн адил. Тэгэхээр хүний мөн чанарыг ягшмал хатуугаар тодорхойлох нь утгагүй санагддаг. Тодорхой нөхцөл байдалд дотроос минь гарч ирээд байгаа тэр өөр өөр “хүмүүс” яг би мөн үү гэвэл биш, тэр өөр “хүмүүс” бүхэлдээ нийлээд би мөн үү гэхээр тэгж нэг дор илрэх боломжгүй болохоор бас л биш.

-Ж.Т: Жинхэнэ “Би” гэж энэ л юм байна гэсэн мэдрэмж төрж байсан уу? Магадгүй “чи өөрийгөө олсон уу?” гэж асуух нь илүү оновчтой байх.

-Д.З: Яг үүн дээр л миний жинхэнэ “би” гардаг, бусад нь “би” биш гэдэг ч юм уу аль нэг утгаар тэгж өөрийгөө тодорхойлох шаардлагатай эсэхийг мэдэхгүй байна. Хүн өдөр өдрийнхөө хором мөч бүрийг мэдрээд явж байх л сайхан. Би яг ийм л хүн, би ингэж л өөрийгөө олсон гээд өөрийгөө явцууруулаад байх дэмий.

Анимэйшн хийх дур сонирхолтой, чин сэтгэлтэй нэгэн үе бэлтгэгдэж байгаа

-Ж.Т: Ер яагаад анимэйшн уран бүтээлч болно гэж хүссэн юм бэ? Амьдралын тохиол байсан уу, эсвэл зориудын шийдвэр, хүсэл мөрөөдөл байсан уу?

-Д.З: Манай үеийнхэний хүүхэд насны гол хань кабелийн телевиз, cartoon network суваг л байсан. Багадаа сайн зурж чаддаггүй ч ямартаа ч зохиолыг нь бичээд анимэйшн хийнэ гэж боддог байлаа. Арай том болоод дунд ангиасаа эхлээд дотроо төсөөлсөн дүр, баатруудаа өөрийнхөө хэмжээнд зурж цаасан дээр буулгадаг болсон. Багад зуныхаа амралтаар хөдөө очиж амардаг байсан юм. Зурагтаар өдөр болгон үздэг хүүхэлдэйн киноноосоо холдоно гэхээс дурамжхан байсан ч хөдөө байхдаа л идэвхитэй ургуулан боддог, дотроо элдэв хүүхэлдэйн киноны баатрууд төсөөлдөг, тэднийгээ төсөөлөл дотроо аялуулдаг байсан. Ёстой л хүүхэд насны төсөөлөл, мөрөөдлөөр дүүрэн ид шидтэй үе. Тэгээд л хүүхэд байхаасаа дурлаж сонирхсон зүйлээ хийдэг хүн болохсон гэж мөрөөдсөн хэрэг.

Саяхан хүүхдийн нэвтрүүлгийн зохиол бичих болоход одоо хүүхдүүд нэг иймэрхүү л байгаа гэж таамаглаж бичихээр гараас олигтой юм гарахгүй, харин хүүхэд насныхаа дурсамжийг ухаж төнхөж, тэр үе рүүгээ буцаж, хүүхэд байснаа санаж бичихээр зохиол илүү амьтай болж байсан.

-Ж.Т: Хүүхэд насны дэврүүн мөрөөдөл ихэнхдээ л бодит “амьдрал”-д тэсэж үлдэж чаддаггүй, нуга даруулж, замхарч үгүй болдог. Харин таны хүүхэд насны мөрөөдөл одоо болтол амьд байж амьдралын чинь замыг тодорхойлох болсонд юу нөлөөлсөн бол? Мөрөөдлөө бодит болгох ямар алхмуудыг хийж байв?

-Д.З: Тийм ээ. Би ч ялгаагүй мөрөөдлийнхөө төлөө гуйвж дайвалгүй “шулуун шугамаар” зүтгэж чадсан хүн биш л дээ. Энэ хооронд олон л зүйл оролдож үзсэн. Багаасаа анимэйшн өөрөө зураад хийдэггүй юм гэхэд зохиолыг нь бичнэ гэх маягаар олон санаа бодож бага сага өгүүллэг бичдэг байсан ч ер нь л дуусгаж бүрэн гүйцэд болгож чаддаггүй байсан. Нэгдүгээр күрсдээ ангийнхаа сайн зурдаг Жамух гээд найзтайгаа комик хийх санаатай Ирмүүн агентлаг дээр анх очиж байсан. Ирмүүн тэгэхэд “Динза” гээд хүүхдийн комик ном ид гаргаж байсан үе. Бидний чадвар дутсанаас болж тэр санаа ч бүтэлгүйтсэн л дээ. Нэг хэсэг компанид дизайнераар ажиллаж үзсэн. Прагматик утгаар бол тийм байдлаар ажиллаад явах бүрэн боломж байсан. Гэтэл дотроос хүсэл мөрөөдөл хатгаад, зулгаагаад ер тайван байлгахгүй, хоёрдуулаад байдаг юм билээ. Тэгэхээр оногдсон ажлаа ч олигтой хийхгүй. Бас амьдралаас зөвхөн ажил, хоолны төлөө зүтгэх бус арай илүү сонирхолтой, өрнүүн зүйл мэдрэх хүсэл эсвэл зөн ч юм уу хүчтэй төрдөг байсан. Тиймээс өөрийнхөө хүсдэг зүйлд ойр байя гэж шийдээд “Trimon” анимэйшн студид ажиллах болсон. Манай студийн захирал Ч.Лутсүх Малайзад анимэйшн чиглэлээр төгссөн хүн. Тэр хүний гар дор ажилласнаар олон юм сурсан. Сторибоард яаж зурахаас эхлээд, зохиол, найруулгад суралцаад, анимэйшн хийх чадвараа өсгөөд үнэхээр урамтай. Гэхдээ манай зах зээлд анимэйшн хийлгэх хэрэгцээ хомс учир ихэнхдээ рекламны ажлууд их орж ирнэ. Гэтэл бага гэлтгүй анимэйшнээ хиймээр байдаг, гэтэл ажилдаа дарагдаад өөрөө санаачлаад ерөөсөө хийхгүй, нэг тийм хүний гар харсан байдалтай хэсэг байсан. Тэгж байтал КФС-ийн мартын 8-ны анимэйшн дээр ажиллах боломж гарсан. Одоо хамт ажилладаг Оргил гээд зураач залуу, Лутаа ах бид гурав 7 хоног тэр анимэйшн дээр нэлээд шаргуу хамт ажиллахад урьдын урам зориг сэргээд үнэхээр сайхан байсан. Энэ мэтээр л мөрөөдөлдөө хүрэх алхмуудаа бага багаар ахиулж байна даа. Одоогоор мөн МонголHD телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн албанд найруулагчаар ажиллаж байгаа. Төлөвлөлт, хариуцлагатай байх, яаж системтэй зөв ажиллах гэх мэтээр телевизийн салбараас ч гэсэн маш их юм сурч байна. Ямартаа ч зүгээр суухгүй оролдоод, хүмүүстэй хамтарч ажиллаад байхаар багаар ажиллах эв дүйтэй болоод цаашдын хамтрагчдаа ч бас олдог юм шиг санагддаг.

 

-Ж.Т: Яг “тогоон” дотор нь ажиллаж байгаа залуу уран бүтээлчийн хувьд монголын анимэйшн киноны төлөв байдлыг илүү ойроос ажиглаж мэдэрдэг байх. Монголын анимэйшн киноны хөгжлийг хэрхэн харж байна?

-Д.З: Анимэйшн хийх мөрөөдөлтэй нэгэн үе одоо ид өсөж бойжиж байгаа. Тухайлбал “Бид монгол агуулга”-ын Идо ах бол монголд анимэйшн хийнэ гэсэн анхны мөрөөдөгчдийн нэг байх гэж таамаглаж байна. Манай үеийнхэн бол дараа үеийн мөрөөдөгчид. Одоогоор дөнгөж эхлэл хуудсыг нь л нээж байгаа болохоор шууд төгс төгөлдөр зүйл хийгдэхгүй байх. Хүмүүс ч бас анимэйшн бүтээх үйл явцыг ойлгож эхэлж байх шиг байна. Хийх явц нь удаан, хүнд. Мөн хүүхдэд чиглэсэн контент болохоор хүүхэд бидний ирээдүй гэдэг утгаар ирээдүйд үр ашиг, хөрөнгө оруулалт нь мэдэгддэг гэдгийг одоо л ойлгож эхэлж байх шиг байна. Саяхан “Монгол” контентын “Маамуу” гээд богино хэмжээний анимэйшн гараад ирлээ. Энэ салбар дахь залуус ур чадвараа ахиулаад, сэтгэл зүйгээрээ ч гэсэн нэлээд бэлтгэгдэж байгаа. Анимэйшн студиуд хоёр гурван жилийн өмнөөс л хөлөө олж жигдэрч байна. Тэгэхээр ойрын ирээдүйд монголын анимэйшн киноны хөгжил шинэ шатанд гарч бүрэн хэмжээний анимэйшнүүд хийгдээд эхлэх байх гэж бодож байна.

-Ж.Т: Яг одоо энэ салбарын залуус анимэйшн бүтээнэ гэхэд юу саад болж байгаа бол?

-Д.З: Бүгд хангалттай сайн боловсроогүй, өөрсдийгөө боловсруулж, ур чадвараа сайжруулах шатандаа явж байгаа юм байна даа гэж бодогддог. Бас дан ганц уран бүтээлчээс хамаарахгүй зөв продюсер, маркетинг, өөрөөр хэлбэл зохицуулж, хөдөлгөх хүч бас хэрэгтэй. Мөн их өртөг, цаг хугацаа орно. Тийм их өртөг, цаг хугацаа, хүмүүсийн хүч хөдөлмөрийг нэгтгэж байж хоёрын хооронд жул юм хийж болохгүй. Юутай ч анимэйшн хийх дур сонирхолтой, чин сэтгэлтэй залуус байгаа. Ер нь ийм атар, шинэ салбарыг тийм дур хүсэлтэй нөхдүүд л чирч, эхлэлийг нь тавьж гаргаж ирдэг дээ. Тэгэхээр хэдэн жилийн дараа цаг нь болж нөхцөл бүрдэхэд монголын анимэйшн киноны салбарт энэ залуус юм дуулгах байх аа.

“Амьдаараа” үхчихгүйн тулд, амьдрахын тулд л хүнд урлаг хэрэгтэй

-Ж.Т: Таны дуртай кино уран бүтээлч хэн бэ?

-Д.З: “Хар хун” киноны найруулагч Даррен Арнофский. Түүний “Оргилуур” (The Fountain)  гээд киноноос олон зүйлийг ойлгож байсан. Хайртай бүсгүй нь үхэх гээд байдаг, өмнөх амьдрал болоод дараачийн амьдралдаа ч хайртай бүсгүйгээ яг аврахын даваан дээр  л алдчихаад, энэ үйлийн үрийн хэлхээ нь тасалдахгүй давтагдсаар л байдаг. Харин гол дүрийн эрэгтэй хэдий хайртай байсан ч гэсэн хайртай бүсгүйгээ тавьж явуулж, үхлийг нь хүлээн зөвшөөрснөөр тэр хэлхээг тасалж байгаа юм. Магадгүй хэтэрхий их хайр нь тэр хүнд үйлийн үр, даагдашгүй зовлон болсон байх. Магадгүй бид ч гэсэн үзэл бодол, ямарваа нэг зүйлд хэт автаж туйлшрахгүй байх, хэдий хэцүү ч гэсэн зарим зүйлсийг өөрөөсөө чөлөөлж тавьж явуулж чаддаг байх тэнхээтэй байх нь чухал санагдсан.

-Ж.Т: Урам зориг төрүүлдэг анимэйшн уран бүтээлч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Д.З: “Илбэчин” (The Illusionist) анимэйшн киног хийсэн Францын аниматор Сильвен Шоме. Түүнээс гадна Францын анимэйшний дагнасан сургалттай Гоблин (Les Gobelins) их сургуулийнханы хийсэн анимэйшнүүдийг үзэх үнэхээр дуртай. Тэдний долоо, найман залуус баг болоод төсөл боловсруулаад kickstarter-аар мөнгө босгоод 5 минутын бэсрэг анимэйшнүүд хийдэг, түүнийгээ бүр хөгжүүлсээр нэг тийм онцгой бичил ертөнц бүтээчихсэн нь үнэхээр их урам зориг өгдөг. Тэр залуусаас л урам зориг авч, их хүндэлдэг дээ.

 

-Ж.Т: Цаашдын уран бүтээлийн зорилго төлөвлөгөө чинь юу вэ?

-Д.З: Хэд хэдэн анимэйшний санаа байгаа боловч яг одоо хийвэл хайран санаагаа яйран болгочих гээд, гүйцэтгэлээ тултал нь хийж чадахгүй жулдах гээд байгаа юм. Тэгэхээр юуны өмнө ур чадвараа л дээшлүүлэх хэрэгцээ байгаа. Өмнө дурьдсан Францын “Гоблин” гээд анимэйшний сургуульд сурах нь миний олон жилийн өмнөөс бодсон мөрөөдөл. Ойрын тулгамдсан төлөвлөгөө гэвэл ямар ч байсан Франц руу очиж сурч, өөрийгөө хөгжүүлж, чадвараа дээшлүүлэх л зорилго байна.

-Ж.Т: Анимэйшн кино бүтээгчид жүжигчид, зураг авалтын талбай зэрэг хүн болоод биет материаллаг эд зүйлсээс үл хамаарч бүхнийг өөрөө бүтээх боломжтой нь давуу тал, эрх чөлөө боловч нөгөө талаар халширмаар нөхцөл. Анимэйшн бүтээхэд тулгардаг энэ онцлог таны уран бүтээлд ямар байдлаар нөлөөлдөг вэ?

-Д.З: Анимэйшн бүтээнэ гэдэг нэг хүний ажил биш, гарцаагүй багийн ажил. Тиймээс зохион байгуулалт, төлөвлөгөө чухал. Бас санаа, шийдлээс гадна техник ур чадваруудыг өөриймшуулж, хүссэнээ хийж чаддаг болоход хүний авьяас чадвараас хэдий хамаарах ч гэсэн чамгүй удна. Тухайлбал нэг гар даллаж буй хөдөлгөөнийг харуулъя гэхэд 9-12 удаа зурна, контур тавина, дээрээс нь өнгө, сүүдэр орж ирнэ. Энэ олон дамжлагыг нэг хүн хийхэд шантрах, залхах магадлал өндөр. Тиймээс багийн ажиллагаа чухал. Гэхдээ баг дотроо бас зарим нь хөдөлгөөн хийж бариад сонирхолтой ажил хийгээд байдаг, зарим нь гэтэл зөвхөн будаг тавиад байхаар хэцүү. Япон, хятад зэрэг олон хүнтэй газар бол шат дамжлага болгон дээр төрөлжөөд зөвхөн контур эсвэл будаг тавьдаг ажилчид гэж байдаг, түүнийгээ ч маш сайн хийдэг. Манайх шиг цөөн хүн амтай, тэр хэрээрээ уран бүтээлч байх хүсэл эрмэлзэл өндөртэй залуусын хувьд зөвхөн нэг шат дамжлагын эрэг шураг төдий болоод хийдэг ажлаа л давтан давтан хийгээд байхаар сонирхолгүй залхмаар тал бий, тэгэхээр энэ мэтээ ч бодолцоод багаараа сайн хамтарч, зохицож л ажиллах хэрэг гарна.

-Ж.Т: Таныхаар урлаг хүнд ямар хэрэгтэй вэ?

-Д.З: “Үнэнээс болж үхэхгүйн тулд бидэнд урлаг хэрэгтэй” гэсэн утгатай Ницщегийн нэг үг байдаг. Байнгын ажил төрөл ч гэдэг юм уу тийм нэгэн хэвийн давтагдмал механик байдалд хүн ер нь удаан тэсэхгүй байх, хүнд зүрх сэтгэл, сэрэл мэдрэмж, оюун ухаан заяасан, тэр бүхнийхээ хэргийг гаргамаар санагдана, тэр хүрээнд зарим нь бүтээж туурвина, зарим нь бүтээж туурвисныг мэдэрч, холбогдож, таашаана. Урлаг гэж байгаагүй бол соёл байхгүй, соёл байхгүй бол хүн хүн биш адгуус шиг л болох байсан биз. Гоо сайхны мэдрэмж гэж зүйл хүнийг хүн байлгадаг гол хүчин зүйлийн нэг байх. Тийм болохоор “амьдаараа” үхчихгүйн тулд, амьдрахын тулд л хүнд урлаг хэрэгтэй.

-Ж.Т: Бүтээж туурвих, хийж бүтээх урам зоригийг юунаас авдаг вэ?

-Д.З: Хийсэн зүйлдээ хэзээ ч 100 хувь сэтгэл хангалуун байгаагүй ч гэсэн дуусгаад ард нь гарсны хойно дараачийн удаа улам илүү сайн хийнэ, ахиулна гэсэн хүслээсээ л урам зориг авдаг. Харин шантраад мохоод байвал тэр чигтээ юу ч хийхгүй байж магад ч юм шиг.  Өөр зүйл хийгээд утгагүй гэдгийг мэдэрчихсэн, насан туршдаа л урлаг гэж зүйлээс холдож чадахгүйгээ ойлгосон болохоор хийх юмаа сайжруулаад, ахиулаад түүнээсээ урам зориг аваад л явахаас аргагүй. Хийж бүтээхээс бүр мөсөн холдчих юм бол амьдрал утгагүй, уйтгартай болох байх.

-Ж.Т: Хувь хүний өсөлтөнд чинь огцом нөлөө үзүүлсэн, үзэл санаанд чинь эргэлт гаргасан ямар нэгэн үйл явдал амьдралд чинь тохиолдож байсан уу? Тийм бол хувалцаач.

-Д.З: Хэрэндээ хичээгээд юм юманд ид идэвхитэй, урам зоригтой байх үед маань нэг дотны хүн маань “Хэтэрхий мөрөөдөмтгий, хийсвэр, бодит байдлаа харж чадахгүй байна” гэж голсон байртай хэлсэн. Тэгэхэд тэр хүнд гомдож, үзэн ядаж, өөрийнхөөрөө зүтгэж байсан ч сүүлд бодоход зөв л байсан юм билээ. Тэгэхэд л миний хүсэл мөрөөдөл бодит юм уу, хийсвэр хоосон зүйл юм уу гэдгийг шийдэж тунгаах шаардлагатай тулсан. Түүнээс болж бараг хоёр жил бодож явсан. Ийм эргэлзсэн, үймэрсэн барьцгүй үед бүдэг бадаг ч гэсэн зөн совин чиг болдог юм билээ. Тийм нэг зөндөө хөтлөгдсөөр л одоо хамгийн анхны хүсэл мөрөөдөл дүүрэн оргилуун үедээ буцаад ирсэн шиг санагдаж байна. Тэгмэгц өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд өөрийгөө маш том хайрцганд хийчихсэн, тэр хайрцагнаасаа гарсан гэж бодож байтал том хайрцган доторх жижиг хайрцган дотроо л байсан байгаа юм. Магадгүй энэ хайрцаг хязгааргүй үргэлжилж хүн хэзээ ч энэ хайрцагнаас чөлөөлөгдөхгүй, үхсэнийхээ дараа л бүрэн ангижрах байх. Гол нь жижиг хайрцган дотроо давчдаад байхгүй,  хайрцагны хэмжээ томорч байгаа нь сайн зүйл юм. (Инээв)

Үр дүн чухал бус үйл явц дунд хэрхэн тэмцэж, яав гэдэг л илүү чухал

-Ж.Т: Залуу уран бүтээлчийн хувьд өөртөө зориудын шаардлага тавьдаг уу?

-Д.З: Өмнө нь тийм цензур тавьдаг байсан. Одоо бол өөртөө тийм цензур тавихгүй. Ер нь ямар нэг хүрээлэлд орох, өөрийгөө уран бүтээлч гэж зарлаад байх ч хэрэггүй юм билээ. Аль нэг хүрээлэлд орж би уран бүтээлч гэж сүржигнэх тусам уран бүтээлч тал биш өөрийгөө дөвийлгөх тал нь дийлээд байдаг байж мэднэ. Харин хамт хөгжөөд явдаг найз нөхөд л ёстой сайхан. Ер нь мөрөөрөө хийх юмаа үнэнчээр хийгээд л явж байх нь өлзийтэй.

-Ж.Т: Дэлхий дахинд монгол уран бүтээлчдийн гарах гарц нь хотын иргэншил биш, бүх дэлхий тэр чигтээ том хот болсон, монголчуудын дэлхийн давцанд ялгарах ганц зүйл нүүдэлчин ахуй, соёл гэж ярьдаг хүмүүс бий. Гэтэл нөгөө талд ялангуяа манай үеийнхэн тэр чигтээ хотын хүмүүс болчихсон, гэтэл дэлхий дахины сонирхлыг татах зүйл нь хөдөөд байгаад байдаг. Үүн дээр ямар бодолтой байдаг вэ?

-Д.З: Урлагийн хувьд яривал хөгжил тасралтгүй явагдаагүй, нэг хэсэг хөгжил нь таслагдаж, нэг үе бүрэн алдагдсан юм шиг санагддаг. Хэрэв тэгээгүй тасралтгүй хөгжиж явсан бол одоогийн манай нийгмийн хөгжил, урлаг, соёлын байдал ч тэр дэлхийтэй зэрэгцээд магадгүй түрүүлээд явж байх боломжтой байсан байх. Залуусын хувьд чамирхаж, шуурахаас илүүтэй жинхэнэ бодит утгаар өөрсдийг нь ахиж дэвжээх хөгжил, суралцаж, өөриймшүүлэх чадвар боломж гадаадад л байгаа болохоор түүн рүү аргагүй татагддаг гэж боддог. Харин нүүдэлчин ахуй соёлоо уран бүтээлд тусгахын хувьд үндсэн мөн чанарыг нь ойлгохгүйгээр сайн уран бүтээл төрнө гэдэг эргэлзээтэй. Нэг адуучин хүний тухай кино хийе гэж бодтол малч ахуй, сэтгэл, мөн чанарыг нь мэдэхгүйгээр сайн бүтээл гарахгүй, мэдэхгүй тусмаа сонирхолгүй байдаг болоод ч хийдэггүй байж магад. Гадаадын хүмүүс бол бүр чадахгүй л дээ. Яахав бүр монголд ирж амьдраад нүүдэлч, малч ахуй соёлыг дэргэдээс нь нарийн таньж мэдрээд хийвэл чадаж магад. Миний хувьд тэр зүйлийг мэдэрч, мөн чанарыг нь ойлгосон гэж үзвэл хийх гэж оролдох байх. Мэдэхгүй юмаараа бол оролдмооргүй байна.

-Ж.Т: Өнөөгийн нийгэмд ийм цаг үед залуу хүний хувьд “уран бүтээлч” байх хэцүү санагддаг уу?

-Д.З: Энэ нийгэм маань уран бүтээлчдэд ээлгүй, халтай нь үнэн. Хөгжиж, дэвших боломж ч бусад хөгжилтэй орнуудыг бодвол хомс. Гэхдээ дэлхий дээр 6 тэрбум хүн байгаа. Тэр дотроос би заавал хэн нэгэн болж онцгойрох гээд, алдартай болж, бүх шагналыг түүж амжилт гаргах гэсэндээ л бүтээж туурвих гэдэг юм биш. Бүтээн турвиж байгаа үйл явц л хүний амьдралыг сонирхолтой, баялаг болгодог санагддаг. А цэгээс Б цэгт хүрсэн гэсэн үр дүн чухал бус тэр дунд хэрхэн тэмцэж, яаж хүрэв гэдэг л илүү чухал. Тийм болохоор уран бүтээлч болохын тулд илүү тэмцэж, чармайх шаардлагатай болдог манай нийгмийн бэрхшээл зарим хэрэггүй төөрөгдлийг шийдээд өгчихдөг сайн талтай ч байж магад.

-Ж.Т: Энэ жилийн “Алтан хальс олон улсын индепендент кино наадам”-аас чиний өөрийн бүтээлийг үл тооцвол таалагдсан кино юу байсан бэ?

-Д.З: Гадаад кинонуудаас “Цуглуулга” гэж кино их гоё санагдсан. “Лимбо” гоё эхэлсэн ч сүүл рүүгээ жаахан ойлгомжгүй болсон. Монгол уран бүтээлүүдээс “Гайхамшигт нислэг” сайн байсан. Киноны сүүлд гарсан бичгийг уншаад л сэтгэл пал хийгээд явчихсан. Хоёр хүүхдийн онгоцонд ороод эндсэн үйл явдлыг уран бүтээлч сэтгэлгээгээр ургуулаад, баяжуулж хийсэн найруулагчийн бүтээлч сэтгэлгээ, чадвар үнэлүүштэй санагдсан.

-Ж.Т: Өөрөө шүлэг бичих гэж оролддог, уран зохиол сонирхдог гэсэн. Яагаад ямар сэдлээр шүлэг бичмээр болдог, шүлэг бичдэг вэ?

-Д.З: Тухайн мөчид өөрт төрсөн мэдрэмж, сэтгэлд гэгээ оруулсан хормуудыг л буулгахыг хүсдэг. Арван жилийн багш шүлэг бол толгой холбохыг хэлнэ гээд хэлчихсэн. Тэгээд тэрүүгээр нь л мэдрэмжээ арван жилийн хүүхэд шиг толгой холбох маягаар л илэрхийлээд дадчихаж. (Инээв). Ер нь мэдрэмжээ буулгаж өөрөө өөртөө хадгалж байгаа л үйл явц юм. Фэйсбүүкт пост болгож оруулсан шүлэг жилийн дараа гэнэт гараад ирнэ, уншихаар “ая яа яа яа” ямар ухаантай хүн бэ, энэ одоо юу бодоод биччихсэн юм бол гэж өөрийгөө шоолох үе гарна. Гэхдээ шүлгээ уншихаар тухайн үед төрсөн мэдрэмж сэргэж буудаг. Нэг мэдрэмжийг тэгж ахин мэдрэх сайхан л байдаг.

-Ж.Т: Дуртай шүлгээ нэрлээч.

-Д.З: Хайку сонирхож уншдаг. Хэдэн зуун жилийн тэртээ амьдарч байсан нэг хүний гуравхан мөр шүлгийг уншмагц тэр хүний гуниг, ганцаардал, сэрэл мэдрэмж надад хүрч, холбогдож миний сэтгэлийг долгилуулж чадаж байна гэдэг урлагийн л нэг гайхамшигт чанар байх. Яг ахин дахин уншдаг, санаанд байдаг нэг шүлгээ нэрлээч гэвэл Гетёгийн энэ шүлэг байна. Шубертийн аян дээр анимэйшн видеотойгоор энэ линкний description хэсэгт Гетёгийн шүлгийн англи орчуулга байгаа, үзүүлье.

The Elfking

Who rides so late through the windy night?
It is the father and his child.
He holds the boy, 
Warm and safe.

Son, why do you hide your face in fear?
Father, do you not see the Elfking?
With his crown and train?
Son, it's just the mist.

Come with me, lovely child
We'll play games
There are flowers on the beach and
My mother has golden clothes

Father, can't you hear
What the Elfking is promising me?
Be calm, my boy -- 
It's only the wind in the leaves.

Lovely boy, will you come with me?
My daughters will wait on you
My daughters will sing and dance for you
and rock you to sleep.

Father, do you not see
The Elfking's daughters there?
Son, it's the old willows shining
In the moonlight.

I love you -- I'm aroused by your beautiful form
And if you won't come, I will take you by force
Father, father, he has grabbed me.
The Elfking has hurt me.

The father shudders. He rides fast, 
the groaning boy in his arms,
Anxious, he reaches the farm.
In his arms, the boy is dead.

Johann Wolfgang von Goethe