Алтан хальс индепендент кино наадам 5 дахь жилдээ зохион байгуулагдаж өндөрлөлөө. Алтан хальс холбоо, iCinema хамтран Алтан хальс кино наадмыг зохион байгуулахад энэ жил ерөнхий ивээн тэтгэгчээр Номадиа Пикчрс, ивээн тэтгэгчээр Гёте Институт, дэмжигчээр Монголын Урлагийн Зөвлөл тус тус оролцсон юм. Наадмын ерөнхий шүүгчээр хүндэт зочин ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын найруулагч Элла Манжеева, шүүгчээр нийтлэлч Б.Баабар, Номадиа пикчрсийн продюсер М.Төгөлдөр нар ажилласан билээ.

6 сарын 9

Наадмын хүндэт зочид болох Берлиний кино наадмын дээд шагнал Алтан Баавгай, Каннын кино наадмын шилдэг зохиолын шагнал зэргийг хүртэж байсан Германы алдарт найруулагч Фатих Акин, жүжигчин Батбилэгийн Ананд нар нээлтийн кино "Чик"-ийн дараа сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлэв. Дашрамд хэлэхэд найруулагч Фатих Акин Монголд ирэхээс арваадхан хоногийн өмнө 2017 оны Каннын кино наадамд "Замхрал" киногоороо дээд шагналын төлөө өрсөлдөж улмаар уг киноны жүжигчин Диане Крюгер шилдэг эмэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм.

6 сарын 10

Уралдаант бус болон уралдаант хэсгүүдийн кино үзэгчдэд хүрсэн ба мөн найруулагч Фатих Акины Мастер класс хийсэн билээ. Тэрээр мастер классдаа кино урлагийг тулааны урлагтай зүйрлэн хэрхэн киног зоримогоор тэмцэж хийх тал дээр уран бүтээлчдэд урам зориг өгсөн юм.

Эцэст нь наадмын хүндэт зочин Элла Манжеевагийн Берлиний кино наадамд сонгогдож байсан бүтээл "Цахлай" үзэгчдэд хүрэв. Киноны дараа Элла Манжеева уг киноны утга агуулгын талаар хэлэлцүүлэг хийсэн юм.

6 сарын 11

Энэ өдрийн эхэнд Элла Манжеева "Хэрхэн анхны киноны зохиолыг бичиж, найруулах вэ?" сэдэвт Мастер класс хөтлөн явуулсан нь залуу найруулагчдад хөлөө олоход хаашаа материалаа илгээж, ямар ямар шатыг давах ёстойг нарийн тайлбарласан юм.

Үүний дараа "Хотын Түүх ба Шилжилт, Хөдөлгөөн" нэртэй Монголын Урлагийн Зөвлөлийн төслийн хүрээнд бүтээгдсэн кинонуудыг толилуулав. Архивын материал ашиглан хэрхэн кино бүтээх тухай энэ төсөлд хоёр гадаад багшийн удирдлагаар 14 Монгол уран бүтээлчдийн хийсэн 17 кино нь үзэгчдийн нүдийг хужирласан билээ.

Уралдаант хэсгийн бүтээлүүдийн хоёр дахь хэсгийг толилуулсны дараа шагнал гардуулах ёслол болж шилдгүүдээ тодруулснаар Алтан хальс индепендент кино наадмын 2017 оны үйл ажиллагаа ийнхүү ёслол төгөлдөр өндөрлөсөн юм.

Шилдэг хүүхэлдэйн кино (гадаад)

"Миний буруу" (БНХАУ) - Ша Лиу

Шилдэг хүүхэлдэйн кино (Монгол)

"Аялал" - Б.Ивээлт

Шилдэг баримтат кино

"Мориом" (Швейцарь) - Марк Олекса

Энэ жил Уралдаант хэсэгт Монголоос баримтат кино төрлөөр кино шалгараагүйгээс баримтат кино төрөлд ганц шагнал олгов.

Шилдэг эксперименталь кино (гадаад)

"Нүүрэн тал" (Канад) - Кэрол Нгуен

Кэрол Нгуен ийнхүү хоёр дахь удаагаа Алтан хальс кино наадмаас шагнал хүртэж буй юм. Өмнө нь тэрээр 2015 онд "Энэ эзэнгүй айл биш" бүтээлээрээ Шилдэг хүүрнэлт киноны шагнал хүртэж байв.

Шилдэг эксперименталь кино (Монгол)

"Төөрөгдөл" - З.Мөнхбат

З.Мөнхбат өмнө нь Алтан хальс кино наадамд 2016 онд "Хөгжим, будаг, хүн" кино нь уралдаант хэсэгт шалгарч чадаагүй ч энэ жил ийнхүү шагнал авч чаджээ. Тэрээр 2015 онд мөн уралдаант хэсэгт "Эзэнгүй эргэн тойрон" киногоороо өрсөлдөж байв.

Шилдэг хүүрнэлт кино (гадаад)

"Лимбо" (Грек) - Константина Котзамани

Шилдэг хүүрнэлт кино (Монгол)

"Гайхамшигт нислэг" - Л.Бат-Амгалан

Шүүгчдийн нэрэмжит шагнал

"Зам" - Ц.Дэнсмаа

Алтан хальс шагнал

"Өөрөөсөө харсан өөр хүмүүс" - Д.Золбаяр

Энэхүү кино наадмын маань дээд шагналыг Алтан хальс цом, 2.000.000 төгрөг дагалдсан юм.

Мөн сүүлийн 3 жилийн наадамд дээд шагналыг анх удаа Монгол бүтээл авсан тохиолдол энэ боллоо.