Зохиолч, зураач Вольфганг Херрндорфын 2010 онд олны хүртээл болсон  “Чик” хүүхдийн адал явдалт роман нь 25 хэлнээ хөрвүүлэгдэж, олон сая хувь борлогдсон алдартай ном юм. Театрын тайзнаа жүжиг болон тавигдсан нь ихээхэн амжилт олсон бөгөөд тохирсон найруулагч олдвол кино болгохыг зохиолч Вольфганг ихэд хүсч байжээ. Хорт хавдартай болохоо мэдсэнийхээ дараахан 2013 онд өөд болсон тэрээр энэ хүсэл нь биеллээ олохыг харамсалтай нь үзэж чадаагүй юм. Вольфганг өөрөө киноны талаар сонирхож судалдаг байсан бөгөөд аливаа эх зохиолд баригдалгүйгээр кино найруулагчид өөрийн шийдлийг оруулж өөрчлөхийг сайшаадаг байжээ. 2016 онд турк гаралтай Германы кино найруулагч Фатих Акин тус зохиолыг дэлгэцнээ амилуулахдаа зохиолдоо ч, найруулагчийн мэдрэмжиндээ ч үнэнч байж чадсан юм. 

Чик буюу Андрей Чихачёв бол орос цагаачийн үр удам, Берлиний ядуусын хороололд амьдардаг монгол төрхтэй хүү. Майк бол чинээлэг айлын ганц хүү ч эцэг эх нь хайхардаггүй. Хавай маягийн алаг хээтэй цамц хэдэрч архи ханхлуулсан Чик ухаалаг бас зоримог. Харин Майк бол мөрөөдөмтгий бас бодлогошронгуй. Хоорондоо төсгүй ч хоёр жаалын аль алиныг ангийнхан нь гадуурхана, сургуулийнхан нь бүгд цугларсан үдэшлэгт зөвхөн тэр хоёр л урилгагүй. Гэлээ ч мань хоёр урвайсангүй, тэнгэрийн цэнхэр өнгөтэй Лада хулгайлан, зүүн Германы нутгаар дураараа давхин амьдралтай нүүр тулах аялалд гарна. 

Найруулагч Фатих Акин 2011 онд анх номыг уншмагцаа л киног нь хийхийг хүссэн гэдэг. Үеийнхэндээ гадуурхагддаг, ангийнхаа охиныг гэсэн шохоорхол нь бүтэлгүйтэх Майк хүүгийн дүр өөрийнх нь өсвөр насыг санагдуулсан бол зохиолын хөнгөн өрнөл, дүрүүд нь “Өглөөний цайны клуб”, “Феррис Бьюллерийн чөлөөтэй өдөр” зэрэг түүний хүүхэд ахуйдаа үзэж өссөн 1980-аад оны кинонуудыг бодогдуулжээ. Орчин үеийн өсвөр насныханд зориулсан кинонуудыг таашаадаггүй Акин эдгээр кинонуудыг хавьгүй бодьтой, ухаалаг хэмээдэг. Ингээд хэвлэлийн газартай холбогдоход аль хэдийн өөр олон найруулагч өрсөлдөж байсан тул санаагаа орхихоос аргагүйд хүрчээ.

“The Cut” (2014) кинон дээрээ ажиллаж дуусах үед нь “Чик”-ийн найруулагчаар Давид Внендт ажиллахаар сонгогдоод байв. Гэсэн ч эцсийн мөчид буюу кино зураг авалт эхлэхээс 7 долоо хоногийн өмнө продюсерүүд Давидтай үл ойлголцсоноор кинонд шинэ найруулагч хэрэгтэй болжээ. Фатих Акинд санал тавихад тэрээр хүсэн хүлээж байсан боломжоос татгалзсангүй. “Чик” кинон дээр ажилласнаар тэрээр олон шинэ зүйлийг туршжээ. Өмнөх кинонуудаа удаан хугацаанд төлөвлөж, олон жил ажиллаж дассан багийнхантайгаа хийдэг байсан бол энэ удаад давчуу хугацаанд кино зохиолоо засаж, дүрүүдээ дахин сонгож, зураглаач болон туслах найруулагчийг эс тооцвол цоо шинэ багтай ажиллажээ. Киногоор илэрхийлэх боломжгүй хэд хэдэн хэсгийг хасч, зарим хэсгийг өөрчилсөн ч Акин киноны зураглалыг Херрндорфын зурсан зургуудын дүрслэлтэй аль болох нийцүүлж, номон дахь харилцан яриаг бараг өөрчлөлгүйгээр кинонд ашиглажээ. Ном нь бараг л кино зохиол шиг тод дүрслэлтэй бичигдсэн тул зохиолдоо итгэж, бусдыг нь зөн совиндоо даатгажээ. "Бүх зүйлийг хүссэнээрээ байлгах гэж хэтэрхий их бодох нь тус болдоггүй, заримдаа зүгээр л зориглоод ухасхийх хэрэгтэй, Чик шиг л" хэмээн Акин нэгэн ярилцлагадаа дурьджээ. 

Киноны үйл явдал хэдийгээр гол дүр Майкийн хүүрнэснээр өрнөх боловч "Чик"-ийн дүр нь илүү сонирхол татам. Өмнө нь кинонд тоглож байгаагүй 14 настай монгол хүү Б.Ананд Чикийн дүрийг чадварлагаар бүтээсэн бөгөөд жүжигчин хоёр хүү хамтдаа хэд хэдэн кино наадмын шилдэг залуу жүжигчний шагналыг хүртсэн юм.