Өнгөрөгч сард 70 дахь удаагийн Каннын кино наадам шилдгүүдээ тодруулсан билээ. Наадмын уралдаант хэсэгт найруулагч Фатих Акин “Замхрал” (In the Fade, 2017) киногоо сойсон нь гол дүрийн жүжигчин Диане Крюгерт “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авчирсан. “Замхрал” кинонд нео-нацистуудын гэмт халдлагад нөхөр хүү хоёроо алдсан бүсгүй өшөө авахаар зориг шулуудаж буйг харуулжээ.

Ер нь найруулагч Фатих Акины бүтээлд цагаач гаралтай германчууд, тэр дундаа хоёр соёлын хооронд гацчихсан гэмээр тэдгээр дүрүүд турк соёл шингэсэн, уушийн газар элбэг Хамбург хотноо аж төрөх агаад хувь тавилан нь хоржоонтойгоор эргэх нь олонтаа. Магад Фатих өөрөө турк гаралтай герман хүн, дээр нь чухам эл хотод төрж өссөн зэрэг нь ийнхүү өгүүлэх түүхэнд нь тусгалаа олдог ч байж мэднэ. Тухайлбал “Долдугаар сард” кинонд турк бүсгүйд дурласан герман эр алсын аян замд гарч буй тухай, “Сэтгэлийн гал тогоо”-нд грек-герман тогооч эр хөлөө олохгүй будилж буй тухай, “Амьдралын ирмэг”-т турк гаралтай нэгэн эр Истанбул руу буцаж эцгийнхээ хуучин найз бүсгүйн охиныг хайж буй тухай, 2017 онд Dreamers’ Day үзвэрээр толилуулж байсан “Хананы эсрэг” кинонд турк соёлоосоо алсарч одсон хижээл эр хийгээд уламжлалт хатуу дэг жаягтай гэр бүлээсээ салж хагацахаар тэмүүлэх залуу бүсгүйн тухай гэх мэтчилэн цагаач гаралтай германчуудын ээдрээт түүх хөврөх ажээ. Түүнчлэн Фатих ихэнх киноныхоо зохиолыг өөрөө бичиж, найруулдаг, продюсерыг нь хийдэг бөгөөд нэгэн ярилцлагадаа миний бүх кино миний амьдралаас урган гарсан гэсэн удаатай.

Харин энэ жилийн Алтан хальс индепендент кино наадам найруулагч Фатих Акины “Чик” (2016) киногоор нээлтээ хийх гэж байна. Кинонд өсвөр насны хоёр жаал Лада загварын цэнхэр тэрэг хулгайлаад амьдралыг нь өөрчлөх аялалд гарч буй тухай өгүүлнэ. Чик бол Берлиний ядуусын хороололд амьдардаг, орос цагаачийн үр удам, монголжуу царайтай хүү. Харин Майк чинээлэг гэр бүлээс гаралтай ч эцэг эх нь хайхардаггүй. Энэхүү бүтээл Германы өсвөр үеийнхэн дунд ихээхэн танигдсан ижил нэрт зохиолд тулгуурлан бүтээгджээ. Чикийн дүрд монгол хүү Б.Ананд тоглож олны сайшаалыг хүртсэн бөгөөд энэ жилийн наадмын зочдын нэг юм.

Фатих Акин уран сайхны киноноос гадна турк соёл, хөгжим, түүнчлэн Туркийн нэгэн хотод тулгамдаж буй байгаль орчны асуудал зэрэг сэдвийг хөндсөн хэд хэдэн баримтат бүтээл туурвиад буй.

Найруулагчийн арга барилын хувьд жүжигчиддээ эрх чөлөө олгодог, зохиолоос гажихыг зөвшөөрдөг, зохиолоос алсрах тусмаа дүрдээ орох нь илүү гэж үздэг нэгэн. Мөн киноны төгсгөлийг үзэгчдэд нээлттэй үлдээж, бэлэн хоол өгөх дургүйг “Хананы эсрэг” киноноос нь ч харж болно. Хосууд уулзсан уу эсвэл мөр мөрөө хөөсөн үү? Гагц үзэгч та л мэднэ.